Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 582

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Х.Э түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг /№0189/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Мэргэн овогт Хөвсгөлийн Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711011390608 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг 10а-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсан,

-1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасан 1 жил хорих ял оногдуулсан,

-1999 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 572 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 жил хорих ял оногдуулсан,

-2002 оны 3 дугаар сарын 19-ний Баянгол дүүргийн шүүхийн 165 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн1, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгож, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан,

-2009 оны 5 дугаар сарын сарын 04-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан 5 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мэргэн овогт Хөвсгөлийн Х.Э /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Х.Э нь бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Э нь - 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн 2 давхарт хохирогч С.Шаравжамцийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 400.000 төгрөгний үнэ бүхий алтан бөгж, бэлэн 300.000 төгрөгийг залилан авч нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Х.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 9 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсэр Төмөр замын орчим замд нэг хөгшин эрэгтэй хүнтэй тааралдаад мэндэлтэл тэр хүн намайг өөр хүнтэй андуураад "чи хуриман дээр байсан хүүхэд үү" гэхээр нь тиймээ гэсэн. Тэгээд тэр хөгшинтэй ойр зуур юм ярихад Нийгмийн даатгалын хөнгөлөлттэй эм эмийн сангаас авах гээд явж байна гэхээр нь би аваад өгье гээд хөгшнийг дагуулаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүр дээр дагуулж ирсэн. Улсын их дэлгүүрийн гадна өөрт нь бэлэн байсан 300.000 төгрөгийг, алтан бөгжтэй нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

хохирогч С.Шаравцамцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын баруун талд замынхаа урд байх Төрийн банкнаас тэтгэврээ авах гэж очиход 40 гаруй насны дунд зэргийн туранхайвтар биетэй бордуу царайтай залуу “Сайн байна уу та?” гэхэд нь би хариу мэндлээд чи чинь хэний хүүхэд билээ би чамайг танихгүй л байна гэсэн чинь өө би таньтай найран дээр таарч байсан шүү дээ гэхээр нь би "хуягаагийн найран дээр үү" гэж асуусан чинь тиймээ Хуягаа ахын найран дээр таарсан гэж миний амыг дагуулж хариулсан. Тэгэхээр нь манай хамаатны хүүхэд байна гэж бодсон. Тэгээд би тэтгэврийн 313.000 төгрөгөө аваад эмийн сан руу явж эм авах гэж байгаагаа хэлсэн чинь эмийн сангийн эрхлэгч нь манай эхнэр байгаа юмаа би таньд сайн танилцуулаад эмийг чинь дугааргүй аваад өгье гэсэн. Тэгээд тэндээсээ такси барьж зогсоогоод хоёулаа Их дэлгүүр ороотхий таньтай таарсан дээрээ гоё бэлэг дурсгалын зүйл аваад өгье гэж хэлээд хамт Их дэлгүүр дээр ирсэн. Тэгээд их дэлгүүрийн үүдэнд очоод манай хүүхэд энд бэлэг дурсгалын зүйл ажиллуулдаг ирээгүй байна хүү маань ирж байгаа ирэхээр нь таньд заагаад бэлэг дурсгалын зүйл аваад өгье та надад тэтгэврийхээ мөнгийг өгчих юу авахаа та өөрөө заа гэж хэлсэн. Тэгээд би тэтгэвэр буусан мөнгөнөөс 300.000 төгрөгийг өгсөн. Тэгээд баруун гарын ядам хуруунд байгаа алтан бөгжийг заагаад би энэ бөгжийг томруулаад арай сүртэй бөгж аваад өгье тийм бөгж авахад таны хурууны хэмжээ хэрэгтэй учраас та бөгжөө тайлаад өгчих гээд миний бөгжийг тайлуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37х/,  Хяналтын камерын бичлэгт хйисэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр дотор хохирогч Б.Жамъяанд "танд  баярлаж явдаг шүү бэлэг авч өгөх гэтэл доллартай учраас мөнгө солихгүй байна танд мөнгө байна уу" гэж худал хэлэн хуурч бэлэн 50.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Х.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... би өнгөрсөн оны 7 дугаар сард улсын баярын өдөр байсан санагдаж байна, их дэлгүүрт 60 гаруй насны цагаан үстэй өвөөтэй таараад "би танд бэлэг авч өгье" гэж дагуулж явж байгаад мөнгө дутчихлаа гээд 50.000 төгрөг авчихсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 79х/

хохирогч Б.Жамъянгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би 2017 оны 7 дугаар сарын 12-нд Улсын их дэлгүүрт хүнсний эд зүйл авах гээд явж байтал гэнэтхэн нэг залуу хүүхэд "хүүе та сайн байна уу" гэсэн. Тэгэхээр нь би "чи чинь юу билээ чамайг танихгүйн байна" гэсэн чинь "та надад их тус болсон, одоо би танд баяр хүргэж дурсгалын бэлэг өгөх ёстой" гэсэн. Тэгэхээр нь би "би чамайг ерөөсөө танихгүйн байна, хэн гэнээ" гэж асуухад нэрээ хэлэхгүй "би таныг сайн мэдэж байна, та надад их тус болсон, таны хүү ч надад тус болсон тийм болохоор би танд дурсгалын эд зүйл авч өгмөөр байна" гээд намайг Улсын Их дэлгүүрийн хоёр давхар луу авч гарсан. Би танд хувцас, үнэтэй хослол авч өгнө гээд байсан. Тэгэхээр нь би "үнэтэй юм хэрэггүй үнэхээр авч өгмөөр байвал нэг цамц аваад өгчих" гэсэн чинь намайг сандал дээр суулгаад үлдээсэн. Тэгээд өөрөө цаагуур явж байгаад буцаж ирээд "мөнгө жаахан дутаад байна, би доллартай яваа болохоор эд нар задалж авахгүй байна, хэдхэн төгрөг дутаад байна, танд мөнгө байна уу" гэхээр нь би хүнсний эд зүйлс авах гэж байсан 50.000 төгрөгөө өгсөн чинь намайг сандалд суулгаж үлдээчихээд яваад өгсөн. Би намайг залилж 50.000 төгрөг авсан хүнээс мөнгөө буцаагаад авчихсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 2 давхарт Н.Должинсүрэнг хуурч цүнхтэй эд зүйлийг нь залилан авч 362.900 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

шүүгдэгч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “  2017 оын 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед ганцаараа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний нэг дэлгүүрийн “Хаан банкны” ATM дээр нэг хөгшинтэй тааралдаад би тэр хүнийг таньдаг юм шиг танимхайраад ойр зуур юм ярьж байгаад тэр хөгшин АТМ-д өөрийнхөө данс руу мөнгө хийсэн. Тэгээд тэр хөгшин “Бөмбөгөр” худалдааны төв орох хэрэгтэй байна гээд бид хоёр хамт явсан. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн 2 давхарт гараад тэр хөгшин өөртөө пиджак өмсөж үзсэн. Хувцсаа солихдоо өөрийнхөө гадуур өмсөж явсан пиджак, пальтогоо өгөхөөр нь аваад явчихсан. Халаасанд нь “Нокиа” 3310 маркын гар утас, “ХААН” банкны виза карт байсан. Тэндээс гараад Улаанбаатар дэлгүүрийн ойролцоо байдаг “ХААН” банкны ATM дээр очоод картнаас өөрөө ашиглаж мөнгө авч чаддаггүй болохоор ойрхон явж байсан эрэгтэй хүүхдэд хэлээд данснаас нь мөнгийг авч байсан. Надад 800.000 төгрөг авч...” гэх мэдүүлэг /хх-ийн112х/,

хохирогч Г.Дагважамцийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг “Хаан” банкин дээр шинэ картаа идэвхижүүлэх гээд явж байхад 30 гаруй насны эрэгтэй надтай мэндлээд гар барин гэр орон амьдрал ахуй биеийн байдал асуугаад та намайг танихгүй байна уу гэсэн. Тэгсэн тэр залуу манай ээж Дуламсүрэн гэдэг та манай аавыг таних л ёстой багадаа би танайд очдог байсан гэж ярьсан. Тэгээд тэр залуу гуанз руу ороод миний утасны дугаарыг аваад гарч ирээд бид хоёр цуг банк руу явсан. Тэгээд би өөрт бэлэн явсан 800.000 төгрөгөө өөрийн дансандаа ХААН байнкны хамгаалагч залуугаар хийлгүүлсэн. Тэгээд гарч ирэхэд нөгөө залуу би танай гэрт хонины мах өгөх ёстой ойрхон байгаа таныг машинаар хүргээд өгье гэж хэлээд “Алтжин” бөмбөгөр лүү явсан. Тэгээд алтжин бөмбөгөрийн 2 давхарт гараад би таньд куртик авч өгнө гээд та суугаад хувцсаа тайлаад ноосон цамцтайгаа өмсөөд үз гээд нэг куртик өмссөн тэгээд буцаад сандал дээрээ ирсэн чинь нөгөө залуу байхгүй байсан. Тэр залууд Иргэний үнэмлэх, Хаан банкны шинэ виза карт, гэрийн түлхүүр, шинээр авсан “нокиа 33-30” маркын утас, түрийвч, пальто, пиджак, ноосон бээлий, хүзүүний ороолт зэргийг залилуулсан.Тэгээд тэр нөхөр гараад миний картнаас бэлнээр 800,000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103х/

Хохирогч Г.Дагважамцын эзэмшлийн ХААН банкны 5027689946 дугаартай дансны хуулга /хх-ийн 114х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 117х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

- 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн 2 давхарт хохирогч Г.Дагважамцийг таньдаг хүн болж хувцас авч өгөх нэрийдлээр анхаарлыг нь сарниулж эд зүйлийг нь хулгайлж 979.500 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Х.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв рүү ороод гарч байх замдаа үүдэнд нэг хөгшин эмэгтэйтэй тааралдсан. Тэгээд тэр хөгшинд өөрийгөө Дуламсүрэнгийн хүү байна, танд бэлэг авч өгье гэж хэлсэн. Тэгээд тэр хөгшнийг дагуулаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 2 давхарлуу гараад ноолууран цамц өмсүүлж үзүүлэхээр болоод хувцас солих өрөө рүү орсон. Тэр хооронд хөгшин намайг цүнхээ барьж бай гэхээр нь цүнхийг нь барьж байгаад явчихсан. Дэлгүүрийн зүүн талын хаалгаар гараад явсан. Хохирогчийн цүнхэнд хоёр ширхэг гар утас байсан. Хэдэн задгай төгрөг байсан. Өөр мөнгө байгаагүй. Алтан бөгж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 151х/

хохирогч Н.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг өнгөрч байхад “Бөмбөгөр” худалдааны төвийн нэг давхрын баруун талын хаалгаар гарах гэж байхад өөдөөс нэг залуу зөрж өнгөрөөд буцаад ирсэн. Тэгээд та сайн байна уу гэхээр нь чи чинь юу билээ гэхэд Дуламсүрэнгийн хүүхэд байна аа манай ээж Улсын их дэлгүүрт ажиллаж байгаа таныг асуугаад байдаг юм гэж хэлэхээр нь надтай хамт 1960 онд ажиллаж байсан Дуламсүрэн юм байхдаа гэж бодоод аан за за гэж хэлэхэд нөгөө задуу би таныг дагуулаад их дэлгүүр явъя гэсэн. Тэгээд их дэлгүүрийн баруун талын хаалгаар ороод хоёр давхарт гарсан тэгээд та ноолууран зүйл сонирхох уу та өмсөөд үз гэхээр нь за гэсэн чинь нэг цамц авч ирээд та ийшээ ороод өмс гэсэн. Тэгээд би тэр өрөөнд нь ороод цамцыг өмсөх гэж байхад нөгөө залуу араас ирээд би цүнхийг чинь барьж байх уу гэхээр нь би юм бодолгүй цүнхээ өгчихсөн тэгсэн тэр залуу би таньд ер нь бөгж авч өгъе та бөгжөө өгчих гэхээр нь баруун гартаа байсан алтан бөгжөө авч өгсөн. Тэгээд цүнх бөгжөө өгчихөөд тэр залууг байна уу гээд хартал байхгүй болсон байсан. Алдсан цүнхэн дотор хоёр ширхэг гар утас, бичиг баримт, түрийвч, 60,000 гаран төгрөг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 141х/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 160-161х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Х.Эг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Х.Эгийн цагдан хоригдсон нийт 2 хоногийн, нэг хоногийг нь 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцон, нийт 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             

              1. Шүүгдэгч Мэргэн овогт Хөвсгөлийн Х.Эг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

               бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний ялыг нийт 560 /таван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Х.Эгийн цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг 16 /арван зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 544 /таван зуун дөчин дөрөв/ цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Эг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч Х.Эд оногдуулсан 544 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ