Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01869

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01869

 

 

п.т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч п.т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НД ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагчийн Вагончик ашиглуулах гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 5,473,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

п.т- болон НД ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр вагончик ашиглуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр п.т- нь өөрийн эзэмшлийн 5,000,000 төгрөгийн үнэтэй вагончикийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах, 19-ний өдрөөс хойш буцааж хүлээлгэж өгөхгүй бол гэрээний 3 дугаар зүйлд зааснаар вагончикийг өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэх, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоног тутам 500,000 төгрөг нэхэмжилнэ гэж талууд тохиролцсон. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б тал вагончикийг хүлээн авсан. Энэ талаар мөн гэрээндээ дурдаж өгсөн байгаа. 2021 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө вагончикийг хашаанд нь авчирч өгсөн тул 13 хоногийн хугацааны түрээсийн төлбөрт 6,500,000 төгрөгийг Б талаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээний үндэслэх хэсэгт нэг сар төлбөргүй ашиглуулах гэрээ гэсэн заалт байгаа. Үүнээс үзэхэд үнэ төлбөргүй ашиглуулах болсон гэж ойлгож байна. Хугацаа хэтэрвэл түрээсийн төлбөр төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй. Хэрвээ тохиролцсон бол вагончик түрээсэлж ашиглах нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байгаа. НД ХХК-ийн захирал Ө.Ж- тус гэрээг гүйцэт уншиж танилцаагүй, мөн иргэн Ө.Ж- хэмээн гарын үсгээ зурсан атлаа компанийнхаа тамгыг дарсан асуудал харагддаг. Хайгуулын өрөм түрээслэх гэрээ мөн вагончик ашиглах гэрээг нэг өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цуг байгуулагдсан. Вагончикийг НД ХХК-ийн өмч байна гэж ойлгоод яваад байсан. Хэрвээ өөрийн өмч байсан бол вагончикийн гэрчилгээг вагончик ашиглуулах гэрээн дээр өөрийн өмч гэдгийг нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байдал харагдаж байна. Эдгээрээс үзэхэд НД ХХК бол үнэ төлбөргүй ашиглуулсан гэрээ гэж үзээд гэрээн дээр гарын үсэг зураад тамга дарсан нь харагдана. Хайхрамжгүй төөрөгдсөн байдлаас ийм зүйл болсон учраас төөрөгдсөн талаараа сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

НД ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2106 дугаартай хайгуулын өрөм түрээслэх гэрээг НД ХХК-тай, Вагончик ашиглуулах гэрээг мөн өдөр НД ХХК-ийн захирал иргэн п.т-тай байгуулсан. НД ХХК-ийн захирал Ө.Ж- 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр вагончик ашиглуулах гэрээг байгуулахдаа үнэ төлбөргүй ашиглана гэж ойлгосон, мөн иргэн п.т-ын өмч гэж мэдээгүй. НД ХХК-тай байгуулсан хайгуулын өрөм түрээслэх гэрээний салшгүй хэсэг гэж ойлгосон. Мөн вагончик ашиглуулах гэрээнд хугацаа хэтрүүлснээр үүсэх үр дагавар мөнгөн төлбөрийг тохиролцоогүй, п.т- мэдэгдээгүй зэрэг байдлаас гэрээг уншиж танилцаагүй. Мөн гэрээг хийхдээ Москва хорооллын Дархан төвийн гудамжинд гадаа компанийн тамга дарж хайхрамжгүй байдлаасаа төөрөлдсөн тул иргэн п.т-тай хийсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан вагончик ашиглуулах гэрээний 3 дахь заалт болох 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 500,000 төгрөгөөр түрээслэхээр тооцож нэхэмжилнэ гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Гэрээнд заасан хугацаанд хайгуулын өрөм, вагончикийг хүлээлгэж өгч чадаагүй нь хайгуулын өрөм эвдэрч засвар хийж хугацаа алдаж, өрмийг 1,573,000 төгрөгөөр засуулсан. Мөн өрөмний хэтрүүлсэн хугацаанд 3,900,000 төгрөгийг төлөөд барагдуулсан. Нийт 5,473,000 төгрөгийг буруутай этгээд п.т-аас гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Эхний шаардлагын тухайд ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Уг гэрээг хариуцагч компанийн захирал өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулсан юм. Хоёрдугаар шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй огт хамааралгүй, хоёрдугаарт энэ хайгуулын өрөм хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөнтэй холбоотой асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/1111112021/02598 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НД ХХК-аас нөхөн төлбөр 3,900,000 төгрөгийг гаргуулж, НД ХХК-д олгосугай хэмээн шийдвэр гарсан ... ингэхдээ хариуцагчийн 1,573,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг худалдан авч түрээсийн доголдлыг арилгасныг үгүйсгэхгүй ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хайгуулын өрөм хүлээлгэн өгсөн баримтаар доголдолгүй хөрөнгө хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагч эд хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ гэмтэлгүй доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ гэж дүгнэсэн. Уг шийдвэрт давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөгч НД ХХК төлбөрийг төлж барагдуулж дууссан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НД ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч п.т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.6, 58.7, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч п.т-т холбогдуулан гаргасан Вагончик ашиглуулах гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 5,473,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч НД ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,518 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15,650 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 118,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч талын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн вагончик ашиглуулах гэрээний дагуу үнэ төлбөргүй ашиглуулна гэж тохирсон, төөрөгдөлд орсон, хэлцэл хийгч хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хайхрамжгүй хандаж ноцтой төөрөгдсөн байгааг анхаараагүй, зөвхөн төөрөгдсөнөө мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Ноцтой төөрөгдсөн болох нь гэрээнд иргэн Ө.Ж- гэж бичсэнийг шууд компанийн тамга дарсан, өрөм түрээслүүлэх гэрээтэй холбоотой гэж үзэж, хэргийг нэгтгэж өгөх хүсэлт өгч байсан, вагончикийг нэхэмжлэгч п.т- өөрийн өмч гэсэн баримт хавсаргаагүй, НД ХХК-д өгсөн гэрээний хувь дээр нэхэмжлэгч п.т- нь гарын үсэг зураагүй байдаг зэрэг баримтуудаар нотлогддог. Мөн вагончик ашиглуулах гэрээ нь НД ХХК-д хамааралгүй хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэж үзэж байна. Зөвхөн иргэн п.т-, иргэн Ө.Ж- нарын хооронд хийгдсэн гэж үзэж байна.

Шүүхээс мөн гэрчээр Г.Э-ын анхнаасаа вагончик ашиглуулах гэрээг үнэ төлбөргүй ашиглана гэж өгсөн гэх мэдүүлгийг дүгнэж өгөөгүй шүүхийн шийдвэрт ч тусгаагүй ба гэрчээр Г.Э-ыг оролцуулах хүсэлтийг хангаагүй. Вагончикийг үнэгүй ашиглуулна гэсэн агуулга бүхий гэрээ хийсэн бөгөөд гэрээний хугацаа дууссан тухай ямар нэг байдлаар мэдэгдээгүй бол гэрээг сунгагдсанд тооцно гэсэн хуулийн заалтыг авч хэлэлцээгүй. Учир нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.2 дахь хэсэгт эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд тухайн эд хөрөнгийг хэдийд ч буцаан өгөх эрхтэй гэсэн байгаа.

Шүүгч нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02598 дугаартай шийдвэрийг гаргаж нэхэмжлэгч Ноён дрилл'' ХХК-ийн захирал п.т-, хариуцагч НД ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэргийг шийдвэрлэж байсан ба дахин дээрх 2 нэхэмжлэгч, хариуцагч нарын өрөм түрээслүүлэх гэрээтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн, мөн хүчингүй болсон 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03099 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуулбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өмнө нь хэлэлцэж байсан нэг хэргийг дахин хэлэлцэхэд нэг шүүгч оролцсонд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу, хохирол болох 5,473,000 төгрөг баримттай нотлогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч п.т- нь хариуцагч НД ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, эд хөрөнгө ашигласны хөлсөнд төлбөр төлөх талаар тохиролцоогүй, энэ талаар нэхэмжлэгч мэдэгдээгүй гэж маргаж, сөрөг нэхэмжлэлээр гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 5,473,000 төгрөгийн хохирол шаардсан байна.

 

2. Зохигч 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч п.т-ын эзэмшлийн 0512АЧ улсын дугаартай, чиргүүл дээр суурилуулсан вагончикийг хариуцагч НД ХХК Вагончик ашиглуулах гэрээ-ний дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд үнэ төлбөргүй ашиглах, гэрээнд заасан хугацаанд вагончикийг п.т-т хүлээлгэж өгөөгүй бол, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өдрийн 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байна./хх 5/

 

2.а. Дээрх гэрээг хариуцагч НД ХХК-ийг төлөөлж Ө.Ж- гарын үсэг зурсан байх бөгөөд чиргүүл дээр суурилуулсан вагончикийг компанийнхаа үйл ажиллагаанд хэрэглэсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Т.Энхтөгсийн мэдүүлгээр нотлогдсон, вагончик ашиглуулах тухай гэрээг хариуцагч компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч талаас хариуцагчийг зөв тодорхойлсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ./хх 5, 20, 44-46/

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах болон мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжүүдийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт мөн хуулиудад нийцсэн байна.

 

3.а. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна. Анхан шатны шүүх талуудын хоорондох харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

 

3.б. Хариуцагч нь гэрээний зүйл болох вагончикийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үнэ төлбөргүй ашиглах, үүнээс хойш хэтэрсэн хоног бүрт 500,000 төгрөгийн хөлс төлөх тухай нөхцөлийг талууд харилцан тохирч гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

4. Хариуцагч талаас гэрээний 3 дахь заалтыг уншиж танилцаагүй гарын үсэг зурж тамга дарж, хайхрамжгүйгээс болж төөрөгдсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасныг хуульд заасан үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

4.а. Хариуцагч тал тухайн чиргүүл дээр суурилуулсан вагончикийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буцааж өгсөн болох нь гэрч Т.Энхтөгсийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон байх тул вагончикийг 12 хоног ашигласны хөлсөнд

6,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

5. Хариуцагчийн гаргасан хайгуулын өрмийн ерөнхий гол, түлкийн хамт худалдан авсан 1,573,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 3,900,000 төгрөг, нийт 5,473,000 төгрөг гаргуулах, вагончик ашиглуулах тухай гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

6. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд УКС-22 хайгуулын өрөм түрээслэх тухай 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг хариуцагч НД ХХК нь НД ХХК гэх хуулийн этгээдтэй байгуулсан байх тул энэхүү гэрээтэй холбоотой өөрт учирсан хохиролд 1,573,000 төгрөгийг, нэхэмжлэгч иргэн п.т-аас шаардах эрхгүй буюу түүний өмнө нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүрэггүй байна.

 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02598 дугаартай шийдвэрээр НД ХХК-аас 3,900,000 төгрөг гаргуулж, НД ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү төлбөрийг нэхэмжлэгч п.т-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан хайгуулын өрөм түрээслэх гэрээний тал нь иргэн п.т- биш байх бөгөөд НД ХХК-д холбогдуулан тухайн маргаантай хэргийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний гаргасан алдааг зассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 186 дугаар зүйлийн 186.1 гэснийг хасч,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 58.2.2, 58.6, 58.7, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар гэснийг 58.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ