| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0551/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 566
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,
улсын яллагч Б.Уранчимэг,
хохирогч Т.Баярхүү,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0321/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даадар овогт Энэбишийн Э.От холбогдох 1811001930583 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 53 дугаар гудамж, 9 тоотод оршин суух хаягтай, урьд гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Даадар овогт Энэбишийн Э.О, Регистрийн дугаар: / ХЕ84112200/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О нь 2017 оны 11 дүгээр сарын 23ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нуьаг дэвсгэрт байрлах “Сургуулийн” 21 дүгээр гудамж, 346 тоотод хохирогч Т.Баярхүүгийн халааснаас “Самсунг J-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч нийт 496.000 төгрөшйн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.О-ын мөрдөн шалгах ажиллгааны үед яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг 13-р хороо Сургуулийн 21-436 тоотод өөрийн төрсөн өдөр гэж тухайн үед миний хамтран амьдрагч байсан Б.Бат-Оршихын хамтаар очиж Батаагийн гэрт Баярхүү, Батаа, Бат-Орших бид 4 цугтаа архи уусан юм. Тэгээд архиа ууж байгаад архи дуусаад гэрийн эзэн болон Баярхүү нар нилээд муудаад унтаад өгсөн тэгээд би Баярхүүг унтсан хойгуур нь түүний өмсөж явсан куртикных нь халаасанд байх “Самсунг Жи-7” загварын гар утсыг өөрийн хамтран амьдрагч Б.Бат-Оршиход хэлэлгүйгээр аваад Бат-Оршихыг явъя гэж хэлээд гэрээс нь гараад явж байгаад урт цагааны хажууханд байрлах буудалд орж унтаад маргааш өглөө нь уг хулгайлсан гар утсаа гаргаж ирээд Б.Бат-Оршиход өгөөд Бат-Орших юун утас бэ гэж асуухад нь би олсон юм гэж хэлээд “Теди” худалдааны төв ороод Бат-Оршихоор тэнд явж байсан хүнд 100.000 төгрөгөөр зарж борлуулсан, …” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44х/,
хохирогч Т.Баярхүүгийн шүүхийн хэлэлцүүлгт өгсөн мэдүүлэг,
хохирогч Т.Баяхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би найз болох Батаагийн гэрт нь 2017.11.23-ны өдрийн 14 цагийн үед очсон. очиход найз Батын салсан эхнэр Э.О, түүний найз залуу Баагий гэх хүмүүс байсан 0.75 л хараа архи 3 шилийг бид дөрөв хувааж уусан. Тэгээд найз Батаа согтоод унтаад өгсөн. Би хажуугаар нь ороод хэвтэж байтал Э.О утсаа өгч бай ярьмаар байна гэхээр нь өгөхгүй гээд өгөлгүй куртикнийхээ дотор талын халаасанд утсаа хийсэн тухайн үед найз Мөнхжаргал залгаж очлоо гэж ярьсан. Тэгээд Э.О, Баагий 2 гараад явсны дараа найз Мөнхжаргал орж ирээд намайг сэрээгээд утсаа яагаад салгасан юм бэ гэж хэлсэн, би утсаа үзэхэд байхгүй байсан тэгээд найзаасаа Э.О, Баагий хоёрыг асуухад сая доор зөрсөн гэж хэлсэн араас нь гараад хайгаад олоогүй тэр явдлаас хойш ахиж уулзаагүй, утасруу нь залгахад авахгүй байгаа...” гэх мэдүүлэг /х.х-ийн 22-24х/,
гэрч П.Батаагийн мэдүүлэг /х.х-ийн 25-26 22-23х/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /х.х-ийн 31-34х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Э.О нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байр, 18 тоотод хохирогч Ш.Намуунзулыг зодож түүний биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “ Тухайн өдөр миний бие Бат-Оршихын хамт Улсын Их дэлгүүрийн хажууд өглөө 08 цаг өнгөрч байхад Батзоригтой уулзсан юм. Тэгээд Намуунзулынд уугаад хоносон, үхэх гээд байна гээд гуйгаад байхаар нь Намуунзулын гэрт 2 шил 0.75 литрийн “Монгол стандарт” гэсэн архи аваад орсон. Гэрт нь ороход Намуунзул бага насны охиныхоо хамт байсан. тэр хоёр урьд өдөр уусан бие муу байна гэцгээж байсан. Тэгээд 4-лээ нөгөө 2 шил архиа хувааж ууж дууссан. Тэгтэл Намуунзул нь агсам тавиад зайлцгаа гэх мэтээр орилж хашиграад байсан. Тэгээд Бат-Орших чи яахаараа дандаа тэгэж байдаг юм бэ гээд маргаад Намуунзулын зүүн хацарт нь хальт алгадахад хамранаас нь бага зэрэг цус гарахад Намуунзул Бат-Оршихруу нулимсан. Тэгэхээр нь би уур хүрээд нүүр, хамар хавьд нь хоёр удаа цохиход Намуунзул доошоо тонгойгоод хамар амнаас нь цус гарч байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 110х/,
хохирогч Ш.Намуунзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Намайг эхлээд Бат-Орших нь алгадах үед надад бол ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Дараа нь хамт явсан Отгонбаяр нь гараа атгаж байгаа 2 удаа миний яг хамар луу цохисон. Тэр үед хамраас маш их цус гарч байсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Отгонбаяр л намайг цохисны улмаас үүсгэгдсэн гэмтлүүд байгаа, …” гэх мэдүүлэг /хх-ийн 80-83х/,
гэрч А.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 84х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.3.13-ны өдрийн Хүний биед хйисэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3525 дүгнэлт /хх-ийн 88х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Оыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хувийн таарамжгүй харьцааны улмаас бусадтай маргалдан, улмаар хохирогч Ш.Намуунзулыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Баярхүү нь өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөх агуулга бүхий мэдүүлэг өгсөн тул Э.О-ыг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Ш.Намуунзул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйл байгаа гэж мэдүүлсэн хэдий ч холбогдох баримт нь хавтас хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй, тогтоох боломжгүй байх тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.О-т ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, зарим хохиролыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүх түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Даадар овогт Энэбишийн Э.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Э.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан Э.Оын цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг, нэг хоногийг нь найман цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцож, нийт 280 /хоёр зуун ная/ цагт шилжүүлэн, түүнд оногдуулсан нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, бичелэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 440 /дөрвөн зуун дөч/ цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.О-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
7. Хохирогч Ш.Намуунзул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Баярхүүд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Э.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.О-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ