Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 420

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Оч,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Р.Ч, түүний өмгөөлөгч Г.Баярмаа /№1814/,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /№0931/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Рэнцэндоржийн Р.Ч, Сутай овогт Баатарцогтын Б.Д, Боржигон овогт Баярсайханы Б.Г, нарт холбогдох эрүүгийн 1811000000120 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт амьдрах, Дархан-Уул аймгийн Орхон сум 1-р баг Баян-Өлзийт багийн Тосгон 5 дугаар гудамжны 1Ө тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярсайханы Б.Г /РД- /,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхэд нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 2-66 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сутай овогт Баатарцогтын Б.Д /РД- /,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, нас 27, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх эгч нарын хамт амьдрах, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 5-р хороо Монел уул 5 дугаар гудамжны 160 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд 2 дугаар баг Борхон 2-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013.12.05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-ээр 1 cap 1 хоног баривчлах ял шийтгүүлж 2014.01.03-нд хугацаа дуусч суллагдсан, 2014.08.13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгээр 1 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж 2015.10.06-нд хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Рэнцэндоржийн Р.Ч /РД- /,

 

Холбогдсон хэргийн талаар: Р.Ч, Б.Д, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын их дэлгүүрийн цаана явж байгаад хохирогчоос гал гуйсан чинь чамд гал өгөх албатай юм уу гээд миний хацар хэсэгт цохисон би буцааж 1 цохисон. Тэгээд цаашаа явж байтал Р.Ч надад оосор нь тасарсан бугуйвч өгсөн. Тэгээд зарж борлуулаад архи авч уусан. Орой цагдаад баригдсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын их дэлгүүр дээр очиж машины сэв зураас арилгаж мөнгө олох зорилгоор Р.Чтэй хамт очсон. Тэнд очоод Б.Гансүлдтэй таараад 1 шил архи хувааж уусан. Улсын их дэлгүүрийн гадаа машины сэв зураас арилгаад 20.000 төгрөг олоод бид 3 шөлөндөө орж хоол идэхээр явах замдаа 2 хятад хүнтэй Б.Гансүлд маргалдсан. Б.Гансүлд 2 хятад хүний нэгийг нь цохих үед газарт цаг нь унасан. Тэр цагийг Р.Ч авсан байсан. Б.Гансүлд бид 2 цаг авсан гэдгийг мэдээгүй дараа нь цаг хэвтэж байхаар нь авсан гэж бид хоёрт үзүүлсэн. Шөлөндөөгийн тэндээс буцаж Улсын их дэлгүүрийн тэнд очоод Давааням, Баяржаргал хоёртой уулзаж цагаа үзүүлээд зараад өгөөч гэж хэлсэн. Давааням, Баяржаргал хоёр 15.000 төгрөгөөр тэр цагийг ТЕДИ худалдааны төвд очиж зарсан гэв.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ч мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын их дэлгүүрийн цаана байдаг шөлөндөөд хоол идэхээр явж байхад Б.Гансүлд 2 өвөрмонгол хүнтэй муудалцсан. Б.Дашбал Бид 2 салгах санаатай боль гэж хэлээд салгасан. Би газраас бугуйн цаг олсон тэр бугуйн цагийг хүчээр тайлж авсан зүйл огт байхгүй намайг бугуйн цаг авсанг энэ 2 мэдээгүй би сүүлд энэ та 2-ын бугуйн цаг мөн үү газарт унасан байхаар нь авсан гээд үзүүлсэн. Энэ 2 бид хоёрых биш гэсэн тэгээд зарж борлуулж архи авч уусан. Цагийг хүчээр тайлж авсан зүйл байхгүй хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Г, Б.Д, Р.Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УИД-ийн баруун талын явган хүний зам дээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн хохирогч Х.Зоригт /ZHAO RI GE TU/, Ш.Өлзий /WU LI JI/ нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Ш.Өлзийгийн “Хуавэй” загварын ухаалаг бугуйн цагийг дээрэмдэн авч нийт 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн болох нь  

Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Г нэг эрэгтэйг нь нүүр рүү нь шууд шанаадаад авсан... үлдсэн өвөрмонголыг нь би зүүн мөрнөөс татаад тамхины мөнгө нэхсэн чинь миний гарыг цохиж тавиулаад цаашаа зугтаасан араас нь Р.Ч гүйж очоод зууралдаж аваад гарандаа зүүсэн байсан цаг шиг зүйлийг нь тайлаад авчихсан юм... би Өлзийгийн цээж рүү гараа атгаж байгаад 2 удаа л цохисон... Өлзийг биш бургасан дунд унасан эрэгтэйг Б.Г нэг удаа нүүр рүү нь цохисон ... , ... Шөлөндөө хоолны газарт орж хоол идэх санаатай явж байсан юм. Тухайн үед Б.Г нилээн согтчихсон байсан юм. Б.Г урд гараад алхаж байхдаа нэг танихгүй хятад хүнтэй маргалдаад зууралдаад цохилцоод эхэлсэн. Би гүйж очоод Б.Гийг цохисон хятадыг барих гэтэл надаас зугтаагаад гүйчихсэн. Тэгээд буцаж ирэхэд Р.Ч тэр хятад иргэнтэй зууралдаж байсан юм. Тэр хятадынх нь гаранд байсан бугуйвч газар уначихсан юм тэгтэл Р.Ч тэр бугуйвчийг нь авчихсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 82-83х/,

шүүгдэгч Р.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б.Гэд цохиулж унасан эрэгтэй нь зугтаагаад яваад өгсөн ба үлдсэн эрэгтэйг нь би хэдэн төгрөг өгчих гэж нэхсэн чинь хажуунаас Б.Д ирээд 2 удаа элэг орчим нь цохисон ба би бугуйн дахь цаг юмуу бугуйвч шиг юм нь тайлгарчихаар нь тэрийг нь авч халаасандаа хийгээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85х/,

шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Их дэлгүүрийн орчимд Дашаа, Р.Ч нарын хамтаар гурвуулаа архи уучихаад.. нилээн согтолттой явж байсан юм. Тэгээд Улсын их дэлгүүрийн баруун талаар төв зам дагуу явган хүний замаар явж байхад Дашаа, Р.Ч хоёр Хятад улсын иргэн бололтой хоёр хүний араас очоод нэг нэгээр нь бариад авсан. Тэгэхээр нь би нэгийг нь цээж хэсэг рүү гараараа цохисон. Манай хоёр тэр хоёр Хятад улсын иргэнээс мөнгө байвал өг гэж шаардсан боловч мөнгө өгөөгүй. Тэгснээ Р.Ч нь өөрийнхөө барьж байсан хятад хүнээс гаранд нь байсан бугуйвчийг хүчээр тайлаад авчихсан. Тэгээд бид гурав тэндээсээ их дэлгүүрийн зүг алхаад явсан. Тэр хоёр хужаа бид нарын араас хөөж гүйгээгүй тэндээ үлдсэн. Ингээд явж байхдаа их дэлгүүрийн урд талд Давааням, Улаанаа хоёртой тааралдсан юм. Тэгээд юм ярьж зогсож байгаад би Р.Чгээс нөгөө бугуйвчийг нь аваад Баяржаргал буюу Улаанаад зараад өг гэж гуйсан юм. Ингээд бид 5 нийлээд Теди төв рүү яваад Улаанаа нь нөгөө бугуйвчийг нэг танихгүй хүнд 15.000 төгрөгөөр зарж борлуулсан. Уг мөнгөөрөө 1 шил архи аваад бүгдээрээ хувааж уучихаад салаад явсан...

... Бид гурав архи уучихсан тэр хавиар таньдаг сиди зардаг хүмүүс явж байвал мөнгө авъя гэж бодоод л явж байсан... /дээрх хэрэгт/ Давааням, Улаанаа хоёр бол ямар нэгэн хамааралгүй. Энэ хоёр бол мэдээгүй ямар учиртай эд зүйлс болохыг ч асуугаагүй, би тэр хоёрыг эрүүл байсан болохоор өгөөд, зараад өгчих гэж гуйсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,

хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО иргэн Ш.Өлзийгийн /WU LI JI/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрт ах Зоригтхүүгийн хамтаар орчихоод тэндээсээ гараад Улаанбаатар их дэлгүүр чиглээд явган хүний замаар төв зам дагуу алхаад явж байхад, нэг рестораны орчимд алхаж байхад үл таних ногоон өвлийн куртиктэй 30 орчим насны 167-168 см орчим өндөр нуруутай залуу ирээд "мөнгө өг" гэж нэхсэн. Тэгэхээр нь би чамд юу гэж мөнгө өгөх вэ гэхэд "чи мөнгө өгөөч" гээд зуураад байсан. Тэгтэл гэнэтхэн ганцаараа байсан залуу нь гурвуулаа болчихсон бөгөөд манай ахыг замын хажууд түлхчихсэн байж байсан. Тэгэхээр нь би очоод тэр гурвыг татаад холдуулаад цагдаа байна уу туслаарай гэж хэлээд манай ах Зоригтхүү нь зам хөндлөн гараад зугтаачихсан. Нөгөө хүмүүс нь над руу дайраад цүнхнээс татаад мөнгө өг гээд байсан тэгж байхдаа нэг залуу нь миний гаранд байсан блүүтүүттэй цагийг минь авчихсан юм Тэгснээ цааш зугтаагаад явчихсан...

Хар өнгөтэй Хуавэй брэндийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн блүтүүттэй смарт цаг байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сард Хятад улсаас 362.600 төгрөгөөр худалдаж авч байсан. /Дээрх хүмүүс/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг өндөр нь миний нүүрэнд нэг удаа цохисон, тэгэхдээ миний биед шарх гэмтэл учраагүй, мөн мөнгө өг гээд нэхээд л байсан. Харин нэг нь надтай зууралдаад мөнгө нэхээд байсан тэгж байхдаа миний бугуйнд байсан цагийг авчихсан юм. Дээрх хүмүүс гурвуулаа байсан бөгөөд нэг нь миний араас барьчихсан, нөгөө хоёр нь миний халаасыг нэгжээд байсан... Надад гомдол санал байхгүй тэгэхдээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

... хамгийн анх хүрч ирэхдээ над дээр хүрч ирээд мөнгө нэхсэн. Зоригтхүүг бол ... шууд цохиж авсан... Надаас бол мөнгө нэхээд би явах гэсэн чинь өндөр биетэй залуу хойноос гүйж ирээд хоёр гараараа гаран дээгүүр ороогоод бүслээд тэвэрсэн ба тэр хооронд нөгөө залуу нь буюу намхан нь ирээд надаас бугуйвчийг минь тайлж авсан юм. Өндөр биетэй залуу нь миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон... /Х.Зоригт/ Одоо нутагтаа БНХАУ руугаа явсан. Одоо дахиж Монголд ирэхгүй гэж байна лээ. Намайг саяхан холбогдоход би одоо гомдол санал байхгүй, биед учирсан гэмтэл байхгүй дахиж ирэхгүй гэж байна лээ... Би тэдгээр хүмүүсээс бугуйвчаа нэхэмжлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29х/.

 

хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО иргэн Х.Зоригт /ZHAO Rl GE TU/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчим ...Улсын их дэлгүүрээс баруун тийшээ засмал замын хойд талаар найз Өлзийн хамт "Монгол зоог" гэх газарт ирж байхад ар талаас нэг хүн, өмнөөс гурван хүн ирсэн. ар талаас 167-гоос 168 см өндөртэй, ногоовтор өнгөтэй өвлийн пальтотой, туранхай биетэй, богино халимаг үстэй, 30 орчим насны залуу ирээд манай найз Өлзийг барьж аваад мөнгө өг гэж нэхсэн. Өлзийг барьж авсан хүнийг салгах гээд түлхсэн чинь бид нарын урд талаас гарчирсэн гурван залуу намайг барьж аваад нүүрний зүүн хэсэгт цохиж, миний хармааныг нэгжиж үзсэн. Би нүүрэндээ цохиулаад газарт унасан, тэгсэн чинь миний дээрээс өшиглөсөн. Миний цэнхэр өнгийнг хагас богино куртикны хармаанд байсан Самсунг маркын гар утас газарт унасан... Би газраас босоод гар утсаа авч чадалгүй зүүн тийшээ Улсын их дэлгүүрийн чигтээ зугтаасан. Өлзий хэрэг болсон газарт үлдсэн. Би Оросын элчин сайдын яамны хажууд байгаа замын цагдаа дээр очиж дуудлага өгсөн. Би буцаад Өлзий дээр очиход бугуйн цагаа дээрэмдүүлсэн гээд байж байсан. Зодуулсан газартаа буцаж ирээд хармаанаас унасан байсан гар утсаа авсан. Миний зүгээс ямар нэг эд зүйлээ алдаагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал гэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

гэрч Э.Даваанямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Улсын их дэлгүүрийн орчимд Улаанаа буюу Баяржаргалтай хамт явж байхад ойрд уулзаагүй байсан найз Б.Гтэй тааралдсан юм. Тухайн үед Б.Г нь Р.Ч, Даэшаа хоёртой хамт жоохон халамцуу явж байсан. Мэнд мэдээд зогсож байхад Б.Г нь нэг бугуйвч шиг зүйл гаргаж ирээд үүнийг зараад өгчих ганц шил архи авч өгье гэж хэлэхээр ньтэгье гээдБаяржаргал тэр цаг шиг юмыг нь аваад бид нар бөөнөөрөө Теди төв рүү явсантэгээд ченж бололтой танихгүй ахтай тааралдаад Баяржаргал нь тэр зүйлийг 15.000 төгрөгөөр зарсан... Тухайн үед блүүтүүттэй бугуйвчийг хэнийх болох ямар учирсан болох талаар хэлээгүй, үүнийг зараад өгчих 1 шил архи авч ууя гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

хэргийн газрын үзлэг хийсэн: "...хэрэг учрал болсон гэх газар буюу БНХАУ-ын иргэн Зоригт /ZHAO Rl GE TU/ нь зодуулсан гэх газрыг заалгахад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр төв замын дагуу байрлах 15 дугаар байрны 25, 26 тоотод үйл ажиллагаа явуулах "Монгол зоог" рестораны ертөнцийн зүгээр зүүн урд талд байх явган хүний зорчих хэсэг болон замын хажуу талын саадны хэсгийг заах бөгөөд ... БНХАУ-ын иргэн Өлзий /WULIJI/ нь зодуулж электрон бугуйн цагаа дээрэмдүүлсэн гэх газрыг өөрөөр нь заалгахад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр төв замын дагуу байрлах 19 дүгээр байрны 35 тоотод үйл ажиллагаа явуулах "Ази фарм" эмийн сангийн ертөнцийн зүгээр урд талд байх явган хүний зорчих хэсгийг заах ..." тухай тэмдэглэл, үзлэгийн үеийн 4 гэрэл зургууд /хх-ийн 17-19х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ: “...бид дээрэмдэх зорилгогүй байсан, гал асууж очоод, хоорондоо маргалдсан улмаар эхлээд цохихоор нь зөрүүлж ганц, хоёр удаа цохисон, үйл явцын дунд бугуйн цаг унахаар нь нөгөө хэдийнхээ юмыг гэж бодоод авсан,...” гэх агуулга бүхий мэдүүлэг өгч гэм буруу дээрээ мэтгэлзсэн болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтад тулгуурлан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд: шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ тохирч байна. уг мэдүүлгээр шүүгдэгч нар нь хэн аль нь: “... эхэлж очоод мөнгө нэхсэн, дараа нь шүүгдэгч Б.Г, Б.Д нар нь нэг, хоёр удаа цохиж хүч хэргэлсэн, Р.Ч нь хохирогч Ш.Өлзийгийн гарт байсан ухаалаг бугуйн цагийг мулталж авсан, ...” гэж үйлдсэн хэргээ ярьсан бол тус мэдүүлэг нь хохирогч нарын өгсөн мэдүүлэгтээ тохирч байна.

Иймд шүүгдэгч Р.Ч, Б.Д, Б.Г нарыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, хохирогч нарт хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО иргэн Ш.Өлзий /WULIJI/ нь мөрлдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, алдсан эд зүйлээ нэхэмжлэхгүй...” гэсэн хэдий ч шүүгдэгч Р.Ч, Б.Д, Б.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгийн үед тус шүүхийн тамгын газрын төрийн сангийн дансанд хохиролын мөнгө болох 250.000 төгрөг байршуулсан тул уг мөнгийг хохирогчид олгож, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Р.Ч, Б.Д, Б.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо ижил ялгах шаардлагагүй зэргийг шүүх харгалзан тэдгээрт тохирох ял шийтгэлийг оногдуулж,  нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Рэнцэндоржийн Р.Ч, Сутай овогт Баатарцогтын Б.Д, Боржигон овогт Баярсайханы Б.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Чд 2 /хоёр/ жил хорих ял, Б.Дд 2 /хоёр/ жил хорих ял, Б.Гэд 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Чгийн цагдан хоригдсон нийт 89 /наян ес/,  Б.Дын цагдан хоригдсон нийт 89 /наян ес/, Б.Гийн цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Ч, Б.Д, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. шүүгдэгч нар нь хохирогч Х.Зоригтод нийт 250.000 /хоёр зуун таин мянга/ төгрөг төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан  шүүгдэгч Р.Ч, Б.Д, Б.Г нараас БЗД, СБД, ЧД ЭХАШШ-ийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО иргэн Ш.Өлзий /WULIJI/-д олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Р.Ч, Б.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Ч, Б.Д, Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ