Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01914

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01914

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/03585 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,788,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, Б.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани А ХХК-тай 2020 оны 09 сарын 21-ний өдөр 05/20 тоот ЭС ХХК-ийн Каса да Винчи амины орон сууцны *** дүгээр барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд ажлыг 19,265,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь нийт 6,194,500 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн ба А ХХК нь 1,980,550 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,213,950 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 4.2-т урьдчилгаа төлбөрт хана ба таазны ротбанд шаврын ажил бүрэн хийгдэж дууссаны дараа 20 хувь буюу 3,853,000 төгрөгийг олгох-оор, мөн 4.3-т заслын ажлын дундын санхүүжилтийг үе шатны ажлууд дарааллын дагуу хийгдэж, цагаан замаск 2 үе татаж, зүлгүүр бүрэн хийгдэж дууссаны дараа захиалагчийн инженерийн шалгалтаар орж, акт бичигдэж баталгаажсанаар 40 хувь буюу 7,706,000 төгрөг олгоно гэж заасан. Манай компани нь гэрээт ажлуудаас хананд ротбанд тэгшилгээ хийх, цонхны амлагаа шавар хийх, ханын цагаан замаск 2 үе хийх, хананд грунт хийх, залгаас чигжээс хийх, заагч наагч хийх зэрэг нийт 6,194,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний хавсралт 2-т заасан хананд ротбанд тэгшилгээ хийх ажлыг 2020 оны 11 сарын 04-ний өдөр заслын ажил гүйцэтгэсэн актаар хүлээлгэн өгч, 2020 оны 11 сарын 06-ны өдөр 3,853,000 төгрөгийн нэхэмжлэхийг А ХХК-д хүргүүлсэн. Улмаар 2 дугаар шатны ажил болох цонхны амлагаа шавар хийх, ханын цагаан замаск 2 үе хийх, хананд грунт хийх, залгаас чигжээс хийх /гипс/, заагч наагч хийх ажлуудыг эхлүүлж, гүйцэтгэж байсан. Гэтэл хариуцагч Алтай орд ХХК нь гэрээний дагуу 3,853,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байтал ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр бүрэн олголгүй, 7 хоног хугацаа хэтрүүлэн 2020 оны 11 сарын 13-ны өдөр 1,980,550 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр эхэлсэн бөгөөд ажилтнуудын ажлын хөлс, заслын ажилд ашиглагдах багаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгслийг урьдчилан гаргасан байсан. Мөн хариуцагч А ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, ажлын байраар хангаагүй. Гэрэлтүүлэг байхгүй, халаалтгүй, цонх нь онгорхой барилга байсан. Монгол улсын норм дүрмээр тэгшилгээ, шаврын ажлыг +5 градусаас дээш температурт гүйцэтгэдэг, гэтэл тухайн үед цас, бороо орж хүйтэн болсон, бид ийм асуудал байгаа гэдгийг албан бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Ажлыг хийх урьдчилсан бэлтгэлийг зохион байгуулаагүй, заслын ажил гүйцэтгэх үе шатны ажлын мэдээлэл буюу заслын ажлын зураг, ажлын гүйцэтгэлийн дараалал, технологийн даалгавар өгөөгүйгээс сул зогсож, хагас өдрөөр ажилласан. Түүнчлэн барилгын дотор заслын эхний ажил болох хана, тааз, шатны ротбанд шаврын ажил хийгдэх явцад тухайн ажлын өмнөх ажил буюу ханын бетон цутгалтын ажил нь барилгын норм дүрэм зөрчиж, доголдолтой хийгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал 176 м.кв ажлыг буюу 1,936,000 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийсэн. Мөн гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд гэрээгээр тохиролцоогүй ажлууд буюу үйлчлэгчийн өрөө, цонх, В1 гарааш, 1 давхрын 00 өрөөний хананд молдок хийсэн, 2 давхрын өрөө, мастер ариун цэврийн өрөө, гонх, ариун цэврийн өрөөний гипсний шруп дутуу хийгдсэнийг чангалах ажлуудыг гүйцэтгэж 1,575,000 төгрөгийн нэмэлт ажлын хөлс гарсан. Хариуцагч ажлын хөлсийг дутуу олгосон, түүнчлэн Засгийн газар, улсын онцгой комиссоос Ковид-19-тэй холбоотой хөл хорио тогтоосон тул барилгын ажил зогссон. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс 4,213,950 төгрөг, нэмэлт ажлын хөлс хохирол 1,575,000 төгрөг, нийт 5,788,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК нь ЭС ХХК-тай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгайд байрлах Каса да Винчи амины орон сууцны төслийн барилгын дотор засал, чимэглэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Төслийн барилгын талбайд манай компанитай зэрэгцэн 5, 6 компани ажилласан. Барилгын үндсэн бүрэн цутгамал төмөр бетон хийцийг өөр компаниуд гүйцэтгэсний дараа дотор заслын ажлыг манай компани гүйцэтгэдэг. Бид заслын ажил гүйцэтгэхээр барилга нэмж авахдаа барилгуудын бетон хийцийн алдааг захиалагчийн бетон хийц хариуцаж хийлгэсэн угсралтын инженер, заслын ажил хариуцах инженерүүдийн хамт байлцаж шалгаж хүлээж авдаг. Захиалагчийн талаас хүлээлгэн өгч байгаа барилгаас норм дүрэм зөрчсөн, хазайлттай барилга байгаагүй. Барилгын үе шатны ажил бүр дээр захиалагч ЭС ХХК-ийн инженерийн баг хяналт хийж ажилладаг. Барилгын дотор даацын ханууд дээгүүр, доогуураа хэв цүлхийсэн, хэмжээнээс бага зэрэг савсан тохиолдол гардаг ч тусгай зориулалтын өндөр чанартай бэлдцээр шавардаж тэгшилж алдааг засаж, хана таазны гадаргуун тэгш хэмт байдлыг хангадаг. Төслийн *** дүгээр барилгын дотор заслын ажилд өмнө нь ажиллаж байсан бригадын ахлагч ажлыг төлөвлөгөөт хугацаандаа хийлгүй, ажил хаяж явсан ба хийгдэх ажил нь дутуу байсан тул бид цахим орчинд зар тавьснаар С ХХК-ийн захирал Т.Энхчимэг уулзан тухайн компаниар ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээнд өөрчлөлт тусгахдаа өөрийнх нь төлөвлөсөн гэх файлаас харж хэмжих хэрэгслийн элэгдэл хорогдол, түргэн элэгддэг гар багаж хэрэгслийн үнийг тооцож оруулаад заслын ажлын нэгж үнээ өмнөх гэрээний үнүүдээс өсгөсөн. Дахин багаж хэрэгслийг ерөнхий гүйцэтгэгчээс нэхэхгүй, туслан гүйцэтгэгч ханган ажиллахаар болсон. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэгслийн үнийг тусад нь нэмж өгөөч гэж тусгуулсан. С ХХК нь шинэ байгуулагдсан, барилгын тусгай зөвшөөрөл авч амжаагүй, хөөцөлдөж байгаа гэсэн тул бид тусгай зөвшөөрөлтэй ерөнхий гүйцэтгэгчийн хувьд бүх шатанд өөрсдөө хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Гэрээнд ажил хийж гүйцэтгэсний дараа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг тооцно гэж заасан. Гэтэл дутуу ажил дээрээ акт үйлдсэн байна. Манай компанийн 3 инженер очиж ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг байсан. ЭС ХХК-ийн зүгээс барилгын түр халаалтыг тосолоор халаах цахилгаан тогоогоор шийдэж өгөх хүртэл 10 орчим хоног өдрийн нарны тусгалтай цагаар ажиллаж өнгөрөөж байсан ч манай бусад барилга болон өөр компанийн барилгууд асуудалгүй ажиллаж байсан. Нэхэмжлэгч ажил хаяж явахдаа ажил хүлээлцээгүй ба өмнө нь ямар ч ажил хүлээлцэх акт үйлдээгүй болно. Манай компанийн инженер Д.Батсуурь, Г.Батбаяр, С ХХК-ийн захирал Т.Энхчимэг, түүний нөхөр нар байлцаж хэмжилт хийсэн бөгөөд гэрээнд заагдсан ротбандын хэмжээ 209 м.кв-аас илүү 220 м.кв байна гэж тооцсон. Зөвхөн ротбанд тэгшилгээ шавардлага хийгдэх гадаргууд хөрсжүүлэгч буюу грунт хийгдэх тул ротбанд хийгдсэн ажлын хэмжилт тохиролцсон тоо хэмжээгээр грунтын ажлын тоо хэмжээг гаргах боломжтой. Таазны ажил руу орж хийгээгүй, бусад ажил өмнө хийгдсэн байсан дээр нэмэгдэж нийт хэмжээгээр 20 м.кв хүрэхгүй талбайд энд тэнд цоохорлож хийх гэж оролдсон боловч гологдоод цааш хийлгүй орхиж явсан. Далд ажил бүрэн хийгдээгүй, үнэлэх түвшинд хүрээгүй. Ажлын 13,7 хувь буюу 2,640,000 төгрөгийн ажил хийгдсэн гэж үзэн хөдөлмөрийн аюулгүй байдлын зардалд 75,350 төгрөг, нийт 2,715,350 төгрөг болсон. С ХХК ажилчдын хоолыг өөрсдөө хариуцахаар байсан ч А ХХК-ийн нэр дээр хоолны тооцоо гаргасныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлээс 38 хүний хоолны мөнгө 407,000 төгрөг, 4 ажлын хувцас, инженерийн хүрмийн мөнгө 327,800 төгрөг хасагдах ёстой. Хоёр компанийн хийсэн гэрээнд ажлын урьдчилгааг хана, тааз, цонхны амлагаа бүрэн хийгдэж дууссаны дараа 3,853,000 төгрөг өгнө гэж заасан. Гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил хийлгээгүй, хийсэн ажлаа бид нэмэлт ажил хийсэн гэж тайлбар хэлж байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа сул зогссон цаг ямар ч үндэслэл байхгүй, үүнийг Номин компанийн инженер, тухайн үед манай компанид ажиллаж байсан инженер батална. Манай компани хийсэн ажилд нь тохируулаад мөнгийг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч А ХХК-аас 3,793,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,995,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 75,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: А ХХК нь 2020 оны 9 сарын 21-ний өдөр С ХХК-тай ЭС" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо арцатын задгайд байрлах Каса Да Винчи амины орон сууцны төслийн *** дүгээр хаусны дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгэж түлхүүр хүлээлцэхээр туслан гүйцэтгэгчээр сонгож 05/20 тоот гэрээ байгуулж ажилласан. Гэрээний ажил гүйцэтгэж эхэлмэгц уг С ХХК-ийн зүгээс барилгын ажлын наад захын шаардлага хангах хүн хүчгүй, мэргэжлийн инженер техникийн ажилчингүй асуудал үүсгэж эхэлсэн. Манай компанийн ерөнхий инженер, туслах инженер барилгын талбайд газар дээр нь зааварчилгаа өгч цаг алдахгүй байх үүднээс хамтран ажиллах гэж хичээж байсан ч уг компанийн удирдлагууд 2020 оны 11 сарын 05-ны өдөр ажил хаяж, өөрсдийн багаж хэрэгслээ авч явсан байдаг. Маргааш өглөө 10 цагийн үед манай инженерийн техникийн ажилчдын өрөөнд илүү мөнгө тооцсон буюу 3,853,000 төгрөг нэхсэн нэхэмжлэлээ өгөөд ажил хаяж байгаагаа хэлэлгүй явсан байсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээгээр заасан урьдчилгаа мөнгө авах ажлаа гүйцэтгээгүй. Улсын онцгой комиссоос 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоон, барилгын бүх ажил зогссон. Анхан шатны шүүх хуурамч баримтыг үндэслэл болгон, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж буруу шийдвэр гаргасан. Гэрээнд заасан урьдчилгаа авах хэмжээний үе шатны ажлаа маш удаан гүйцэтгэчхээд биднийг хэл амаар дарамталж захиалагч талын өмнө эвгүй байдалд оруулж байсан тул бид эхний шатанд тоо хэмжээг гаргахаар болсон ба манай туслах инженер н.Батбаяр хувийн ажлын дэвтэртээ тоо хэмжээг бичсэн байдаг. Энэ үед С ХХК-ний захирал хамт явж хэмжилт хийсэн. Хэрэв ажил хаяж биднийг цаг хугацаагаар хохироох гэж байгааг мэдсэн бол бид зөрчилтэй ажил дээр хэмжилт хийх шаардлагагүй, тэдэнд мөнгө олгох үндэслэлгүй байсан. Мөн С ХХК-ийн захирал ажил бүрэн дуусаж чанарын доголдолгүй ажил гүйцэтгэснийг батлах хавсралт ажлын зургуудтай үйлдэж улсын архивт хадгалах, улсын комисст хүлээлгэн өгдөг хууль ёсны актын гарын үсэг зурах хүний тоог дутуу үйлдсэн, заслын ажлын зураг үйлдсэн зургийн хяналтын архитектор инженер эцэслэн баталдаг актыг хувийн зорилгоор буруу нөхцөлд ашиглаж, манайд түр ажиллаад гарсан инженертэй хамт бидэнд акт үйлдсэнээ мэдэгдэлгүйгээр гарын үсэг зуруулаад, дээр нь өөрөө хийсэн ажлын тоо хэмжээг бичсэн, үе шатны ажил бүрэн дууссаныг гэрчлэх хавсралт зураггүй зөрчилтэй актыг шүүхэд өгсөн байсан. Манайд түр ажиллаад гарсан инженер актанд гарын үсэг зураагүй гэж хэлж шүүх хуралд оролцож мэдүүлэг өгч байсан ч гарын үсэг зурсан нь батлагдсан. Талууд гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг 550,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх С ХХК-ийн ажилчдын хоолны мөнгийг бүртгэлийг эх хувиар хавсаргасан байхад хасаж тооцоогүй. Захиалагч талаас ерөнхий гүйцэтгэгч компанийн нэр логотой хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлын хувцсыг туслан гүйцэтгэгч нар өмсөж ажиллах ёстой гэдэг шаардлага тавьсан тул манайхаас бэлэн хувцас авч өмссөн. Хэрэгт хувцас захиалж оёулсан үйлдвэр компанийн нэхэмжлэхийг хавсаргаж, уг компанийн авсан хувцасны тоог тусгаж хүснэгтэлж харуулсан ба нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед олон барилгын ажилд хэд хэдэн ерөнхий гүйцэтгэгч зэрэгцэн ажиллаж байсан. С ХХК хуурамч материал бүрдүүлж өгсөн байсан. Иймд хэргийг дахин хянаж, ЭС ХХК-ийн тэр үед *** дүгээр барилгыг хариуцаж байсан инженер н.Төгөлдөр, манай А ХХК-д ажиллаж байсан инженер н.Батбаяр нарыг гэрчээр дуудаж үнэн бодит байдалд тулгуурлаж шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Уг хэрэг 2020 оны 01 дүгээр сард үүссэн. Энэ хугацаанд хариуцагч талаас эрхээ эдэлж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгч бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй. Шинжээч томилуулж, гэрч асуулгах эрхээ эдлээгүй. Шүүгч шүүх хуралдаан хойшлох бүрд эрх үүргийг нь хангалттай сануулж байсан. Тухайн ажилд хяналт тавьж байсан инженер нь шүүх хуралд оролцохдоо гарын үсэг зураагүй гэж маргасан тул шинжээч томилуулахад гарын үсэг нь мөн байсан. Ажлын тоо хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул инженер гарын үсэг зурсан. Гэрээнд талууд хөдөлмөрийн аюулгүй байдлын зардал 550,000 төгрөг гэж тохиролцсон. Анхан шатны шүүх ажлын тоо хэмжээ хангасан хэмжээгээр хувь тэнцүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг зөв дүгнэсэн. Манай ажилчдын хоолны зардлыг төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хоолны төлбөрийг уг компанийн өмнөөс А ХХК нь нэхэмжлэх эрхгүй. Ханын тоо хэмжээ стандарт бус байсан гэх асуудлын талаар манай талаас хангалттай баримтыг гаргаж өгсөн. Барилгын норм дүрмээр манай ажлын өмнөх шавардлагын бетон зуурмагийн тэгшилгээ нь алдаатай байсанд манай талаас нэмэлт ажил хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 4,213,950 төгрөг, нэмэлт ажлын хөлс 1,575,000 төгрөг, нийт 5,788,950 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. А ХХК болон С ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 05/20 дугаартай ЭС ХХК-ийн Каса да Винчи амины орон сууцны *** дүгээр барилгын 374,5 м.кв талбайтай дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. Зохигчид уг гэрээг байгуулсанд маргаангүй. /1 хх 6-9/

 

3.б. Гэрээгээр гүйцэтгэгч С ХХК нь ЭС ХХК-ийн Каса да Винчи амины орон сууцны *** дүгээр барилгын хананд 209 м.кв ротбанд тэгшилгээ хийх, хаалга, цонхны 31 у/м амлагаа шавар хийх, 229 м.кв залгааны гипс чигжээс хийх, 229 м.кв зааг наагч хийх, 821 м.кв ханын цагаан замаска 2 үе хийх, 821 м.кв зүлгүүр хийх, 1,030 м.кв грунт хийх, 522 м.кв обой наах, таазанд 134 м.кв залгааны гипс чигжээс хийх, 316 м.кв грунт хийх, 134 м.кв зааг наагч хийх, 316 м.кв таазны цагаан замаска 2 үе хийх, 316 м.кв таазанд зүлгүүр хийх, 316 м.кв таазны эмульс 2 үе хийх, 395 м.кв таазны хүрээ хийх ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч А ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын хөлс 19,265,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. /1хх 6-9/

 

А ХХК нь ЭС ХХК-тай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгайд байрлах Каса да Винчи амины орон сууцны төслийн барилгын дотор засал, чимэглэлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох тухайд талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэсэн актад зааснаар гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлж ажлын хөлсийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь ажлыг хийгээгүй, хананы заслын ажлаас 220 м.кв ротбанд тэгшилгээ, 220 м.кв грунт хийж гүйцэтгэсэн, бусад ажил нь хүлээж авах хэмжээнд чанартай хийгдээгүй гэж маргажээ.

 

3.в. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч С ХХК нь гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн, хариуцагч А ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсөнд 1,980,550 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Мөн нэхэмжлэгч С ХХК нь гэрээний дагуу *** дүгээр барилгын 374,5 м.кв талбайд дотор заслын ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэн дуусгаагүй үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч А ХХК нь барилгын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ерөнхий захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

3.г. Зохигчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 05/20 дугаартай гэрээний 2.3-т гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, урьдчилан төлсөн төлбөр, учирсан зардал, хохирлоо нэхэмжлэн авах эрхтэй, 2.4-т Ажлыг хүлээн авах үед эсвэл гомдлын шаардлага гаргах хугацаанд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл дутагдалтай, холбогдох чанарын шаардлага хангахгүй, доголдол илэрсэн гэж захиалагч үзвэл гүйцэтгэгчид хугацаа тогтоон өгч, гүйцэтгэлийг өөрийн зардлаар засах буюу шинээр дахин гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар заасан.

 

4. Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцахыг мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсэгт заасан.

 

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн заслын ажил гүйцэтгэсэн акт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан үнэлж нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 3,793,450 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,995,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Учир нь нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэснээ фото зургийн үзүүлэлтүүд, тайлбар, акт зэрэг баримтуудаар нотолсон, хариуцагч дээрх баримтуудыг үгүйсгэж няцаасан баримт гаргаагүй, ажлын үр дүнг захиалагчид ерөнхий гүйцэтгэгч хүлээлгэн өгсөн, ажлын үр дүнгийн доголдлын талаар шаардлага гаргаж байсан гэх баримтгүй зэргээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/03585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД