Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01936

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01936

 

 

Н ХХК, С.Т-, М.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02622 дугаар шийдвэртэй,

Н ХХК, С.Т-, М.Б- нарын нэхэмжлэлтэй, Ж.Б-ад холбогдох,

Компанийн холбогдох бичиг баримт, тамга тэмдэг гаргуулж, компанид олгохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Аззаяа, Б.Будсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Н ХХК, хувьцаа эзэмшигч С.Т- М.Б- нар нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу хариуцагч Ж.Б-ын хууль бус эзэмшлээс компанийн гэрчилгээ болон холбогдох баримт бичиг, компанийн тэмдгийг гаргуулахаар шаардсан.

Тус компани нь ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2007 онд байгуулагдсан. Н ХХК-ийн хувьцааг Ж.Б- 33.33 хувь, С.Т- 33.33 хувь, М.Б- 33.34 хувиар тус тус эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн 2019 оны хурлаар Ж.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилж байсан.Н ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирал Ж.Б-ыг чөлөөлж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс С.Т-г тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Мөн тус хурлын шийдвэрээр компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, холбогдох бусад баримт бичгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгөхийг Ж.Б-ад, хуульд заасан хугацааны дотор улсын бүртгэлд бүртгүүлэхийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Т- нарт тус тус үүрэг болгож шийдвэрлэсэн.

Компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Ж.Б- нь, хувьцаа эзэмшигчдийн хурлын явцад гүйцэтгэх захирлын ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй, чөлөөлөгдөхөд бэлэн байна гэдэг боловч, гүйцэтгэх захирлыг шинээр сонгох асуудлаар санал хураалтад оролцохоос түдгэлзсэн бөгөөд уг асуудалтай маргахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн Ж.Б- нь дээрх хурлын шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, холбогдох бусад баримт бичгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Т-д хүлээлгэж өгөөгүй байна. Иймээс тамга тэмдэггүй тул Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Т-г гүйцэтгэх захирлаар бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн төдийгүй, Ж.Б- нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт заасныг зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсээр байгаа тул компанийн болон бусад хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн тул тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Компанийг төлөөлөх эрхтэй этгээд энэ нэхэмжлэлийг гаргасан эсэх нь эргэлзээтэй. Хэргийн 7 дугаар талд компанийн лавлагааг хавсаргаж ирүүлсэн. Үүнд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.Б- байдаг. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгээгүй байгаа тухай, ямар хариу бичиг ирүүлсэн байгаа тухай хэрэгт авагдсан. Н ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлаар С.Т-г томилсон шийдвэр хүчин төгөлдөр эсэх.Н ХХК нь 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай компани болон байгуулагдаж, ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг компанид 6364, 7700 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг бөгөөд энэ 2 лицензээс 6364 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглан Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийг анх байгуулсан хүн нь Ж.Б- юм. Яригдаад байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл 1990 оны эхэнд байгуулсан Эрдэнэт алт ХХК-д байж байгаад 2007 онд Н ХХК-д шилжсэн. 2019 оноос өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. 2021 оны 05 сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар С.Т-г гүйцэтгэх захирлаар сонгосон боловч С.Т- нь өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад өөрийгөө гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөгүй. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Мөн зүйлийн 17.9 дэх хэсэгт компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан. Гүйцэтгэх захирал мэтээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. С.Т-гийн гаргаж өгсөн бичиг баримтуудад 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл байдаг. Тухайн хурлын шийдвэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар бүртгүүлж болох бөгөөд мөн компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад болохгүй юм. Гэвч С.Т- нь энэ бүхнээ өнгөрөөчхөөд тамга, гэрчилгээ, надад байгаагүй тул бүртгүүлж чадаагүй гэх нь илт үндэслэл муутай гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас Н ХХК-ийн холбогдох бичиг баримт, тамга, тэмдгийг гаргуулж, Н ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т-д олгохыг даалгаж, нэхэмжлэгч М.Б- хариуцагч Ж.Б-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхэд бичгээр 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар С.Т-г гүйцэтгэх захирлаар сонгосон шийдвэр гарсан боловч С.Т- нь өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөгүй, хариуцагч Ж.Б- нь өнөөдөр тус компанийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа юм. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.9-т зааснаар С.Т- нь тус шийдвэрээ дээр заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэлгүй өнгөрөөж тус хурлын шийдвэр хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд С.Т- хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хугацаагаа хэтрүүлсэн атлаа өөрийгөө гүйцэтгэх захирал мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар өгсөн. Гэтэл миний энэхүү тайлбарыг авч үзэлгүй, тус харилцааны талаар тухайлсан хуулийн заалт байгаа эсэхийг шүүх шалгалгүйгээр шийдвэрлэсэн. Хуулийн этгээдийн өөрчлөлтийн тухай мэдээллийг, он сар өдөртэйгөөр нь бүртгэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4-т заасан. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг орхигдуулж, хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулах баримт бичиг гэдэг нь тус хуульд зааснаар эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр, хуулийн этгээдийн дүрмийг хэлнэ гэсэн байдаг. Иймд гүйцэтгэх захирлыг шинээр томилж байгаа нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж байна гэж шууд ойлгож болно. Хэргийн оролцогчдын гаргасан нэхэмжлэл, тухайн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй, хуульд нийцсэн эсэхийг дутуу шалгаж хэргийн хянан шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилогдсон компанийн гүйцэтгэх удирдлага нь улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч зөрчигдсөн эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх-ээр шаардах эрхтэй гэсэнтэй нийцэж байна гэх дүгнэлт үндэслэлгүй. Энэхүү Иргэний хуулийн заалт нь тус маргаанд хамаарахгүй бөгөөд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль гэж тусгайлан зохицуулсан байхад, шүүхээс тус дүгнэлтийг хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй гэж тодорхойлсон. Гэтэл тайлбараа бичгээр шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Тухайн бичгээр гаргасан тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй гэж шууд үгүйсгэсэн нь шүүх хэргийн оролцогчдын нотлох баримт гаргах, түүнийгээ шүүхээр үнэлүүлэх эрхэнд ноцтой халдаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа гарын үсгээ зуралгүйгээр шүүхэд өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах гомдолд гарын үсэг зурж, баталгаажуулж хүргүүлнэ гэж заасантай нийцэхгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт С.Т- нь гүйцэтгэх захирал болж өөрчлөгдсөн гэх хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Тухайн хүчин төгөлдөр шийдвэртэй хариуцагч талаас маргаагүй. С.Т-г өөрчлөлтөө 15 хоногийн дотор бүртгүүлээгүй гэж үзсэн. Гэтэл С.Т- нь Б.Баасанхандаас удаа дараа тамга, тэмдгийг хүлээлгэж өгч, өөрчлөлтөө бүртгүүлж, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэж шаардсан. Хариуцагч нь өөрөө тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй, шийдвэрийг улсын бүртгэлд зохих ёсны дагуу бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдлыг санаатай бий болгож, шүүхийн шатанд хүрсэн. С.Т-г бүртгүүлээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу албан бичгээр хандаж, бүртгэлийн маягтууд гэх тамгатай бичиг баримт хүлээж авна гэж шаардлага тавьж, гүйцэтгэх захирлаа зохих ёсны дагуу бүртгүүлээгүй байдал үүссэн. С.Т-г гүйцэтгэх захирлаар томилж, тамга тэмдгийг хүлээлгэж өгөхийг Б.Баасанхандад үүрэг болгосон. Б.Баасанханд үүргээ биелүүлэхгүй явсаар байгаад шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж С.Т-гийн шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалт байна. Уг зохицуулалтад үндэслэж, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, шаардлага гаргах эрхтэйг тодорхойлсон. Хариу тайлбар ирүүлээгүй гэж шүүх тодорхойлсны тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбарыг гаргах үүрэгтэй. Хугацаандаа хариу тайлбарыг гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад хариу тайлбараа гаргасан. Улсын бүртгэлд нэхэмжлэгч нь бүртгэлгүй зэрэг асуудлууд нь тухайн хурлын шийдвэр биелэгдэж байж шийдвэрлэгдэнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Н ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Б.Баасанхандын хүлээсэн үүргийг биелүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Б.Баасанханд хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд Улсын бүртгэлд бүртгүүлэх асуудалд яригдах үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК, хувьцаа эзэмшигч М.Б- нар нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу хариуцагч Ж.Б-ын хууль бус эзэмшлээс компанийн гэрчилгээ болон холбогдох баримт бичиг, компанийн тэмдгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Ж.Б-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар, Н ХХК нь Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, МҮЭХ-ны байр, 211 тоотод үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Б- бүртгэлтэй баримт, тус компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй хувьцаа эзэмшигчдийн хурал 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан, уг хурлаар тус компанийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлан, хуулийн ажлын тайлан, санхүүгийн тайлан, хяналтын ажлын тайлан, гүйцэтгэх захирлыг өөрчлөн томилох асуудлыг хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Б-ыг чөлөөлж, С.Т-г томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хэрэгт ирүүлсэн байна. /хх 7-22, 31/

 

3.2. Н ХХК-ийн хувьцааг Ж.Б- 33,33 хувь, С.Т- 33,33 хувь, М.Б- 33,34 хувиар эзэмшдэг тухайд талууд маргаагүй, зохигч нэхэмжлэлийг Н ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан эсэх асуудлаар маргаантай байна.

 

4. Мөн хариуцагч нь дараах агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ. Үүнд:

4.1 С.Т- нь өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад өөрийгөө гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөгүй, Ж.Б- нь тус компанийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа.

 

4.2 Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль болон бусад нарийвчилсан хуулийн заалтыг баримтлаагүй, өөрөөр хэлбэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна.

5.1 Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой, биелүүлэх арга журам нь тодорхой байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох баримт бичгийг хариуцагчаас гаргуулж Н ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т-д олгохоор заасан. Холбогдох баримт бичигт юу юу хамаарах, уг баримт бичиг хариуцагчид байгаа эсэхийг тодруулж зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

 

5.2 Нэхэмжлэгч нь бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд хэргийн 1 дүгээр талд компанийн тэмдэг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүхээс тамга, тэмдэг гаргуулахаар заасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шинжтэй байна. Санхүүгийн тэмдэг гаргуулахаар шаардаж байгаа, эсхүл тамгыг тэмдэгийн хамт гаргуулахаар шаардаж байгааг тодруулах нь зүйтэй юм.

 

6.3 Н ХХК-ийг төлөөлж С.Т- нь гүйцэтгэх захирал гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. /хх1-2/

С.Т- нь хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэгт хувьцаа эзэмшигч С.Т- нэхэмжлэл гаргаснаар тодорхойлжээ. Зохигч нэхэмжлэлийг Н ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх С.Т-гийн төлөөлөх эрхийн асуудлаар талуудыг мэтгэлцүүлж дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

 

С.Т- нь өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад өөрийгөө гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөгүй байгаа үйл баримт, Н ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэхэд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн нарийвчилсан заалтуудаар дүгнэлт өгөх шаардлагатай. Иргэний хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд хангалтгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД