Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01870

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01870

 

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03001 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БДЗД-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,483,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Б/20 тоот тушаалаар жирэмсэн байх хугацаанд ажлаас үндэслэлгүйгээр халсан болно. Үүний дараа миний зүгээс шүүхэд хандаж, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1285 тоот шийдвэрээр ажилд буцаан томилсон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл намайг ажилд буцаан томилоогүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018-2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан авсан болно.

Намайг ажилд буцаан томилсон тус шүүхийн шийдвэр одоо болтол биелэгдээгүй болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4-166/4999 тоот албан бичгээр, түүнчлэн шүүхээс уг ажиллагаатай холбоотой гаргуулсан баримтаар тус тус тогтоогдож байгаа болно.

Иймд 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 9 сарын цалин сарын 831,510 төгрөгөөр тооцож, нийт 7,483,590 төгрөгийг хариуцагч БДЗД-ас гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Э-д 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх цалин болох 22,604,416 төгрөгийг хариуцагч БДЗД-ас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Н.Э-ийг 2021 оны 12 дугаар сард тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дуудан Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай 832 дугаар захирамжаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг даргын харьяа байгууллага байхаар баталж, дүүргийн хэлтсийн дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т заасныг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас томилж байгаа учир тус байгууллага буцаан томилох боломжгүй учрыг тайлбарласан.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газрын дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн хүнийг сонгон шалгаруулж хүлээлгэж өгнө гэж үзсэн. Үүнээс үзэхэд тус дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг буцаагаад ажилд нь томилох эрх байхгүй, энэ эрх төрийн эрх бүхий байгууллагад шилжсэн. Засаг дарга нь уг газрын даргыг томилох эрхтэй этгээд биш, эрх нь өөр этгээдэд буюу яам, агентлагт хамаарах учраас шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэх учиргүй.

Энэ талаар Н.Э-д танилцуулахад тэрээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрийн дагуу 22,604,416 төгрөгийг хариуцагч БДЗД-ас гаргуулан аваад, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлээд цаашид гомдол саналгүй, ажилдаа эргүүлэн томилогдох шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн.

Н.Э-ийн энэхүү хүсэлтийг бид хүлээн аваад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/707 захирамж гарган Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татвар зэргийг тооцон ХААН банкны 5721504605 дугаар дансанд шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж дууссан. Түүнийг ажилд томилж, чөлөөлөх эрх нь Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар бөгөөд тэднийх буцаан томилох үүрэгтэй. Түүнээс гадна нэхэмжлэгч нь өөрийнхөө гараар ажилд орох хүсэлтээсээ татгалзсан гэж бичиж өгснөөс үзэхэд тэрээр уг хүсэлтээсээ татгалзсан болно. Түүний энэхүү хүсэлттэй холбоотойгоор манайх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулсан шүүхийн шийдвэрт гаргасан гомдлоосоо татгалзсан. Иймд Н.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1990 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч БДЗД-ас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,836,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,647,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БДЗД-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч БДЗД-ас улсын тэмдэгтийн хураамжид 108,334 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр албан тушаалын жагсаалтад А буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг /68 хүртэл/, 5-т Нийгмийн хөгжлийн хэлтэст /6/, 5.4-т Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн гэж заасан бөгөөд тухайн захирамжид өөрчлөлт ороогүй нь тогтоогдсон гэж үзсэн.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжид өөрчлөлт ороогүй боловч Нийгмийн хөгжлийн хэлтэс нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг хэлтэс бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн нь Монгол Улсын засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 432 дугаар тогтоол 2022 оны Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 194 дүгээр тогтоолын дагуу цалингийн шатлалын ТЗ-5 дугаар ангилалд хамаардаг албан тушаал юм. Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь Засаг даргын харьяанд байх бөгөөд дарга нь ТЗ-8 ангиллаар удирдах албан тушаалтан юм. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан.

Дээрхээс үзэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 ангилалд хамаарагдаж дүүргийн Засаг даргын Тамгын газарт харьяалагдан Тамгын газрын даргын тушаалаар томилж чөлөөлөгддөг бол дүүргийн Засаг даргын харьяа байгууллагын даргын албан тушаалын цалингийн хэмжээ, албан тушаалын тодорхойлолттой адилтган үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль ёсны шаардлага хангаагүй. Ажилд эгүүлэн томилох тухай маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Цалин, хөлстэй холбоотой асуудлаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Н.Э-, хариуцагч Нийслэлийн БДЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,483,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилд эгүүлэн томилох эрх өөр этгээдэд шилжсэн, мөн нэхэмжлэгч Н.Э- ажилдаа эргэн орохоос татгалзсан хүсэлтийг өөрөө бичиж өгсөн гэж маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Э-ийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1,670,113 төгрөгийг олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 19-28/

 

2.б. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх шийдвэрт тус шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 96 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18260285 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байх ба уг ажиллагаа дуусгавар болоогүй байгаа болох нь тус газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4-166/4999 тоот албан бичиг, мөн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4-166/10405 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар нотлогджээ./хх 4, 106-129/

 

2.в. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03491 дугаартай шийдвэрээр 17,461,710 төгрөг, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаартай шийдвэрээр 22,604,416 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт БДЗД-ас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Э-д олгох тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан.

 

2.г. Хэрэгт нэхэмжлэгч Н.Э-ийн урьд ажиллаж байсан Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг татан буулгаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/832 дугаартай захирамжаар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай захирамжийн 5-д дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс-ийг ажиллуулахаар тогтоосон./хх 156-164/

 

3. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө гэж заасан байна.

 

3.а. Нэхэмжлэгч Н.Э-ийг 2017 онд ажилд эгүүлэн тогтоосон дээрх шүүхийн шийдвэрийг гарснаас хойш, Хүүхэд хамгааллын тухай хуульд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дээрх 18.4 гэсэн нэмэлт орсон байх тул түүнийг ажилд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөн гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч Н.Э- Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргад 2021 оны 12 дугаар сард 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны 22,604,000 төгрөгийг аваад, цаашид ажилд орохоос татгалзаж байна гэсэн хүсэлтийг өгсөн учраас түүний 2021 оны 06 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31 хүртэлх 9 сарын олговрыг өгөх боломжгүй гэж тайлбарласан хариуцагчийн татгалзлалыг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. Учир нь:

 

4.а. Нэхэмжлэгч Н.Э-ийг ажилд эгүүлэн тогтоох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01285 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байх бөгөөд түүнийг ажилд томилох эрх бүхий субъект нь Хүүхэд хамгааллын тухай хуулиар өөрчлөгдсөн байх тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Тамгын газарт хаягласан дээрх хүсэлтийг эрх бүхий этгээдэд хандан бичсэн хүсэлт гэж үзэх боломжгүй, уг хүсэлтийг зохих газарт уламжилсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны олговрын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн батлагдсан оныг буруу бичсэн байх тул зөвтгөн, БДЗД-ас гэснийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэснийг олговор гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Н.Э-д ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,836,509 төгрөг гаргуулж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,647,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын БДЗД-т гэснийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ