Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 539

 

                                                               Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 719 дүгээр магадлалтай Н.Э-д холбогдох эрүүгийн 2008001120134 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1962 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн Б-д тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1981 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б-д тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар,

Өвөрхангай аймгийн шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 2, 112 дугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 12 жилийн хорих ялаар,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 234 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 180 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон,

Багануур дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 490 дүгээр магадлалаар энэ 8 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн нийт 9 жилийн хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж байсан Т овогт Н-н Э

Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07-08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжны 14/Б тоот хашаанд иргэн Д.Б-ын эд хөрөнгийг авахаар түүний хүзүү, хоолойг боох зэргээр хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойн тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, чэнж эссэ тамхи, асаагуур, бэлэн 6000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэж, Д.Б-д 10,300 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутаас 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн орчимд иргэн Б.Ц-ийн эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хэтэвч, ээмэг, бөгж, кулон зэрэг мөнгөн хослол 2 ширхэг, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн карт, “Хаан” банкны крөдит карт, “Монос” эмийн сангийн хөнгөлөлтийн карт, автобусны карт, бэлэн 9000 төгрөг зэрэг эд зүйлстэй гар цүнхийг дээрэмдэж, Б.Ц-д 416,100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутаас 06 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 1 дүгээр гудамжны 62 тоот хашааны гадна иргэн Д.Э-ийн эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Айфоно 6" загварын гар утас, гар цүнх, хэтэвч, толь, цаг, түлхүүр, ажлын үнэмлэх, бал, гарын тос, бэлэн 2500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Э-д 347,500 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутаас 07 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянбулагийн 0 дугаар гудамжны 61 тоот хашааны гадна иргэн Д.Г-ын эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газарт тулган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Айфоно 6” загварын гар утас, бэлэн 12,000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Г-т 72,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолоор Н.Э-ыг зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 719 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Э гаргасан гомдолдоо: ”Шинэ Эрүүгийн хуулиар гэм буруугаа эхнээс нь үнэн шударгаар хүлээж гэм буруугаа ойлгосон, учруулсан хохирол гомдлоо барагдуулсан зэрэг нь оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохыг заасан байдагч над мэтийн давтан гэмт хэрэгтэнд шинэ Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх заалтуудыг хэрэглэж болдоггүй юм болов уу гэж бодоход хүргэж байна. Үндсэн хуулиндаа “Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй” гэж заагаагүй юм гэж үү би шүүхээр ял оноолгох болгондоо хүнд ял, хатуу дэглэмд заагдан эдэлж байдаг. Гэвч энэ удаа өтөл насанд минь ганц удаа хүн талаас нь харж хуулиа барин хөнгөрүүлэх нөхцөлүүдийг хэрэглэн ял оноож яагаад болсонгүй вэ, би өөрийгөө өмгөөлж, хамгаалан бичсэн зүйл огт байхгүй. Би гэмт хэрэг хийсэн нь үнэн хуулийн дагуу ялаа эдлэх ч болно. Би одоо 58 настай олон жил ял эдэлж явсан  болоод эрүүл мэнд доголдолтой болсон 8 жил хорих ял маш хүнд тусч байна. Миний хувьд гэмт хэрэг согтуудаа үйлдсэндээ маш их харамсаж байгаа, улсын яллагч 8 жил нээлттэй дэглэмд ял оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болохыг шүүхэд зөвшөөрсөн  билээ. Иймээс хэргээ үнэн зөвөөр нь шударгаар эхнээс нь хүлээж ирсэн, гэмт хэрэг хийсэндээ гэмшиж хохирол гомдлоо барагдуулсан зэргийг харгалзан надад өгсөн ялыг эргэн харж хөнгөрүүлэх нөхцөлүүдийг хэрэглэх боломжоор хангаж шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн өндөр настай байдал, өөрийн гэм бурууг ухамсарлаж хэргээ үнэн зөвөөр хүлээсэн зэргийг нь харгалзан оногдуулсан ялыг багасгах, боломжгүй бол хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгож өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тохирсон ял оногдуулсан байна. Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 21, 25-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үйлдлээр бусдын 848,500 төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болохыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн  байна.

Эдгээр гэмт хэргийг үйлдэх үедээ Н.Э нь хохирогч Д.Б-ын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэснээс гадна түүнд болон хохирогч Б.Ц, Д.Э, Д.Г нарт хутга тулган “дүрнэ, ална шүү” гэж тэдгээрийг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар довтлохдоо хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн тул хоёр шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцжээ.

Түүнчлэн уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, ялын тохироо, хорих ялыг эдлүүлэх дэглэмийн  талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэхийг шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон байна.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэх, ял эдлэх дэглэмийг өөрчлөх талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 719 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-ны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР