Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2022/00084

 

*******н хүсэлттэй
иргэний хэргийн тухай

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

        Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 13-ны өдрийн 915 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******н хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хүсэлт гаргагч *******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

  1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулга:

******* миний бие 1986 оны 06 дугаар сард цэргийн албанд явж, 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаар ангийн захирагчийн 170 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанаас халагдсан. 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын ******* нэгдэлд универсал тракторын жолоочоор ажилд орж 2005 оны 12 дугаар сарыг дуустал 14 ажил ажилласан байна. Универсал тракторын жолооч нь ажлын хүнд нөхцөлд хамаарагддаг бөгөөд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох үед 2005 онд ажлаас халагдсан тушаал олдохгүй байна. Архиваас лавлагаа авахад тус нэгдлийн 1993 оноос хойших тушаалууд архивд хадгалагдаагүй байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЕ67061311 регистрийн дугаартай, *******г 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ардын армийн ******* дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буян сумын ******* нэгдэлд универсал тракторын жолоочоор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт суманд Эрчим хүчний салбар тракторын жолоочоор, 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд универсал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж  шийдвэрлэжээ.

4. Хүсэлт гаргагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Шүүх миний хүсэлтийг шийдвэрлэхдээ зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Өлгийн аймгийн Буянт сумын ******* нэгдэлд универсал тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Тухай үед ажиллаж байсан хүн миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ байгууллагаас байгууллагын хооронд намайг трактортой хамт шилжүүлэн ажиллуулж байсан. Би Буянт сумын эрчим хүчний салбарт болон засаг даргын тамгын газарт тракторчоор гэсэн тушаалаар ажиллахдаа анх 1991 онд универсал тракторчин гэж сум дотроо ажиллаж ажлын байр өөрчлөгдөж байсан. Ингэж ажиллаж байгаад 2005 он дуусгаад бүр мөсөн ажлаасаа гарсан. Өөрөөр хэлбэл би 1991 оноос 2005 он дуустал Буянт сумын ******* нэгдэлд ганцхан универсал трактор барьж 14 жил ажилласан билээ. Гэтэл сум дотор байгууллагын хооронд шилжүүлэн ажиллуулахдаа тушаалаар шилжүүлснээс болж өөр трактор барьж байсан мэтээр ойлгогдож байна. Одоо миний ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүйгээс болоод сүүлийн 5 жилээр хохирч байна. Миний бие өвдөж тэтгэврээ тогтоолгох гэтэл тушаал олдохгүйгээс болж тогтоолгож чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч *******н гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй байна гэж үзлээ.

1. Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт суманд болон аймгийн засаг даргын тамгын газарт универсал тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар: 

2. Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын ******* нэгдэл, эрчим хүчний салбар, аймгийн засаг даргын тамгын газарт универсал тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хэргийн 4, 31 дүгээр талд авагдсан гэрэл зураг, 3 дугаар талд авагдсан Буянт сумын ******* нэгдлийн даргын 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, хэргийн 24 дүгээр талд авагдсан гэрч *******ын “...Миний мэдэхийн Буянт сумын ******* нэгдэлд 1990-ээд оноос  универсал буюу түрдэг, шанагатай  тракторчинаар ажиллаж байсан,.... 2000-аад он хүртэл ажилласан байх...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.

3. 1993 оноос хойших нэгдлийн даргын тушаалууд, Эрчим хүчний салбарын даргын тушаалууд архивд тушаагдаагүй, 2001-2005 он хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийн баазад хүсэлт гаргагч *******той холбоотой  мэдээлэл, баримт байхгүй болох нь хэргийн 5 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын албаны 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаартай албан бичиг зэргээр нотлогдоно.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлттэй холбогдуулж өөр нотлох баримт ирүүлээгүй байна.

Шүүх хүсэлт гаргагч *******н хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрэл зураг болон гэрчийн мэдүүлгээр ******* нь универсал тракторчнаар ажиллаж байсан байх боломжтой байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт тракторчнаар гэснийг универсал тракторчнаар гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 13-ны өдрийн 915 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЕ 67061311регистрийн дугаартай Шагдар овогт Баастын *******г 1986 оны 06 дугаар сарын 25-наас 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ардын армийн ******* дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Буян сумын ******* нэгдэлд  универсал тракторын жолоочоор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс1995 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Буянт сумын Эрчим хүчний салбарт тракторын жолоочоор, 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газарт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд универсал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсугай гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЕ 67061311регистрийн дугаартай Шагдар овогт Баастын *******г 1986 оны 06 дугаар сарын 25-наас 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ардын армийн ******* дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын ******* нэгдэлд  универсал тракторын жолоочоор, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Буянт сумын Эрчим хүчний салбарт универсал тракторын жолоочоор, 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газарт универсал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар гомдол гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

       

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                                             ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ

                                                              Л.АМАРСАНАА