| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0398/Э |
| Дугаар | 437 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 437
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго,
улсын яллагч Б.Байгалмаа,
хохирогч Б.Саша, түүний хохирогч А.Ариунаа /№1819/
шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /¹0583/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрхэмбаярын Э.Хд холбогдох 1711015470341 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг, Хөтөл тосгонд төрсөн, 23 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Дархан-Уул, Дархан 11-р баг, 6-р хороолол 4-р байр 31 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14-92 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрхэмбаярын Э.Х /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Б.Сашагаас "Зөгийн аж ахуй эрхэлдэг, "Номин сүлжээ" дэлгүүртэй гэрээ байгуулсан их хэмжээгээр борлуулах болсон тул зөгийн бал савлах шил авахад мөнгө хэрэгтэй байна гэж" хуурч 3 сая төгрөгийг залилан авсан гэмт үйлдэлд гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ныг хүртэл зөгийн балаараа үзэсгэлэн худалдаанд оролцоод явж байсан. Мөн гэр бүлээсээ салаагүй байсан. Хадам аав ээж хоёр яагаад тэгж хэлснийг би мэдэхгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 30-нд зарын дагуу Б.Саша ах руу залгахад “Бөмбөгөр худалдааны төв хаахаас өмнө ирэх боломжтой бол ирээд уулз” гэхээр нь би нөхөртэйгөө мөнгө өгөх хүн олчихлоо гэж ярилцаад очиж авсан. Тухайн үед компаний талаарх холбогдох бүх баримт, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудыг үзүүлэхэд өдрийн 1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээл гаргана гэж хэлсэн. 30 хоногоос өмнө мөнгөө төлвөл яах вэ гэхэд хүү нь 0.8 хувь болох магадлалтай гэсэн. Эхний 3 хоногийн хүүг төлөөд явж байтал компаний асуудал гараад тэрнээс болоод төлөх боломжгүй болсон. Тухайн үед би утсаа байнга авдаг, байнга зурвас бичдэг байсан. Б.Саша ах ярихгүй, эхнэр нь байнга ярьж дарамталдаг байсан. Би Б.Саша ахаас мөнгө авсан боловч эхнэртэй нь байнга холбоотой байдаг байсан. Номин ХХК-тай гэрээ хийх гэж байсан нь үнэн. Номин ХХК-ний менежер нь хүртэл надтай хамт манай цех дээр ирж үзээд “за танайхтай гэрээ хийе, надруу үнийн саналаа явуулаарай” гэхээр нь би үнийн саналаа явуулахад манайхыг өндөр үнэтэй байна, үнээ буулга гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэр үед би хадам ээж аав, нөхөртэйгөө муудалцаад бага зэргийн асуудал үүссэн байсан юм. Компани манай нөхрийн нэр дээр байдаг боловч 2014 оноос эхлээд Номин ХХК-тай гэрээ хийхээ болих үеийн процесс хүртэл “Түмэн зөгий хишиг” ХХК-гийн үйл ажиллагааг би авч явж байсан гэдгийг нотолж чадна гэв.
Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Саша гэж хүнээс бэлэн байсан зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад Саша миний Хаан банкны 5026996185 дугаарын дансруу 3 сая төгрөг шилжүүлсэн. ...Би энэ мөнгийг өөрийн хэрэглээндээ болон хувь хүмүүсээс хүүтэй зээл авсан байсан. Тэгээд зээлээ төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2011 оноос хойш “Бөмбөгөр” худалдааны төв дээр лангуу талбай худалдан авч гоёл чимэглэлийн бараа худалдаалах үйл ажиллагаа одоог хүртэл эрхэлж байгаа. Барааны мөнгө гээд бага хэмжээний мөнгө илүү байсан. Эхнэртэйгээ ярилцаж байгаад цөөхөн хүнд мөнгө зээлнэ гээд зар өгсөн нь үнэн. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Бөмбөгөр” худалдааны төв хааж байх үед Э.Хулан залгахаар нь ажил тарж байна, дараа болъё гэхэд “миний ажил ямарч цаг хугацаагүй болчихоод байна, маш яаралтай мөнгө хэрэгтэй” гэхээр нь чи хурдан ирж чадвал хүрээд ир гэхэд ирээд ажил хааж байх үед надтай уулзсан. Номин ХХК-тай гэрээ байгуулсан, бараагаа их хэмжээгээр зарах гэж байгаа учраас шил их хэмжээгээр хэрэгтэй байна гэх зэргээр яриад надад гэрээ, гэрчилгээ, нэрийн хуудас гэх зэрэг зүйл үзүүлсэн. Гэрээ гарын үсэггүй байгаа талаар хэлэхэд бүтээгдэхүүн нийлүүлсний дараа гэрээнд гарын үсэг зурагддаг юм байна гэж надад тайлбарласан. Үзүүлсэн баримт бичиг, фэйж хуудас зэрэг зүйлүүдийг үзүүлсэн. Мөн нөхөртэйгөө хамт амьдардаг гэж хэлсэн. Энэ бүх баримтуудыг хараад надад итгэл үнэмшил төрсөн, мөн цаг хугацаа давчуу байгаа учраас мөнгийг зээлэе гэж хэлээд өгсөн байгаа. Э.Хулан өдрийн нэг хувийн хүүтэй гэж буруу ярьж байна. Би тийм өндөр хүүтэй мөнгө зээлээгүй, өөрт ашигтай өрөөлд ашигтай, боломжтой хэмжээгээр мөнгө зээлүүлсэн. Тэр нь ямар хүүтэй вэ гэхээр сарын 10 хувийн хүүтэй, хурдан төлвөл сарын 5 хувийн хүүтэй байж болно гэж хэлсэн. Э.Хулан надтай ерөөсөө ярихаа больсон, утсаа авахаа больчихсон. Утсаа авахгүй байсан учраас би зурвас бичсэн үнэн. Зурвас бичихэд олон зүйл ярьдаггүй, маш товч хариуг хааяа өгдөг байсан. Эхэндээ би итгэдэг байсан. 2 долоо хоног өнгөрөөд ирэхэд нэг л биш болоод эхнэр ч уурлаад байдаг болсон. Э.Хулан надтай холбогдохгүй байсан учраас үзүүлж байсан фэйж хуудас дээр хэд хэдэн утас байсны эхнийх рүү нь залгахад хадам ээж нь гэх хүн аваад “ямар ч хамааралгүй, манай хүүхдээс өнгөрсөн жил салсан, тухайн үед тусалж байсан нь үнэн” гэсэн. Хадам ээжтэй нь ярихдаа залилан хийсэн гэж яриагүй, холбогдохгүй байсан Э.Хулантай холбогдох зорилгоор ярьсан гэдгийг тодруулж хэлмээр байна. Дараа нь нөхөр гэх хүн рүү ярихад мөн адилхан мэдээлэл өгсөн. Дараа нь хүргэлтийн утас гэсэн дугаар руу нь залгаад үнэн худлыг мэдэх зорилгоор би Б.Саша гэдгээ хэлэлгүйгээр “зөгийн бал авъя” гэж ярихад “зөгийн бал дууссан, үйл ажиллагаа өнгөрсөн жил зогссон, одоо ямар ч зөгийн бал байхгүй” гэж хэлсэн. Хүргэлтийг нь хийдэг хүн байж байгаад үйл ажиллагаа нь зогссон учраас одоо хүргэлт байхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд байдал нилээн тодорхой болоод ирэхэд би Э.Хулан руу “чамд үнэхээр бараа, тоног төхөөрөмж байдаг бол надад бараа, тоног төхөөрөмжөө барьцаал, тэгвэл надад итгэл үнэмшил төрж, чамайг хүлээх чадамж нь надад үүснэ” гэж хэлсэн. Тэр зурвасанд хариу өгөөгүй, утсаар холбогдоогүй учраас ийм боломж байхгүй гэдгийг ойлгосон. Фэйж хуудас дээр нь “Э.Хулан мөнгөө төлөөчээ” гэсэн өөр хүний сэтгэгдэлүүд байсан болохоор энэ хүн нилээн өрөнд орсон хүн байна, залилаад байгаа юм байна, миний мөнгийн үйл ажиллагаа байхгүй зүйлдээ зарцуулаагүй нь тодорхой боллоо, цаашлаад энэ хүн дахин хүнээс мөнгө зээлээд залилаад яваад байх хүн байна гэж дүгнэсний үндсэн дээр таслан зогсоох ёстой юм байна гэж бодсон. Эцсийн байдлаар цагдаад өглөө гэх утгатай зурвас бичихэд “хүлээж бай, чадал хүрвэл чамд төлнө” гэх утгатай хариу хэлсэн. Э.Хуланд би мэдэгдсэний дараа цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн шүү гэв.
хохирогч Б.Сашагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 88109618 дугаараас залгаад мөнгө зээлэх юмуу гээд нэг эмэгтэй залгасан. Тэгэхээр нь би цөөн тооны хүнд мөнгө зээлнэ гэж хэлсэн. Ингээд орой Алтжин бөмбөгөр худалдааны төв хаах гэж байхад надтай утсаар ярьсан эмэгтэй ирж уулзсан. Тухайн эмэгтэй өөрийгөө Хатан зөгий нэртэй зөгийний аж ахуй эрхэлдэг гээд надад фэйсбүүк хаягаа үзүүлээд байнга зарж байгаа одоо Номин сүлжээ дэлгүүртэй гэрээ хийсэн, их хэмжээгээр борлуулах болсон тул шил авах мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд мөнгийг чинь богино хугацаанд төлж барагдуулна хүү нь бага байж болох уу гэж асуухаар нь бага хугацаанд төлөх юм бол хүү багатай зээлж болно гэж хэлсэн. Би болохоор мөнгө зээлэхдээ чи байнгын орлоготой юм байна тийм учраас өдөр бүрийн орлогоос хуваагаад төлөөрэй, өөрөөр зээлэх боломжгүй байна гэхэд асуудал байхгүй өдөр бүрийн орлогоос төлөөд барагдуулна гэсэн. Мөн тухайн эмэгтэй өөрийгөө Э.Х гэж танилцуулж байсан. Надаас тухайн үед 3 сая төгрөгийг сарын 5-10 хувийн хүүтэй тооцох болсон. Хурдан төлөх бол 5 хувь, удаан төлөх бол 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцоод 3 сая төгрөгийг Э.Х гэж хүний Хаан банкны 5026996185 дугаартай дансруу шилжүүлсэн. Ингээд 3-4 хоног мөнгө төлөхгүй болохоор Э.Хгийн 88109618 дугаарын утасруу удаа дараа залгахад утсаа авахгүй алга болсон. Тэгээд надруу мэссэж бичихээрээ зөгийн балны хураалтанд явж байна хөдөө байгаа болохоор ярих боломжгүй байна гэж хэлээд байдаг болсон. Аль эсвэл Улаанбаатар хотруу явах замд машин эвдэрлээ гээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд яваад байдаг болсон. Ингээд би 10 орчим хоног болоод утсаа авахгүй болохоор фэйсбүүк хаяг дээр байсан утасруу залгаад асуухад Э.Х гэж хүний хадам ээжийн утас байсан. Энэ хүнээс асуухад ямар ч холбоо байхгүй, манай хүүхдээс салаад удаж байна гэсэн. Зөгийтэй наад охин чинь хамаа байхгүй, манай бэр байхдаа зөгийний аж ахуйд тусалдаг байсан нь үнэн одоо ямар нэгэн холбоо байхгүй гэж хэлсэн.
...Надаас зээлсэн мөнгөнөөс 300.000 төгрөг төлсөн. ...Надад "Номин" ХХК-тай бараа нийлүүлэх хуурамч гэрээ харуулж мөнгө авсан. Миний хувьд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,
гэрч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Саша ажилгүй байх хугацаандаа байр авах гээд хадгалж байсан мөнгөө өсгөх гээд зээл өгнө гэсэн зар тавьсан. Ингээд 2017 оны 09 сарын 30-ны орой 19 цагийн үед нөхөр Саша утсаар ярьж байгаад хаалган дээр уулзая гээд явсан. Тэгээд хэсэг байж байгаад яваад очсон чинь нөхөр Саша нэг эмэгтэй хүнтэй уулзаад зөгийний үүр нэртэй компаний хүнд 3 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулаад зээлсэн. ...Ингээд тухайн эмэгтэй 3 сая төгрөг зээлж авч яваад 3 хоногийн дараагаас утсаа салгаад алга болсон. ...Тэгээд түмэн зөгийн фэйсбүүк хаягруу ороод байгаа дугаарлуу залгасан чинь нэг эмэгтэй аваад 8 сараас хойш зөгийн бал байхгүй байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
гэрч Э.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би одоо он сарыг тодорхой санахгүй байна. Алтжин бөмбөгөр худалдааны төвийн лангуун дээр ажлаа хийж байхад орой 19 цаг 30 минутын орчим лангуугаа хаах гээд зогсож байхад Саша ах нэг эмэгтэйн хамт лангуун дээр ирсэн. Ингээд тэр хоёр лангуун дээрээ ирээд гэрээ хийгээд 3 сая төгрөгийг яаж хийх талаар ярилцсан. Нөгөө эмэгтэй би таны мөнгийг удаахгүй удлаа гэхэд 7 хоногийн дараа өгнө, удлаа гэхэд 14 хоногийн дараа мөнгийг эргүүлж төлнө гэсэн. Тийм учраас хүүгээ багасгана биз дээ гэсэн. Тэгсэн чинь Саша бага хугацаанд өгөх бол хүүгээ багасгаж болно гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
гэрч М.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Эхнэр Э.Х 1994 оны 07 сарын 19-ний өдөр Дархан уул аймагт төрсөн. ...Би “Түмэн зөгий хишиг” ХХК-ын захирлаар ажилладаг. Компаний үйл ажиллагааг эхнэр Э.Хгийн хамт хийдэг байсан. ...2017 оны 09 сарын 30-ны өдөр гэхэд бид хоёр салаад тусдаа амьдарч байсан. Энэ үеэр компаний үйл ажиллагаанд оролцоогүй. Энэ зээлийг авсан талаар мэдээгүй. Сүүлд надруу Саша гэж хүн залгаад байхаар нь мэдсэн. ...Бид нар зөгийн балын нэг шилийг 1500-2000 төгрөгийн хооронд авдаг. Энэ шил нь нэг литрийн багтаамжтай шил байдаг. Ийм их хэмжээний мөнгөөр шил авдаггүй. Их шил авлаа гэж бодоход дээд тал нь 200 орчим шил авдаг. Дээд тал нь 200.000 төгрөгөөр шил авдаг. Э.Х нь мөнгө зээлж шил авсан асуудал байхгүй. Тухайн үед компаний тамга эхнэр Э.Хд явж байсан. Ингээд дараа нь уулзаж байгаад тамгаа авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
"Номин тав трейд" ХХК-ны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг: /хх-ийн 98х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
шүүгдэгч Э.Х нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Сашгаас “Номин сүлжээ” дэлгүүртэй зөгийн бал нийлүүлэх албан ёсны гэрээ байгуулаагүй атлаа байгуулсан мэтээр итгүүлэн, зээл авсан даруйдаа маргааш өдрөөс нь бага хэмжээний мөнгийг эргүүлэн төлөх зэргээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг хуурч нийт 3.000.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Саша нь нийт 396.000 төгрөг шүүгдэгч Э.Хгаас буцаан авсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53х/ баримт зэргээр тогтоогдож байх тул одоо шүүгдэгч Э.Хгаас үлдэгдэл нийт 2.604.000 төгрөгийг гаргуулж, Б.Сашаад олгуулахаар шийдвэрлэж, Мөн Э.Хгийн орлого олох боломж, өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт гарсан санал зэргийг харгалзан үзэж уг хохиролыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Хд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Эрхэмбаярын Э.Хг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг баримтлан шүүгдэгч Э.Хгаас нийт 2.604.000 /хоёр сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Саша /РД:ЧЖ79090173/-д олгуулж, Э.Х нь уг хохиролыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ