Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: Ц.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэн-Ишийн Болормаад холбогдох эрүүгийн 1709005260033 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:      

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булаг, Аргалант гудамжны 20-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, КД83052309 регистерийн дугаартай, Рэгзэдмаа овогт Цэдэн-Ишийн Болормаа.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Туушин” зочид буудлын автомашины зогсоолд иргэн Б.Оюунцэцэгээс охин Э.Сарангэрэлийг “Малайз улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна” гэж худал хэлж 2.000.000 төгрөг, Ц.Эрдэнэчимэгээс хүү У.Цэнд-Аюушийг “Малайз улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна” гэж худал хэлж 2.000.000 төгрөг, 2016 оны 06 сарын 22-ны өдөр Ц.Шижирмаагийн 5103010755 тоот дансаар дамжуулж 1.000.000 төгрөг үргэлжилсэн үйлдлээр залин авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

            Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Оюунцэцэг /хх-ийн 19-21/, Ц.Эрдэнэчимэг /хх-ийн 52-53/, гэрч Б.Саруулмаа /хх-ийн 26/, Р.Мөнхцэцэг /хх-ийн 28/, Ц.Б /хх-ийн 24/ нарын мэдүүлэг, Ц.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/, Ц.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-39, 68-70/, хохирлын мөнгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн  80-82/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Болормаа нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Малайз улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна” хэмээн ямар нэгэн баталгаагүй амлалт өгч иргэдийг итгүүлэн үнэмшүүлж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Туушин” зочид буудлын автомашины зогсоол дээр Б.Оюунцэцэгээс “охин Э.Сарангэрэлийг нь “Малайз улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна” гэж 2.000.000 төгрөгийг, Ц.Эрдэнэчимэгээс “хүү У.Цэнд-Аюушийг нь “Малайз улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна” гэж 2.000.000 төгрөгийг, 2016 оны 06 сарын 22-ны өдөр Ц.Шижирмаагийн 5103010755 тоот дансаар дамжуулж 1.000.000 төгрөгийг нь үргэлжилсэн үйлдлээр залилан авсан болох нь:

 

хохирогч Б.Оюунцэцэгийн /хх-ийн 20-21/: “... 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай хамаатан Болормаа нь чатаар холбогдоод “Малайзын 100 хувийн тэтгэлэгтэй сургууль байна. Та сонирхвол 88084978 дугаарын утсаар надтай холбогдоорой” гэж хэлсэн. Би 88084978 дугаарын утсаар холбогдоод “ямар сургууль байгаа юм бэ? Төлбөр нь хэд вэ” гэж асуухад Болормаа “Малайзын 100 хувийн тэтгэлэгтэй сургууль байна, төлбөр болон бүх юм нь ороод 3.000.000 төгрөг” гэж хариулсан. Би түүнд “одоо надад 3.000.000 төгрөг өгөх боломж байхгүй” гэхэд Болормаа “эхлээд 2.000.000 төгрөгийг нь бэлнээр авч ирээд өгчих, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны үед өгч болно” гэж хэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Сарангэрэлийн 8 дугаар анги төгссөн гэрчилгээг англи хэл дээр орчуулаад, гадаад паспортын хамт бэлэн 2.000.000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг Болормаа өөрөө тоолж авсан. Хажууд Мөнхцэцэг /88084978/ гэдэг эмэгтэй хамт байсан. Түүний дараа нь Эрдэнэчимэг гэх эмэгтэй миний адил өөрийн хүү Цэнд-Аюушийг явуулахын тулд 2.000.000 төгрөгийг Болормаад өгөхөд Мөнхцэцэг нь хамт тоолоод авсан. Бид нар хаана, ямар сургууль байдаг талаар асууж, цаашид ямар чиглэлээр сурдаг талаар асуухад Болормаа болон Мөнхцэцэг нар нь хоёулаа “бизнесийн удирдлагын анги байгаа” гэж хариулсан. Ингээд бид нар салсан бөгөөд утасны дугаарыг нь аваад Дундговь аймаг руу буцсан. Цэнд-Аюушийн эх Эрдэнэчимэг нь “хүүхдийн хувиар юу боловоо” гээд 2-3 удаа Болормаагаас асуухад Болормаа “санаа зоволтгүй, бид нар хүүхдийн амьдралаар тоглох хүмүүс биш” гэж хэлсэн гэсэн. Эрдэнэчимэгийн хүү Цэнд-Аюуш сургуулийн хувиар аваагүй гэсэн ба чимээгүй байгаад байна гээд 2017 оны 07 дугаар сарын 10-ны орчим Болормаатай ярихад “2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим виз нь гарна” гэж хэлж байснаа гэнэт “нөгөө асуудал чинь хойшлогдоод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний үед хичээл нь эхлэхээр болсон шүү” гэж надад хэлсэн. Тэгээд би худлаа боллоо гэж бодоод нааш, цааш асуусан чинь миний асуусан хүмүүс “Малайзад хүүхэд сургадаг гэрээ байхгүй” гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 18-ны үед Болормаад би “охиноо явуулахаа болилоо” гэж хэлэхэд Болормаа “асуудалгүй шүү дээ, би өөр хүн явуулаад таны мөнгийг буцаагаад гаргаад өгнө” гэж хариулсан. Тэгээд дахин 2017 оны 07 дугаар сарын 20-ноос хойш Болормаагийн 88084978 дугаарын утасруу ярихад Мөнхцэцэг нь аваад “энэ Болормаагийн дугаар бишээ, та Болормаатай өөртэй нь ярь” гэж хэлээд 88836022 гэсэн дугаар өгсөн. Би тэгээд 88836022 дугаарын утсаар Болормаатай ярьсан чинь “хасалт хийж болмооргүй юм шиг байна, дүү нь хөөцөлдөнө өө” гэж надад хэлсэн. ... Би болон Эрдэнэчимэг бид нар хугацаа нь хойшилсон учир худлаа юм байна гэж бодсон. Тэгээд хүнээс сурагласан чинь “Боловсролын яамнаас ийм гэрээ хийгддэггүй” гэж хэлсэн учир залилсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлгээр,

хохирогч Ц.Эрдэнэчимэгийн /хх-ийн 52-53/: “... 2017 оны 06 дугаар 20-ны орчимд манай найз Оюунаа “манай хүү Малайз руу явахаар сонирхож байна” гэхээр нь би “манай хүү Цэнд-Аюушийг хамт, ханиндаа явуулъя, чиний таньдаг хүн юм чинь найдвартай байлгүй” гэж хэлээд маргааш нь Дундговь аймгаас Улаанбаатар хотод ирээд Болормаа гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн “Туушин” зочид буудлын урд талын авто машины зогсоол дээр 37-08 УНР дугаартай машин дотор уулзаад 2.000.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед Болормаа  “мөнгөө өгчих юм бол визэнд оруулаад бүртгэлд оруулна” гэж хэлээд байсан. Бид судлаагүй шууд өгөөд маргааш нь дутуу 1.000.000 төгрөгийг өгөх болсон. Болормаа нэг данс надад өгсөн бөгөөд уг мөнгийг хийх гэсэн чинь өөр хүний нэр гараад ирэхээр нь Болормаа гэх хүний утсаар яриад “өөр хүний дансны дугаар байна” гэж хэлсэн чинь “наадах чинь хил дээр байгаа хүний дансны дугаар” гэж хэлэхээр нь итгээд явуулсан. Тэгээд би хүүхдээ явуулах юм байх гэж бодоод хүлээгээд байж байсан. Удаад байхаар нь Боловсролын яамнаас очиж хүнээс асуусан чинь “худлаа тийм юм байхгүй” гэж хэлсэн. Болормаа нь “Боловсролын системээр 15 хүүхэд авч байгаа” гээд байсан. Гадаад паспорт авсан. Эцсийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэхэд очсон, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний үед хичээл эхлэнэ” гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

арван найман насанд хүрээгүй гэрч У.Цэнд-Аюушийн /хх-ийн 55/: “... 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай ээжийн найз Оюунаа нь “манай охин Сараа  Малайз улс руу явж байгаа ...” гэж хэлсэн. Би тэр үед “хамт явъя” гэж хэлээд ээж, аавтайгаа ярилцаж Оюунаа эгч найдвартай байх гэж бодоод маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Туушин” компаний урд 37-08 УНР дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн автомашин дотор Болормаа эгчтэй уулзаад тэр хавьд байсан нотариатын газар орж би өөрийн бичиг баримтаа Болормаа эгчид канондаж өгөөд цааш зах яваад буцаад хүрээд ирсэн чинь манай ээж Эрдэнэчимэг, эгч нар тус тус 2.000.000 төгрөгийг Болормаа эгчид бэлнээр өгсөн байсан. Тэгээд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг маргааш нь буюу 2017 оны 06  дугаар сарын 22-ны өдөр 51030010755 дугаарын дансруу шилжүүлэх гэтэл Шижиртэй нэр байхаар нь Болормаа эгч рүү утасдаад “өөр хүний данс байна” гэж хэлэхэд Болормаа эгч “наадах чинь хил дээр байдаг хүний данс байгаа юм, зүгээр шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд хувиар авахын өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний орчим Болормаа эгч рүү яриад “хувиараа авах уу” гэж асуухад Болормаа эгч “би тэгж хүний амьдралаар тоглодог хүн бишээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Саруулмаагийн /хх-ийн 60/: “...Малайз улс руу 100 хувийн тэтгэлэгтэй 15 хүүхдийг явуулах гэж байгаа асуудал байхгүй. Болормаа гэдэг хүнийг мэдэхгүй. Би он, сарыг нь сайн санахгүй байна. Наадмын өмнө манай ажил дээр Болороо ирээд “надад хоёр хүүхдийн материал 1.500.000 төгрөг байгаа” гэж хэлээд нэвт харагддаг А4-ийн хэмжээтэй гялгар хавтасанд хийж өгсөн. Гялгар уутанд байсан материал болон мөнгө зэргийг тоолоогүй шургуулганд хийгээд байлгаж байсан ба наадмын үер Болороо нь надруу яриад “би мөнгө болон бичиг баримтаа авмаар байна” гэж ярьсан. Би тэр үед “баярын амралтаа авсан байгаа, манай ажлын шургуулганд байгаа, би өөрөөсөө мөнгийг чинь өгье” гэж хэлсэн чинь тэр оройдоо манай гэрт ирж бэлнээр 1.500.000 төгрөгийг аваад бичиг баримтаа наадмын амралтын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны орчимд ирж авсан. Надад Болормаа нь “суруульд хүүхэд явуулаад өгөөч” гэж хэлсэн. Би нөгөө талд буюу Малайз улсын Абухарийн их сургуультай холбогдсон чинь “энэ жил тэтгэлэг дууссан, ирэх жил өдийд явах боломжтой” гэж хэлсэн. Би Болороод бүтэн жил болох юм байна гэсэн чинь “авъя” гэж хэлсэн. Би буцаагаад мөнгө болон бичиг баримтыг нь өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Бгийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 58/: “... 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Малайз улсад байрлах сургуульд өөрийн хамаатан Сарангэрэл, өөр нэг эрэгтэй хүүхдийг зуучилж өгсөн. Би одоо тус сургуулийн нэрийг санахгүй байна. Зуучлалын хөлс гэж Сарангэрэлийн мөнгө 2.000.000 төгрөг, нөгөө эрэгтэй хүүхдийн мөнгө 3.000.000 төгрөгийг тус тус 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Туушин” зочид буудлын урд талд 3708 гэсэн “Приус-20” маркийн машин дотор Оюунцэцэг, эрэгтэй хүүхдийн ээж Эрдэнэчимэг нараас авсан. Энэ хүүхдүүдийг явуулах хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байсан боловч хойшлоод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Малайз улс руу сургах 15 хүүхдийг явуулна гэсэн шийдвэр гарсан байсан. Энэ талаар Эрдэнэчимэг болон Оюунцэцэг нарт хэлсэн боловч ойлгохгүй, хүлээж авахгүй байсан. Малайз улсын сургуулийн төлөөлөгч нь “Туушин” зочид буудлын маркетингийн захирал Саруул гэх хүнд зуучилж өгсөн. Саруул нь “манай улсаас Малайз улсад сургуульд энэ жил 100 хувийн тэтгэлэгтэй 15 хүүхэд суралцуулах эрх ирсэн. Би өөрийн дүүг явуулсан, чамайг явуулах боломж байгаа” гэж надад хэлсэн. Сарангэрэл болон Эрдэнэчимэгийн хүүгийнх нь гадаад паспортыг өөрсдөд нь өгсөн. Виз одоогоор гараагүй байгаа. Оюунцэцэгээс 2.000.000 төгрөг, Эрдэнэчимэгээс 3.000.000 төгрөг тус тус авсан. Саруулд сургууулийн бүртгэлийн хураамж гээд 1.500.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Туушин” зочид буудалд өгсөн. Харин бусад мөнгийг хүмүүстэй хоолонд орсон...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 88/: “...Би Оюунцэцэгээс 2.000.000 төрөг, Эрдэнэчимэгээс 3.000.000 төгрөгийг “хүүхдүүдийг нь Малайз улс руу тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн нийт 5.000.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг би өөртөө зарцуулаад дууссан ба Мөнгөнцэцэг нэг ч төгрөг аваагүй. Харин Саруулмаагаас 1.500.000 төгрөгийг бичиг баримтын хамтаар буцаагаад авсан асуудал байгаа. Надад хэн нэгэнтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр болон хохирлын мөнгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн  80-82/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.

 

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Ц.Болормаагийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь “Малайз улсад Засгийн газрын тэтгэлэгээр баталгаатай сургуульд явуулж өгнө” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зориуд зохиомол худал амлалт өгч, мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

            Иймээс шүүгдэгч Ц.Бгийн бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

Ц.Болормаа нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан (хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн) тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно. 

 

Иймд прокуророос шүүгдэгч Ц.Болормаагийн үйлдсэн гэмт хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Оюунцэцэгт 2.000.000 төгрөгийн, Ц.Эрдэнэчимэгт 3.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Рэгзэдмаа овогт Цэдэн-Ишийн Болормааг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хэргийн шүүгдэгч Ц.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ