| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0542/Э |
| Дугаар | 556 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 556
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Г.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хатагин овогт Галбаатарын Сугардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017550586 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13-136 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овогт Галбаатарын Г.С/РД: /,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Снь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайлаастын” 20-672 тоотод Ж.Мягмардорж, А.Эрдэнэбаяр нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Ж.Мягмардоржтой маргалдаж, улмаар пиво ууж байсан бакалаар түүний толгойн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “…2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр найз Мягмардорж над руу утсаар яриад өглөө 09 цагийн орчим манайд ирсэн. Тэгээд манайхаас бид хоёр гараад найз Эрдэнэбаярын гэрт буюу Жуковт очсон. Тэндээ 3-лаа уулзаж, 5 буудлын лазер караокед ирээд 2 шил архи хувааж уусан. Караокед байхад Эрдэнэбаяр, Мягмардорж нар шалихгүй зүйлээс болоод маргалдаад байсан. Тэгээд Мягмардорж гараад явсан. Тэгэхээр нь Эрдэнэбаяр бид хоёр удалгүй гараад Мягмардоржийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хайлаастын 20-672 тоотод очсон. Тэгээд гэр лүү нь ороход байхгүй байсан. Тэгээд хашаанд нь хүлээгээд байж байтал Мягмардорж гаднаас ирээд та хоёр үхсэнээ хийж ирсэн юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Би тэгээд одоо боль яах гэж маргалдаж байдаг юм бэ гэтэл над руу Мягмардорж дайраад зууралдаад намайг нэг цохиж авсан. Би гарт байсан пивоны бакалаар Мягмардоржийн толгой руу нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36х/,
хохирогч Ж.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд эргээд араас миний толгой руу Г.Сбарьж байсан шилэн бакалаар цохисон. Шилэн бакал хагарч миний нүүрийг зүссэн. Тэгээд шилний хагархай нь бас миний гарын шуу хэсгийг зүссэн. Тэр 5 буудлын караокед байхдаа нэг төлбөр тооцооны асуудлаас болоод бага зэрэг маргалдсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
гэрч А.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мягмардорж, Г.С нар муудалцаад зууралдсан. Би салгах гээд дундуур нь орсон. Тэгтэл Сугардорж, Мягмардоржийн толгой руу пивоны бакалаар цохисон. Шилэн бакал хагараад Мягмардоржийн нүүр, гарыг зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №7505 тоот дүгнэлтэд: Ж.Мягмардоржийн биед духны баруун, зүүн хажуу хэсэг, зүүн тохой, баруун бугалга, шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт… /хх-ийн 27х/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүх түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатиган овогт Ганбаатарын С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ийг 480 нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.С-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.С-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ