| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04580/И |
| Дугаар | 192/ШШ2026/06401 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/06401
2026 06 05 192/ШШ2026/06401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 26 дугаар хороо, Энгельсийн гудамж 36, Нарны гүүрний зүүн талд байрлах хаягтай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК/РД:2688476/-ид холбогдох
Орон сууц шагналын журмаар олгосон болохыг тогтоож, авлагын жагсаалтаас өөрийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *** би 1992 оны 10 дугаар сард Насан станцын машинистаар ажилд орж, 1997 оноос Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албанд шугам хоолойн слесариар 23 жил тогтвор суурьшилтай ажилласныг минь үнэлэн компанийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн захирлын зөвлөлийн шийдвэрээр ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43 дугаар байр, 4 дүгээр давхар, 147 тоот 28.59 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар шагнаж, батламж гардуулсан. Тус орон сууцны 100 хувь төлбөр болох 55,750,000 төгрөгийг байгууллагаас 100 хувь төлж, ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээлгэлгүйгээр авсан бөгөөд уг орон сууцны өмчлөх эрх 2016 онд хууль ёсоор миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. Гэтэл хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь 2024 оны санхүүгийн тайланд уг орон сууцны үнэ 55,750,000 төгрөгийг авлага гэж бүртгэн, улмаар 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1564 дүгээр мэдэгдлээр надаас төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм. Учир нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь тухайн үедээ ажилчдаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан гэх үндэслэлээр компанийн ажилчдын дунд байраар шагнаж, урамшуулсан атлаа одоо тухайн байрныхаа үнийг төлж барагдуул гэж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Үндэсний аудитын газраас 2023 онд хариуцагч компанийн санхүүгийн тайланд шалгалт хийж, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055СНАГ-2024/НА-СТА-ТӨА дугаартай албан шаардлага гарсан талаар огт мэдээгүй. Мөн хариуцагч компаниас үүнтэй холбоотойгоор надаас ямар нэгэн тайлбар, хүсэлт авсан асуудал байхгүй. Би 2025 оны 06 дугаар сард энэ талаар мэдэгдэл ирэх үед олж мэдсэн. Өөрөөр хэлбэр байгууллагаас шагнал, урамшууллын журмаар олгосон эд хөрөнгийг дараа нь төлбөртэй гэж үзэж авлага үүсгэж байгаа нь миний өмчлөх эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул шүүхээр эрхээ хамгаалуулах шаардлага бий болж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43 дугаар байр, 4 дүгээр давхар, 147 тоот 28.59 м.кв талбайтай, 55,750,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 өрөө орон сууцыг ******* надад шагналын журмаар олгосон болохыг тогтоож, хариуцагч компанийн авлагын жагсаалтаас надад холбогдох хэсгийг хасахыг тус компанид даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөгч Ц.Амарсанаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Далайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь манай компанид 1992 оны 12 дугаар сард Насан станцын машинистаар ажилд орж, 1997 оноос одоог хүртэл Дамжуулах сүлжээний ашиглалтын засвар, үйлчилгээний албанд шугам хоолойн слесариар ажиллаж байна. Манай компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцаар шагнаж урамшуулдаг байсан ба нэхэмжлэгч *******ыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай 23 жил ажилласныг үнэлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43 дугаар байр, 147 тоотод байрлах 28.59 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр авах батламжийг гардуулсан. Ингэхдээ тухайн орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд уг байрыг компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгахаар болсон. Гэхдээ тухайн үед банкны зээлд хамрагдах болон бусад шаардлагаар орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгсөн. Манай компани тухайн 28 айлын орон сууцыг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулахаар болж 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргуулсан. Уг тогтоолын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яаманд асуудал шийдвэрлэх тухай, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Үндсэн хөрөнгийг баланс”-аас хасах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн 28 айлын орон сууцтай холбоотой асуудлаар хуралдсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн ажилчдын нэр дээр шилжсэн байгаа учир Засгийн газраас тогтоол гаргаж хувьчлах асуудал дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тогтоол гарах боломжгүй, энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэх шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шалтгааны улмаас манай компани тухайн орон сууцуудыг өөрийн үндсэн хөрөнгөөс хасах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар “Компанийн баланст бүртгэлтэй, 28 айлын орон сууцыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх, хөрөнгийг балансаас хасуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх” арга хэмжээг даалгасан байна. Үндэсний аудитын газраас манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 СНАГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд байгаа ажиллагсдад шилжүүлсэн орон сууцны төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардлаар бүртгэх асуудлыг шийдвэрлэх зөрчил арилгах албан шаардлага өгсөн. Үүний дагуу компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1,078,175,877.99 /Нэг тэрбум далан найман сая нэг зуун далан таван мянга найман зуун далан долоо төгрөг ерэн ес мөнгө/ төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй ба хөрөнгүүд бодитоор оршин байхгүй байгаа тул авлагаар бүртгэж залруулсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 55,750,000 төгрөгийн авлага барагдуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчид холбогдох уг орон сууцны төлбөрийг Үндэсний аудитын газраас өгсөн зөрчил арилгах тухай албан шаардлагын дагуу компани балансдаа авлагаар бүртгэж залруулсан тул авлагын жагсаалтаас хасах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 6/, “Зол барилга” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгийн хуулбар/хх 5/, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 өрөө орон сууцыг олгосныг батламжилсан батламжийн хуулбар/хх 7/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 8/, Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1564 дугаартай “Авлага барагдуулах тухай” албан бичиг/хх 9/ зэргийг,
Хариуцагч талаас: Итгэмжлэл/хх 15/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 14/, хариу тайлбар/хх 22-23/, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 СНАГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын хуулбар/хх 24 тал/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар/хх 25-26/ эргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ид холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43 дугаар байр, 4 дүгээр давхар, 147 тоот хаягт байрлах, 28.59 м.кв 55,750,500 төгрөгийн үнэлгээ бүхий өрөө орон сууцыг шагналын журмаар олгосон болохыг тогтоож, хариуцагч компанийн авлагын жагсаалтаас надад холбогдох хэсгийг хасахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие хариуцагч байгууллагад 1992 оны 10 дугаар сард Насос станцын машинистаар ажилд орж, 1997 оноос Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албанд шугам хоолойн слесариар 23 жил тогтвор суурьшилтай ажилласныг минь үнэлэн компанийн зүгээс маргаан бүхий 147 тоот 28.59 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар шагнаж, орон сууны үнэ болох 55,750,000 төгрөгийг байгууллагаас 100 хувь төлж орон сууцны өмчлөх эрх 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль ёсоор миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн атал хариуцагч нь 2024 оны санхүүгийн тайланд уг орон сууцны үнэ 55,750,000 төгрөгийг авлага гэж бүртгэн, улмаар 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1561 дүгээр мэдэгдлээр надаас төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул маргаан бүхий 147 тоот хаягт байрлах, 28.59 м.кв талбайтай, 55,750,500 төгрөгийн үнэлгээ бүхий өрөө орон сууцыг шагналын журмаар олгосон болохыг тогтоож, компанийн авлагын жагсаалтаас надад холбогдох хэсгийг хасахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй” гэж,
6.Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч ...“ ******* нь манай компанид 1992 оны 12 дугаар сард Насан станцын машинистаар ажилд орж, 1997 оноос одоог хүртэл Дамжуулах сүлжээний ашиглалтын засвар, үйлчилгээний албанд шугам хоолойн слесариар ажиллаж байна. Манай компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцаар шагнаж урамшуулдаг байсан ба нэхэмжлэгч *******ыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай 23 жил ажилласныг үнэлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий 1 өрөө орон сууцыг 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр авах батламжийг гардуулсан боловч Үндэсний аудитын газраас манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 649/А0150055 СНАГ-2024/13/НА-СТА-ТӨА дугаартай Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд байгаа ажиллагсдад шилжүүлсэн орон сууцны төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардлаар бүртгэх асуудлыг шийдвэрлэх зөрчил арилгах албан шаардлага өгсний дагуу компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1,078,175,877.99 төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй ба хөрөнгүүд бодитоор оршин байхгүй тул авлагаар бүртгэж залруулсантай холбоотойгоор нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 55,750,000 төгрөгийн авлага барагдуулах тухай албан бичгийг хүргүүлсэн тул авлагын жагсаалтаас хасах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
8.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.******* нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ид 1992 оны 10 дугаар сараас өдрөөс эхлэн Насос станцын машинистаар ажилд орж, 1997 оноос одоог хүртэл Дамжуулах сүлжээний ашиглалтын засвар, үйлчилгээний албанд шугам хоолойн слесариар одоог хүртэл тасралтгүй 34 жил ажиллаж байгаа. Хариуцагч байгууллагаас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор үр бүтээл, тогтвор суурьшилтай ажилласан ажилчдадаа орон сууцны байраар шагнаж урамшуулдаг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2015 оны шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******од ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43 дугаар байр, 4 дүгээр давхар, 147 тоот хаягт байрлах, 28.59 м.кв талбайтай, 55,750,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор батламж олгосон байна./хавтаст хэргийн 7 дугаар тал/
8.2. Батламжийн дагуу ******* нь уг орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хавтаст хэргийн 8 дугаар тал/
8.3. Хариуцагч нь батламжаар олгосон уг орон сууцыг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэх талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1564 дугаар албан бичгээр түүнд олгосон орон сууцны үнийн 100 хувь буюу 55,750,000 төгрөгийг компанийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн тул авлагыг барагдуулах мэдэгдэл хүргүүлсэн байна.
8.4.Талууд маргааны зүйлийн үндэслэл болж буй орон сууцны үнийг хариуцагч нь нэхэмжлэгчид 100 хувийн хөнгөлөлттэйгөөр олгосон, уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэгдсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин хариуцагч нь батламжаар олгосон хөнгөлөлт болох 55,750,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй эсэх, талууд тийнхүү тохиролцсон эсэх талаар үндэслэл заан маргаж мэтгэлцлээ.
9.Талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлоход ажил олгогч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас ажилтан *******од олгосон батламж ач холбогдолтой бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид тухайн батламжид дурдагдсан орон сууцны үнийг 100 хувь олгох буюу хариу төлбөргүйгээр бэлэглэсэн гэж үзэхээр байна. Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
9.1. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх ба эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.
10.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь *******од 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1 өрөө орон сууц авах батламж гардуулж нэхэмжлэгч *******од хариу төлбөргүйгээр бэлэглэсэн байх тул ******* нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ид уг төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй.
11.Хариуцагч тал 55,750,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан өгөх үүрэгтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
12.Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дох хэсэгт зааснаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас нэхэмжлэгч *******од холбогдох 55,750,000 төгрөгийн авлагыг хасахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 436,703 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******од олгосон ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43 дугаар байр, 4 дүгээр давхар, 147 тоот хаягт байрлах, 28.59 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шагналын журмаар олгосон болохыг тогтоож, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас нэхэмжлэгч *******од холбогдох 55,750,000 төгрөгийн авлагыг хасахыг хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 436,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***