Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01872

 

 

   “Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02783 дугаар шийдвэртэй,

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй А-, Б, В-нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 85,081,111 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч А-, Б, В-нарт холбогдуулан  2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт

    1. Зээл 52,199,829 төгрөг,
    2. Хүү 27,032,137 төгрөг
    3. Нэмэгдүүлсэн хүү 1,036,759 төгрөг, нийт 80,268,726 төгрөг
    4. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа Ү-2205003601 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүрэг, 8-р хороо, 4 хороолол 9Б байр *** тоот хаягт байршилтай 29 м.кв орон сууц,
    5. 0000 нэгж талбарын дугаартай, 000675862 улсын бүртгэлийн дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлбэ зуслан хаягт байрлалтай, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын зориулалттай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээл 52,199,829.70 төгрөг, хүү 31,418,639.82 төгрөг / хүү 4,386,502.75 төгрөгөөр/, нэмэгдүүлсэн хүү 1,462,641.54 төгрөг, /425,881.78 төгрөгөөр/ нийт 85,081,111.06 төгрөг гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4,812,384.53 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

Уг зээлийн төлбөрийг хариуцагч Б, В-нараас гаргуулна, хариуцагч А-ээс татгалзсан.

Хариуцагч нар нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 53,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 52,199,829 төгрөг, үндсэн хүү 31,418,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,462,641 төгрөг, нийт 85,081,111 төгрөгийн төлбөртэй байна. Уг зээлийн төлбөрийг хариуцагч Б, В-нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч А-эд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна.

Зээлдэгч нартай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Б, В-нарын өмчлөлийн Ү-2205003601 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байр, *** тоотхаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б-ын эзэмшлийн нэгж талбарын 0000 /шинэ нь *****/ дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Банк” ХХК 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг уг өдөр цуцлагдсан гэж үзнэ. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн тооцоолол нэмэгдэхгүй. Цар тахлын үеэр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж шийдвэрлэсэн. Тар тахлын үед гэрээг цуцалж, хүү тооцсон нь нийгмийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ. Хоёр хариуцагчаас хэрхэн яаж гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй. Барьцааны гэрээг бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Баас зээлийн гэрээний үүрэгт 83,426,852.56 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,654,258.50 төгрөг гаргуулах болон Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч А-эд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б, В-нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003601 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байр, *** тоотхаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б-ын эзэмшлийн нэгж талбарын 0000 /шинэ дугаар нь *****/ дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,494, 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баас улсын тэмдэгтийн хураамжид 610,184 төгрөг, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 85,081,111.06 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Б нь “Банк” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээг уг өдөр цуцлагдсан гэж үзнэ. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн тооцоолол нэмэгдэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,913,443 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтыг үндэслэлтэй үнэ зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цуцлагдсан гэж үзэж байна. Учир нь “Банк” болон хариуцагч нар буюу А- болон Б нарын хооронд байгуулагдсан үндсэн зээлийн гэрээний хугацаа нь 2029 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар тохиролцсон. Гэвч “Банк” ХХК-ийн зүгээс зээлдэгч нарыг зээл төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийг зөрчсөн гэх үндэслэлээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгож гэрээг цуцалсан гэж үзэж болохоор байна. Түүнчлэн дээрх 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад нэхэмжлэгч болох “Банк” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс нэхэмжлэлийг шүүхээс буцаасан нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02564 дугаар захирамжаар нотлогдоно. Үүнээс хойш “Банк” ХХК-аас хариуцагч нартай холбогдоогүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож байгаа талаар мэдэгдэл хүргүүлээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний төлөлт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр байсан бөгөөд үндсэн зээлдэгч А- зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар хүсэлт өгсөн. Гэвч энэ талаар хариуцагч Б нь нотлох баримт “Банк” ХХК-аас гаргуулах боломжгүй. Энэ талаар 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурал дээр улсын бүртгэлийн хэлтсээс зээлдэгч нарын барьцаа хөрөнгө “Банк” ХХК-ийн нэр дээр байгаа эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргасан боловч нэг хүсэлтийг хангаж хуралдаан хойшилсон. Үндсэн зээлдэгч А- “Банк” ХХК-д зээл хойшлуулах талаар хүсэлт гаргасан эсэх талаар баримт нэхэмжлэгч компаниас гаргуулах хүсэлтийг хянан хэлэлцээгүй. Энэ нь тус өдрийн шүүх хурлын тэмдэглэлээс харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч А-, Б, В-нарт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт

1.1. Зээл 52,199,829 төгрөг,

1.2. Хүү 27,032,137 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 1,036,759 төгрөг, нийт 80,268,726 төгрөг

1.4. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа Ү-2205003601 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол 9Б байр *** тоотхаягт байршилтай 29 м.кв орон сууц,

1.5. 0000 нэгж талбарын дугаартай, 000675862 улсын бүртгэлийн дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ зуслан хаягт байрлалтай, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын зориулалттай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээл 52,199,829.70 төгрөг, хүү 31,418,639.82 төгрөг / хүү 4,386,502.75 төгрөгөөр/, нэмэгдүүлсэн хүү 1,462,641.54 төгрөг /425,881.78 төгрөгөөр/, нийт 85,081,111.06 төгрөг гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4,812,384.53 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

 

Уг зээлийн төлбөрийг хариуцагч Б, В-нараас гаргуулахаар шаардаж, хариуцагч А-ээс татгалзсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч А-, Б нартай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21090072*** тоотзээлийн гэрээ байгуулж, 53,000,000 төгрөгийг, жилийн 21,60 хувийн хүүтэй, зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор 120 сарын хугацаатай, амины орон сууц барих зориулалтаар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ. /хх 7-10/

 

2.б. “Банк” ХХК нь зээл 52,415,000 төгрөгийг хариуцагч А-эд хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.

 

2.в. Тус банк нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 5/

 

2.г. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд дээрх зээлтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2564 дугаар захирамжаар нэхэмжлэгч шүүх хуралдаандаа ирээгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна./хх 98/

 

2.д. Нэхэмжлэгч нь хариуцагч А-эд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж тайлбарласан тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.е. Зохигч 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21090072*** тоотүл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Барьцааны гэрээг А-, Б, В-нартай бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, газрын алба, улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт авагджээ./хх 10-13, 104/

 

2.ё. В-газрын эзэмшигч болох тухай баримт хэрэгт авагдсан./хх14/

 

2.ж. Нэхэмжлэлээс 1,654,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.а. “Банк” ХХК 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг уг өдөр цуцлагдсан гэж үзнэ.

2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй.

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн тооцоолол нэмэгдэхгүй.

3.б. Хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй гэж хариуцагч талаас маргаж байна.

 

3.а хэсэгт заасан маргаантай асуудлын талаар:

Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан үнэлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх боловч давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Гэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч зөвхөн цуцлагдаагүй, хүчин төгөлдөр, хугацаа нь дуусаагүй гэрээний үндсэн үүргийг шаардах юм. Харин гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардах эрх үүсэх юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2029 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай байна. /хх 7-10/

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлага шүүхэд гаргаж байсан./хх96/ Гэвч уг шаардлага шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй тул зохигчийн хоорондын гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлага гаргаагүй, гэрээний үүргээ бүхэлд нь, тэр дундаа зээлийг бүхэлд нь буцаан дуудсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан тул нэг талын санаачилгаар гэрээг цуцалж үр дагаврыг шаардсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан байх тул цуцлагдсанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүү 4,812,384.53 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн нийт шаардлага 85,081,111.06 төгрөгөөс 4,812,384.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 80,268,727 төгрөгт холбогдох хэсгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Харин зээлийн гэрээний төлөлт, түүний хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан талаар хар иуцагч тал баримт гаргаагүй байна.

 

3.б. Хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй гэх асуудлын талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй хэдий ч шүүх хэнээс юу шаардаж байгааг анхаарч дүгнэх ёстой юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хариуцагч нь  Б, барьцааны гэрээний хувьд хариуцагч нь Б, В-нар байх тул зээлийг Баас гаргуулах нь зүйтэй. 

 

Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээг зөв зүйлчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар дүгнэсэн.

 

Мөн хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөр төлөөгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг баримтлан хамтран үүрэг гүйцэтгэгч А-ээс татгалзаж, Б, В-нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тэднээс шаардаж байна.” гэж дүгнэсэн.

 

Хамтран үүрэг гүйцэтгэгч А-ээс татгалзсан гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгч нь хоёр хариуцагч татсан байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа нэг болгон өөрчлөх нь хариуцагчаас татгалзсан гэхээсээ илүүтэй нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан агуулгатай юм. Учир нь нэхэмжлэлээс татгалзах зэрэг ойлголт нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахыг хэлнэ. Харин хариуцагчийн тоогоо цөөрүүлж байгаа нь нэхэмжлэлээ багасгасан агуулгад илүү нийцэх юм.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан. Уг эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлдэгч А- “Банк” ХХК-д зээл хойшлуулах талаар хүсэлт гаргасан эсэх талаар баримт нэхэмжлэгч компаниас гаргуулах хүсэлтийг хянан хэлэлцээгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...452 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “...452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1” гэж, “...83,426,852.56 төгрөг...” гэснийг “...80,268,726.53 төгрөг...” гэж, “...1,654,258.50 төгрөг...” гэснийг “...4,812,384.53 төгрөг...” гэж өөрчилж,

3 дахь заалтын “...610,184 төгрөг” гэснийг “...594,394 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,245 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                           ШҮҮГЧИД                                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД