Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2022/00091

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн 1165 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

“Нөхөн төлбөрт 29,151,428 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* нь “Шарын гол” ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Уурхайн гүний хэсэгт малтагч бэхэлгээчнээр анх ажилд орсон. Улмаар 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, мөн 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус угаарын хийнд хордож үйлдвэрлэлийн осолд орж байсан. “Шарын гол” ХК-д нийт 22 жил малтагч, бэхэлгээчин, гүний хэсгийн аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийсэн.

Уурхайн гүнд 22 жил ажилласны улмаас цаашид энэ ажлыг хийх хөдөлмөрийн чадвар эрс буурсан тул 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хандаж шинжилгээ өгч 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нүүрс төрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор Хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар тогтоолгосон.

2015, 2016, 2017 онуудад жил бүр энэ хугацааг сунгуулж байсан бөгөөд 2018 онд хөдөлмөрийн чадвар алдалтын 55 хувиар тогтоолгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж байдаг. 1999 онд нэг удаа газрын гүнд үйл ажиллагаа гүйцэтгэж байхдаа унасан. Тэгэхдээ тухайн үед эмчилгээ сувилалд явуулсан болохоор гайгүй өнгөрсөн. Гэхдээ ужиг өвчин явцын дунд толгой өвдөх, мартан санах тийм байдал үүсэж газар доор ажиллах болохгүйн байна гэдэг үндэслэлээр ажлаасаа гарсан. Тухайн үед заавал ажлаас халагдсан тушаал байж группийг тогтоож өгдөг байсан. Одоо бол халагдах тушаал шаардахаа байсан. Мэргэжлээс шалтгаалах өвчнөө тогтоолгохдоо бүх нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгсөн. 1 дүгээр зөвлөгөөнөөр 9-10 хүний комисстой хэлэлцээд, 2 дугаар зөвлөгөөнөөр санал авдаг юм.

2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 50 хувиар алдсан гэж тогтоосон. “Шарын гол” ХК-аас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн олговорт 7 сарын цалингийн дундаж хэмжээний нөхөн төлбөр 12,753,752 төгрөг, 9 сарын цалингийн дундаж хэмжээний нөхөн төлбөр 16,397,676 төгрөг, нийт 29,151,428 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь “Шарын гол” ХК-нд ажиллаж байсан. “Шарын гол” ХК-аас хөдөлмөрийн харилцааг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажилтны санаачилгаар дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч 1999 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь заалт маань ажилтан ажиллаж байх үедээ хөдөлмөр эрхлэлтээ алдвал ажил олгогч хуульд заасан хэмжээгээр нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн зохицуулалт байгаа. Харин

1. ******* нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш,

2. Улсын дээд шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаар талуудыг мэтгэлцүүлээгүй гэсэн байсан.

3. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт тогтоолгосон байдаг. Үүнээс хойш 5 жил өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч энэ хооронд “Шарын гол” ХК-д хандаж байгаагүй. Хандаж байсныг нотлох баримт ирүүлээгүй.

4. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 6 сараар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг сунгах боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүй хэтрүүлсэн, маргааныг үйл баримтаар гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч “Шарын гол” ХК-нд холбогдуулан нөхөн төлбөр 29,151,428 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,708 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат  давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилсанд хөдөлмөрийн гэрээний нэг тал биш болсон *******эд энэ заалт хамаарахгүй.

            5.2. Өмнө болон одоо хүчин  төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн тухай хуулийн заалтаар нөхөн төлбөрийг заавал нэг удаа олгохоор хуульчлан заасан тул уг нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

            5.3. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* нь анх 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Шарын гол” ХК-нд уурхайн гүний хэсэгт малтагч, бэхэлгээчнээр ажилд орж 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 22 жилийн хугацаанд аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлуудыг хийн гүйцэтгэж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.

*******ийн нь Шарын гол ХК-ийн нүүрсний уурхайд ажиллаж байх хугацаандаа буюу 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус тус үйлдвэрлэлийн осолд орж байсан байх ба улмаар ажлаас чөлөөлөгдсөн дараа 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр мэргэжлийн өвчний жагсаалтын 2-2-7-2 д зааснаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар, түүнээс хойш одоог хүртэл 55 хувиар алдсан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8-13, 20-32, 148-149 дэх тал/

Нэхэмжлэгч ******* нь 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 12,753,752 төгрөгийг, 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 16,397,676 төгрөг буюу нийт 29,151,428 төгрөгийг “Шарын гол” ХК-иас нэхэмжилжээ.

3. Хариуцагч “Шарын гол” ХК нь ******* “Шарын гол” ХК-д ажиллаж байсан нь үнэн. 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосны дараа ******* нь өөр ажил эрхэлсэн байдаг.  2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 6 сараар  тогтоолгосон бөгөөд 2014 онд хөдөлмөрийн чадвар алдсанаа тогтоолгосноор эрх нь зөрчигдсөнийг мэдсэн боловч “Шарын гол” ХК-д хандаж байгаагүй, хандсан талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

4. Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан болохыг тогтоолгосон үеэс хариуцагч байгууллагаас нөхөн төлбөр авах шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд 2015 онд н.******* гэдэг хүнд өргөдөл өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн ба харин хэрэгт авагдсан баримтаар 2019 онд өргөдөл өгч шийдвэрлүүлж байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг дээрх хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “...хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Өөрөөр хэлбэл,  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны нөхөн төлбөр шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хуульд заасан хугацааны дотор гаргах ба Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1-н “... энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд... “ гэдэгт уг мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны нөхөн төлбөр шаардаж буй нэхэмжлэл хамаарна гэж ойлгоно.

5. Нэхэмжлэгч ******* 2014 оны 06 дугаар сарын 05-наас хойш 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон актыг сунгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй хэмээн давж заалдах гомдол гаргасан хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг тусгайлан заасан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “...хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна...” гэж заасантай адилтган үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас хэрхэн юуны учир 5 жил 7 сарын дараагаар шүүхэд хандаж байгаа, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.   

6. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 303.708 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ

                                                                           ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                              Л.АМАРСАНАА