Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0621

 

2018 оны 12 сарын 05 өдөр          Дугаар 221/МА2018/0621                          Улаанбаатар хот

 

Я.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, гуравдагч этгээд Ж.И, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.С нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 158/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Я.С-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 158/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан иргэн Я.С-ээс Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын “Цохионы өвөр”-т байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийг Я.С-ийн нэр дээр шилжүүлэхийг сумын Засаг даргад даалгах, Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Учир нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй юм. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгч миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Бугат сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамжаас иргэн Ж.И-д холбогдох хэсэг болон тус захирамжийг үндэслэн мөн өдөр олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болон 2018 оны 9 дүгээр сарын 09--ий өдөр “...Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Бугат сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэр, “Цохионы өвөр” гэдэг газар байрших өөрийн эзэмшлийн 5 га газрыг хариуцагч Я.С болон түүний гэр бүл, төрөл, садангийн хүмүүсийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх” нэхэмхспэлийн шаардлага бүхий түдгэлзсэн иргэний хэргээс тухайн захиргааны хэрэгт нотлох баримтаар гаргахыг хүссэн нотлох баримт болох 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 тоот Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол, хавсралт мөн Бугат сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/160 тоот захирамж, хавсралтын хамт” гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй юм. Ингэж нэхэмжлэгчийн эрхийг хангаагүйгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.” гэж заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ж.И-ийн эзэмшиж байгаа газраас иргэн Я.С-д тодорхой хэсэг газрыг шилжүүлэх тухай хоорондоо ярьж тохирсон гэх боловч тэдний хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хэлцэл хийгдээгүй ..., ... нэхэмжлэгч Я.С нь 2018 онд газар эзэмших тухай хүсэлтийг гаргаж байсан нь ... маргаан бүхий газартай давхцаагүй ...” гэжээ. Гэтэл гуравдагч этгээд Ж.И нь нэхэмжлэгч Я.С-д маргаан бүхий газраасаа өгнө гэдгээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газар тайлбар, мэдүүлэг өгөхдөө тус 2,5 га газрыг Я.С-д эзэмшүүлж гэрчилгээтэй болгохыг хүлээн зөвшөөрсөн, мөн Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт “нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа ... Уг чацарганы талбайг хамтран ашиглах талаар бид амаар тохиролцон ажиллаж байсан ...” гэсэн тайлбаруудаараа өөрийн эзэмшлийн 5 га газраас холбогдох хэсгээ нэхэмжлэгч Я.Сэлэнгэ надад шилжүүлж өгнө гэж байсан нь нотлогдож байна.

Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд:

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ: “... Дээрх захиргааны актууд нь нэхэмжлэгч Я.С-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, түүнд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ...” гэжээ. Гэтэл би гуравдагч этгээд Ж.И-тай 5 жилийн хугацаанд сэлбэг болон мод тарих, байгууламж барих явцад байнга өөрийн эрх ашиг, хэтийн шуналаа эрхэм болгож Я.С намайг ашиглаж ирсэн бөгөөд хамтран ажиллах хугацааны явцад 3 шатны шүүх хурлаар миний эд хөрөнгө, эд матөриалыг аман гэрээгээр залилан газар эзэмшигч гэдгээр хаацайлан, бүх талаар эрх ашгийг минь зөрчсөөр ирсэн байдаг. Тухайлбал шүүхээр шийдүүлсэн асуудлаа шийдвэр гэж үзэхгүй Я.С намайг миний нэр хүнд, бие сэтгэл, санаа, эдийн засгаар ажиллах орчныг хаан түгжиж, хашаа хашлага барих, газар дээр минь /өгнө гэсэн/ хүч түрэн мод төмс тарьж, өвс буулгаж, амбаар сав суурилуулах, миний төрсөн ах Я.Ш-ийн газар руу хашаагаа тэлж 150 м2 хашаалж авсан, орц хаалга хааж хууль бусаар авсан хашаандаа Булган аймгийн Бугат сумын иргэн бус айлуудад байшин, өвөлжөө барьж, мод бут жимсний үйл ажиллагаанд зориулсан эд хөрөнгө, мотор, өвс хадагч, тэргэнцэр, усалгааны бусад эд /материал/ хөрөнгө /дундын эзэмшлийн/ зэргийг өөрийн төмөр амбаарт цоожлоод 2 жил ер ашиглуулахгүй байгаа. Ер нь миний бие Ж.И-тай мод тарих хамтран ажиллаж, хашаа барих, худаг гаргах, мод тарих, цахилгааны байгууламж барих, дундын хэрэглээний багаж, тоног төхөөрөмж авсан зэрэгт 20 орчим сая төгрөг зарцуулж, энэ 5 жилийн хугацааны ажлын хөлс, татвар, түрээс, манаачийн цалин зэрэгт 37 сая төгрөг зарцуулсан зэргийг Ж.И нь албан ёсны гэрээ хийгээгүй, аман гэрээ хүчингүй гэдгээр намайг хохироож эрх ашгийг минь зөрчиж ирсэн. Энэ бүхний эцэст намайг хуурч мэхэлж ирсэн тул Булган аймгийн Цагдаагийн газарт хандаж Ж.И надад 25 га газрыг өгч эзэмшүүлнэ гэж хэлсэн нь үнэн гэсэн тайлбар өгсөн байдаг. Мөн намайг өмнө 3 шатны шүүхээр оруулж хамтран ажилласан хугацааны бүтээн байгуулсан байгууламжууд дундын өмч гэдгийг шүүх тогтоож зарим байгууламжийг Ж.И-д шилжүүлэн өгч Я.С миний бие 50 хувийнх мөнгийг авсан байдаг. Ж.И нь анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснийг өөрийн хүсэл зорилгод хүрээгүй гэж намайг маш олон талаар хохироож, гомдоож, дарамталж, гүтгэж, миний нэр хүнд эрх ашгийг зөрчиж байгаа тул Ж.И-аас надад өгнө гэсэн 2,5 га газрыг эзэмших гэрчилгээ хүсээд байгаа юм. Намайг ашиглаж 5 жил модны тариалалтад анхнаасаа газар өгөх хүсэл зориг байгаагүй гэсэн нь мөн л залилан ирсэн нь тодорхой юм. Гуравдагч этгээд нь удаа дараагийн шүүх хурлаар өмгөөлөгч Т.С-ийн хамт намайг гүтгэж, дарамталж ирлээ. Бичлэг нь шүүх хурлын бичлэгээс харагдана.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.С-ээс “Бугат сумын “Цохионы өвөр”-т байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийг Я.С-ийн нэр дээр шилжүүлэхийг сумын Засаг даргад даалгах, Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон гэх “Ж.И-ийн хууль ёсны эзэмшлийн газар боловч тус газрыг надад эзэмшүүлэхээр бид харилцан тохиролцож, 2,5 га газрыг тусад нь хашаалж надад бодит байдлаар эзэмшүүлсэн. Ж.И нь мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ надад 2 га газрыг эзэмшүүлэхээр өгсөн нь үнэн гэж мэдүүлсэн” үндэслэлүүдийн тухайд:

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар захирамжаар иргэн Ж.И- жимс, ногоо тарих зориулалтаар “Цохионы өвөр” гэх газарт 5 га газрыг 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Я.С нь уг 5 га газрын холбогдох хэсгийг гуравдагч этгээд Ж.И-тай байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглаж байжээ.

Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/443 дугаар албан бичгээр иргэн Я.С-ээс Орхон аймгийн Прокурорын газарт “Ж.И нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Цохионы өвөр гэх газарт 5 га газар хамтран эзэмшинэ гээд одоо болтол уг газрыг миний эзэмшилд шилжүүлээгүй” гэх гомдол гаргасныг шалгах ажиллагааны үеэр гуравдагч этгээд Ж.Идэрзуугаас авсан тайлбарт “би 2 га газрыг өөрт нь эзэмшүүлж гэрчилгээтэй болохыг зөвшөөрсөн” гэжээ. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/22 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн дээрх харилцаа нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Ж.И-ийн нэхэмжлэлтэй, Я.С-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Я.С-ээс гаргасан “Цохионы өвөрт байрлах 5 га талбайгаас Я.С-д ногдох 2.5 га газрыг шилжүүлэн авах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр “газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаагүй, зохих этгээд болох Засаг даргаас зөвшөөрөл олгогдоогүй байхад эзэмших эрх шилжүүлэн авах шаардлага үндэслэлгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор “талууд тусгайлсан гэрээгүйгээр ... 5 га талбайд чацаргана хамтарч тарихаар болсон” гэсэн үндэслэлээр хэвээр үлдээжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь маргаан бүхий 2,5 га газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар хариуцагч захиргааны байгууллагад хандаж хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшихээр шаардах эрхгүй болох нь тогтоогдсон байна. Газар эзэмших эрх шилжүүлэх харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулснаас үзвэл газар эзэмшигч нь хүсэлт гаргасны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болохоор байна.

Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгуулахаар маргаж буй газрыг гуравдагч этгээд Ж.И эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн “тухайн газар нь Ж.Иийн хууль ёсны эзэмшлийн газар боловч тус газрыг надад эзэмшүүлэхээр бид харилцан тохиролцож ... бодит байдлаар надад эзэмшүүлсэн” гэж тайлбарласан үйл баримт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хэлбэржиж холбогдох газрын алба, засаг даргад газар эзэмших эрх шилжүүлэх 2 талын хүсэлт, гэрээ ирээгүй байна.

Харин нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшигчтэй нь харилцан тохирч гуравдагч этгээдийн эзэмшлийн газрынх нь зарим хэсгийг ашиглаж байсан гэж үзэхээр байна. Зүй нь газар эзэмшигч өөрийн эзэмшиж буй газрыг бусдад ашиглуулах тохиолдолд ч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдээс зөвшөөрөл авахаар байна.

Ийнхүү гуравдагч этгээдтэй газрыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэх нотлох баримт /гэрээ, хүсэлт зэрэг/ байхгүй, хариуцагчаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж болон захирамжид үндэслэн олгосон гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлтийг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаар захирамжаар “хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй байхад хэргийг шүүх нотлох баримтаар татах боломжгүй ... дээрх нотлох баримтыг ... шүүхээс өөрөө гаргуулан авах боломжтой” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, маргаан бүхий газар эзэмших эрхийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгах, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл буюу захиргааны актыг тодорхойлсон агуулгатай зохицуулалтыг энэхүү маргааныг шийдвэрлэхэд баримталсан нь буруу, хуулийн дээрх зохицуулалт нь газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд хэрэглэгдэхээргүй байх тул хассан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 158/ШШ2018/0012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Сэлэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ