Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0603

 

 2018 оны 11 сарын 21 өдөр        Дугаар 221/МА2018/0603                            Улаанбаатар хот

“Мур” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Мур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 26 дугаар зүйлийн 26.3, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 1  дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мур” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “хариуцагчаас, нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Мур” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй гэж тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тодорхой заасан байх тул Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсныг шүүх дүгнээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан ба “Мур” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах ёстой байсан байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаан эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасан.

Иймд “Мур” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар гомдлоор хязгаарлахгүйгээр хянаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““Мур” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Хэрэмийн цагаан өндөр” нэртэй газарт хийсэн хайгуулын ажлын үр дүн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, Ашигт малтмалын газрын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нэгдсэн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэн “Мур” ХХК-д хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, XV-018247 дугаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага[1]  бүхий нэхэмжлэл гаргажээ.

Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, улмаар хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр  сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Мур” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа[2] тодорхойлжээ.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн анх гаргасан “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны акт гаргахыг даалгах, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг даалгах”, сүүлд тодорхойлсон “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг бус “хариуцагчаас, нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Мур” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгаж” нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй шийдвэрлэсэн байна.

2. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “татгалзал хууль бус” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож ... журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа[3] “... уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг” гэснийг “нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг” гэж өөрчилж өгнө үү гэснээс үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл олгуулахаар анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэж үзэхээр байна.

Эс үйлдэхүй буюу гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдэх бөгөөд энэ хүрээнд шүүхээс эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжтой. Харин тодорхой үйлдэл хийхийг даалгуулахаар шаардаж буй тохиолдолд тухайлбал, энэ хэргийн хувьд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбайг ердийн талбайд бүртгэсэн шийдвэр гаргуулах эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол тухайн тодорхой төрлийн шийдвэрийг гаргахаас татгалзсан үйлдэл нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгч тухайн тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах бүх нөхцөлийг бүрэн хангасан эсэхийг шүүх нотлох баримтын үндсэн дээр шалган тогтоож, хариуцагчид тухайн тодорхой шийдвэрийг гаргахыг даалгах эсвэл даалгахгүй байх шийдвэрийн аль нэгийг гарах боломжтой байна.

Иймээс нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус ... бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” зэргээс аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

3. Нэхэмжлэгч “Мур” ХХК-д Цөмийн энергийн газраас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хэрэмийн цагаан өндөр” нэртэй газарт 208136 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалыг хайхыг зөвшөөрч *-**** дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 12 сарын 30-ны өдөр олгосон байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-д зааснаар цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх” эрхтэй байна.

Нөгөө талаар, Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1[4]-д “хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх” үүрэгтэй байхаар зохицуулж байжээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуулиудын агуулга, зохицуулалтаас үзвэл тодорхой төрлийн ашигт малтмалыг хайх ажиллагаа нь тухайн төрлийн тусгай зөвшөөрөл, тухайлбал нүүрс хайх тусгай зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр хийгдэх ажиллагаа гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “манай компанийн хайгуулын талбайгаас анхнаасаа цацраг идэвхт бодисын нөөц илрээгүй бөгөөд энгийн ашигт малтмал болох хүрэн нүүрсний нөөц илэрч байсан тул энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулж, батлуулж ирсэн” гэж , “2011 оноос хойш хүрэн нүүрсний орд илэрч байсан, тайлан гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газар болон Цөмийн энергийн газар зөвшөөрч байсан” гэж тус тус тайлбарладаг.

Гэвч Цөмийн  энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2011 оноос 2015 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “Мур” ХХК-д тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан болох нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээд нь гагцхүү Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг хайх боломжтой байсан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2011 онд буюу 1 дэх жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан[5] /уран/, 2013 онд буюу 3 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан[6] /уран/, 2017 онд буюу 4 дэх жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан[7] /уран, нүүрс/ зэрэг баримтуудыг цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайхаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл гэж үзэх, цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайлбал хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэх болох эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

4. Нэхэмжлэгч цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрөлтэй байсан талбайд нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулахыг хүссэн байна. Гэтэл хариуцагчийн татгалзлын[8] нэг үндэслэл нь “цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шууд олгох зохицуулалт үгүй” гэх үндэслэл байсан. Мөн “уг талбайд цацраг идэвхт ашигт малтмалын илэрцгүй тохиолдолд хүрэн нүүрсний ашиглалтын зөвшөөрөл  олгох боломжтой гэж хариуцагч мэдэгдсэн” талаар нэхэмжлэгч талаас тайлбарладаг[9].

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18/35 дугаар албан бичигт “XV-018247 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хувьд хэтийн төлөвгүй” гэж дурдсан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь тухайн талбайд ураны илэрцгүй болохыг тогтоох эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах, уг албан бичгээр тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ураны илэрцгүй болохыг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй эсэх талаар холбогдох ажиллагааг хийж нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт хийх нь зүйтэй.

Хэрэв тухайн талбайд ураны илэрцгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож байгаа нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэгчийн шаардаж байгаачлан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг даалгах шийдвэр гаргах боломжтой эсэх талаар энэ магадлалд дурдагдсан бусад ажиллагаануудыг хийсний үндсэн дээр шүүх дүгнэж шийдвэрлэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ