Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2022/00087

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 1053 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 9.580.955,9 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлт-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан.

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 1600018417 тоот дансаар 15.000.000 төгрөгийн нөхцөл өөрчлөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үндсэн гэрээний ерөнхий хугацааг 12 сараар сунгасан. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 12,784,139.18 төгрөг, зээлийн хүүд 7,578,565.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,247.54 төгрөгийг тус тус төлсөн байна. Хариуцагч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж биелүүлээгүй.

 Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 9,179,569.91 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 397,313.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,072.68 төгрөг, нийт 9,580,955.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цалингийн зээл авахаар 1600016088 дугаартай гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан.

...а/ Хугацаа хоцорсон ч 2022 оны 1 сар хүртэл төлбөрөө төлж байсан. Үндсэн зээл төлөлтийн графикаас зөрүү 9,179,569.91 банкны үлдэгдэл, зээл төлөлтийн графикаар 7,857,142.86 төгрөг байгааг ямар учиртай болохыг тодорхойлох ёстой.

            б/Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэглээний зээлийн хүүг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хойшлуулах шийдвэр гарсан байхад ******* хойшлуулах боломжгүй гэсэн.

в/Монгол Улсын төв банкнаас бүрэн эрхийнхээ дагуу тогтоол гаргаж байхад бусад банкнууд тухайн тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй байхад үүргээ үл биелүүлэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

            Дээрх зүйлсийг харгалзан үзэж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,179,569.91 төгрөг дээр маргаан байхгүй, харин зээлийн хүү 7,857,142.86 төгрөгийг төлөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн төлбөр 9.580.955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******”- ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,245 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 168,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, ...  шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Хариуцагч ******* нь “Мобиком корпорац” ХХК Дархан салбарт ажиллаж байхдаа “*******” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар гэрээ байгуулан авсан ба ажлаасаа гэнэт халагдсаны улмаас цалингийн зээлийг төлөх орлогын эх үүсвэргүй болсон.

          ...Зээлийн графикийн дагуу хугацаа хоцорсон ч төлбөрийг хийж байсан гэтэл уг төлбөр графикаасаа нэлээн зөрүүтэй байгааг дахин нягталмаар байна.

 4.а/  а/ Хугацаа хоцорсон ч 2022 оны 1 сар хүртэл төлбөрөө төлж байсан. Үндсэн зээл төлөлтийн графикаас зөрүү 9,179,569.91 банкны үлдэгдэл, зээл төлөлтийн графикаар 7,857,142.86 төгрөг байгааг ямар учиртай болохыг тодорхойлох ёстой.

            4.б/ Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэглээний зээлийн хүүг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хойшлуулах шийдвэр гарсан байхад ******* хойшлуулах боломжгүй гэсэн.

4.в/Монгол Улсын төв банкнаас бүрэн эрхийнхээ дагуу тогтоол гаргаж байхад бусад банкнууд тухайн тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй байхад үүргээ үл биелүүлэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх зүйлсийг харгалзан зээлийн үлдэгдэл 7,857,142.86 төгрөг гарах ёстой, харин банк зүгээс нэхэмжлэлдээ дурдсан 9,179,569.91 төгрөг нь огт үндэслэлгүй байгаа юм. Иймд зээлийн хүүгийн үнийн зөрүү болох 1.723.813 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  ******* ХХК-н нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.   

3. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй. 

4. Хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч  *******т холбогдуулан   зээлийн гэрээний үүрэгт нийт  9,580,955 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Хэргээс судалбал :

5.Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр №1600016088 дугаартай  зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч *******  нь 22,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай,  өрхийн хэрэглээний зориулалтаар авсан байх бөгөөд  уг зээлийн гэрээний хугацаа  нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар байжээ.

Гэтэл хариуцагч буюу зээлдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдөр зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргасан байна./хх-15/

Мөн өдөр нэг талаас банк, нөгөө талаас зээлдэгч ******* нар нь  2018 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн №1600016088 дугаартай  зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болгож, 12 сарын хугацаатай сунгаж, зээлийн  эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хавсралтаар шинэчлэн тогтоож, уг тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг мөрдөхөөр тохирчээ.

Энэ нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ/хх-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх-11/, ... зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /хх-12/, эргэн төлөлтийн хуваарь/хх-13-н ар/ зэргээр тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

6.Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулах  өдрийн байдлаар үндсэн гэрээний зээлийн  төлбөрийн үлдэгдэл нь 15,000,000 төгрөг байсан байх ба  харин зээлийн хүүний хувьд  үндсэн гэрээгээр тохирсон жилийн хүү 15.6 хувь гэсэн нь хэвээр байна.

7. Нэмэлт, өөрчлөлтийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн үндсэн зээл, хүү –г төлж  эхлэхээр   тусгагджээ. 

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  буюу нэхэмжлэл гаргах үеийн байдлаар, мөн нэмэлт, өөрчлөлт оруулах үеийн үлдэгдэл 15,000,000 төгрөгөөс тус тус тооцож, үндсэн зээлийн төлбөрт 9,179,569.91 төгрөг, зээлийн хүү 397,313.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,072.68 төгрөг, нийт 9,580,955.89 төгрөг гаргуулах гэжээ.

9.Хариуцагч тал /нэхэмжлэлийн хувийг хариуцагч ******* гардаж авсан, тайлбарыг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд  гаргажээ/  тайлбартаа : ... зээлийн үлдэгдэл 9,179,569.91 төгрөгт маргахгүй, зээлийн хүү 7,857,142.86 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна. /хх- 29/

10.Нэхэмжлэгч талын шаардлагаас үзвэл:  хариуцагч буюу зээлдэгч ******* нь  15,000,000.00 төгрөгийн зээлийн төлбөрөөс 5,820,430.09 төгрөг төлсөн тул  төлбөрийн үлдэгдэл  9,179,569.91 төгрөгийг  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт нэхэмжилсэн байна. Энэ нь хэргийн 8 дугаар талд авагдсан *******ийн дансны хуулгаар тогтоогдож байх тул талууд зээлийн төлбөрийн үлдэгдэл 9,179,569.91 төгрөг гэдэгт  маргаагүй гэж үзнэ.

Харин хариуцагч тал тайлбартаа ... зээлийн хүү 7,857,142.86 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

11.Нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 7,857,142.86 төгрөг нэхэмжлээгүй, мөн уг  мөнгөн дүн  нь нэхэмжлэлийн шаардлага биш,  харин зээлдэгчийн анх авсан 22,000,000 төгрөгийн болон  түүний үлдэгдэл 15,000,000 төгрөгийн зээлийн  хүүнд төлсөн  дүнгийн нийлбэр гэж үзвэл 7,578,565.62 төгрөг /4,258,092.83+ 3,320,472.79/. болохоор байна.

Гэтэл маргаж буй дүн нь 278,577.24 төгрөгөөр/7,857,142.86-7,578,565.62/  илүү байх тул үүнийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй. Энэ талаарх тооцооллын задаргааг гаргаж  ирүүлээгүй, өөрөөр хэлбэл, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо: а. Хугацаа хоцорсон ч 2022 оны 01 сар хүртэл төлбөрөө төлж байсан, үндсэн зээл төлөлтийн графикаас зөрүү 9,179,569.91 банкны үлдэгдэл, зээл төлөлтийн графикаар 7,857,142.86 төгрөг байгаа/гомдолд бичсэнээр оруулав/. Энэ зөрүү юуны зөрүү болох, үүнээс хэд нь хугацаа хэтэрсэн хүү вэ, зээлийн хүүгийн нийт дүнг баримттай тодорхойлох,

б. ... хэрэглээний зээлийн хүүг 2021 оны 01 сарын 01-нээс 07 дугаар сарын 01 хүртэл түр хойшлуулах шийдвэр гарсан байхад банкны зүгээс хойшлуулах боломжгүй гэсэн,   в.Монгол Улсын Төв банкны тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй байхад үүргээ үл биелүүлэн хууль зөрчиж хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх зүйлсийг харгалзан үзэж зээлийн үлдэгдэл 7,857,142.86 төгрөг гарах ёстой байна. Харин банкны зүгээс нэхэмжлэлдээ дурдсан 9,179,569.91 төгрөг нь огт үндэслэлгүй юм. Иймд зээлийн хүүгийн үнийн зөрүү болох 1,723,813 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: 13. анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлд дурдагдсан зээлийн үлдэгдэл  9,179,569.91 төгрөгийн талаар маргахгүй гэсэн атлаа гомдолдоо энэ нь үндэслэлгүй гэх,

мөн зээлийн үлдэгдэл 7,857,142.86 төгрөг гарах ёстой, зээлийн хүүгийн үнийн зөрүү 1,723,813 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэсэн атал энэ талаарх нотлох баримтууд  хэрэгт авагдаагүй, тооцоо,тооцоолол гаргаж өгөөгүй, ямар баримтаар, юуг үндэслэн ийнхүү тооцсон зэрэг нь ойлгомжгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй  тухайлбал, зээлдэгч буюу хариуцагч *******ийн дансны хуулга зэрэг баримтуудыг  үгүйсгэж, няцаасан баримт гаргаж мэтгэлцээгүй, нэхэмжлэлийг    татгалзаж буй үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ болон мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэх байдал  тогтоогдохгүй   байна.

14.Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.  

          15. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээх ба  үүнийг хариуцлагын шинжтэй үүсдэг үүрэг гэж үзнэ.

          16. Иймд хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон дээр дурдсан үндэслэлүүд зэргээс хариуцагч талын ...  шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй  байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ   НЬ : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 25-ний өдрийн 1053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 42531 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

    

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА                    

                                                        ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ

                                                                                                          Х.БАЙГАЛМАА