Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 78

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Л

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц.Ю

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаартай захирамжийн Ж.Ич-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ю.С-йн нэр дээр газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Л би Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар 2 дугаар хорооны 48 дугаар байрны зүүн хойд талд 1514 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар граж, автомашины зогсоолын зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Үүнээс хойш газраа зориулалтын дагуу эзэмшин, газрын төлбөрөө

цаг тухайд нь төлж, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.

Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн а/114 дүгээр захирамжаар Ц.Ю 2 дугаар хороо, Жаргалант,,,, м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшүүлжээ. Ингэхдээ миний газрын хашааны хаалгыг хааж газар олгож, улмаар хаалга онгойхгүйгээр хашаа барьсан нь авто тээврийн үйл ажиллагаа явуулдаг бидний ил болон далд автозогсоолдоо орж гарах хөдөлгөөн хийхэд саад болж, аюулгүй ажиллагаа алдагдаж байна. Мөн амьдралын минь орлогыг минь зогсоож байна. Тухайн газар нь Нарлаг хороолол хойшоогоо Шинэ Налайх хороолол, Улаанбаатар хот руу явдаг гурван замын уулзвар ба түүнийг хаасан. Энэ уулзвар нь өгсүүр өндөр нэг талдаа жалганд хашигдсан. Өвөл газар хөлдөхөд гулгаа үүсдэг дээшээ их хүч гаргаж эрчээрээ гарсан машин тормос гишгэсэн ч гулгадаг учраас жалгаруу шахаж хашаа барьсан нь осол гарах магадлал ихсэж аюултай болж байна. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-12.12 “Нийгмийн эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн, тамирын, зориулалтай цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаар энэ нь нийтийн эдэлбэр газар болно. Тэгтэл уг газрыг Ц.Ю эзэмшүүлсэн нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу аливаа этгээдэд эзэмшүүлэхгүй нийтээр ашиглах гэдгийг зөрчсөн.

Ц.Ю олгогдсон уг газар нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 02 дугаар сарын 01-ний 2686  дугаартай дүгнэлтээр “ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасан Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудал” болон мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн болохыг тогтоож, хуулийн дагуу шийвдэрлэхийг даалгасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/289 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл дахин Ц.Ю уг газрыг олгосон нь хууль бус байна. Үүнээс гадна дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 13/60 дугаар тогтоолоор баталсан Дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дуудлага худалдаагаар олгох газрын жагсаалтын 10-т уг газрыг заасан байдаг. Гэтэл дуудлага худалдаа хийх талаар ямар нэгэн мэдээлэл зарлагдаагүйгээс гадна Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн болох нь нотлогдож байна. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандсан боловч “Налах дүүргийн Өмч газрын харилцааны газарт хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн тул түүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хууль зөрчиж олгож, миний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Налайх дүүргийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц*******ын Ю*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Л миний эзэмшил газрын орц гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “... Дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар Д.Л нь газар эзэмших эрхтэй болсон байна. Иргэн Ц.Ю 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог, хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаар энэ нь нийтийн эдэлбэр газар болно гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй ба тус газар нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 13/60 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ц.Ю Налайх дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 13/69 дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтанд орсон 2 дугаар хороо, Жаргалант 2 дугаар гудамж, ******* тоот 3******* м.кв газрыг 2016 оны 04 дүгээр сарын 27- ны А/144 тоот захирамжаар тухайн газрыг зохих хууль дүрэмд заасан үндэслэл журмын дагуу эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Д.Л нь тухайн захирамжийг хүчингүй болгож, өөрийн эзэмшлийн газрын орц гарцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн дүүргийн Засаг дарга Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 13/69 дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтанд орсон байсныг үндэслэн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны А/144 тоот захирамжаар газрыг эзэмших эрхтэй болсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус зааснаар газрыг олгосон. Ц.Ю нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд бусад газар эзэмшигч, ашиглагч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, ялангуяа нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Ц.Ю нь 3******* м.кв газрын байршлын кадастрын зурагт заасан хэмжээнээс нэг ч см хөдөлгөлгүйгээр хашаа барьсан. Анх 2015 онд байшин баригдаж, авсан хэмжээнээсээ хашаа барих гээд шонгоо тавьсан байсан боловч Д.Л Багахангай, Налайх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн үед барьж чадаагүй. Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 104/Ш32016/00107 дүгээр захирамжаар орц, гарц хааж барилга барьсан тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ингээд шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа буюу 2016 оны 06 дугаар сард хашаагаа барих гэтэл өөрсдөө орц, гарцаа өөрчлөн манай байшин руу тулгаж хашааны хаалгаа нүүлгэн байршлыг өөрчилсөн. Энэ талаар удаа дараа мэдэгдсэн боловч тэд хүлээж аваагүй. Одоо нэхэмжлэгч орц, гарц гарсан байсан газрыг нь таглаж хашаа барьсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Би заагдсан талбай, тэмдэглэгдсэн цэгүүдэд хашаагаа барьсан.

Нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэх боловч түүнд дүүргийн Засаг даргын захирамжаар 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар 560 м.кв газрыг Эзэмшүүлсэн нь гуравдагч этгээдийн газартай давхцаагүй, цаашлаад уг газрыг эзэмшүүлэхдээ

газрын хэмжээг үндэслэлгүйгээр 1514 м.кв болгон ихэсгэсэн нь хууль бус байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “...эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ийг хүсэлтэд тусгасан байх, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ эдгээр үйл ажиллагааг хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Эдгээр ажиллагааг хууль, журмын дагуу хийх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” төрөөс газрын талаар баримтлах зарчмын хэрэгжилт байх ёстой. Гэтэл Д.Лид газар эзэмшүүлэхдээ газрын алба, дүүргийн засаг даргын захирамжаар олгогдсон газрын хэмжээг нягтлан шалгаагүй нь “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1 “Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал”, 2.1.2 “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3 “Хээрийн хуулбар хувь судалгаа хийх”, 2.1.6 “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах” гэснийг хууль, журмуудыг тус тус зөрчиж олгосон гэх үндэслэлтэй юм.

Иймд Д.Лийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Мөн 2004 оны захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон манай охины хашаатай хамарлаж буй газар нь нь нэхэмжлэгчийн эзэмших ёстой газар биш юм. Хэрэв мөн байлаа гэж бодоход газрын албанаас нэг л орц гарцыг тэмдэглэж өгдөг. Гэтэл нэхэмжлэгчийн манайтай хамааралтай гэх орц, гарц хаалга нь кадастрын зурагт байгаа орц, гарцын зай хэмжээг хангаагүй. Уг нь газрын албанаас олгосон орц, гарцын зай хэмжээ нь өөр газар байх ёстой байсан. Кадастрын зургаар 4.5 м орц, гарц байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, эзэмших эрхгүй этгээдийн газар дээр орц, гарц хаасан асуудал байхгүй гэж үзэж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчид 1999 оны 136 дугаар захирамжаар 560 м.кв газар анх олгогдсон. 2004 оны захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлээд гэрчилгээ олгоод гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар бодит байдлаар газраа эзэмшиж байгаа ба дээрх шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж хариуцагчаас хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болгосон зүйл байхгүй байхад худал тайлбар гуравдагч этгээдээс гаргаж байна. Бид хууль ёсны дагуу эзэмших эрхтэй, эрхээ хэрэгжүүлээд газрын төлбөрөө төлөөд явж байна.

Гуравдагч этгээдэд анх газар олгосон захиргааны акт нь хэд хэдэн хууль зөрчсөн байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар олгохоор заасан. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу дуудлага худалдаагаар газар авсан зүйл байдаггүй. Шинээр дахин газар олгосон боловч тэр нь хуульд нийцээгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харвал гуравдагч этгээдэд олгосон газар нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар олгох газар гээд заасан байгаа. Гэтэл 10 дугаар хэсэгт нь амины зориулалтаар гээд ороод ирсэн байгаа нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зорилготой нийцэхгүй байна. Дуудлага худалдаа журмын дагуу явагдсан зүйлгүй, зүгээр л Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар л олгосон байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны дүгнэлтээс үзвэл Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар Налайх дүүргийн Засаг даргаас санал аваад Нийслэлийн засаг дарга өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэх газарт хамаарна. Уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх болохоос дүүргийн Засаг даргад газар олгох эрх олгоогүй байхад олгосон нь Газрын тухай хуулийн 33.4, 21.2.3-т заасныг зөрчсөн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын үүднээс үзвэл Ц.Ю ын газрыг эзэмшүүлэхдээ бодит байдал дээр хээрийн болон суурин судалгаа хийх ёстой байтал хийгдээгүйгээр олгогдсон нь хэргийн материалаас харагдаж байна.

Монгол Улсын иргэн газар эзэмших хүсэлтээ Монгол улсад оршин сууж байгаа тохиолдолд гаргах ёстой. Налайх дүүргийн Газрын албанд Ц.Ю гуайн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан өргөдлөөс харахад хүсэлт гаргах үед Монгол улсад байсан эсэх, газар эзэмших хүсэл сонирхол байсан эсэх нь эргэлзээтэй, тодорхойлох боломжгүй байна. Учир нь Гадаадын иргэн харьяатын газраас ирүүлсэн албан бичгээс үзвэл гуравдагч этгээд нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Улаанбаатараас Бээжин чиглэлийн аялалын онгоцоор гарсан тухай бүртгэл авагдсан, харин гаргасан хүсэлт нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, итгэмжлэл нь 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийнх байгаа. Эдгээр он, сараас үзвэл гуравдагч этгээд Монгол улсад байгаагүй гадаад улсад явж байсан гэдэг нь нотлогдож байна. Хүсэлт гаргахдаа хэн нэгэн этгээдэд итгэмжлэл олгоогүй. Үүнээс үзвэл гуравдагч этгээдэд газар эзэмших хүсэл зорилго байгаагүй гэдэг нь түүний хүсэлтээ биечлэн гаргаж өгөөгүй байгаагаас харагдаж байна. Шүүхийн шатанд хуурамч баримт бүрдүүлээд, Налайх дүүргийн Засаг даргаас захирамж гаргуулсан нь харагдаж байна. Дээрхээс үзэхэд гуравдагч этгээд нь хууль бусаар, хуурамч баримт бүрдүүлэн газар эзэмшчихээд байшин барьж, бусдын орц гарцыг хаагаад байгаа нь үндэслэлгүй юм. Өвлийн улиралд тухайн газар налуу тул хальтаргаа ихтэй тиймээс гарааш уруу автомашин ороход гуравдагч этгээдийн хашаа байшинд эвдрэл үүсэх вий гэсэн үүднээс бид орц, гарцыг сунгасан болохоос гуравдагч этгээдийн газрыг бүхэлд нь хүчингүй болгуулж, заавал газрын авах гэж дайраад байгаа зүйл байхгүй талаар гуравдагч этгээдэд удаа дараа хэлсэн. 90 см-ийн зүйлийн зөөгөөд эвлэрэх боломжтой байтал заавал шүүх дээр маргаан үүсгээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх эрх итгэмжлэлд олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 136 дугаар захирамжаар Д.Лид 560 м.кв газрыг эзэмшүүлсэн ба гэрчилгээн дээрээ 1514 м.кв гэж гарсан. Гэрчилгээн дээр байгаа нэгж талбарын дугаар нь кадастрын мэдээллийн санд байгаа нэгж талбарын дугаартай зөрсөн, хаяг нь дээрх нэр зөрсөн, гарын үсэггүй байгаа. Мөн газар эзэмших гэрээн дээр он, саргүй, газрын албаны мэргэжилтний гарын үсэггүй байгаа нь хуурамчаар үйлдэгдэж олгогдсон гэдгийг нотлож байна. Иймд уг захирамжийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй. Харин Ц.Ю олгогдсон газар нь хүчингүй болоод Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлчдийн Хурлын тогтоолоор газар төлөвлөлтөд орж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Налайх дүүргийн Засаг даргын А/144 захирамжаар олгогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй. Хэргийн материалаас үзэхэд 2004 оны 136 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 1514 м.кв газар олгосон гэж тайлбарладаг боловч баталгаажуулалт дээр 560 м.кв гэж бичигдсэн байна. Түүнчлэн 2008 онд уг захирамж нь хүчингүй болсон гэх тэмдэг дарагдсан тул нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүхээс газар дээр үзлэг хийх үед 2 орц, гарцтай, хаалганы хэмжээг 3 м 50 см болгосон байдаг. Ер нь бол 2 м 50 см орц, гарц байхад автомашинд чөлөөтэй орох боломжтой гэж үздэг. Үзлэгээр гараашийн хаалга нь байшин, хашаатай 90 см-ээр таглагдсан байна гэж үзлэг хийсэн байсан. Нэхэмжлэгчийн эрхийг бодит байдал дээр зөрчөөгүй, харин нэхэмжлэгч гараашийн хаалгыг сунгаад гуравдагч этгээдийн хашаа уруу оруулаад хаалгыг сунгаад барьсан байгаа. Иймд хууль бус шаардлага тавьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх нь зөрчигдсөн үед Д.Л нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй байна. Зөрчсөн гэдгийг тогтоосон баримт байхгүй. Түүнчлэн Монгол улсын иргэн нь Монгол улсын харьяатаас гараагүй бол Монгол улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу хаана амьдарч байгаагаас үл хамааран газар эзэмших хүсэлтээ гаргах эрхтэй тул гадаад амьдарч буй хүн газар эзэмших хүсэлт гаргах ёсгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Газар олголтын хувьд Налайх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 26.2.3-т заасны дагуу олгосон. Инженерийн шугам сүлжээ бүхий газарт заавал Дүүргийн Засаг дарга газар олгоно гэсэн зүйл байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. Л нь тус шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Ю холбогдох хэсгийг хүчингүй болгож, эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч Д.Лийн Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Ю холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Нэг. Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ц.Ю холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1 Нэхэмжлэгч Д.Л нь Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжийг  үндэслэн олгосон 2004 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 0001603 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  1514.04 м2 газрыг граж, автомашины зогсоолын зориулалтаар эзэмшдэг байна. Уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээн дээрх газрын хэмжээ  зөрүүтэй, зөрчилтэй талаар талууд маргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс захиргааны байгууллагын буруу буюу техник /бичлэг/-ийн алдаа байж болзошгүй, өнөөдрийг хүртэл уг хэмжээгээр газрыг эзэмшин ашиглаж байгаа, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон шийдвэр байхгүй талаар тайлбарлана.        

Хавтаст хэрэгт авагдсан Д.Лийн газрын хувийн хэргээс үзвэл нэхэмжлэгч нь авто машины граж, зогсоолын зориулалтаар газар эзэмшихээр анх 1999 онд хүсэлт  гаргаж байсан байх ба уг хүсэлтэд хавсаргасан гараар зурсан авто машины зогсоол, гражийн план зураг , газрын байршил, хэмжээг харуулсан зурагт  газрын хэмжээг 560м2 гэж тодорхойлсон байна. Улмаар Налайх дүүргийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/209, 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар тус тус уг газрыг түүнд эзэмшүүлж шийдвэрлэжээ. Дүүргийн газрын албанаас газрын байршил, эргэлтийн цэгийг хүлээлгэж өгсөн баримт байхгүйгээс анх олгосон 560 м2 газрын байршил болон одоо эзэмшиж байгаа 1514 м2 газар болж өөрчлөгдсөн буюу сунгасан хэсгийг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс эзэмшил газрын давхцлын талаар маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй гэж үзлээ. Мөн уг газрын нэгж талбар нь газрын кадастрын мэдээллийн сангийн архивт 2015 онд бүртгэгдсэн ба сансрын зурагтай давхцуулан гаргасан зургаар  2011 оноос хойшхи зурагт уг хэмжээсээр хашаалсан байдалтай байгааг дурдаж байна. 

Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар захирамжийн  нэг дэх заалтаар иргэн А.Б-нд граж, авто засварын зориулалтаар эзэмшүүлж байсан газрын хэмжээг нэмэгдүүлэн өөрчилсөн байх ба дөрөв дэх заалтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2004 оны 136 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ. Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 136 захирамжаар Д.Л болон бусад иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн байх тул нэг иргэнд газар эзэмшүүлсэнтэй холбогдуулан бусад газар эзэмшигчийн эрхийг хөндөх үндэслэлгүй байх бөгөөд  тус захирамжийн зөвхөн иргэн С.Ц-д холбогдох хэсэгт “хүчингүй” гэх тэмдэглэгээг дарсан , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй зөвхөн тус иргэнд хамаарах хэсгийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Д.Л нь тус газрыг эзэмших эрхтэй байна гэж үзлээ.     

1.2. Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд Ц.Ю маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байхад тус газрыг дахин эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргана. 

Ц.Ю маргаан бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/398 захирамжаар анх эзэмшүүлж, 2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт, суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар олгосон нь хууль зөрчсөн” гэж дүгнэж, газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох талаар дүүргийн Засаг даргад албан бичиг  хүргүүлж байжээ. Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/289 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр Ц.Ю ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Улмаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 13/60 дугаар тогтоолоор баталсан 2016 оны газар зохион байгууллалтын төлөвлөгөөг үндэслэн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3*******м2 газрыг эзэмшүүлсэн нь байршлын хувьд нэхэмжлэгч Д.Лийн авто граж, зогсоолын зориулалтаар эзэмшдэг газрын ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлалтай буюу нэхэмжлэгчийн эзэмшил газрын давхцалгүй, тус бүрийн эзэмшлийн газрын нэгж талбарын дугаар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэг , газрын кадастрын мэдээллийн сан дахь зураглалаар  тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. 31 дүгээр зүйлийн 31.3-д ”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заажээ. 

Иймд маргаан бүхий акт буюу Ц.Ю газар эзэмшүүсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон бусад эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын Ц.Ю эзэмшүүлэх ёсгүй газар эзэмшүүлсэн, газар эзэмшүүлж шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх тайлбрыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь Ц.Ю ын эзэмших хүсэлт гаргасан газар нэхэмжлэгч Д.Лийн эзэмшлийн газартай давхцаагүй байхад тус газрыг олгох эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж маргах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актын умаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ц.Ю холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хоёр. Эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс эзэмшлийн газрын орц, гарц хаагдах байдлаар Ц.Ю газар олгосоноор эзэмшлийн газартаа чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан гэж маргана.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Д.Лийн эзэмшийн газар нь 2 орц, гарцтай байх бөгөөд гражид том оврын ачааны болон суудлын машин орон зориулалтаар 2 хаалга гаргасан гэж тайлбарлах ба хаагдсан гэх том оврын ачааны машин орох зориулалттай хаалга нь нийт 5,7м хэмжээтэй, үүнээс 90см нь Ц.Ю ын эзэмшлийн газарын хашааны ард орсон байрлалтай байна. Уг хаалгыг сунгасан талаар нэхэмжлэгч тал зөвшөөрсөн бөгөөд сунгасан хэсэг нь хаагдсан гэж маргаж байгаа хэсэгт хамаарч байхад Ц.Ю газар эзэмшүүлсэний улмаас эрх нь зөрчигдсөн гэж гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд эзэмшлийн газартаа чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн энэ талаар захиргааны байгууллагаас үүрэг хүлээх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Ц.Ю газар эзэмшүүлсэн шийдвэртэй шууд хамааралгүй юм.

Иймд “эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах” шаардлага нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй буюу нийтийн эрх зүйн маргаанд үл хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” үүргээ биелүүлэхтэй холбогдох маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д. Л*******ийн “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Ю холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай .

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНГЭРЭЛ