| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0701/Э |
| Дугаар | 726 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;
улсын яллагч: Н.Уранбайгаль;
хохирогч: Ч.Наранцэцэг;
шүүгдэгч: Ж.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъянгийн Эрдэнэхүүд холбогдох эрүүгийн 1803005770279 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, “Талх чихэр” ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Зв хэсэг Улиастайн гудамж 623 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЛЮ88081992 регистерийн дугаартай, Хатиган овогт Жамъянгийн Эрдэнэхүү.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Хүннү” зочид буудлын урд замд 2018 оны 06 дугаар сарын 30-ны оройн 18 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 74-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч / 42 настай, эмэгтэй/ Ч.Наранцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд “Сэлбэ” гүүрээр гараад хойшоо шороон зам руу эргэх байсан боловч анзаарахгүй өнгөрсөн. Тэгээд “Хүннү” зочид буудлын хажуу талд замын хөдөлгөөн багасахыг хүлээсэн. Замын хөдөлгөөн багасч машингүй болонгуут ухрах үедээ хохирогч Наранцэцэгийг мөргөж гэмтээсэн. Мөргөсний дараа хохирогч Наранцэцэгийг шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт очсоны дараа цагдаад мэдэгдсэн. Хохирогчийн гарыг гипсдүүлсний дараа би цагдаад мэдүүлэг өгсөн. Тэгээд хэмжилт хийлгэхээр хэрэг гарсан газарт очсон. Тухайн үед айж сандарсан учраас эхлээд цагдаа дуудахгүй шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Наранцэцэг мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Машинд мөргүүлснээс хойш ажил хийж чадаагүй. Би дөрвөн хүүхэд тэжээдэг. Миний гар сайн эдгээгүй. Би цалингийн зээлээ төлөх гээд шүүгдэгч Ж.Эгээс 200.000 төгрөг өгөөч гэж гуйхад чадахгүй шүүхдээд ав гэж хэлсэн. Эмчилгээний зардалд 243.600 төгрөг авсан. Гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-8/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10/, хохирол төлсөн баримт /хх-ийн 59/, хохирогч Ч.Наранцэцэг /хх-ийн 21-22/, гэрч А.Амартүвшин /хх-ийн 58/ нарын мэдүүлэг, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-29/, хохиролын баримтууд /хх-ийн 30-34, 63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8271 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 37-38/, Ж.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, Ж.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-57/, хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 59/, хохирогч Ч.Наранцэцэгийн хүсэлт /хх-ийн 64/, шинээр өгсөн хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.Э нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны оройн 18 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Хүннү” зочид буудлын урд замд “Тоёота Приус” маркийн 74-16 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ухрах үйлдэл хийж явган зорчигч Ч.Наранцэцэгийг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулан, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Ч.Наранцэцэгийн /хх-ийн 21-22/: “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутагт “Хүннү” зочид буудлын зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Тухайн орой замаар машины хөдөлгөөн байхгүй байсан. Би баруунаас зүүн тийшээ явдаг урсгалыг зам хөндлөн гараад зүүнээс баруун тийшээгээ явдаг машины урсгалаар зам хөндлөн гарч яваад 1 дүгээр эгнээнд ороод явган хүний зам руу орох гэж байх үед миний зүүн гар талд зогсож байсан Приус маркийн автомашин гэнэт хойшоогоо ухраад миний зүүн хажуу талаас мөргөж унагасан. Машин тэр газраа зогсоод машинаас 3-4 хүн гарч ирсэн. Би унахдаа баруун гараа эвгүй болгосон. Жолооч залуу нь гэмтлийн эмнэлэг явъя гэж хэлээд намайг газраас босгож машиндаа суулгаад хөдлөөд явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод гарынхаа зургийг авахуулахад бугуйны ард талаар хугарсан байна гээд шохойдсон. Дараа нь замын цагдаатай хамт яваад хэргийн газарт очиж үзлэг хийсэн.Би автомашинд анх мөргүүлсэн болон унасан гэх газрыг зааж өгсөн, гомдолтой байна, зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан, одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Би 8-22 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байгаа юм...” гэх мэдүүлгээр,
Ж.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед эхнэрийн хамтаар гэрээсээ гараад өөрийнхөө эзэмшлийн 74-16 УНҮ дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод эхнэр, 2 зорчигчийн хамт явсан. Ингээд Баянзүрх дүүргийн нутаг Сэлбэ голын гүүрийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 1 дүгээр эгнээгээр явж байгаад хойшоогоо шороон зам руу эргэх гэж байгаад уг замаа анзааралгүй өнгөрөөд явчихаар нь 1 дүгээр эгнээндээ зогссон. Машины хөдөлгөөнийг харж байгаад машины хөдөлгөөн байхгүй болчихоор нь 2 талынхаа толиндоо хараад хойшоогоо 10 орчим км цагийн хурдтай ухарч байгаад хойд талаараа нэг зүйл мөргөх шиг болсон. Тэгээд машинаас буугаад машины хойд талд яваад очиход нэг эмэгтэй хүн гараа газар тулчихсан байдалтай сууж байсан. Гэмтсэн хүний эмчилгээнд гарсан мөнгө төгрөгийг төлж барагдуулна. Осол миний буруугаас болсон…” гэх мэдүүлгээр,
Ч.Наранцэцэгийн биед “баруун шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн ташаа, шилбэнд цус хуралт, зүүн тавхайнд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8271 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 36/,
“...Т.Приус маркийн 74-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жамъян овогтой Эрдэнэхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...2. Явган зорчигч Чинбатын Наранцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 37-38/ болон 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-8/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10/, хохирол төлсөн баримт /хх-ийн 59/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Эгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны оройн 18 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Хүннү” зочид буудлын урд замд “Тоёота Приус” маркийн 74-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчиж явган зорчигчийг мөргөж хүндэвтэр гэмтээсэн гэж шүүх дүгнэв.
Ж.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед буюу ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдал хангаагүйгээс Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүгдэгч Ж.Эгийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн асуудлын хувьд хохирогч Ц.Наранцэцэг нийт 6.243.500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан нийт 243.500 төгрөгийг шүүгдэгч Ж.Э нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ч.Наранцэцэгийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаархи баримт болон цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Эг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтогц Ж.Эгийн №493047 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хатиган овогт Жамъянгийн Эрдэнэхүүг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эг нийт 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтогц Ж.Эгийн №493047 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
7. Хохирогч Ч.Наранцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг, цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ