Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 601

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга  Ч.Амаржаргал,

улсын яллагч Б.Батхишиг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалмаа,

иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэр,

иргэний хариуцагч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ш.Ганбат /¹1931/,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /¹0051/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхамсүрэнгийн Л.Мт холбогдох эрүүгийн 1803000010131 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ "Престиж Инженеринг" ХХК-нд туслах ажилтан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд дарь-эх 18-1331 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Лхамсүрэнгийн Л.М /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Ханбогд сум руу томилолтоор ажлынхаа 4 хүний хамт хотоос хөдөлсөн. Улаанбаатар хотоос Санжмятав жолоог барьсан. Төв аймгийн зам дагуу хоолонд орчихоод цаашаа би жолоог барьж явсан. Тухайн осол болох зам эвдрэлтэй байсан. Би зүүн дараад замын эдврэлээс гараад буцаад зам руугаа орох гэтэл жолоодлоггүй болоод замын хажуу руу унасан. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Замын харагдах орчин хэвийн байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалмаа: “...Хэн хэндээ хариуцлагагүй хандсаны улмаас ийм зүйл болсон. Жолооны үнэмлэхгүй байж яах гэж машин барьсан юм бэ? надад үнэхээр хэцүү байна. Хүний амь нас хохирсон учир маш их гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Батдэлгэр: “...Уг машиныг үнэлгээний компани 4.490.000 төгрөгөөр үнэлсэн. Би 2 жилийн өмнө 10.000.000 төгрөгөөр авсан. Энэ мөнгийг замын компаниас нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаатар: “...Машины мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн замыг 2012, 2013 онд өөр компани засаад ашиглалтанд оруулсан байдаг. Манай компани Дундговь аймгаас наашаа 100км, цаашаа 157км болон нийт 257км замын ажлыг хариуцаж хийсэн. Засварын ажилдаа 5 сард гараад, 10 сар хүртэл ажилласан. Хавар бид Дундговь аймгийн ЗЦГ болон мэргэжлийн хяналтын албаныхантай хамтарч засах талаар ярилцсан боловч бүх хэсгийг засах боломжгүй байсан учир Зам тээврийн яаманд холбогдох албан бичгийг хүргүүлсэн. Осол гарах болзошгүй газруудад тэмдэг тэмдэглэгээгээ тавьсан. Бусад газрууд дээр зам засварын ажлаа хийгээд явж байсан. Тухайн зам маш их эвдрэлтэй байсан учир нэг цаг хугацаанд засах ямар боломжгүй. Уг нэхэмжлэлийг яагаад хүлээж авах боломжгүй юм бэ гэвэл шинжээчийн дүгнэлтээр уг осол замын эдрэлээс болсон гэсэн дүгнэлт гараагүй. Үнэхээр замын эвдрэлээс болж осол гарсан бол бусад тэр замаар явж байгаа автомашинууд осол гаргахгүй байгаа юм. Замын компаний зүгээс эвдрэл болгон дээр тэмдэглэгээ тавиад явах боломжгүй. Осол гарах болзошгүй хэсэг дээр тэмдэглэлээ тавиад засварын ажлаа хийгээд явж байсан. Бид энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Л.М нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн нутаг Дэлгэрцогт сумаас хойш 41 км-т иргэн Д.Батдэлгэрийн эзэмшлийн “Toyota Succeed” маркийн 25-29 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй" мөн дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, хохирогч Цэвээнжав овогтой Цэнд-Аюушийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэрт “Toyota Succeed” маркийн 25-29 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 3.628.000 төгрөгний, нийт 4.498.000 төгрөгний хохирол учруулсан, хохирогч Цэрэнбат овогтой Цэнд-Аюушийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалмаагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотод байж байтал миний утасруу хүн залгаад та сэтгэлээ бариарай би танай дүү Цэнд-Аюушийн найз нь байна. Найз маань Дунд-Говь аймаг аваарт ороод нас барсан байна гэж хэлсэн. Тань руу ажлын газрынхан ярих байх гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө талийгаач дүүгийнхээ ажлын газрын нэг залуутай аваар болсон газар луу явсан. Очиход манай дүү нас барсан Дэлгэрцогт сумын эмнэлэгт байсан. "Пристэж Инженеринг" ХХК-нд инженерээр ажилладаг байсан. Энэ байгууллагад ороод 2 жил гаран болж байна. Би гомдолтой байна. "Пристэж Инженеринг" ХХК-нд их гомдолтой байна. Ажилчдынхаа талаар хөдөлмөр аюулгүй байдал дээр нь анхаарлаа хандуулаагүйд их гомдолтой байна. Тэр машин дотор ачих ачихгүй юм, баахан багаж хэрэгсэл битүү чихчихсэн байсан. Тухайн үед тэр компани хөдөө явахад нь тэр машины бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж үзсэн асуудал байхгүй зэрэгт их гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

гэрч Г.Санжмятавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумруу албаны ажлаар компаний машинаар Цэнд-Аюуш, Л.М, Ц.Цэнд-Аюуш нарын хамт явсан тэгтэл 12 цагийн үед машин гэнэт замын хажуу талруу онхолдсон би тухайн үед машины урд талд суусан унтаж явсан харин машиныг Л.М жолоодож явсан. Ард талд Ц.Цэнд-Аюуш, Ц.Цэнд-Аюуш 2 сууж явсан. Уг 2 хүний нэр нь ижил нэртэй талийгаач Цэнд-Аюушийг Цэрэнбатын Цэнд -Аюуш гэдэг юм. Бид 4-лээ Пристеж компанид албан ёсны ажилтнууд байгаа юм. Унтаж явсан болохоор хэдэн км/цагийн явсан талаар мэдэхгүй байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

гэрч Ц.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Ханбогд сум орохоор өглөө 09 цагийн орчимд "Пирстиж инженеринг" ХХК-ний цахилгааны инженер Санжмятав, усны барилгын инженер Цэнд-Аюуш, гэрээгээр тоног төхөөрөмж угсрах гэж явсан Л.М нартай хамт явж байсан. Тэгээд бид хэд хотоос хөдөлсөн. Улаанбаатар хотоос гарахдаа Цэнд-Аюуш машин барьж байгаад Довийн гуанзнаас урагш яваад гуанзан дээр зогсож хоол идчихээд хөдлөхдөө Л.М жолоо бариад хөдөлсөн. Хөдлөхөд би жолоочийн ард Цэнд-Аюуш миний хажууд Санжмятав урд сууж явсан. Тэгээд хөдлөөд би унтсан. Нэг мэдсэн хүн орилсон тэгээд харахад эсрэг урсгалруу дараад машин өнхөрсөн нэг мэдэхэд би гадаа хэвтэж байсан. Тэгээд өндийгөөд хараад Л.М миний хажууд Цэнд-Аюуш замтай ойрхон хэвтэж байсан. Осол болох үед Санжмятав ах "хүүе чи яаж байна аа" гэж хэлэх сонсогдсон тэгээд эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 4-лээ эрүүл байсан. Ямар хурдтай явсан талаар мэдэхгүй. Хажуу тийшээ огцом дарсаны санаж байна тэгээд машин өнхөрсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

гэрч Э.Баярсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 41 км-т гарсан замын тээврийн осол хэрэгт очиж үзлэг хийхэд, криминиластикийн мэргэжилтэнгээр оролцсон. Тухайн үед Тоёота Саксийд маркийн 25-29 УБС улсын дугаартай машин онхолдож нэг хүн нас барсан байсан. Ингээд хэргийн газар тоормозны мөр байгаагүй. Замын хагарал, өнгөрөөд шарвалтын шинэ мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн. Ямар учраас схем зураг болон тэмдэглэлд тусгаагүйг мэдэхгүй байна. Хэргийн газар замын эвдрэлийг засаж янзалж байгаа тэмдэг тэмдэглэгээ огт байгаагүй ээ. ." гэх мэдүүлэг /хх-ийн 185х/,

Иргэний хариуцагч Д.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "25-29 УБС улсын дугаартай Тоёота Саксийд маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч манай "Престиж Инженеринг" ХХК-нд ажлын автомашин байгаа юм аа. Татвар даатгалыг компаниас төлдөг. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Л.Мт 25-29УБС улсын дугаартай Тоёота саксид маркийн тээврийн хэрэгслийг унах зөвшөөрөл олгоогүй ээ Л.Мт уг автомашиныг унах эрхгүй. Энэ автомашиныг манай байгууллагын үндсэн ажилтан талийгаач Цэнд-Аюуш, Санжмятав хоёрт уг автомашиныг унах эрх олгосон. Би ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хохирогчид учирсан бодит хохирлыг төлөхөд татгалзал байхгүй ээ." гэх мэдүүлэг /хх-ийн 167-168х/,

Цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 170100047 дугаартай дүгнэлт: "1.2-д Талийгаачийн цогцост суурь ясны хугарал, их, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, зулай, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун талын 2,3,4 дүгээр хавирганы шууд хугарал, элэгний олон тооны язралт, дух, зүүн чамархайн шарх, дух, баруун хацар, шанаа, баруун зовхи, хүзүү, баруун чих, хоёр мөр, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны зулгаралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байжээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ." /хх-ийн 46х/,

Материалаар хийсэн шинжээчийн 509 дугаартай дүгнэлт "Л.Мийн биед баруун дунд чөмөгт ясны хоёрлосон далд хугарал, зүүн атгаал ясны хөндлөн далд хугарал, зүүн гарын богтос ясны далд хугарал, зүүн мөрний үений мултрал, дух, нуруу, цээж хэвлийнд зулгаралт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэлүүд нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна." /хх-ийн 98х/,

Дундговь аймгийн автотээврийн төвийн техникийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт “TOYOTA SUCCED” маркийн 25-29 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар Монгол-Тернинал" оношлогооны төвд үзлэг оношлогоонд хамрагдсан байна Тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талын толь хугарсан, хаалга цөмөрсөн, шил хагарсан, баруун хойд хаалга цөмөрсөн, хормой цөмөрч заалны шил икмрсан, баруун гар талын 2 дугуй хагарч хий гарсан, хойд гэрэл дохио хагарсан, арын хаалга гажиж шил хагарсан, хойд гүпр хагарсан, зүүн хойд дугуй хагарч хий гарсан, зүүн хойд талын шил хагарсан, зүүн хойд талын хаалга урагдаж, нугарч ханзарсан, шил нь хагарсан, багана мурийсан, зүүн гар талын толь хагарсан, зүүн урд дугуйны хий гарсан, зүн урд крыло цөмөрсөн, копут цөмөрсөн, урд гүпр хэмхэрсэн, урд их гэрлүүд хагарсан, урд салхины шил хагарсан, кабины орой цөмөрсөн, урд хөргөлтийн болон кондешны радиаторууд хагарсан, баруун урд крило цөмөрсөн, таван бул мултарсан, баруун урд амортизатор сэнжээрээ сэтэрч мурийсан, хойд тэнхлэг гулзайсан, пүрш мултарч ойчсон, хийн дэрнүүд ажилласан, Салон хэмхэрсэн зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрхи эвдрэл гэмтлүүд нь ослын улмаас үүссэн байх талтай. Дээрхи эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй бөгөөд осол болсноос үүссэн гэмтэл. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах боломжгүй бөгөөд тормоз болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан эсхийг тогтоох ооломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь 175/65/К14 стандартын зориулалтын дугуй ашиглагдах бөгөөд 175/80/Р14 стандартын дугуй тавьж ашиглагдаж байсан оайна. Энэ нь стандартын шаардлагад нийцзнэ. Амортизаторууд нь тухайн "тээврийн хэрэгсэлд тохирох стандартын амортизатор байна." /хх-ийн 53х/,

Техникийн шинжээчийн 224 дугаартай дүгнэлт /нэмэлт/ "25-29 УБС улсын угаартай “Toyota Succeed” маркийн автомашины жолооч Д.Л.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.”/хх-ийн 90х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Мийг автотээврийн хэрэгсэлийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Цэнд-Аюушийн амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдууулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт гэмт хэргийн улмаас учирсан нийт хохиролд 14.233.409 төгрөг нэхэмжилсэнээс амь хохирогчийн төрсөн эх П.Тогоочийн Сэтгэгцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн 300.000 төгрөг, “Таншин” сүлжээнээс эм захиалан авсан гэх 648.906 төгрөг, зарлагын маягт, төлбөрийн баримт гэх хавтас хэрэгт авагдсан баримтууд нь /хх-ийн 147х/ зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй, зарим нь юунд зарцуулагдсан болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн үний дүнгээс хасч тооцов. Иймд хавтас хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 11.460.777 төгрөгийн баримт авагдсан гэж үзэн уг үнийн дүнг шүүгдэгч Л.Мийн зүгээс төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс тогтоогдож байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалмаа нь энэ хэргийн улмаас учирсан бусад хохиролоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн амь хохирогчийн тухайн үед ажиллаж байсан "Пристэж Инженеринг" ХХК-ны зүгээс амь хохирогчийн ар гэрийнхэнд нийт 28.000.000 төгрөгийн тэтгэмж олгосон болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийн эвдрэлийг засварлах зардал нийт 4.498.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ялгуусан” ХХК-ниас нэхэмжилсэн болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: Тухайн үед уг осол гарсан Дундговь аймгийн тээврийн хэрэгсэл зорчих замын эвдрэлийг “Ялгуусан” ХХК нь засварлах ажил хийж байсан байх ба Зам, Тээврийн хөгжлийн яамтай, “Ялгуусан” ХХК-ний байгуулсан “авто замын засвар, арчлалтын” гэрээ дуусгавар болоогүй байсан бөгөөд осол гарсан замыг засварлаж амжаагүй болох нь тогтоогдож байна. Мөн уг осол замын эвдрэлээс болж гарсан гэх шинжээчийн дүгнэлт, баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэрийн эзэмшлийн машины эвдрэлийн зардлыг “Ялгуусан” ХХК-ниас гаргуулах боломжгүй гэж үзэн харин буруутай этгээд шүүгдэгч Л.Мээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Л.Мт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, түүний эрүүл мэнд, хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхамсүрэнгийн Л.Мийг автотээврийн хэрэгсэлийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Л.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан Л.Мээс нийт 4.498.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэр /РД:ЧР85093076/-т олгосугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Мт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ