Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 721

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч:  М.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Зээрдийнх овогт Мөнхбатын Төртүвшинд холбогдох эрүүгийн 1809029420682 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инжинер мэргэжилтэй, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хотхоны 1а байрны 8 тоотод оршин суух, Сүхбаатар аймагт МТ группын гэрээт ШТС-н түрээсэлж ажилладаг, улсаас авсан гавъя шагналгүй, ял шийтгэлгүй, ЛЮ92062917 регистерийн дугаартай, Зээрдийнх овогт Мөнхбатын Төртүвшин.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 29-нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Амаржаргалтай маргалдан түүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын цус харвалт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Амаржаргал /хх-ийн 14-16/, гэрч Ч.Болор-Эрдэнэ /хх-ийн 21-22/, Х.Тэмүүжин /хх-ийн 23/, Д.Түвшинбаяр /хх-ийн 24/, М.Цэдэндамба /хх-ийн 25/, Ц.Түвшинбат /хх-ийн 26/, С.Бүрэнтөгс /хх-ийн 27-28/, Х.Нямбаатар /хх-ийн 29/, Э.Хулан /хх-ийн 30/, М.Амартүвшин /хх-ийн 31/, Б.Долгормаа /хх-ийн 32/ нарын мэдүүлэг, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсралт зураг /хх-ийн 33-34/, М.Тгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 49-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12416 тоот дүгнэлт /хх-ийн 36/, А.Амаржаргалын эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 37-39/, М.Тгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-58/, хохирогч А.Амаржаргалын хүсэлт /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Метро молл” төвийн баруун талд А.Амаржаргалыг “Хятадуудтай явдаг” гэж хэл үгээр доромжилсноос үүдэлтэй маргааны явцдаа түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч А.Амаржаргалын /хх-ийн 14-15/: “... Би Бээжингийн хорио цээрийн хяналтын албанд ажилладаг 6 хүнийг ажлын шугамаар хоолонд оруулан 2017 оны 09 сарын 29-нд 21 цагийн үед Метро моллын хажууд байдаг “Рояал” нэртэй газарт байж байгаад 23 цагийн үед тэндээсээ гарсан. Хамт байсан 2 хүн маань хол байх үед би ганцаараа “Метро молл” төвийн хажууд Б корпусын орчим зогсож байтал 25-30 орчим настай 3 залуу над руу хандан “хужаатай явдаг янхан Монголоос зайл” гэх зэргээр доромжлоод байхаар нь би өөдөөс нь “миний дүү тэгж ойлгож болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “битий хуц, Монголоос зайл” гэх зэргээр дахин доромжлоод байсан. Тэгэхээр нь би гар утас дээрээ тэдний ярьж байгааг баримтжуулах зорилгоор дүрс бичлэг хийж байх үед нэг залуу нь миний гарнаас гар утсыг маань булааж авах гээд намайг доромжлоод байсан. 3 залуу зууралдаад байж байтал цаанаас нь 6-7 залуучууд ирээд тэнд бужигналдах үедээ намайг зодсон. ... Ямар ч байсан туранхай биетэй өндөр нуруутай залуу миний нүүр рүү нэг удаа гараагаа цохьсон” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч. Болор-Эрдэнийн /хх-ийн 21-22/: “... Тэр орой “Рояал” нэртэй караокед орох гээд 23 цаг өнгөрч байхад очиход “өрөө байхгүй дүүрэн байна” гэж хэлэхээр нь бусдыгаа хүлээгээд гадна үүдэнд нь зогсож байтал хажуугаар нэлээн хэдэн хятад хүмүүс, 1 эмэгтэй, 2 эрэгтэй явж байхаар нь манай найз Цэдэндамба “энэ эмэгтэй хятад хүмүүстэй явж байна” гэж хэлээд надтай хамт тамхи татаад зогсож байтал нөгөө хятад хүмүүстэй явж байсан эмэгтэй 2 залуутай хамт ирээд “тамхи өгөөч” гэж надаас асуухаар нь би өөрөө тамхи татдаггүй болохоор шатан дээр зогсож байсан хүнээс тамхи авч ирж өгөхөд тамхиа асаагаад татаж байх хоорондоо “миний хэнтэй явж байгаа нь та нарт хамаагүй. Ажилаар уулзаж байна. Та нарт хамаагүй” гэж хэлээд дайраад байсан. Бид нар “за ойлголоо, уучлаарай, одоо явчих аа” гэж хэлэхэд цааш явж байгаад буцаж ирээд нөгөө эмэгтэй бид нар руу “миний яах ийх нь та нарт хамаагүй” гэж хэлээд агсан тавиад байхаар нь би урдуур нь ороод хамт явсан 2 залууд нь “наад эмэгтэйгээ авчих аа” гэж хэлэхэд тоосон шинжгүй хэрүүл хийгээд зогсоод байсан. ...Төртүвшин нэг залуутай барилцаж байхад тэр эмэгтэй дундуур нь орж салгах гэж байгаад Төртүвшингийн гарт нь шүргүүлсэн байх...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Цэдэндамбын /хх-ийн 25/: “... 2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой би өөрийн машинтай Түвшинбаяр, Болор-Эрдэнэ нарын хамт ирчихээд бусад хүмүүс ирэхийг хүлээгээд байж байтал Амраа гэх эмэгтэй тамхи асуухаар нь би “Хятад хүмүүстэй явж байгаа хүнд тамхи өгөхгүй” гэж хэлэхэд тэр эмэгтэй “Хятадтай явж байгаа янхан” гэж хэллээ гээд надтай маргаж эхэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч С.Бүрэнтөгсийн /хх-ийн 27-28/: “... Амаржаргал, Нямбаатар, Хулан бид нар гадаа байж байтал Амаржаргалыг 4-5 залуу хэл амаар доромжилоход Амаржаргал тухайн хүмүүстэй маргасан. Удалгүй машинтай 5-6 залуус нэмэгдэж ирээд “та нар манай найзуудтай юу яриад байгаа юм бэ” гээд баахан залуучууд бид нар дээр ирж маргалдаж зодоон эхлүүлсэн. Би туранхай жижиг толгойтой залуутай маргалдаж байсан. Тэр үед Амаржаргал дундуур орж ирсэн. Тэр үед надтай маргалдаж байсан залуу намайг цохих гэж байгаад Амаржаргалын нүүрний зүүн талын чамархай, хамар хэсэг рүү хавсарч нэг удаа цохьсон. Амаржаргалын нүд хэсэгт нь хавдсан, хөхөрсөн нүдний цагаан нь улаан болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

М.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50/: “... 2017 оны 09 сарын 29-нд манай найзууд хэдэн хүмүүстэй маргалдаад байсан. Би үл таних нэг залуутай маргалдаж байгаад цохих гэтэл дундуур Амаржаргал гэх эмэгтэй орж ирээд цохиулсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан ...” гэх мэдүүлгээр,

 

М.Тгийн буруутай үйлдлийн улмаас А.Амаржаргалын биед “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын цус харвалт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун, зүүн шуунд цус хуралт” бүхий хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12416 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан М.Тгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч М.Тгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Амаржаргал “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Тг Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зээрдийнх овогт Мөнхбатын Төртүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ