Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01888

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01888

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/01474 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй Ү ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн ажлын хөлс 28,291,909 төгрөг, алданги 47,868,136 төгрөг, нийт 76,161,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаран, В.Гантулга, түүний өмгөөлөгч П.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч С ХХК болон Ү ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр илүү төлсөн ажлын хөлс 18,730,733 төгрөг, алданги 49,592,216 төгрөг, /хугацаандаа гүйцэтгээгүй 405 хоногийн үүрэгт/ нийт 68,322,949 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нь Монгол банкны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн еврогийн ханш 2,950,59 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийг тооцжээ.

С ХХК нь Ү ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч тал болох Ү ХХК нь захиалагчид гэрээний 1.1-д заасны дагуу Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах *** тоот орон сууцны барилгад Schuео фирмийн Schuео фирмийн RAL цагаан өнгийн AWS 90SI, АSS 70 НI систем, 48 мм зузаантай 3 давхар ганжуулсан шилтэй хөнгөн цагаан хийцлэл нийт 288,40м2 хаусны цонх, хаалга угсралтын ажлыг 95 хоногийн дотор буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

С ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 124,458.34 евроны урьдчилгаа төлбөрт 80 хувь буюу 99,566.67 евро /293,781,416 төгрөг/-ийг гүйцэтгэгч талын нэхэмжлэхэд заасан дансанд шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал нь ажлыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн дуусгаж, ажлын гүйцэтгэлийн чанар үзүүлэлтийг талуудын хамтарсан комисс шалгаж, гүйцэтгэл тус бүрээр акт үйлдэн захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч гэрээт ажлын хугацаа дуусгавар болоход талбай дээр ямар ч ажил эхлээгүй байсан болно.

Захиалагч нь гүйцэтгэгч талаас ажлын гүйцэтгэлийн талаар тодруулга хариу тайлбарыг удаа дараа шаардаж, уулзалт товлож албан тоот илгээсэн. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр угсралтын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хийгдэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн.

Гэвч цонх угсарч суурилуулах ажлыг тус хугацаанд эхлээгүй бөгөөд манай талын албан ёсны шахалт, шаардлагаар Ү ХХК нь цонх, хаалга угсралтын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхлүүлсэн.

Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, тогтсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй тул гэрээний 4.6-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 53/20 албан тоотоор гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох болсныг гүйцэтгэгч талд албан ёсоор мэдэгдсэн.

Мөн ажлыг түргэвчлүүлэх үүднээс гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх талбай дээр 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтаар талуудын хамтарсан комисс томилж 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлын талбайд хэмжилт хийж, нийт ажлын талбайн хэмжээг 203.66 м.кв болохыг баталгаажуулсан.

Иймээс гэрээт ажлын бодит хэмжээ багассантай холбогдуулан гэрээний нийт үнийн дүн 89,978.11 евро буюу 265,488,512 төгрөг болж буурсан.

Захиалагч компанийн зүгээс гэрээний үнэ өөрчлөгдсөнтэй холбогдуулан удаа дараа албан бичгээр гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд дурдсан дансанд гэрээний бодит үнийн дүнгээс 9588.56 еврог буюу 28,291,909 төгрөгийг илүү төлсөн болохыг мэдэгдэж, буцаан шилжүүлэхийг шаардсан. Гэвч Ү ХХК нь уг төлбөрийг захиалагчийн дансанд шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажлыг хүлээлгэж өгөлгүй хугацаа алдаж дараа дараагийн төлөвлөгөөт ажлыг удаашруулж бидэнд хохирол учруулж байна. Захиалагч компанийн зүгээс гэрээний үнэ өөрчлөгдсөнтэй холбогдуулан удаа дараа албан бичгээр гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд дурдсан дансанд гэрээний бодит үнийн дүнгээс 18,730,733 төгрөгийг илүү төлсөн байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа гүйдэг хаалга, цонхны дүлийн хэмжээг буруу тооцож үнийг бодсон байсан. Тийм учраас түүнийг залруулж бодит хэмжээнд тулгуурлан үнийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг залруулсан.

 

2. Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл тайлбарын агуулга:

Ү ХХК нь С ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч Ү ХХК нь Schuео фирмийн фирмийн цонхны угсралтын ажлыг 95 хоногийн дотор хийх, захиалагч С ХХК нь 124,458.34 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүнээс 99,566.67 еврог төлсөн.

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлыг бүрэн дуусгасан. Харин захиалагч тал нь одоог хүртэл гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй байгаа болно.

Захиалагч цонхны загвараа өөрчилснөөс үүдэн цонхны хүрээг Герман улсад тусгай захиалгаар хийлгүүлэхэд 2,692.71 еврогийн нэмэлт зардал гарсан ба шилэн пакетны тусгай захиалгад 1,500.00 нийт 4,192 долларын нэмэлт зардал гаргасан. Өөрөөр хэлбэл манай компаниас нэхэмжлэгч С ХХК-нд 2,157 еврогийн төлбөр төлөхөөр байна.

Гэрээт ажил буюу цонхны ажлын явцад захиалагч талаас өөрөөс нь шалтгаалсан асуудлаас ажлын хугацаа сунаж удааширсан. Энэ нь захиалагч тал ажлын гүйцэтгэлийн явцад цонхны хүрээний хэлбэр хэмжээг өөрчилснөөс үүдсэн болно. Тухайлбал, хоёр ширхэг 9 кодтой 5400x1460 арктай цонхыг анх захиалагч С ХХК нь гурвалжин хэлбэртэйг манай компанид захиалсан. Гэтэл ажил гүйцэтгэх явцад цонхны загварыг өөрчилж дугуй хүрээтэй болгож цонхны зургийг өөрчилсөн. Монголд дугуй хүрээтэй цонхыг хийж гүйцэтгэх боломж байхгүй учраас захиалагчийн хүсэлтийн дагуу дугуй хүрээтэй цонхны рамыг Герман Улсад захиалж, үйлдвэрлэн Монголд улсад авчирч угсарсан. Энэ талаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 02/20/20 дугаартай албан тоотоор С ХХК-д мэдэгдэж байсан. Захиалагч анхны зургаа өөрчилснөөс үүдэн манай талд ихээхэн хүндрэл учирч, цаг хугацааны хувьд гэрээт хугацаанаас хойшилсон тул алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Герман Улсад тусгай захиалгаар хийгдсэн цонх удааширсан тул арга буюу манай байгууллагын зүгээс бусад цонхуудыг түрүүлж хийж дуусгаад, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 372 дугаартай ажил хүлээлцэх акт үйлдэж, хүлээлцэхийг хүссэн. Гэвч захиалагч өөрөө ажлыг хүлээж аваагүй. Ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т дараах тохиолдолд гэрээнд заасан алданги тооцохгүйгээр ажил гүйцэтгэх хугацаанд өөрчлөлт оруулна, 5.3.1-т Захиалагч барилгын хийц.зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол гэж заасан. Захиалагч цонхны хийцийг өөрчилж улмаар Герман улсад тусгай захиалгаар хийлгэснээс хугацаа хэтэрсэн тул алдангийг зөвшөөрөхгүй.

Мөн С ХХК иь барилгын угсралт хэмжилтийн алдаа хийж цонхны суурь түвшинг буруу хийсэн байснаас үүдэн цонх угсралтын ажлын явцад цонх хагарч, бид өөрсдийн зардлаар цонхоо дахин захиалж хийлгүүлсэн. Энэ нь захиалагч буюу нэхэмжлэгчийн алдаа боловч бид өөрсдөө төлбөрийг төлж цонхыг захиалсан. Барилгын ажлын талбай дээр захиалагч С ХХК-аас хариуцах хүн байдаггүй байсан бөгөөд Ү ХХК-ийн ажилтнууд өөрсдөө оффисоос нь очиж түлхүүр авч, барилгын ажлын талбайд нэвтэрч хугацаа алдаж байсан, барилгын ажлын талбайд их хэмжээний цас орж, барилгын талбай руу 600-700 кг жинтэй том цонхыг зөөвөрлөхөд хүндрэл гарсан.

Мөн барилга руу нэвтрэн цонх зөөвөрлөхөд үүдний хэсгийн бетон довжоо саад болж, тухайн довжоог зайлуулж өгөхийг захиалагчаас удаа дараа хүсч байсан боловч шийдвэрлэж өгөөгүй маш их хугацаа алдуулсан. Хэрэв захиалагч тал манай компаниар гүйцэтгүүлэх ажлын зургийг өөрчлөөгүй байсан бол бид хугацаанд нь ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх боломжтой байсан тул алданги 49,592,216 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй юм.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.3, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар Ү ХХК-аас 43,526,841 төгрөг гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 24,796,108 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,756 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 375,585 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч Ү ХХК-иас алданги 24,796,108 төгрөг, илүү төлсөн ажлын хөлс гэх 18,730,733 төгрөг нийт 43,526,841 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэг. Ажил гүйцэтгэх гэрээний 5.3.1-т Захиалагч барилгын хийц зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд өөрчлөлт орж, алданги тооцохгүй гэж заасныг анхаараагүй. Талууд анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цонхны дээд хэсгийн загвар, хийц нь гурвалжин байсан бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш буюу мөн сарын 27-ны өдөр барилгын зургийг баталгаажуулах үед захиалагч С ХХК-ийн хүсэлтээр цонхны хэлбэрийг дугуй хэлбэртэй болгож өөрчлөхөөр болсон. Улмаар уг дугуй хэлбэрийн цонх нь Монгол Улсад хийгдэх боломжгүй учир хариуцагч Ү ХХК нь цонхны шилийг Орос болон Германд Улсад тусгай захиалгаар хийлгэхээр болж гэрээнд заасан хугацаанд өөрчлөлт орохоос өөр аргагүй болсон. Дугуй хүрээтэй цонх нь үйлдвэрийн шат дамжлагын хувьд ердийн цонхноос хийцлэлийн хувьд нарийн тул цаг хугацаа их шаардсан. Энэ нь Шоко үйлдвэрийн Украйн, Израйль, Монгол дахь борлуулалт хариуцсан захирал Томас Хаусфилдэрийн албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/20/20 тоот албан бичиг; /1хх 83/, Ү ХХК-ийн инженер н.Оюунчимэг, н.Эрдэнэбаяр, н.Чингүн нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, гаалийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Дугуй цонхны рамыг захиалагч С ХХК нь өөрийн эзэмшил ашиглалтад хүлээж авч өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Анхан шатны шүүх 2 ширхэг цонхны дээд хэсэг нь гурвалжин байж байгаад дугуй болсон байна гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний 5.3.1-т заасан 3ахиалагч барилгын хийц зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт орж, алданги тооцохгүй гэж заасныг анхаараагүй.

Хоёр. Цонхны ажлын хийцлэл зураг төсөл өөрчлөгдсөн.

С ХХК-ийн хүсэлтээр дугуй болгож өөрчилсөн. Ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын анх тохирсон гүйцэтгэх ажлын тоо хэмжээ болон гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний ялгааг харж болох бөгөөд үүнээс ажлын үр дүн, хийцэл хэмжээ өөрчлөгдсөн нь илэрхий байна. Уг гүйцэтгэсэн ажлын үр дүнг гүйцэтгэгч бүрэн хүлээлгэн өгсөн.

Гурав. Анхан шатны шүүх хариуцагч Ү ХХК-иас илүү төлсөн ажлын хөлс гэж 18,730,733 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй.

Талуудын ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчийн хүсэлтээр оруулсан зургийн өөрчлөлтийн дагуу нэмэлтээр ажил хийгдсэн. Нэхэмжлэгч С ХХК нь нийт 15.30 м.кв талбайтай дугуй цонхны ажлыг 5814 еврогоор буюу ердийн цонхны үнэлгээгээр үнэлсэн. /1 м.кв-ийг 380 еврогоор/ Хариуцагч Ү ХХК нь нийт 15.30 м.кв талбайтай дугуй цонхны ажлыг 5,814 + 4,192 = 10,006 еврогоор тус тус үнэлсэн. /1 м.кв-ийг 653 евро/

Гэрээний 4.5-т заасны дагуу нэмэгдэл ажлын хэмжээгээр мөнгийг олгох ёстой байтал олгоогүйд гомдолтой.

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Гэрээний 5.3-т захиалагч нь барилгын хийц, зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол энэ нь гүйцэтгэх хугацаанд нөлөөлөхөөр бол захиалагчаас зөвшөөрөгдсөн байх нөхцөл тавигдсан. Зураг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр батлагдаж, үүний дагуу ажлыг захиалагчид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд хүлээлгэж өгөх ёстой байсан. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гүйцэтгэгч тал ажлын талбай дээр ажлаа эхлүүлээгүйгээс гадна энэ хугацаанд захиалагчийн зураг төсөлд өөрчлөлт орсноос шалтгаалан хийцлэлд өөрчлөлт ирүүлээгүй. Манай удаа дараагийн шаардлагаар гүйцэтгэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дөнгөж ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд яагаад хугацаа хэтэрсэн, ажил хоцорч байгаа талаар нэг ч тайлбар өгөөгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаа хурдан дуусгахгүй бол алданги тооцно гэх агуулга бүхий албан бичиг явуулсны дараа тусгай хийцтэй цонх хийгдэх гэж байгаа учраас гэрээний хугацаанд өөрчлөлт орж байна, та бүхэн анхаарч үзнэ үү гэсэн хариу албан бичиг 5 сарын дараа ирсэн. Гаалийн мэдүүлгээс W-09 дугаартай бөөрөнхий хийцийн цонх орж ирсэн эсэх нь харагддаггүй. Герман улсын Шоко нэртэй компаниас ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг С ХХК-ийн тусгай хийцтэй цонх, хугацаа алдсан талаар өмнө нь мэдэгдсэн гэдэг агуулгатай байдаг боловч Ү ХХК-ийн хэзээ захиалсан тусгай хийцийн цонх болох нь уг албан бичгээр нотлогддоггүй. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зураг нь баталгаажсан бөөрөнхий хэлбэртэй цонхны захиалгыг хэзээ хийсэн болохоо хариуцагч нотолж чаддаггүй тул зөвхөн тусгай хийцээс шалтгаалж хугацаа хоцорсон гэдэг дээр итгэл үнэмшил төрөхгүй байна.

Хүснэгтэд 6 төрлийн ажил хийх байтал гэрээнд заасан тоо хэмжээ ийм байгаад бодит хэмжээ ийм болсон гэх өөрчлөлтийг харуулсан байна. Гэхдээ бодит гүйцэтгэлээр буюу захиалагчийн эзэмшилд шилжүүлж, хийж гүйцэтгэсэн цонхны хамгаалалт 28, гүйцэд хаалга 3, 18, 2, 1 гэсэн тоо хэмжээ нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зураг баталгаажихад байсан м.кв-ын тоо хэмжээ юм.

Урд нь байгаа гэрээнд заасан тоо хэмжээ нь гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний ар талд байх зураг баталгаажаагүй байх үеийн тоо хэмжээ юм.

Энэ хоёрыг хооронд нь харьцуулахад захиалагч тал өөрчлөлт оруулсан, улмаар хугацаа алдсан гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоо хэмжээ гэдэг нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бодит гүйцэтгэлийг хэмжиж үзэхэд 28, 3, 18, 2, 1 байсан буюу 203,66 м.кв байснаар батлагддаг. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хэмжилтийн зураг болон 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зураг хоёрыг харьцуулж үзэхэд яг таарч байсан тул 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тоо хэмжээ хэвээрээ байсан гэсэн үг юм. Үүнд манай байгууллагаас ямар ч өөрчлөлт оруулаагүй 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ямар нэгэн өөрчлөлт ороогүй тул захиалагчаас шалтгаалж хугацаа алдах нөхцөл байдал үүсээгүй юм. Гэрээний 4.5-д заасан захиалагчид урьдчилан мэдэгдэж тохиролцсон гэдгийг ямар хугацаа гэж ойлгож байгаа нь тодорхойгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь Ү ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр

1.1 Илүү төлсөн ажлын хөлс 18,730,733 төгрөг,

1.2. Алданги 49,592,216 төгрөг, /хугацаандаа гүйцэтгээгүй 405 хоногийн үүрэгт/ нийт 68,322,949 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ...зөрүү 2,157.05 евро буюу 6,364,571 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч... маргажээ. /1хх 1-2, 59, 66-67, 2хх 29/

 

2. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч нь Монгол банкны 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн еврогийн ханш 2,950,59 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийг тооцсон. Тухайн өдрийн ханш хэрэгт авагджээ./1хх 5/

 

2.б. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч Ү ХХК нь захиалагчийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах *** тоот амины орон сууцны барилгад Schuео фирмийн RAL цагаан өнгийн AWS 90SI, АSS 70 НI систем, 48 мм зузаантай 3 давхар ганжуулсан шилтэй хөнгөн цагаан хийцлэлтэй хаусны цонх, хаалга угсралтын ажлыг 95 хоногийн дотор буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хийхээр харилцан тохиролцжээ./1хх 9-11/

 

2.в. Хэрэгт авагдсан гэрээний 4.1-т гэрээт ажлын нийт дүн 124,458.34 евро /ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зардал, бараа материалын үнэ, тээвэр, ажил гүйцэтгэх хугацааны материалын үнэ, ажиллах хүчний зардал багтсан/ 4.2-т урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 80 хувь буюу 99,566.67 евро, гүйцэтгэлийн төлбөрт үнийн дүнгийн 20 хувь буюу 24,891.66 евро... байхаар зааж тохиролцсон.

 

2.г. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ү ХХК-ийн Хаан Банк дах 5041329951 тоот дансанд 293,781,416 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны С ХХК-ийн 499139296 тоот данснаас шилжүүлсэн баримт авагдсан./1хх 8/

2.д. Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй.

 

2.ж. Гэрээний 5.1-т ...урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс эхлэн гэрээт ажил эхэлснээр тооцож гэрээний ажил гүйцэтгэх календарчилсан 95 хоногоор график төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэж дуусгахаар тохиролцсон. /1хх 9/

 

2.з. Хариуцагч тал 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлыг эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

2.е. Хариуцагч нь хүлээн авсан ажлын хөлснөөс зөрүүд 2,157.05 евро буюу 6,364,571 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.а. Нэхэмжлэгчийн ..,анхны ажлын хэмжээ багассан учир тохиролцсоноос илүү төлсөн ажлын хөлсийг буцаан гаргуулна. Ажлын зурагт өөрчлөлт оруулаагүй анхнаасаа дугуй рамтайг захиалсан, хугацаа хэтрүүлсэн, ажлын үр дүнг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасан 2 ширхэг w-9 кодтой 5400x1460 арктай цонхыг анх гурвалжин хэлбэртэйг захиалсан боловч ажил гүйцэтгэх явцад загварыг өөрчилж дугуй рамтай болгож, зургийг өөрчилснөөс Герман улсад тусгай захиалгаар захиалж, үйлдвэрлүүлэн Монголд авчирч угсарч хугацаа алдсан, илүү зардал гарсан гэж маргасан.

 

3.б. Нэхэмжлэгчийн анз гаргуулах шаардлагын эсрэг хариуцагч цонхны хийцлэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн, захиалагч ажлын нөхцөлөөр хангаагүй, зам чөлөөлөөгүй, захиалгаа явцын дунд өөрчилсөн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний явцад гурвалжин цонх дугуй болж захиалга өөрчлөгдсөн эсэх, өөрөөр хэлбэл гэрээний зүйл өөрчлөгдсөн эсэх, цонх нь барилгын хийцлэлд хамаарах эсэх, захиалсан цонх гурвалжин байснаа дугуй болсон гэх цонхны үнэлгээний асуудлаар маргаантай байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цонхны хэлбэр загвар, үнэ өөрчлөгдсөн гэх асуудлыг нотлохоор цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтүүд гарсан. /2хх 23-25/

 

Хүсэлтийн дагуу үзлэг хийхдээ анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан журмыг зөрчжээ. /2хх 45-46/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө гэж заасан. Мөн тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заахаар зохицуулсан. Гэтэл хэргийн 2 дугаар хавтасны 45-46 дугаар талд авагдсан тэмдэглэлд үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг бичээгүйгээс тухайн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч нь хариуцагч одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлаад илүү төлсөн гэх ажлын хөлс шаардахдаа гэрээг цуцалж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

Мөн хариуцагчийн гаргасан цонхны хийцлэлтэй, ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан эсэхтэй холбоотойгоор барилгад үзлэг хийлгэх хүсэлт ач холбогдолтой байж болохоор байна. Цонх анхнаасаа дугуй хэлбэртэй захиалагдсан эсхүл явцын дунд захиалга өөрчлөгдсөн, ажлын нийт төсөвт өртөгт үнэтэй холбоотой өөрчлөлт орсон эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой. Мөн цонхтой холбоотой зураг төсөл хэрэгт авагдаагүй байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/01474 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД