Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 727

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: Ч.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунбаатарын Доржрагчаад холбогдох эрүүгийн 1809003900727 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-78 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, ЛЮ89110476 регистерийн дугаартай, Лувсаннамжил овогт Чулуунбаатарын Доржрагчаа.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Ч.Д нь хохирогч М.Сумъяагийн 2018 оны 01 дүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метро молл” худалдааны төвийн хажууд таксигаар хүргүүлэн буухдаа гээгдүүлсэн “Самсунг эс-7” маркийн гар утсыг завшсаны улмаас 432.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сумъяа /хх-ийн 8-9/, гэрч Б.Нандинцэцэг /хх-ийн 12-13/, Б.Мөнхдөлгөөн /хх-ийн 14-15/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 17-19/, Ч.Дгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-28/, Ч.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-51, 55-56/, хохирол төлсөн баримт /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.Сумъяа нь 2018 оны 01 дүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метро молл” худалдааны төвийн хажууд таксигаар хүргүүлэн буухдаа “Самсунг эс-7” маркийн гар утсаа мартаж, гээгдүүлсэн бөгөөд шүүгдэгч Ч.Д дээрх гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, М.Сумъяад бага хэмжээнээс дээш буюу 432.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч М.Сумъяагийн /хх-ийн 9/: “ ... Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед Хөдөө Аж Ахуйн яамны хажуу талаас мөнгөлөг өнгийн 9037 УБ.. /серь дугаарын сүүлийн үсгийг нь сайн санахгүй байна/ “Тоёота приус 20” маркийн авто машинд гар өргөж суугаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро молл” худалдааны төвийн хажууд буухдаа өөрийн “Самсунг эс-7” загварын саарал өнгөтэй гар утсаа мартаж буусан. Машин хөдлөөд явсны дараа араас нь гүйгээд орилоход жолооч нь зогсохгүй яваад өгсөн. Би ажил руугаа ороод хүний гар утсаар өөрийнхөө гар утасны дугаар руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн…” гэх мэдүүлгээр,

 

Ч.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11-/: “... 2018 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, өглөө 07 цагийн үед би Бөхийн өргөөний хойд талын төв рүү явдаг гарцны дэргэдээс өөрийн 9037 УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машинтай явж байгаад нэг хүн гар өргөхөөр нь зогсож аваад  явсан. Тэр ах миний авто машинд өөрийн “Самсунг эс-7” маркийн гар утсаа цэнэглээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар орчимд буусан. Тэгээд би явж байгаад өөрийн гар утсаа цэнэглэх үедээ тэр ахын гар утас үлдсэн байхыг мэдээд гар утсыг нь аваачиж өгье гэсэн боловч гар утасны эзнийг хаашаа явсныг мэдэхгүй учраас хайж явалгүй шууд гэртээ харьж амраад маргааш нь тэр гар утсыг эхнэр Нандинцэцэгт өгөөд өөрийнх нь сим картыг хийлгэсэн. Орой нь би өөрийн 80776426 дугаарыг “Самсунг эс-7” маркийн гар утсанд хийгээд 4-5 хоног ашиглаад архи ууж яваад хороолол хавьцаа хаяж үрэгдүүлсэн. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 17-19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хохирогчийн мартаж, гээгдүүлсэн “Самсунг эс-7” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Ч.Дгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү Ч.Дгийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч М.Сумъяа “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Дд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

 

1. Шүүгдэгч Лувсаннамжил овогт Чулуунбаатарын Доржрагчааг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ