Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 429

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Т.Ванчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Толягийн Ванчинсүрэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811001050356 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 11 дүгээр гудамжны 441 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэтгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Толягийн Ванчинсүрэн /Ц372070271/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ шүүгдэгч Т.Ванчинсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.Ванчинсүрэн нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн хашаан дотор иргэн Б.Энхбатыг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр павилон дээрээ өглөө зогсож байтал эхнэр хоолонд орьё гээд ирэхээр нь хоолонд орчихоод гарч ирэхэд Энхбат гэж залуу хүүхдээс 5, 6 мах тавиулсан гэж байгаа юм тэгээд мөнгөө гэсэн чинь мөнгө хамаагүй би машинд ачина гэж тэгээд намайг дуудсан. Тэгээд эхнэр очоод ирье гээд гарсан ирэхээр нь яав гэсэн чинь явуулчихлаа гэж хэлэхээр нь хоолоо идэж дуусаад гарахад дахиад согтуу ирсэн байсан. Намайг элдвээр харааж загинаад байсан. Тэгээд би чамтай юм яриахгүй гээд чи одоо яв гэж хэлээд тэгээд би буцаж ороод зах руу орж тамхи аваад гараад ирсэн чинь үгийн зөрүүгүй намайг цохисон, тэгээд би түлхэхэд арагшаа унасан тэгээл л босоод гүйсэн. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дуудаж цамц урлаа гэж дуудлага өгсөн. Тэгээд гарч цагдаатай хамт 20 минут хайсан намайг цагдаа та яахуу гэхээр нь хамт явъя гээд гарч явж байгаад захын гаднаас Энхбатыг олсон. Цусаа гоожуулаад зогсож байсан. Тэр хугацаанд юу болсоныг мэдэхгүй гэв.  

Т.Ванчинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байгаад хоол идэхээр хүүхэд Ууганбаярыгаа үлдээчихээд яваад хоол идчихээд 14 цаг өнгөрч байхад павилон дээрээ ирэхэд зүс таних Энхбат гэх залуу согтуу ирчихсэн байсан. Би очоод чи юу хийж яваа юм бэ гэхэд тэр залуу намайг ална хядна гээд байхаар нь би чамтай юм ярихгүй, чи яв гэж хэлчихээд тамхи авахаар явсан. Тамхиа авчихаад павилон дээрээ ирэхэд нөгөө залуу хүрч ирээд намайг нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би түлэхсэн чинь нөгөө залуу хойшоогоо газар саваад унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37х/,

хохирогч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Нарантуул-2 худалдааны төв дээр махны наймаа хийдэг Ванчинсүрэн гэх залуугаас зээлээр авсан махны мөнгө болох 1,250,000 төгрөгийг авах зорилгоор очоод Ванчинсүрэнгээс мөнгөө авъя гэж хэлсэн. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болоод уурлаад мөнгөө авъя пизда минь гэж хэлсэн. Тэгсэн Ванчинсүрэн чи юу юм гээд бид 2 маргалдсан. Тэгсэн Ванчинсүрэн миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би цохиход нь газар унасан, намайг газар унасан байхад Ванчинсүрэн миний зүүн нүдлүү нэг удаа, нуруу луу гурван удаа өшгилсөн. Тэгээд мөнгөө нэхвэл дахиад зодуулж магадгүй гэж бодоод би босоод явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
           гэрч Ж.Нарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "Би энэ өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед байсан байх хамт ажилладаг Оюунаатай Нарантуул-2 худалдааны төв дотроос шинэ жил болж байсан болохоор юм худалдаж авчихаад гараад шатаар буугаад явж байсан чинь Нарантуул-2 захын гадаа мах зардаг 1-р павилоны урд Энхбат зогсож байхаар нь бид 2 Энхбат тэнд байна гээд хоорондоо ярилцаад байж байсан чинь Нарантуул-2 захын гадаа павилонд мах зардаг Ванчинсүрэн гэх залуу Энхбатыг заамдаж аваад тэр хоёр ноцолдож эхэлсэн. Тэгсэн Энхбат газар унасан, унасан байхад нь Ванчинсүрэн хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд бид 2 яваад очих гэсэн чинь Энхбат шууд босоод гүйгээд яваад өгсөн... " гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

гэрч Ч.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тарчихаад шинэ жил байсан болохоор хамт ажилладаг Наран гэх хүнтэй хамт Нарантуул-2 худалдааны төв орж идэж уух зүйл худалдаж авчихаад нарантуул-2 худалдааны төвийн баруун талын хаалгаар гараад шатаар уруудаад явж байсан чинь хамт ажилладаг Энхбат Нарантуул-2 худалдааны төвийн гадаа мах зардаг Ванчинсүрэнгийн павилоны үүдэнд зогсож байсан. Тэгсэн Ванчинсүрэн Энхбатыг заамдаж аваад газар унагаагаад өшиглөөд байсан. Тэгсэн Энхбат босоод гүйгээд яваад өгсөн... " гэх мэдүүлэг /хх-ийн 24х-25х/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний "Б.Энхбатын биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх 987 дугаартай дүгнэлт /хх-ийн 29х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Т.Ванчинсүрэнг, хохирогч Б.Энхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Энхбат нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нийт 1.108.500 төгрөгийн хохирол учирсан баримтыг гаргаж өгсөн байх ба уг хохиролыг Т.Ванчинсүрэн нь тус шүүхийн Тамгын газрын төрийн сангийн дансанд байршуулсан тул гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Б.Энхбат бусад хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Ванчинсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хохиролоо төлж барагдуулсан байдал, удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж буй хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Боржигин овогт Толягийн Ванчинсүрэнг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ванчинсүрэнг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Ванчинсүрэнг торгуулийн ялыг төлөх хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Ванчинсүрэнгийн БЗД, СБД, ЧД ЭХАШШ-ийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан нийт 1.108.500 /нэг сая нэг зуун найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Энхбат /РД:ШД80081914/-д олгосугай.

 

7. Хохирогч Б.Энхбат нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ванчинсүрэнд урьд авсан таслан хуувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ