Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01887

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01887

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02344 дугаар шийдвэртэй,

И ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 169,267,726 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-21/191 дугаар зээлийн гэрээний үүрэгт:

1.1. Зээл 120,000,000 төгрөг,

1.2. Хүү 43 081 643.84 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 3 534 904.11 төгрөг, нийт 166,616,547 төгрөг гаргуулах

1.4. Хариуцагч дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, *** тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, **** дугаар гэрчилгээтэй 1,296 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

1.5. Мөн хаягт байршилтай, нэгж талбарын ***** дугаартай 1,023 м.кв амины орон сууцны зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

"И ББСБ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-21/191 дугаар зээлийн гэрээг Ц. Дөлгөөнмөрөнтэй байгуулан 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, хоёр сарын хугацаатай зээлдүүлэн, гэрээ байгуулсан өдрөө зээлдэгчид 120,000,000 төгрөгийг ***** тоот дансанд хүлээлгэн өгсөн.

Зээлдэгч нь зээл, хүүд нийт 63,229,163 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн. Зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан НГ2021/56 дугаартай нэмэлт гэрээг байгуулж гэрээний хугацааг 5 сарын хугацаатай сунгасан.

Мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр БГ-21/191 дугаартай барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, *** тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, **** дугаар гэрчилгээтэй 1,296 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай, нэгж талбарын ***** дугаартай 1,023 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

И ББСБ ХХК нь зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гараагүй. Ц.Д-тэй зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж буй 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 328 хоногийн хугацаа өнгөрсөн. Зээл 120,000,000 төгрөг, хүү 45,290,959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,976,767 төгрөг нийт 169,267,726 төгрөгийг төлөх үүрэг үүссэн.

 

2. Хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Ц.Д-гөөс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 120,000,000 төгрөг, хүү 45,290,958.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,976,767.12 төгрөг, нийт 169,267,726.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ц.Дэлгэрмөрөнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206077144 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, *** тоот хаягт байршилтай, 1296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын *****, эрхийн улсын бүртгэлийн Э-2206003695 дугаартай, 1023 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,004,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-гөөс 1,004,288 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгийн тооцоолол хэрхэн гарсан, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хуульд нийцсэн эсэхийг хянан үзээгүй, энэ талаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар тусгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ч шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдана. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс нэхэмжилж буй үнийн дүнгийн тооцоолол үнэн зөв эсэх, хуульд нийцсэн эсэхийг хянан үзэж, энэ талаар дүгнэлт хийх ёстой байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанчлан энэхүү давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар олгосон дэг, журамтай. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээж авсан бол түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг шүүхэд тайлбарлаж, үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Мөн шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол баримтаа өгч шүүх хуралдааныг хойшлуулах үүрэгтэй. Гэтэл хариуцагч өөрөө шүүх хуралдаанд идэвх санаачилгатай байж хуульд заасан үүргийг биелүүлж оролцдоггүй. Хариуцагч татгалзал, тайлбараа өгөөгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Бидний тооцоолол хуульд нийцэж гарсан тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-21/191 тоот зээлийн гэрээгээр

1.1. Зээл 120,000,000 төгрөг,

1.2. Хүү 43 081 643.84 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 3 534 904.11 төгрөг, нийт 166,616,547 төгрөг гаргуулах

1.4. Хариуцагч дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, *** тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, **** дугаар гэрчилгээтэй 1,296 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

1.5. Мөн хаягт байршилтай, нэгж талбарын ***** дугаартай 1,023 м.кв амины орон сууцны зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Хариуцагч талаас нэхэмжлэлд тайлбар гаргаагүй байна.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Хариуцагч Ц.Д- нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр И ББСБ ХХК-тай ЗГ-21/191 тоот зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлсэн. Гэрээний 3.17-д зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ./хх 6-9/

 

2.б. Зохигч мөн өдөр БГ-21/191 дугаартай барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, **** дугаар гэрчилгээтэй, 1,296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын ***** дугаартай, 1,023 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. /хх 12-16/

 

2.в. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр НГ2021/56 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгаж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар тохиролцсон./хх 10-11/

 

2.г. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн./хх 4/

 

2.д. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан, зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогджээ.

 

3.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх дүгнэлт зөв болжээ.

 

4. Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн гэрээний хавсралт, зээлийн гэрээ зэргийг харьцуулан дүгнэж тооцоход нэхэмжлэгчийн тооцооллыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-гөөс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 120,000,000 төгрөг, хүү 45,290,958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,976,767 төгрөг, нийт 169,267,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Зээл, барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ц.Дэлгэрмөрөнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206077144 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, *** тоот хаягт байршилтай, 1,296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын *****, эрхийн улсын бүртгэлийн Э-2206003695 дугаартай, 1,023 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь зөв байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн зээлийн тооцоолол тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,004,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД