Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Ц.Сүхбат,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

хохирогч О.Амарбаяр, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сүхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төрбатын Г-т холбогдох эрүүгийн 1809034260748 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны 502

тоотод иргэн О.Амарбаярыг “хүүхдээ гаргамааргүй байна” гэж хэлснээс болж түүнтэй марган улмаар зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ганбат мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би 19 цагт ажлаа тараад гэртээ очсон хохирогч болон 2 найз охидууд пиво уугаад сууж байсан. Нэгийгээ дуусаад ахиад нэгийг авсан. Тамхи дуусчихсан байна гэхэд Амарбаярын найз охин тамхинд гарсан. Тэгээд би хохирогчтой ярилцахдаа чиний найз бүсгүй чинь жирэмсэн болчихсон байна. Чи гаргаач танай найз охин заримдаа нулимстай байхын хүүхдээ гаргавал  яасан юм гэсэн. Тэгэхэд Амарбаяр би гаргамааргүй байна. Гаргах юм бол хэцүү шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эр хүн юм чинь болгоно шүү дээ гэсэн гэтэл хохирогч над руу миний амьдралд орлоо гээд уурлаад гараараа чичлээд байсан. Гэтэл Амарбаяр босоод ирсэн би зэрэг босоод Амарбаярын нүүр рүү мөргөсөн бид 2 нилээн ноцолдсон Амарбаяр ширээн дээр унасан намайг барьсан байсан учраас би дээр нь давхралдаад унасан. Тэгээд би Амарбаярыг үлдээгээд гарч тамхи татчихаад орж ирэхэд Амарбаяр, Дэлгэрмаа, Дэлгэрмаа 3 хамт зогсож байсан. Гэтэл Амарбаяр над руу гар далайн Ганаа би чамайг ална аа гээд намайг цохих гэсэн би хойшоо гэдийн бултсан гэтэл Амарбаяр намайг тэврээд бид 2 хоёр хамт  унасан би дээр нь гарч суугаад толгойн дагз хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Тэгээд би буцаад өрөөндөө орох замдаа хохирогчийн хэвлий хэсэг рүү нь зөөлөн өшиглөсөн. Тэгээд шөнө гэдэс өвдөөд, цээжин дотор юм хүржигнээд байна гээд Амарбаярын найз охин Дэлгэрмаа орж ирсэн. Тэгэхээр нь түргэн дуудаад үзүүлсэн гэтэл дотуур гэмтэл байна гээд би гэрээс үүрч гараад Амарбаярын найз охин Дэлгэрмаа бид 2 гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт очиж эход харуулж зураг авхуулсан. Давсаг нь хагарсан байж магадгүй 2 цагийн дараа хүрч ирээд хариугаа сонсоорой гэсэн. Тэгээд эмч нь миний утас руу залгаад Амарбаярыг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд Амарбаяр эмнэлэгт очсон. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хэрэглэгдэх зүйлсийг нь бэлдээд эмнэлэгт очсон. Гэтэл  яаралтай хагалгаанд орсон. Би хагалгаа дуустал хүлээгээд хагалгаа дуусаад Амарбаярын эцэг эхтэй уулзсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Амарбаяр мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би гэрээсээ 5 цаг 30 минутын үед гарсан. Модны хоёрт найз охинтойгоо уулзаад гэрт нь очихоор болсон. Тэгтэл Г-ийн найз бүсгүй Дэлгэрмаа гэрт нь байсан. Бид 3 пиво уухаар болж уугаад сууж байсан. Тэгээд шүүгдэгч ирсэн. Тэгээд 2 Дэлгэрмаа ойрхон гараад ирье гэж хэлсэн. Тэгээд тамхи дуусчихлаа гэхэд манай найз бүсгүй тамхинд гарсан. Гэтэл Г-, Дэлгэрмаа 2 надтай хүүхдийн тухай ярилцсан. Тэгээд над руу уурласан өнгө аясаар яриад байсан болохоор би өөрийнхөө асуудлыг өөрөө шийднэ гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд Г- босч ирээд намайг мөргөхөд нь би унасан. Тэгээд би босч ирээд бид хоёр ноцолдсон бид хоёр давхралдаад ширээн дээр унасан. Тэгээд миний дагз руу гараараа цохисон. Шүүгдэгч намайг зодож байхад найз бүсгүй нь намайг хараад инээгээд байсан. Тэгээд манай найз бүсгүй хаалга хүчтэй нүдэхэд шүүгдэгч, шүүгдэгчийн  найз бүсгүй хаалга тайлж  өгөхгүй байсан. Намайг боосон ба би тухайн үед ямар ч тэнхэлгүй болсон байсан. Гэтэл шүүгдэгч “битгий маяглаад байгаарай

бос” гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би буйдан дээр хэвтэж байхад манай найз бүсүй гаднаас орж ирсэн. Хэсэг хугацааны дараа би уурандаа босч ирээд Г- рүү дайраад барилцаж автал манай найз бүсгүй бид хоёрыг салгасан. Г-ийг найз бүсгүй нь өрөөндөө аваад орсон. Тэгээд удалгүй байж байсан чинь бөөлжөөд, гэдсээр хатгуулаад байсан. Хөл дээрээ тогтохгүй байсан. Найз бүсгүйдээ хэлтэл найз бүсгүй маань Г-т хэлээд түргэн тусламж дуудаад бид 3 такси бариад эмнэлэг рүү явсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас:  Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 20-23 дугаар хуудас хохирогч О.Амарбаярын мэдүүлэг, 34-37 дугаар хуудас гэрч М.Дэлгэрмаагийн мэдүүлэг, 29-33 дугаар хуудас гэрч Л.Дэлгэрмаагийн мэдүүлэг, 26-28 дугаар хуудас гэрч Д.Отгонсүхийн мэдүүлэг, 37-39 дүгээр хуудас гэрч Т.Гийн мэдүүлэг, 17 дугаар хуудас яллагдагч Т.Гаас хохирогч О.Амарбаярын эмчилгээний зардалд 674.700 төгрөг гаргаж өгсөн тэмдэглэл, 58-61 дүгээр яллагдагч Т.Гийн мэдүүлэг, 51 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож байна. Шүүхэд шинээр хохирлын талаар 21 хуудас нотлох баримтыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 25 дугаар хуудас шүүгдэгч О.Амарбаярын мэдүүлэг, 29 дүгээр хуудас гэрч Л.Дэлгэрмаагийн мэдүүлэг, 36 дугаар хуудас гэрч М.Дэлгэрмаагийн мэдүүлэг, 38 дугаар хуудас шүүгдэгч Т.Гийн мэдүүлэг, 45 дугаар хуудас гэрч н.Энх-Амарын мэдүүлэг, 47 дугаар хуудас гэрч н.Энхтуяагийн мэдүүлэг, 70-79 дүгээр хуудас хувийн байдалтай холбоотой баримт, 63 дугаар хуудас иргэний үнэмлэхний лавлагаа, 64 дүгээр хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч, шүүгдэгч нараас: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны 502 тоотод иргэн О.Амарбаярыг “хүүхдээ гаргамааргүй байна” гэж хэлснээс болж

түүнтэй марган улмаар зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд:

Хохирогч О.Амарбаярын: “....2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагаас 19 цагийн хооронд би найз охин Дэлгэрмаагийн гэрт нь очсон. Тэднийд очоод байж байгаад найз охин М.Дэлгэрмаа түүнтэй хамт ажилладаг Л.Дэлгэрмаа бид гурав 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж уусан. Манай найз охин Дэлгэрмаа тамхи авахаар дэлгүүр лүү гарсан. Г-, түүний найз охин Дэлгэрмаа бид гурав пивоо ууж сууж байхдаа гурвуулаа нилээд согтсон байсан. Тухайн үед манай найз охин Дэлгэрмаа бие давхар болчихсон байсан болохоор тэр сэдвээр ярьж байгаад, дараа нь өөр юм ярьж байхдаа Г- гэнэт босож ирээд намайг матрас нь дээр сууж байтал духаараа миний үүдэн шүд хэсэг рүү мөргөсөн. Би босох гэтэл намайг түлхсэн. Тэр үед би ширээн дээр унасан, ширээ дундуураа хугарсан. Намайг уначихсан байхад Г- миний дээрээс толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгж байгаад хоёр гараараа миний хоолойг боосон. Тэр үед би боолтонд ороод толгой манарч эхэлж байхад Г- намайг “маяглаад байгаарай” гэж хэлээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн..” /хавтаст хэргийн 20-23 хуудас/,

Гэрч М.Дэлгэрмаагийн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7а байрны 502 тоотод манай найз залуу Амарбаяр, надтай хамт ажилладаг Дэлгэрмаа бид гурав пиво уусан. Орой 19 цагаас хойш Дэлгэрмаагийн найз залуу Г- гаднаас орж ирсэн. Тэр гурав пиво хувааж уусан. Дэлгэрмаа, Г-, Амарбаяр гурав маш их согтсон байсан. Би Дэлгэрмааг дагуулаад манай нэг найзтай уулзчихаад ирье гээд хамт гарсан. Тэгээд Дэлгэрмаа надтай хамт гарахдаа салхинд цохиулаад тасарсан байх буцаж гэрт ороход буйдан дээр юу ч ярихгүй, дуугарахгүй суугаад л байсан. Г-, Амарбат хоёр тамхи дуусчихлаа гэхээр нь би тамхи авахаар ганцаараа дэлгүүр лүү гарсан. Тэгээд би 5 орчим минутын дараа л орсон байх гэртээ ороход сууж байсан ширээ нь дундуураа хугараад хуваагдчихсан, Г-, Амарбаяр  хоёр муудалцсан бололтой Амарбаяр матрас нь дээрээ атирчихсан  хэвтэж байсан. Дэлгэрмаа намайг гарахад хаана байсан тэр газартаа л гөлийгөөл тасарчихсан бололтой сууж байсан..” / хавтаст хэргийн 34-37 хуудас/,

Гэрч Л.Дэлгэрмаагийн: “....Би 2018 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7а байрны 502 тоотод хажуу өрөөг түрээслэн суудаг Амарбаяр миний хамтран амьдрагч Г-тай нэг сав пиво хувааж уусан. Тэгээд хоорондоо юм  ярьж сууж байгаад Дэлгэрмаа бид хоёр найзтай нь уулзахаар гарсан. Тэгээд буцаад орсон байсан. Түүнээс хойш болсон явдлыг би санахгүй байгаа юм аа..” / хавтаст хэргийн 29-33 хуудас/,

Гэрч Д.Отгонсүхийн: “...Манай хүү Амарбаяр нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын үед найз охинтойгоо уулзана гээд гэрээсээ гарсан. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байхад 14 цагийн үед манай эхнэр Буянхишиг над руу залгаад “Амарбаяр хагалгаанд орох болчихлоо. Чи гэмтлийн эмнэлэг дээр хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад

15 цагт очиход хүү Амарбаяр хагалгаанд орчихсон байсан. Манай хүүгийн найз охин нь өөрөө манай хүүг эмнэлэг дээр авч очсон юм байна лээ. Тэгээд найз охин нь надад хэлэхдээ: “намайг дэлгүүр орчихоод эргээд орж ирэхэд манай хажуу талын өрөөнд байр хөлсөлж суудаг залуу Амарбаяртай барилцаад авчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад өрөөндөө авч ороод хоносон. Шөнө Амарбаяр гэдсээр өвдөөд байна гээд эвхрээд байсан” гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” /хавтаст хэргийн 26-28 хуудас/,

Гэрч Т.Гийн: “..2018 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед өрөөндөө амарч байхад Амарбаяр ганцаараа гаднаас орж ирсэн. Амарбаяр орж ирээд бид дөрөв нилээд юм ярьж суусан. Амарбаяр намайг “пиво аваад өг” гэхээр нь би дэлгүүрээс 2,5 литрийн “Нийслэл” пиво аваад бид дөрөв хувааж уусан. Пивоо хувааж дуусгах гээд байхад манай эхнэр Дэлгэрмаа Амарбаярын эхнэр Дэлгэрмаа нар тамхи авахаар дэлгүүр рүү гарсан. Амарбаяр бид хоёр үлдээд Амарбаярын эхнэр Дэлгэрмаагийн талаар ярилцсан. Би Амарбаярын эхнэр Дэлгэрмаа нь жирэмсэн гэдгийг сонссон бөгөөд Амарбаяр Дэлгэрмаагийн гэдсэнд байгаа хүүхдийг авхуулна гэж ярьж байгаа талаар сонссон юм. Тэгээд би Амарбаярт хандаж: “Чи яагаад хүүхдээ авахуулах гээд байгаа юм бэ? би чиний оронд байсан бол хүүхдээ гаргаад сайхан амьдрах байсан. Хүүхэд гэдэг чинь гоё шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Амарбаяр: “Тэгээд хэн тэжээх юм бэ?“  гэх утгатай зүйл надад хэлээд уурлаад байсан. Тэгээд би: “Эр хүн яаж ийж байгаад болгодог байхгүй юу. Чи ийм арчаагүй байж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр сууж байсан сандал дээрээсээ зэрэг босоод дээгүүр давж гарч ирээд над руу ойртох үед нь би цааш нь эсрэг тал руу нь түлхсэн. Тэгтэл Амарбаяр ширээн дээр унасан, ширээ дундуураа хоёр хуваагдаад салаад эвдэрсэн. Тэгээд Амарбаяр унахдаа намайг зуурсан байсан болохоор би татагдаад Амарбаярын дээрээс унасан. Гэдсэнд нь тохойлдсон уу, цээжэнд нь тохойлдсон уу сайн мэдэхгүй, санахгүй байна. Амарбаярын унасан ширээ нь дундуураа салаад хугарсан, тэр ширээнд нь би Амарбаярын дээрээс ойчихдоо духаараа бага зэрэг мөргөсөн байсан. Тэгээд би Амарбаярыг татаж босгоод байж байтал эхнэрүүд гаднаас ороод ирсэн..” /хавтаст хэргийн 37-39 хуудас/,

Яллагдагч Т.Гийн: “...Би Амарбаяртай зууралдаж ноцолдсоны дараа ширээ дундуураа хуваагдсаны дараа би Амарбаярыг буйдан дээр дарж байсан газартаа орхиод, гарч тамхи татаад буцаад орж иртэл Амарбаяр: “Ганаа би чамайг алнаа” гээд байсан. Тэгээд миний урдаас гүйгээд  цохих гээд гараараа далайхаар нь хойшоо гэдийгээд Амарбаяр намайг тэвэрч аваад бид хоёр давхралдаад газарт ойчсон. Би Амарбаярын гарнаас мултраад биеэ суллаад Амарбаярыг зүүн хажуугаар хэвтэж байхад нь гар их бие дээр нь гараад суусан. Тэгээд толгойных нь ар дагз руу хоёр удаа гараараа алгадсан. Би Амарбаярын дээрээс босч байхдаа хэвлий хэсэгт нь  нэг л удаа өшиглөсөн..” /хавтаст хэргийн 58-61 хуудас/,

Яллагдагч Т.Гаас хохирогч О.Амарбаярын эмчилгээний зардалд 674,700 төгрөг гаргаж өгсөн тэмдэглэл  /хавтаст хэргийн 17 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9071 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. О.Амарбаярын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролт, хэвлийн хөндийд хий хуралдалт, гэдэсний агууламжаар бохирлогдсон байдал, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 51 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Т.Гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах/-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж мэтгэлцсэн ба сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.

Гэтэл шүүгдэгчийн “...Би Амарбаярын эхнэр Дэлгэрмаа нь жирэмсэн гэдгийг сонссон бөгөөд Амарбаяр Дэлгэрмаагийн гэдсэнд байгаа хүүхдийг авхуулна гэж ярьж байгаа талаар сонссон юм. Тэгээд би Амарбаярт хандаж: “Чи яагаад хүүхдээ авахуулах гээд байгаа юм бэ? би чиний оронд байсан бол хүүхдээ гаргаад сайхан амьдрах байсан. Хүүхэд гэдэг чинь гоё шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Амарбаяр “Тэгээд хэн тэжээх юм бэ?“  гэх утгатай зүйл надад хэлээд уурлаад байсан. Тэгээд би “Эр хүн яаж ийж байгаад болгодог байхгүй юу. Чи ийм арчаагүй байж болохгүй”  гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр сууж байсан сандал дээрээсээ зэрэг босоод дээгүүр давж гарч ирээд над руу ойртох үед нь би цааш нь эсрэг тал руу нь түлхсэн...” гэдэг мэдүүлгээс сэтгэл санаа цочрон давчидсан байдал үгүйсгэгдэж байна.

Мөн хохирогчийн зүгээс ямар нэг хууль бус үйлдэл хийж шүүгдэгчийн сэтгэл санааны цочролд оруулсан гэх баримт хэрэгт авагдаагүй болно.

Хохирогч О.Амарбаярын эмчилгээний зардалд баримтаар нийт 770.047 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 630.000 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл 140.047 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 140.047 төгрөгийг гаргуулж хохирогч О.Амарбаярт олгох нь зүйтэй байна.

Хохирогч О.Амарбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхэд цаашид гарах зардлыг хууль зүйн шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Төрбатын Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Т.Гийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн  эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Гаас 140.047 /нэг зуун дөчин мянга дөчин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Амарбаярт олгосугай.

5. Хохирогч О.Амарбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг хууль зүйн шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

7. Шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Х.ИДЭР