Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 412

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч С.Н, С.З, тэдний өмгөөлөгч Т.Отгонсүрэн /¹1814/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Н, С.З нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811013240423 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийи 8 дугаар хороо Булгын 01-14 тоотот оршин суудаг, урд нь 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25-а Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234.1, 147.2, 1141, 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 8-ны өдөр тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сайнхоролын С.Н /РД- /,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булгын 01-14 тоотот оршин суудаг, урд нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 356 Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр өршөөлийн хуулиар суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сайнхоролын С.З /РД- /,

 

Холбогдсон хэргийн талаар: С.Н, С.З нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Н, С.З нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний шөнө 00:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-8 дугаар байрны гадаа гудамжинд хохирогч Б.Одонтунгалагт хүч хэрэглэн довтолж “Самсунг галакси Нөт-5” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

С.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...би үйлдсэн хэргээ болон яллагдагчаар татаж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна,..” гэх мэдүүлэг /хх-ийн 51х/,

С.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "..тэр эмэгтэй их дэлгүүрээр хойшоо өгсөөд байрнуудын нарийн завсраар гараад жаахан харанхуй руу очхоор нь би гүйж очоод баруун гараараа гэдэс, цээж орчимд цохихоор зангасан. Энэ үед араас С.З ирж барьж аваад бид хоёр нийлж цүнхийг нь хүчээр аваад дотроос нь гар утсыг нь С.З аваад зугтаасан. Бид хоёр шууд хоёр тийшээгээ зугтаагаад явчихсан. Би шууд цамцаа тайлаад энгэртээ тэвэрчихсэн Их дэлгүүрийн хойхон талд явж байгаад цагдаа нарт баригдчихсан юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 40х/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Зын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

С.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн "...би үйлдсэн хэргээ болон яллагдагчаар татаж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53х/,

С.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн:  "..С.Н ах нөгөө эмэгтэйг бариад авахаар нь би араас нь очоод барьж аваад цүнхийг нь авах гээд оосор дээрээс нь татсан. Тэгээд цүнхийг нь хүчээр аваад онгойлгосон чинь нэг утас унасан, тэр утсыг нь би аваад цүнхийг нь шидээд зугтаачихсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,

хохирогч Б.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...нэг хүн араас гэнэт гүйж ирээд намайг баруун гараараа гэдэс рүү цохисон. Тэр үед араас нэг хүн ирээд хоолой боогоод ам тагласан.., ..ар талаас тэвэрч боосон эрэгтэй миний цүнхнээс зуураад би цүнхээ тавихгүй байсан чинь. Миний хүзүү рүү цохиод түлхээд унагаахад цүнхний оосор тасраад тавигдчихсан. Тэгээд анх гарч ирсэн хүн нь намайг барьж байх хооронд хойноос боож цүнх авсан хүн цүнхийг минь уудлаад дотроос гар утас аваад зугтсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

гэрч Ц.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Улсын их дэлгүүрийн баруун хойд талын 10-р байрны урд талд саарал өнгийн цамц, хар өнгийн малгаатай эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урагшаа гүйж байснаа манай эргүүлийн машиныг хараад шууд цамц малгайгаа тайлаад элгэндээ тэврээд зугтсан. Тэгээд би машинаа тулгаж очиж зогсоогоод би бууж барьж авсан. Барьж аваад шалгахад НЕ87091073 регистрийн дугаартай Сайнхоролын С.Н гэж хүн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...бид машиндаа суулгаж хэлтэс дээр авчирч ирээд хэрэг болсон гэх газрын хяналтын камерийн бичлэгийг үзэхэд бичлэг дээр нэг эмэгтэйг дээрэмдэж байгаа 2 этгээдийн нэгэнтэй нь содон шинж тэмдгээрээ тохирч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн: "...Б.Одонтунгалаг нь хойд зүгийг чиглэн алхаж байгаа нь харагдаж байх бөгөөд түүний араас нэгдэх нь хар өнгийн саравчтай малгайтай, юүдэнтэй саарал өнгийн цамцтай, хар бараан өнгийн өмд, алаг цагаан өнгийн пүүзтэй 30-35 орчим насны эрэгтэй хүн дагаж явж байх бөгөөд түүний араас хоёрдахь нь хар өнгийн куриктэй, хар өнгийн малгайтай хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн гүйж ирэн хамт алхаж дагаж явав. Нэгдэх этгээд дагаж явсаар гомдол гаргагчийг гүйцэж түрүүлэн урд нь гаран эргэж харах үед хоёрдахь этгээд гомдол гаргагчийг араас нь зуурч авах ямар нэгэн үйлдэл хийж байх бөгөөд хоёр талаас нь зуурч аван цүнхийг нь булаан авахаар оролдож байх ба хоёрдахь этгээд гомдол гаргагчийг газарт дэгээдэж унагаан барьж явсан гар цүнхийг нь татаж зуурч авлаа." гэх тэмдэглэл /хх-ийн 28х/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 26х/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 29х/, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 46х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Н, С.З нар нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Одонтунгалагт эд зүйлийг нь биет байдлаар буцаан өгсөн болох нь хатас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар /хх-ийн 26х/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Н, С.З нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Сайнхоролын С.Н, Боржигон овогт Сайнхоролын С.З нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч С.Н, С.З нарт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Н, С.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Н, С.З нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Н, С.З нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Н, С.З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ