Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 569

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хотгойд овогт Наранцэцэгийн Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017170627 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 60 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Наранцэцэгийн Н.М /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Н.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 60-11 тоотод  өөрийн хамтран амьдрагч хохирогч А.Баттулгатай гэр бүлийн маргаанаас болж, хохирогчийн зүй бус харьцааны улмаас маргалдаж улмаар варьены шил  нуруу хэсэгт шидэж, түүний биед нурууны дээд хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээн өгсөн мэдүүлгүүд,

хохирогч А.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эхнэрийн хуучин нөхрийнх нь охин ирээд явахаар нь танай хүүхэд одоо яахаараа ирдэг юм гэж жаахан хэл амаар доромжлоод эхнэрээ 2-3 удаа алгадчихаад зураг үзээд сууж байтал манай эхнэр уурлаж байгаад миний нурууруу варьений шил шидсэн. Тэгээд миний нуруунаас халуун оргиод цус гарахаар нь би орон дээрээ доошоо хараад хэвтэж байхад манай эхнэр нуруун дээр цус арчаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

гэрч А.Алтансувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /хх-ийн 16-17х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7570 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6  /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин давууг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, устгуулахаар тус дүүргийн эд зүйл устгах комисст шилжүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Хотгойд овогт Наранцэцэгийн Н.Мийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Мийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин давууг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлж усгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Мт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ