Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 553

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг /¹0189/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Олхонууд овогт Норжмоогийн Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711007770639 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянхонгор аймгийн 3-р баг 3-15-51 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо12в байрны 16 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Норжмоогийн Н.Б /РД: ВК94071608/,

 

Шүүгдэгч Н.Б нь бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Дэнжийн 1-р гудамжинд хохирогч Ц.Мянгайбаатарын “Эл жи жи-5” загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч залилан авч бусдад нийт 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Н.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Бөмбөгөр худалдааны төв дээр явж байгаад найзтайгаа уулзах гээд Баянбүрдээс хойшоо өгсөөд гэр хороолол руу явсан. Би явах замдаа таксины жолооч ахыг гар утсаараа яриулаач гэж гуйгаад замдаа найзтайгаа утсаар яриад хаягийг нь заалгаж явсан ба гэр хороолол дунд нзг нийтийн байрны гадна талд зогсоогоод утсаар нь ярьж буй чигтээ нийтийн байр руу ороод хүнтэй уулзчихаад эргээд ирье гэж хэлээд нийтийн байр руу ороод арын хаалгаар нь гараад явчихсан. Гарч яваад гар утсыг нь танихгүй явуулын хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөө ойр зуур идэж уугаад дууссан..." гэх мэдүүлэг /хх-42х-43х/,

хохирогч Д.Мянгайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 17-18 цагийн орчим Бөмбөгөр худалдааны төвийн урд талын таксины үйлчилгээ эрхлэн явуулж байтал 20 орчим настай эмэгтэй хүн гараа өргөн суусан бөгөөд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-11 тоот түрээсийн байрны гадна талд хүргүүлсэн замдаа тухайн эмэгтэй миний гар утсаар ээж гэж дуудаж байсан хүнтэй болон 2-3 хүнтэй утсаар яриад мөнгө төгрөг нэхээд л байсан тухайн хүн миний машинаас буухдаа утсаар чинь эгчийгээ ээжтэй яриулаад өгье, энэ манай эгчийн гэр байгаа юм эндээс таньд мөнгө авч өгнө гэж хэлээд аваад буусан боловч дахин гарч ирээгүй би 30-40 минут орчим хүлээгээд тухайн орчмоор хайгаад хүнээс асууж сураглаад олоогүй юм. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 25х-28х/,

гэрч Д.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний 96090456 дугаарлуу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 39 минутанд 89199097 дугаараас 20 орчим насны эмэгтэй хүн залгасан байсан. Надтай утсаар яриад байсан змэгтэй хүнийг би танихгүй өөрийгөө Энгүүнээ байна гэж яриад байсан би 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр 25 дугаар эмийн сангаар хойшоо эргээд "Парис" гэх шөнийн цэнгээний газар хуурай дүү Чука болон түүний найзын хамт гурвуулаа ороход тухайн 20-25 орчим насны эмэгтэй тайчих үзүүлбэр үзүүлээд байсан бөгөөд Чука түүнтэй танилцаад миний дугаарыг өгсөн байсан түүнээс хойш тухайн эмэгтэй хэд хэдэн удаа ах мөнгө байна уу гэх зэргээр залгаж би түүнээс хойш дахиж уулзаагүй утасны дугаарыг нь мэдэхгүй байна янз бүрийн дугаараар л залгаад байсан надад өөрийгөө Баянхонгор аймгийн харъяат гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31х-32х/,

гэрч П.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний охин Н.Б нь 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Н.Б аавгүй миний гэртээ гаргасан хүүхэд байгаа юм манай ээж Норжмоогоор овоглодог. Баянхонгор аймгийн 12 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн. Зан аашийн хувьд гэвэл миний ээж энэ хүүхдийг хамгийн зөвөөр сургасан хамгийн ажилсаг хамгийн л хүний үгэнд сайн ордог хүүхэд байгаа юм." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Быг бусдыг хуурч залиласан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул  шүүх торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан журмаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг торгох ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасч, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг тогтоов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             

              1. Шүүгдэгч Олхонууд овогт Норжмоогийн Н.Быг бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б -ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдийг журамлан Н.Б -ны цагдан хоригдсон нийт 13 /арван гурав/ хоногийг, нэг хоногийг нь торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 195.000 /нэг зуун ерэн тав мянга/ төгрөгт шилжүүлэн, түүнд оногдуулсан торгох ялаас хасч, Н.Б -ны нийт биечлэн эдлэх торгох ялыг нийт 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б -ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

 

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б ыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

              6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              7. Н.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

              8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б -д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ