Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01828

 

 

 

 

 

2022 09 30 210/МА2022/01828

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02043 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Х-д холбогдох,

Гэм хорын хохиролд 185,219,436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Б.М- нь Оюу-толгой ХХК-д 2012 оноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу осол болох өдрийг хүртэл үндсэн ажилтан болон ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Х.Х- нь болгоомжгүйгээр миний биед хүнд гэмтэл учруулж зүүн нүд хараагүй болсон. Иймд уг асуудалтай холбоотойгоор Х.Х-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоол гарсан. Х.Х- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид гарах эмчилгээний зардал болон бодит хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна.

Б.М- нь 2021 оны 05 дугаар сард ХБНГУ-д нүдний болор солиулах хагалгаанд нийт гурван удаа орсон. Үүнээс нэг удаагийн төлбөрийг төлсөн. Үлдэгдэл хоёр удаагийн эмчилгээний зардлыг төлөөгүй бөгөөд 54,000,000 төгрөгийг өөрийн зүгээс зарцуулсан.

Энэ хугацаанд тэрээр ажил үүргээ 100 хувь гүйцэтгэж чадаагүйгээс авах ёстой байсан цалин хөлсөө бүрэн авч чадаагүй. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 67,122,396 төгрөг, эмчилгээнд гарсан бодит зардал буюу бусад эм авсан, эмчид үзүүлсэн, зочид буудал, такси унааны зардал гээд нийт 64,651,366 төгрөг, зүүн нүд удаа дараагийн мэс заслын улмаас олон оёдол тавьж урагдалт ихтэй байгаа тул өмнөх байдал руу сэргээн засах хагалгааны зардалд 13,680,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ХБНГУ-ын Санкт-Гетрауден эмнэлгийн амбулаторын төлбөрт төлсөн 200 евро буюу нэхэмжлэл нэмэгдүүлэх өдрийн Монгол банкны (1 евро=3 276,5 төгрөг) албан ханш руу хөрвүүлж 655,300 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий гадаад хэл дээрх нотлох баримтыг Энх Лайт ХХК-аар орчуулахад гарсан орчуулагчийн зардал болох 1,285,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, орчуулагч, хэлмэрчийн зардал 9,747,587 төгрөг, нийт 176,486,349 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь иргэний хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэгчийн баримтууд нь Герман улсынх байх бөгөөд уг бичиг баримт нь тухайн орныхоо эрх бүхий байгууллагаар баталгаажуулж нотлуулаагүй, эх хувь биш цахим хэлбэрээр хэвлэсэн баримтыг хүргүүлсэн байхаас гадна хамгийн чухал нь тухайн улсдаа эмчилгээ хийлгэсэн болох нь тодорхойгүй, төлбөр төлсөн баримтгүй байхад их хэмжээний мөнгө төлбөр нэхэмжилж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шаардлагатай гэсэн эмчилгээний зардалд 20,000 евро өгсөн, дараа нь мөн 5,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримт дээр зардал 20,000 евро авсан, нийт 77,000,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Х-аас гэм хорын хохиролд 2,419,982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 174,066,367 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Х.Х-аас 53,669 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нөхөн төлөх үүргийг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 67,122,396 төгрөгийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүхээс 67,122,396 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо О ХХК-аас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэсэн шийдсэн, мөн уг тодорхойлолт нь нэхэмжлэгч Б.М-гийн цалин хөлсийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан мэдээллийг оруулаагүйг анхаарч үзээгүй тул нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх зарчмыг зөрчсөн.

4.б. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зайлшгүй зардал болох 13,680,000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч С ХХК-ийн эмнэлэг нь шүүхийн дурдсанчлан арьс, гоо сайхны эмнэлэг биш юм. Мөн нүдний нарийн мэргэшсэн эмнэлэг болох С- нүдний эмнэлэгт үзүүлж нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж зохих эмчилгээг хийлгэж байсан талаарх амбулаторийн дэвтэр зэргийг шүүх анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад эмчилгээнд гарсан бодит зардал болох 64,651,366 төгрөгөөс 287 евро буюу 969,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Б.М-гийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мэс ажилбарын төлбөр болох 20,000 еврог хариуцагч Х.Х- нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн, бусад хагалгааны төлбөр болох 16,000 еврог төлөөгүй бөгөөд Б.М- нь /ГО4338422/ дугаараар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мэс ажилбарын төлбөр болох 9,500 евро буюу 32,252,500 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 13-ний өдрийн мэс ажилбарын төлбөр болох 6,500 евро буюу 20,067,500 төгрөгийг өөрийн эгч Б.Будаар хийлгэсэн байдаг. Шүүхээс дээрх үйл баримтыг баримтаар тогтоогдоогүй, Боннын Их Сургууль руу шилжүүлсэн баримт нь хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзсэн бөгөөд хэрэгт авагдсан төрөл садангийн лавлагаа, мөнгө зээлсэн тухай баталгаа, Б.Будын гадаад паспорт, Боннын Их Сургуулийн 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 17,203 еврогийн төлбөрийн нэхэмжлэх, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн М.А-оос нөхөр Б.М- рүү өвчтөний /ГО4338422/ дугаараар шилжүүлсэн 34,420,000 төгрөг буюу 10,000 евро, 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр шилжүүлсэн 34,620,000 төгрөг буюу 10,000 евро /энэ нь хариуцагч Х.Х-аас авсан 20,000 евро/-тш дансны хуулга, Боннын Их Сургуулийн 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 9,500 еврогийн төлбөрийн нэхэмжлэх, мөн өдрийн 9500 еврог хүлээн авч баталгаажуулсан Боннын Их Сургуулийн баримт, 2021 оны 07 дугаар сарын 12-ний өдрийн 6,500 еврог хүлээн авч баталгаажуулсан Боннын Их Сургуулийн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг үнэлээгүй.

4.в. Нэхэмжлэгч Б.М-гийн ажлын цахим хаяг болох [email protected] хаягаас 2022 оны 3 сарын 25-ны өдөр О ХХК-ийн холбогдох албан тушаалтан болох Ц.Баярбатын [email protected] Э.Д-ний [email protected] хаягаар харилцаж байсан захиа, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр [email protected] хаяг руу харилцаж байсан захиа, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус тус О ХХК-ийн хүний нөөцийн ажилтан Н.У-гийн [email protected] гэх хаяг руу харилцаж байсан захиа, нэхэмжлэгчийн хувийн цахим хаяг болох Mhoo.com хаягт Д овогтой Х-ийн mmil.com хаягаас 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирсэн орчуулагчийн төлбөр нэхэмжилсэн захидалд тус тус үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс үзлэг хийгээгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.М-гийн эрүүл мэндийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлт нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн бодит нөхцөл байдлыг тогтоогоод зогсохгүй цаашид ямар эмчилгээ хийх, хэдэн удаа хагалгаанд орсон эсэх гээд хэрэгт ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой байхад шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс О ХХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд Б.М-гийн ажлын байр өөрчлөгдсөн эсэх, хортой нөхцөл болон ахлахын нэмэгдэл хасагдсан талаарх тодорхойлолт, Б.М- нь О ХХК-д ямар албан тушаал эрхэлж байсан, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ямар албан тушаалд ажиллаж байгаа, тус албан тушаалд ямар шалтгааны улмаас шилжин ирсэн, албан тушаал буурсан эсэх, өмнөх болон одоогийн эрхэлж байгаа ажил, албан тушаалын цалингийн зөрүү зэргийг тус тус гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс тогтоол гаргаж хүсэлтэд дурдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж ирүүлэхийг О ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Гэвч О ХХК-ийн ирүүлсэн баримтаас харахад шүүхээс гарсан тогтоолын биелэлт бүрэн хангагдаагүй байхад шүүхээс тогтоолын биелэлт бүрэн хангагдсан гэж үзэн хэргийг хэлэлцүүлж талуудыг мэтгэлцүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Х.Х-д холбогдуулан гэм хорын хохиролд 64,651,366 төгрөг, дутуу авсан цалин хөлс 67,122,396 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардал 13,680,000 төгрөг, орчуулагчийн хөлс 1,285,000 төгрөг, хэлмэрчийн зардал 9,747,587 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, нийт 176,486,349 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, эмчилгээний зардалд 20,000 евро, 5,000,000 төгрөгийн хамт өгсөн, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмтлийн улмаас цалин хөлс буураагүй, сэтгэл санааны зөвлөгөө үйлчилгээ авсан талаарх баримтгүй, өмгөөлөгчийн хөлс нь хохиролд хамаарахгүй гэж үгүйсгэж маргажээ.

 

2. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эдэлвэйс зочид буудлын 2 давхарт байрлах өрөөнд Х.Х- нь Б.М-тэй ярилцаж байхдаа болгоомжгүйгээр нуруу руу нь түлхэх явцад зурагтын тавиурын доод хэсгийг нүүр хэсгээрээ мөргөж, улмаар нүдний шил нь хагарч шилний хэлтэрхий зүүн нүдийг нь гэмтээн Б.М-гийн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутай үйлдэлдээ Х.Х- нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолоор 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна. /хх 3-4/

 

3. Хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд Герман улсад очиж хийгдэх эмчилгээнд зориулан 20,000 евро, 5,000,000 төгрөг, онгоцны тийзийн үнэ зэрэгт 77,000,000 төгрөгийг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө төлсөн тухайд талууд маргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гэмтлийн улмаас дутуу авсан цалин хөлс, Герман улсад болон эх орондоо эмчлүүлсэн эмчилгээний төлбөр, түүнд холбогдох зочид буудал, хоол, галт тэрэг, такси, орчуулагч, өмгөөлөгчийн зардал, сэтгэл санааны хохирол зэрэг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан хүсэлтэд холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд хангаж шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4.а. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 201 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан дутуу авсан цалин хөлсний талаарх шаардлагад холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн ажилладаг О ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1375/leg, мөн өдрийн огноо бүхий 1374/HR гэсэн дугаартай албан бичиг, ажил албан тушаалын өөрчлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн 2 баримт ирүүлжээ. Гэвч нэхэмжлэлд холбогдох үндсэн баримтууд болох ажил албан тушаал өөрчлөгдсөн тухай ажил олгогчийн шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, цагийн бүртгэл, өвчтэй чөлөөтэй байсан эсэх, мөн үндсэн болон нэмэгдэл цалин авдаг байсан эсэх зэрэг холбогдох баримтуудыг ирүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна./хх 15-16, 33-34/

 

5. Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, шүүхээс талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн явуулаагүй байна.

 

Иймд дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ