Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 39

 

Б.Баярбат, Г.Амартүвшин нарт холбогдох

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, прокурор Н.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Баярбат, Г.Амартүвшин, шүүгдэгч Б.Баярбатын өмгөөлөгч Д.Бямбабаяр, шүүгдэгч Г.Амартүвшингийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Баярбат, түүний өмгөөлөгч Д.Бямбабаяр, хохирогч Т.Баярбат нарын давж заалдсан гомдлоор Б.Баярбат Г.Амартүвшин нарт холбогдох 201413000180 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Шүүгдэгч  Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Их Уул сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Цэцэгт хонхорын 2 дугаар гудамжны 31 тоотод оршин суух хаягтай, одоо түр Улиастай сумын Чигэстэй багийн Завсарын хорооны хэсгийн 2-10 тоотод оршин сууж буй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, мөн 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сартуул овгийн Базаарагчийн Баярбат РД: /ИЭ-77050816/
2. Шүүгдэгч  Монгол  Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт оршин суух хаягтай, одоо Сонгино суманд оршин сууж байгаа, Радио телеграфчин мэргэжилтэй, Завхан аймгийн Сонгино сум дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харьяа .... дүгээр ротод холбоочин ажилтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ажиндай овгийн Ганбаатарын Амартүвшин РД: /ИВ-85061516/

Шүүгдэгч Б.Баярбат нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар, Г.Амартүвшин нь Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
        
Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, Шүүгдэгч Сартуул овгийн Базаарагчийн Баярбатыг тээврийн хэрэгслэлийн ашиглалтын журам зөрчиж осол гарган бусдын амь насыг хохироосон, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар  хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж нийт 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатад оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 3 жил 1 сарын хугацаатай  хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатаас 3960000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баярбатад олгож, 2642350 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбатын эзэмшлийн 54-95 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл  хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар  зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 97 ширхэг толь мэт зүйлийн хагархайг устгаж, хохирогчийн өмсөж явсан 8 нэр төрлийн хувцасыг хохирогч Т.Баярбатад буцаан олгож, шүүгдэгч Б.Баярбатын тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ, татвар төлөлтийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Баярбатаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Баярбат нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж. /Г.Амартүвшин хоригдоогүй/ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Баярбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хэргийг үйлдээгүй. 2014 оны 09 дүгээр сарын 14-ний орой би эхнэр том хүүхдийн хамт машинаараа арлаас айлын зарах гэж байгаа тавилгыг эгч авч өгсөнийг Баазад завсарын хороонд гэртээ аваачиж тавьж үзээд сэтгэлд нийцээгүй учир буцааж тэр байранд нь аваачиж өгөөд оройтсон учир эхнэр хүүхдийн хамт гэртээ амарсан. Би тэр өдөр архи уугаагүй. Гэтэл тэр орой энэ авто ослын хэрэг гарсан юм билээ. Хэрэг гарсаны дараа цагаан Бонго машинуудыг шалгаад 3 цагдаа ирж үзэн машинтай авч яван Цагдаа дээр аваачиж шалгасан. Тэгэхэд миний машины шил хагараагүй байсан. Тэр 3 цагдаагийн нэг нь миний зүс танидаг Жадамба байсан. Тэр өдөр тойргоор миний машинтай явж өнгөрсөн бичлэг байсан гэж цагдаа нар ярьж байсан. Дараа нь бас Баатар хурандаа бас шалгасан. Тэгэхэд машины шил хагарсан байсан юм. Тэр хавар би машины номероо шинээр хийлгэсэн тул маш тод байсан. Эхнэр, хүүхэд бид гурав тавилга зөөгөөд байхад манай урд байдаг хадам эгч нөхөртэйгөө, мөн 2 залуу мод хөрөөдөөд харж байсан. Энэ дөрвөн хүн намайг юм зөөгөөд явж байхыг сайн мэдэх ёстой. Энэ хэрэг гарсаны дараа намайг 2 удаа аваачиж цагдан  хорьж шалгасан. Миний тойргоор явж өнгөрсөн бичлэг алга байна. Иймээс дахин шалгаж миний энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би архи ууж, хэрэг хийгээгүй тул гомдолтой байна гэжээ. 

Хохирогч Т.Баярбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний дүү Т.Баатархүү машинд дайруулж өнгөрөөд 02 жил гаран болж дайрсан хүн нь олдож шүүх хурал болж цагаадаад байна. Бидний хувьд энэ хүн өөрийн биеэр хэргээ хүлээхгүй байгаад маш их гомдолтой байна. Б.Баярбатын хувьд хуулиа сайн мэддэг, ямар нэг өс хонзонгийн улмаас санаатай дайрч алсан гэж бодож байна. Анхзаяа, Батжаргал нарын мэдүүлэгт согтуу байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ тухай дурдаагүй байна. Бага зэргийн архи үнэртүүлсэн жолоочийг 380000 төгрөгөөр торгоод 2 жил эрхийг нь хасдаг хуультай байхад бүхэл бүтэн хүн дайрч алсан хүнийг ялгүй өнгөрөөж яагаад бичиг баримтыг нь буцаан өгдөг юм бэ? энэ хүнийг болон бусдыг өөгшүүлж хүн дайрч алах боломжийг нээж өгч байгаа юм биш үү гэж санагдаж байна. Амаар хэргээ хүлээхгүй байгаа хүнд Өршөөлийн хууль үйлчилдэг юм уу. Хүнээс уучлаарай энэ хэргийг үйлдсэн гээд хэлчихэж чадахгүй ийм хүнийг өршөөж байгаа хуулийг бид ойлгохгүй байна. Б.Баярбат нь манайд архи ууж орж ирээд талийгаач сайхан цэвэр хувцастай явсаныг харсан байсан мөн цагаан тортой юм авч явахыг нь ч харсан байдаг. Яагаад шүүх хуралд ямар хувцастай явсаныг хараагүй гэж хэлдэг юм бэ? Энэ бүгдээс харахад Б.Баярбат санаатай худал ярьж хэргээ нуун дарж байгаа нь тодорхой байна. 
    Бидний нэхэмжилсэн 6602350 төгрөгт өмгөөлөгчийн хөлс 700000 төгрөг ороогүй нийтэд нь бодсон байна. Уг нь бол хэдэн төгрөгний үнэтэй хүний амь баймааргүй юм. Бидний нэхэмжилсэн мөнгийг гүйцэт гаргуулж Б.Баярбатыг өөрийн амаар нь хийсэн хэргийг нь хүлээлгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан.
Гэрч Б.Санжсүрэнгийн мэдүүлэгт... шороон зам дээр явсан хүнийг дайраад машинаас хүн бууж ирээд дайрсан хүнээ кабиндаа суулгаад эмнэлэг рүү явчих шиг боллоо гэсэн
Гэрч Н.Отгонбатын “... жолооч талын хаалганаас бараан өнгийн хувцастай туранхайвтар залуу  бололтой хүн гарч ирж байсан, нөгөө талаас нь бас хүн гарч ирж байсан” гэсэн
Гэрч Ц.Батжаргалын ... шороо хэсэг рүү урагшаа харж зогссон, тэгснээ хоёр талын хаалга онгойж, хоёр хүн гарч ирээд нөгөө мөргөсөн хүнээ машиныхаа кабинд суулгаад уруудаад явсан гэсэн  
Гэрч Т.Базаррагчаагийн... машин зогсоод хоёр хаалга онгойгоод хоёр хүн гарч ирээд нөгөө хүнийг баруун талын хаалгаар суулгаад шууд хөдлөөд явчихсан гэсэн мэдүүлэг
Гэрч Н.Анхзаяагийн ... машинаас хоёр хүн гарч ирээд нөгөө дайруулсан хүнийг кабиндаа суулгаад хөдлөөд явчихсан ..машинд сууж явсан хүмүүс 25-30 насны орчим хүмүүс байна гэж бодсон. Машины зүүн гар талд жолооч сууж харин нөгөө талаас буусан нь гуйвж дайваад хөл нь солбиж гишгээд байна лээ. Дээрх мэдүүлэгээс харахад тухайн үед талийгаачийг дайрсан машинд 2 хүн байсан талаар хангалттай гэрчилж байгаа гэтэл анхан шатны шүүх эдгээр гэрчийн мэдүүлгийг үл ойшоож ослыг гаргахдаа ганцаараа явж байсан мэтээр дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон нь хуульд нийцэхгүй байна. 
Мөн Б.Баярбат нь 2014 оны 09 дүгээр сард осол гарсаны дараа найз Г.Амартүвшинтэй хамт Будсүрэнгийнд очиж архи ууж байсан тэгж явахдаа машиныхаа урд шилийг Г.Амартүвшин мөргөж хагалсан, мөн Б.Баярбат, Г.Амартүвшин нар нь 2014 оны 9 дүгээр сарын сүүлчээр ... танайд очиж архи уусан бэ? гэж шүүх хуралдаанд оролцсон гэрч Будсүрэнгээс асуухад “яг өдрийг нь санахгүй байна. Тухайн үед баазад машин хүн дайрчихаад зугтаасан хэрэг гарсан талаар би сонсож байсан. Тэрнээс хойш энэ хоёр манайд халамцуу ирж 1 шил архи уучихаад яваад өгсөн. Тэгсэн маргааш өглөө нь манайхыг босоогүй байхад  Б.Баярбат нь манай машин бензингүй болоод дарсаар байгаад аккумиляторгүй болоод асдаггүй ээ, чи машин асаагаад өгөөч гэж ирэхээр нь би өөрийнхөө машиныг асаагаад очиход Г.Амартүвшин Б.Баярбатын машинд унтаж байсан тэгээд Б.Баярбат Г.Амартүвшин рүү “чи миний машины шилийг мөргөөд хагалчихлаа ш дээ төлж өгөөрэй гэж хэлээд хоорондоо маргаад байсан” гэсэн мэдүүлгээс харахад энэ нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна.  Үүнийг шүүх анхаарч үзээгүй. 
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Баярбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдээгүй байхад намайг гэм буруутайд тооцож яллаад байгаад гомдолтой байна. Цагдаагийн байгууллагаас намайг  шалгаж байх үед миний машины шил хагараагүй байсан. Түүнээс хойш машины маань шил хагараад солиулсан юм. Анхан шатны шүүх гүйцэтгэх ажиллагааны журмаар цуглуулсан гэх нотлох баримтанд үндэслэж, намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл халдаасанд гомдолтой байна гэв.
    Шүүгдэгч Б.Баярбатын өмгөөлөгч Д.Бямбабаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 
    Тухайлбал: хавтаст хэрэгт авагдсан гэрч Санжсүрэнгийн мэдүүлэгт “...шороон зам дээр явж байсан хүнийг дайраад хоёр хүн машинаас бууж мөргөсөн хүнээ кабиндаа суулгаад явсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч Отгонбаярын мэдүүлэгт машины хоёр талын хаалганаас хоёр хүн гарч ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүнийг суулгаад авч явсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Базаррагчаагийн мэдүүлэгт машины хоёр талын хаалга нээгдэж 2 хүн бууж ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүнийг суулгаад шууд хөдлөөд явсан гэж дурдсан байдаг. Эдгээр гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн осол гарах үед жолоочоос гадна кабинд нэг хүн цуг сууж явсан болох нь тогтоогддог юм.

    Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн үед машинд хоёр хүн явсан гэдгийг дүгнэлгүйгээр шүүгдэгч Б.Баярбатыг ганцаараа явж байгаад дээрх автын ослыг гаргасан гэж үзсэн юм. Мөн машины шил хагарсан эсэх асуудлаар 2014 оны 09 дүгээр сарын сүүлчээр Будсүрэн гэх найзындаа Г.Амартүвшинтэй хамт архи уугаад машины шил хагарсан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр машины шил хэзээ хагарсан, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийн зөрүүг гаргахаар Будсүрэнг гэрчээр оролцуулахад тэр осол гарсны дараа манайд ирж архи уусан гэж мэдүүлсэн байдаг. Энэ хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх энэ мэт асуудлыг анхаарч үзэхгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Баярбатын машины шилийг хагалаагүй, Будсүрэнгийнд очдог өдөр бид хоёр хамт явж байтал машиных нь түлш тасалдаад үүрээр явсан юм. Тэгээд гэртээ очиж хувцсаа солиод ирсэн. Надад үйлдсэн хэрэг байхгүй гэв. 

Цагаатгагдсан этгээд Г.Амартүвшингийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Амартүвшин энэ хэрэгт холбогдолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Маргаж байгаа гол асуудал нь Г.Амартүвшин энэ хэргийг үйлдсэн эсэх, хэрэг гарах үед байсан бол эмнэлэгийн тусламж дуудсан эсэх асуудал юм. Харин машины шил хагарсан асуудлын хувьд ГАмартүвшин хагалсан уу өөр байдлаар хагарсан уу гэдэг нь маргаантай байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр машины шил гадна талаасаа хагарсан болох нь тогтоогдсон юм гэв.
    
    Хохирогч Т.Баярбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэг нь нотлогдчихоод байхад шүүгдэгч Б.Баярбат өөрөө хэргээ хүлээхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирол барагдуулахгүй байгаад гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Баярбат энэ хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Амартүвшин, Б.Баярбат нараас тайлбар авахад Г.Амартүвшин би машины шилийг мөргөж хагалсан зүйл байхгүй гэдэг, Б.Баярбат нь Г.Амартүвшинг шил мөргөж хагалсан гэж мэдүүлдэг.

Хэрэг гардаг өдөр шүүгдэгч Б.Баяртбат нь эхнэр хүүхэдтэйгээ тавилга зөөсөн гэж байгаа нь худал юм. Хасбат гэдэг талийгаачийн дүү нь хажуу талынх нь айлд мод хөрөөдөж байсан учраас шүүгдэгч Б.Баярбат тэр өдөр огт тавилга зөөгөөгүй гэдгийг гэрчилдэг. Шүүгдэгч Б.Баярбат 2014 оны 9 сарын 15-нд ажилд гарсан, шүүгдэгч Г.Амартүвшин нь 9 сарын 17-нд ажилд гараагүй байдаг. Гэрч Соёл-Эрдэнэ .... уг ослыг цагаан өнгийн Бонго машин гаргасан болохыг мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Баярбат энэ хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр  нотлогдсоор байхад шүүгдэгч одоо хүртэл хэргээ хүлээхгүй байна. Мөн 9 дүгээр ангийн сурагч хүүхэд “би Б.Баярбат ахыг танина, Б.Баярбат ах машинаараа хүн дайрсан талаар аавтай ярьж байсан” гэж Гонгоржав гэдэг хүнд хэлсэн байдаг. Гонгоржав гэх хүн энэ талаар хэлэхгүй бол унтаж ч чадахгүй хэцүү байна гэж ярьсан байдаг.
 
Машины шил хагарсан асуудлын хувьд гэрч Будсүрэн тэр осол гарсны дараа манайд ирж архи уухад машины шил нь хагарсан гэж мэдүүлсэн боловч машины шилийг шинжилж үзэхэд шил нь гадна талаасаа хагарсан болохыг тогтоосон. Гэтэл шүүгдэгч Б.Баярбат нь Г.Амартүвшин шилийг мөргөж хагалсан гэж  худал мэдүүлсэн. Энэ хэргийг шүүгдэгч Б.Баярбат үйлдсэн гэдэг нь гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэв.

Прокурор Н.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2014 оны 9 сарын 14-нд Улиастай сумын Чигэстэй багийн Мал эмнэлэгийн зам дээр жижиг оврын ачааны машин осол гаргаж нэг хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Энэ талаар Ган-Оргил, Ангараг, Анхзаяа, Батжаргал нар хурдтай уруудаж явсан машин замын хөвөөгөөр явж байсан явган зорчигчийг мөргөөд хоёр хүн гарч ирээд цааш нь аваад явсан гэж мэдүүлсэн байдаг. Уг ослын улмаас хохирогчийн элэг задарч амь нас нь хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан нотлох баримтыг нууцлахаар заасан байдаг. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй тохирч байгаа юм. 

Шүүгдэгч Б.Баярбат нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон нь тогтоогдож байгаа юм. Мөн шүүгдэгч нь зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэлтэйгээр үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Талийгаач Т.Баатархүү нь осолд орсны дараа ойролцоогоор 05 минут орчимд амьд байх боломжтой гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Осолд орсон этгээдэд эмнэлэгийн тусламж үзүүлэх боломжгүй байсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалд авагдаагүй баримт, гэрчээр асуугдаагүй хүмүүсийн яриаг иш татаж ярьж байна. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдаагүй баримт, гэрч учир үнэлж дүгнэх боломжгүй, энэ талаар хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгах шаардлагагүй юм. Гэрч Будсүрэн хэрэг гардаг орой тэднийд Б.Баярбат, ГАмартүвшин нарыг орж ирсэн талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодорхой мэдүүлж чаддаггүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Иймд анхны саналаа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баярбат нь 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орой 2000 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг Мал эмнэлэгийн баруун талын хатуу хучилттай асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 54-95 ЗАН улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хойноос урагшаа чиглэлд явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “.... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэснийг зөрчин уруу тойруу зам дээр замын нөхцөл байдалд тохируулж жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг хасч яваагүйгээс замаар гарч замын хажуугаар зорчиж явсан иргэн Т.Баатархүүг машиныхаа баруун урд талаараа мөргөж, зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын улмаас талийгаач Т.Баатархүүгийн элэг задарч, хэвлийн хөндийд цус алдаж, цус алдалтын улмаас түүний амь нас хохирсон, мөн дээрх зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримт хохирогч Т.Баярбат, гэрч Н.Отгонбат, Г.Ган-Оргил, Н.Онол-Эрдэнэ, Б.Ангараг, Н.Анхзаяа, Ц.Батжаргал нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 201400033 дугаартай шинжээчийн дүгнэлт, бусад гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээр авагдсан баримт мэдээллээр нотлогдон тогтоогдсон байна. 

Цагаатгагдсан этгээд Г.Амартүвшин нь 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн орой 2000 цагийн орчимд шүүгдэгч Б.Баярбатын гаргасан дээрх зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь аюултай нөхцөл байдалд орсон Т.Баатархүүд тусламж үзүүлэх шаардлагатайг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдээгүйгээс талийгаач Т.Баатархүүгийн амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхээс Б.Баярбатын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
 Түүнчлэн тухайн хэрэгт Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх зорилгоор Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. 

Анхан шатны шүүх Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу Прокурорын зөвшөөрлөөр явуулсан Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан баримт мэдээллийг шүүгдэгч Б.Баярбатын хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд давхар үнэлсэнийг буруутгах боломжгүй байна. 

Шүүх шүүгдэгч Б.Баярбатад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар тус тусад нь хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг нь 03 жил 01 сараар тогтоож Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Мөн шүүгдэгч Б.Баярбатад шүүхээс оногдуулсан дээрх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 3 жил 01 сарын хугацаатай хорих үндсэн ялуудыг нь өршөөн хэлтрүүлсэнийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. 

Цагаатгагдсан этгээд Г.Амартүвшингийн тухайд авто ослын гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Б.Баярбаттай хамт явж, улмаар талийгаач Т.Баатархүүд яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл зохих байгууллагад нь мэдээлээгүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн талийгаач нь гэмтэл авсанаас хойш 05 минутын дотор амьд байх боломжтой байсан нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогддог бөгөөд харин цаг хугацааны хувьд хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлэх бодит боломж байхгүй нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Баярбат, түүний өмгөөлөгч Д.Бямбабаяр нар нь давж заалдсан гомдолдоо ... Би энэ хэргийг үйлдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж байгаа хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу дээрх хэрэгт асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг, гүйцэтгэх ажиллгааны шугамаар авагдсан баримт мэдээллээр талийгаач Т.Баатархүүг шүүгдэгч Б.Баярбат нь жолоодож явсан тээврийн хэрэгслээрээ дайрч амь насыг нь хохироон, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь тогтоогджээ. 

Хохирогч Т.Баярбат гомдолдоо ... Миний нэхэмжилсэн 6602350 төгрөгийг гүйцэт гаргуулж өгсөнгүй гэсний тухайд шүүх талийгаач Т.Баатархүүгийн оршуулга болон бусад зардалтай холбоотой баримтуудыг үнэлэхэд нотлох баримтын шаардлага хангасан 3960000 төгрөгний зардлыг шүүгдэгч Б.Баярбатаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогчийн нэхэмжилсэн 6602350 төгөргнөөс 2642350 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэл муутай болжээ. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад ... хохирогч Т.Баярбат нь талийгаач Т.Баатархүүгийн оршуулга болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад .... шүүгдэгч Б.Баярбат, Г.Амартүвшин нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Баярбат, түүний өмгөөлөгч Д.Бямбабаяр, хохирогч Т.Баярбат нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад ... хохирогч Т.Баярбат нь талийгаач Т.Баатархүүгийн оршуулга болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич хохиролоо жич нэхэмжлэх эрхтэй гэж, 

Мөн тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад шүүгдэгч Б.Баярбат, цагаатгагдсан этгээд Г.Амартүвшин нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ