| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1567 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Г.Алтансүх,
Хохирогч Э.Индра,
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Ц холбогдох эрүүгийн 1806081691901 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистийн дугаартай , Л.Ц .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 07-оос 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 148 дугаар байрны 30 тоотод Э.Индратай маргалдаж, өшиглөж, толгой руу нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Индра мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид нар эвлэрсэн.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Индрагийн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Б.Навчаагийн мэдүүлэг /хх-20-22/, шинжээчийн дүгнэлт 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №11570 /хх-27/, Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-44-47/, шүүгдэгч Л.Ц иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-38-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 07-оос 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 148 дугаар байрны 30 тоотод Э.Индратай маргалдаж, өшиглөж, толгой руу нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Индрагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ хонолгүй гадуур хоноод 23-ны 07 цагт согтуу орж ирсэн. Би түүнээс болж маргалдаад, чи яв хувцасаа аваад яв гэхэд явахгүй гэхээр нь би ээж аавд чинь хэлнэ гээд утсаа аваад жижиг өрөө рүү орох гэж байтал миний нуруунаас өшиглөөд, газар унахад миний зүүн өвдөг шилбэ хэсэгт 2-3 удаа өшиглөөд үүдэнд байсан хувцаснаасаа тагтаар аваад шидэхээр нь би өөрийн ээж рүүгээ залгаж болсон асуудлыг хэлсэн...миний толгой руу 2-3 удаа цохиод хувцасаа өмсөөд би хүүхдээ аваад явлаа гээд хувцаслаж байх хооронд би нөхрийн ээж рүү залгаад, хүхдээ аваад үүд рүү явтал өөдөөс манай ээж ороод ирсэн. Тэгтэл манай ээжид танай охин ааштай гэх мэтээр олон зүйл хэлчихээд гараад явсан. Түүнээс хойш манай эмээ болон аавын дүү ирээд бид цагдаад хандсан." /хх-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Ц өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орой найзуудтайгаа гараад үүрээр гэртээ орсон. Намайг яваад ороход эхнэр унтаж байсан. Би охиныхоо хажуугаар ороод хэвттэл эхнэр босоод уурлаад аав, ээжийг чинь дуудчихсан яв, зайл гээд шкафнаас хувцас аваад үүд рүү шидсэн. Би уурлаад хувцаснуудаа авч тагтаар гадагшаа шидээд эргэж орж ирээд эхнэрийн толгой тус 2 удаа цохьчихоод охиноо хувцаслаад аав ээжийнхээ гэр рүү явсан. Намайг гарах гэж байхад үүдэн дээр хадам ээж зөрөөд орсон....Би эхнэрээ зодож байгаагүй, бид 2 таарамжтай олон жил үерхэж байгаад сүүлд нь нэг гэрт орсон. Би гэртээ зарцуулах цаг бага байснаас ийм зүйл болсон гэж би үзэж байгаа. Зүгээр л залуу гэр бүлүүдийн жишгээр амьдарч байгаа. Эхнэрийн буруу гэж байхгүй. Би эхнэрээсээ уучлалт гуйж байна.” /хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Навчаагийн өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 06-гаас 07 цагийн орчим бэр Индра залгаад “Цэрэндорж согтуу гэрт өглөө орж нирээд намайг цохиьчихоод хүүхэд аваад гараад явчихлаа”гэж хэлэхээр нь би хүү Цэрэндорж руу залгаад хаана байна юу болоод байгаа юм хүрээд ир гэхэд охиноо тэврээд манай гэрт хүрээд ирсэн. Би орж ирэхээрнь чи хүний нөхөр байж хонуудаар яваад согтуу ирэхээр чинь хүн уурлалгүй яадаг юм. Өөртөө дүгнэлт хий дахиж ингэж болохгүй гэх мэт зүйл хэлсэн. Тэгээд бэрүүээгээ залгаад тайван бай, миний охин охиноо тэврээд хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд Индрагийн ээж залгаад би яваад очсон. Цэрэндорж охиныг зоджээ бид шүүхэд өгнө гэхээр нь би бүр санаа зовсон. Эмээ, ээж гээд бэрийн талын маш сайн хүмүүс байдаг. Ямар ч байсан дотор хэцүү дуугүй л байсан. Бэрээ хартал дух нь овоочихсон байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Гэтээ хариад хүүдээ толгой тархи руу нь цохисон юм биш үү гээд хэлсэн.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,
Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №11570 дугаартай дүгнэлт
1. Э.Индрагийн биед баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зүүг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоор журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" / хх-ийн 27/ гэх дүгнэлт,
Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-44-47/,
Шүүгдэгч Л.Ц иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа баримт /хх-38-39/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 07-оос 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 148 дугаар байрны 30 тоотод Э.Индратай маргалдаж, өшиглөж, толгой руу нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Э.Индра нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гадна, шүүгдэгчид хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Л.Цэрэндоржид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Л.Цэрэндоржид 450 нэгж буюу 450.000
төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Ц ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Цэрэндоржид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Ц нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Цэрэндоржид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС