| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/02149/И |
| Дугаар | 192/ШШ2026/06332 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2026/06332
2026 06 04 192/ШШ2026/06332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Кекүшю тауэр, 1301 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД:*******/-ид холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* дүүрэг, 20 дугаар хороо, 7 дугаар байр, 57 тоот хаягт бүртгэлтэй “*******” ХХК/РД:*******/,
******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие “*******” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орон сууц захиалах гэрээг байгуулж, тус гэрээгээ ******* дүүрэг, 11 дүгээр хороо, Хан-Түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 давхарт 802 тоот хаягт байршилтай, 90,32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 194,188,000 төгрөгөөр захиалсан болно. Тухайн орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь төлсөн, гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэрчилгээ авах, түүнтэй холбоотой зардлыг миний бие төлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар харилцан тохиролцсон. ******* миний бие уг орон сууцандаа 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орж, байраа хүлээн авч, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдарч байна. Гэтэл “*******” ХХК нь хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбарыг удаа дараа, өнөөдрийг хүртэл надад тайлбарласаар байна. Гэвч тухайн компанийн хувьцаа эзэмшигч нарын маргаан нэхэмжлэгч надад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч миний эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болж, өмчлөх эрх зөрчигдөөд байна. Хариуцагч тал орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэрчилгээ авах, түүнтэй холбоотой зардлыг манай зүгээс төлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар харилцан тохиролцсон. Бидний хувьд орон сууцандаа 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орж, байраа хүлээн авч, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдарч байна. Байрандаа ороод 10 жил амьдарсан, хэрэглээний зардал төлж байсан бүх баримтууд байгаа. “*******” ХХК нь хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэдэг тайлбар өгдөг. Компанийн хувьцаа эзэмшигч нарын маргаан бид нарын хооронд хийгдсэн гэрээнд ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. Гэвч хариуцагч тал үүргээ биелүүлээгүй учраас бид шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж *******г ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэв.
2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно. Хэргийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Манай компани зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Манай зүгээс барилгын ажлыг 100 хувь дуусгаж, дотор заслыг нь хийсэн. Хүн амьдарч болох бүх нөхцөл байдлыг хангаж, шаардлагыг хангасан байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа гол шалтгаан нь хувьцаа эзэмшигч нарын хоорондох асуудлын улмаас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд саад учруулсан. Гэрээний дагуу хэн аль нь үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал төлбөрөө 100 хувь төлсөн. Манай зүгээс зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлж, нэхэмжлэгчид байраа хүлээлгэж өгсөн. Одоо тухайн байрыг эзэмшиж, ашиглаж байгаа учраас талуудын хооронд маргаан байхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин хувьцаа эзэмшигч нарын хоорондох асуудал бол нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчих, саад болох үндэслэлгүй учраас шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3. Нотлох баримтууд:
3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 4/, кассын орлогын ордер/хх 5/, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №301-802 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар/хх 6-8/, Ашиглагч айл өрхүүдтэй эд хөрөнгө хүлээлцсэн акт/хх 9/, “*******” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолт/хх 11 тал/, “*******” ХХК-ийн санхүүгийн баримт/хх 12/, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 13/, итгэмжлэл/хх 14, 131/ зэргийг,
3.2.Хариуцагч талаас итгэмжлэл/хх 16, 78-79/, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм/хх 25-27/, хариу тайлбар/хх 28/, хариуцагчийн төлөөлөгч Ч.Бээжинхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 94/, тооцоо нийлсэн акт/хх 122/ зэргийг,
3.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-иас гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт/хх 41/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар/хх 42-46/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар/хх 47/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4-168/10210 дугаар тодорхойлолт/хх 48/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа/хх 49-50/, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаартай тогтоолын хуулбар/хх 51-55/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар/хх 56-60/, итгэмжлэл/72/ зэрэг нотлох баримтыг тус тус гарган өгсөн,
3.4.Шүүхийн журмаар ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16-6/446 дугаар албан бичиг/хх 32/ нотлох баримт бүрдсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-ид холбогдуулан ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхоны 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
5. *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04118 дугаартай захирамжаар тус иргэний хэрэгт ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг хариуцагч “*******” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/27224 дугаартай захирамжаар “...“*******” ХХК-иас тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлснийг шийдвэрлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн...” үндэслэлээр 192/ШШ2025/04118 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх үргэлжлүүлсэн явуулсан.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...“*******” ХХК-ийг өөрийнх нь хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн төлөөлөгч Ч.Бээжинхүү шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан тул зохигч талуудын хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түүний эзгүйд үргэлжлүүлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Шүүх нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9. Дараах үйл баримтууд тогтоогдов.
9.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №301-802 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч тал гэрээнд заасан 1 м.кв-ын үнийг 2,150,000 төгрөгөөр тооцон нийт 194,188,000 төгрөгийг төлж, өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон./хавтаст хэргийн 6-9 дугаар тал/
9.2.Тус орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч ******* нь гэрээ байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 194,188,000 төгрөгийг бэлнээр төлж төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, талууд тооцооны үлдэгдэлгүй болох нь тогтоогддог./хавтаст хэргийн 5, 122 дугаар тал/
Иймээс маргаан бүхий 3 өрөө орон сууцны үнэд 194,188,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдов.
10.Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараас үзэхэд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******г маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлтэй байна.
11.Дээрх үйл баримт, тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм.
12.Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
13.Зохигч талууд маргаан бүхий орон сууцыг давхар өмчлөгч эзэмшигч байхгүй, гагцхүү газрын маргаантай асуудал шүүхээр маргаж байгаа тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дах хэсэгт зааснаар ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
14. Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаа, өмчлөх эрх шилжүүлэх, шилжүүлэн авах эрх, үүргийн хүрээнд “*******” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул *******г тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн.
Энэ нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдав.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,199,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,199,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***-г ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтаар хангахыг хариуцагч “*******” ХХК-ид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,199,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,199,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон үеэс хүчинтэй, мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба хүргүүлэх бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***