Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01812

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01812

 

 

Ш компани нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03307 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш компани нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О-ад холбогдох,

Эвлэрлийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 307,855,782 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2012 онд ХХ компани нь Монгол Улсын иргэн Д.О- үүсгэн байгуулсан Монгол Улсын К ХХК-д 400,000 ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Гэвч 2018 онд талуудын хооронд маргаан гарсан бөгөөд уг асуудлаар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч, К ХХК, хариуцагч болон Ханс Свенссон нарын хооронд 4 талт эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 215,281 ам.долларыг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон юм. Хэдийгээр хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг 2 хуваан төлсөн боловч гэрээгээр тохиролцсон хугацааг удаа дараа хэтрүүлсэн. Тодруулбал, Эвлэрлийн гэрээний төлбөрөөс нийт 50,000 ам.долларыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу төлбөр төлөх ёстой хугацаанаас нийт 52 хоног хэтрүүлж, дараагийн удаад 165,250 ам.долларыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу нийт 115 хоног хэтрүүлэн төлсөн байна. Ийнхүү хугацаа хэтэрсэн төлбөрт ногдох алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу тооцоолон үзвэл эхний төлбөрийн хугацаа хэтрэлтийн алданги нийт 55,973.06 ам.доллар, дараагийн төлбөрийн хугацаа хэтрэлтийн нийт алданги 95,036 ам.доллар буюу нийт 151,009 ам.доллар болж байна. Цаашилбал, хариуцагч нь гэрээнд заасан үндсэн төлбөрөөс нийт 31 ам.долларыг төлөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болон гэрээнд заасан алданги болох дараах төлбөрийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2.2-т заасан үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 31 ам.доллар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд үндэслэсэн тооцооллын дагуу бодсон нийт алданги болох 107,641 ам.доллар буюу нийт 107,672 ам.доллар буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан ёсны ханш (1 ам.доллар=2859.20 төгрөг)-аар бодвол нийт 307,855,782 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр К ХХК, Ханс Свенссон, Х компани болон хариуцагч Д.О- нарын хооронд 4 талт эвлэрлийн гэрээ байгуулж хариуцагчийн зүгээс нийт 215,281 ам.долларыг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэвч 2020 онд дэлхий нийтээр ковид-19 тархаж, тус цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулахаар Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улс орон даяар хөл хорио тогтоосон шийдвэрүүд гарч бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд олон бизнесүүд тэг зогсолт хийж байсан. Гэсэн хэдий ч хариуцагч Д.О-ын зүгээс ч өөрийн бүх нөхцөл боломжийг дайчлан гэрээний дагуу төлөх төлбөрийг 2 хувааж бүрэн төлж барагдуулсан. Үндсэн төлбөрийг бүрэн барагдуулсан ба 31 ам.долларыг үндсэн төлбөрөөс дутуу төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн алданги шаардаж байх ба энэ талаарх бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй ба анз төлөх үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-ад холбогдох 307,855,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Швед улсын ХХ компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,697,229 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05165 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Үүний дараа нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан эсэх талаар шүүгчийн туслахтай удаа дараа холбогдон асуудаг байсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ байдаггүй болох нь тогтоогдсон тул 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07697 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааны талаар тогтмол шүүгчийн туслахтай холбогдож, цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирсэн эсэхийг лавлан асуудаг байсан буюу уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцож ирсэн.

Гэтэл хариуцагчийн хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд ирсэн албан бичиг болон шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14564 тоот хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж гарсан байх бөгөөд эдгээр баримтууд болон бусад хэргийн материалуудыг надад огт танилцуулаагүй. Цаашлаад 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус хэргийн шүүх хуралдаан болох талаар, тийнхүү хэргийг шийдвэрлэсэн талаар ч мэдээгүй буюу шүүх надад огт мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т эсрэг талын шаардлага. тайлбар, татгалзалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Мөн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх буюу мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Үүнээс гадна 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товын талаар миний бие огт мэдээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлд заасны дагуу хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг шүүх огт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, тус иргэний хэргийг түдгэлзүүлснээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг сэргээсэн талаар ч мэдэгдэлгүй анхан шатны шүүх хуралдааныг товлон хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийг буруутгах ямар нэгэн үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүх хуралдааны товыг тодруулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүхийг буруутгах ямар нэгэн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ХХ компани // нь хариуцагч Д.О-ад холбогдуулан эвлэрлийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 307,855,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийн үлдэгдэлгүй, анзын талаар бичгээр хийсэн гэрээгүй гэж маргажээ.

 

2. Хариуцагч Д.О- нь нэхэмжлэгч компаниас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээний бичиг гэх нэртэй баримтаар, нэхэмжлэгч ХХ компани //-аас К ХХК-ийн 1,955,200 ширхэг хувьцааг 215,281 ам.доллараар худалдах, хариуцагч Д.О- нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна./хх 11-12/

 

3. Голомт банкны гадаад төлбөрийн даалгаврын баримтаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 50,000.0 ам.доллар, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 165,281 ам.доллар, нийт 215,281 ам долларыг ХХ компанид хариуцагч Д.О- шилжүүлсэн болох нь нотлогджээ./хх 39-40/

 

3.а. Нэхэмжлэгчээс 31 ам.долларыг дутуу төлсөн гэх тайлбар болон хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх Голомт банкны 215.281 ам.доллар шилжүүлсэн баримтуудаар няцаагдаж байх ба нэхэмжлэгч талаас уг баримтыг эсэргүүцсэн нотлох баримтаа гаргаж мэтгэлцээгүй байх тул үлдэгдэл 31 ам.долларыг дутуу төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба нэхэмжлэгч талаас анзын гэрээг бичгээр байгуулсан тухай нотлох баримтгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

5. Нэхэмжлэгч компаниас Ж.М, Г.Э, Б.И, Г.Н гэх 4 иргэнд төлөөлөх эрх олгосон байх бөгөөд шүүхэд Ж.М, Б.И нар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.М оролцсон, анхан шатны шүүхээс зохигчдод эрх үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцсон байх ба төлөөлөгч Ж.М нь бусад төлөөлөгч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,697,229 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ