Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01937

 

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01937

 

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/03484 дугаар шийдвэртэй,

Ц.О-гийн нэхэмжлэлтэй Д.Д-д холбогдох,

Гэм хорын хохиролд 753,336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О-, хариуцагч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 8 настай хүү Т.С-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 753,336 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Д.Д- нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 23 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Эко-Ази дээд сургуулийн урд замд toyoto corolla axio маркийн *** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нэхэмжлэгчийн төрсөн хүү 8 настай Т.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Тээврийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн. Хяналтын прокурор А.А 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-д 753,336 төгрөгийн хохирлыг иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй талаар заасан. Гэвч Д.Д- нь дээрх хохирлыг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Д- 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим 13 дугаар хорооллын 2 дугаар байрны дэргэд *** УАР улсын дугаартай toyoto corolla axio маркийн автомашинтай явж байхад замын хажуугаар эгнүүлэн тавьсан машинуудын дундаас гэнэт хүүхэд гүйж гарч ирээд автомашиныг мөргөөд дэргэд унасан. Осол замын дэргэдэх камеруудад бичигдсэн байсан. Араасаа хөөж яваа хүүхдэд баригдахгүй гэж хар хурдаараа зугтаж яваад автомашин ойрхон ирж байгааг хараад зогсож чадалгүй автомашины зүүн талаар мөргөөд зам дээр дээшээ харан унаад тэр дороо өөрөө боссон. Тухайн осол болох үед хүүхдийн дэргэд эцэг эхийн хэн нь ч байгаагүй. Жолоочийн хувьд урагшаа зам хараад явж байсан учраас зогсож байгаа машинуудын дундаас гэнэт хүүхэд гүйж гарч ирэхийг хараагүй, харах ч боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д-гээс 369,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 383,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс 11,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй. Уг осол болсон гэх 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хэрэг болсон үеийн бүхий л үйл баримт камерт бичигдсэн. Уг камерын бичлэгээс чухал үйл баримтыг фото зураг хэлбэрээр нотлох баримтаар хэрэгт өгсөн боловч үнэлж дүгнээгүй. Тухайн хүүхэд араас нь хөөж яваа хүнээс зугтах үедээ автомашины жолооч талын буюу баруун талын карланыг хажуу талаас мөргөж, хажуу тийшээ унасан. Хэрэв замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, санаатайгаар явган зорчигчийг мөргөсөн бол уг хүн хажуу тийшээ бус урагшаа унах зэргийг зөв дүгнээгүй байна. Хэргийг шийдвэрлэсэн гол нотлох баримт болох зөрчлийн хэргийг хянан шалгасан ажиллагаа ихээхэн дутагдалтай явагдсан бөгөөд уг хүүхдийн араас хөөж юмыг нь авч зугтсан хүнийг огт шалгаагүй, хэргийн газарт 5 хоногийн дараа очиж үзлэг хийсэн, камерын бичлэгт огт үзлэг хийгээгүй зэргийг харгалзан үзээгүй, нотлох баримтыг зөв дүгнээгүй. Учирсан гэмтэл нь үнэхээр тухайн үед учирсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Тухайн үед хүүхдийг араас нь хэн нэгэн хөөж бас газарт унагаж байгаа талаарх үйл баримт камерт бичигдсэн байдаг бөгөөд автомашины улмаас уг гэмтэл учирсан уу, эсхүл тухайн этгээдийн хүүхдийн биед халдаж буй хууль бус үйлдлээс гэмтэл учирсан уу гэдэгт анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн бус, өөрийн хүү Э.Мөнх-Эрдэнэ өмчлөлийн автомашин болно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг хэрэглээгүй буюу өмчлөгчөөс бус надад төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн дагуу миний төлбөрийг бүрэн гаргаж өгнө үү. Хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

2. Нэхэмжлэгч Ц. Одонтуяа нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 8 настай хүү Т.С-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 753,336 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд: Хариуцагч Д.Д- нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тоёота королла аксио /toyoto corolla axio/ маркийн *** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 19.1-д хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан тухай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаартай мөрдөгчийн магадлагаа хэрэгт авагджээ./хх 56-57/

 

Тээврийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай хэрэг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Д.Д-д холбогдох 2103002240298 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 4-7/

 

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаартай магадлагаанд явган зорчигч 8 настай, Т.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ /хх56-57/

 

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 12/03 дугаартай дүгнэлтэд камерын бичлэгээс харахад явган зорчигч Т.С-ийг Тоёота королла aксио маркийн автомашин мөргөсөн байна гэжээ. /хх 58/

 

Хэрэгт авагдсан Тээврийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай хэрэг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолын 7-д зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-д хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурджээ./хх4-7/

 

Нэхэмжлэгч Ц.О- нь насанд хүрээгүй хүү Т.С-ийн эх болох нь зөрчлийн хэргийг шалгах явцад тогтоогджээ.

 

Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 851 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд ...Т.С-ийн биед хуухнагт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, шилбэ, зүүн тохой, өвдөг, шилбэнд зулгаралт, баруун төмсөгний дайврын унжлагын мушгирал, үхжил гэмтэл тогтоосон талаар тэмдэглэжээ. /хх 10-17,61-62/

 

Насанд хүрээгүй Т.С-ийн биед 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баруун төмсөгт мэс ажилбар хийсэн талаар шинжээчийн дүгнэлт авагджээ./хх61-62/

 

Д.Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсон талаар Тээврийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд дурджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 383,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

4. Нэхэмжлэгчийн ...бага насны хүү Т.С-ийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас гэмтэл, хохирол учирсан гэх тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч ...осол гаргаагүй, гэм буруугүй, хүүхдийн төмсөг гэмтэж хагалгаа хийлгэсэн нь осолтой шалтгаант холбоогүй гэж маргажээ. Хариуцагч Д.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 дэх хэсэгт заасан ...Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй гэх заалтыг зөрчсөн буруутай болох нь зам тээврийн ослын акт, Тээврийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас болон бусад баримтаар тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зам тээврийн осол 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарсан бөгөөд Т.С-ийн биед 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баруун төмсөгт мэс ажилбар хийсэн, энэ нь осолтой шалтгаант холбоотой талаар шинжээчийн дүгнэлтэд дурджээ. /хх 61-62/

 

Хэрэгт авагдсан баримтаар Дуб ХХК-ийн Мед Траума эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Т.С-ийн толгой, тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамар, аарцаг, 2 талын түнхний үе, ахар сүүлний оношилгооны төлбөрт 250,000 төгрөг, эмийн эмчилгээний төлбөр буюу сорвины тос, шарх цэвэрлэх хөвөн бинт, спирт, кроновирусын оношилгооны тест худалдан авахад нийт 119,686 төгрөгийг тус тус төлсөн нь ослын улмаас зайлшгүй оношилгоо, эм эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардал гэж үзнэ. /хх 18-21/

 

Энэ талаар анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч нь ослын улмаас насанд хүрээгүй хүү Т.С-ийн эрүүл мэндэд ямар хор хохирол учирсан, учирсан өвчин эмгэг нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах нь түүний хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгт хамааралтай, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэснийг буруутгах боломжгүй гэж зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын үүргийн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын талаар

6.а. Зам тээврийн ослыг зөвхөн бичлэгийн камерт бичигдсэн дүрсээр тогтоохгүй, мэргэжлийн байгууллага буюу Замын цагдаагийн газраас ослын актыг гаргах замаар тогтоодог болно. Хариуцагч нь дээрх осолд буруутай гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсоныг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна. Т.С-ийн биед учирсан гэмтлүүд осолтой шалтгаант холбоотой талаар шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6.б Хариуцагч нь хэрэв осол гарах үед унаж явсан автомашин нь түүний хүү Э.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн автомашин гэж тайлбарлаж байгаа бол энэ талаарх нотлох баримтаа гаргах ёстой. Хэрэгт авагдсан баримтаар Тоёота королла aксио маркийн *** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл Э.Мөнх-Эрдэнийн өмчлөлд бүртгэлтэй гэх баримт авагдаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-гээс 369,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/03484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД