| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0571/Э |
| Дугаар | 728 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж;
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг, В.Бадмаагарав;
улсын яллагч: Л.Мажигсүрэн;
шүүгдэгч: Т.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөртогоогийн Тунгалагт холбогдох эрүүгийн 201625020682 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 1-12 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 554 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Согоотын 2814 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ЦА79121868 регистерийн дугаартай, Боржигин овогт Төмөртогоогийн Тунгалаг.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Т.Т нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Баярсайхан, Ч.Гансүх, Ж.Хулганаа, Б.Тогтохбаяр, Э.Шинэбаяр, Г.Батбилэг нарыг “гадаадад тэтгэлэгээр суралцуулна, тэтгэлгээр суралцахад зуучилж өгнө” гэх зэргээр зохиомол байдал зориудаар бий болгон ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж тэдэнд нийт 68.950.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Анх энэ тэтгэлэгтэй холбоотой асуудлыг Мөнхгэрэл гэдэг хүн санаачилсан. Мөнхгэрэл нь өөрөө улсын мөрдөн байцаах газраар 10 гаруй жил шалгагдаад явж байгаа хүн. Би Мөнхгэрэлээс болж өөрөө өөрийгөө хүнд байдалд оруулж байгаадаа маш их харамсаж, гэмшиж байна. Би Мөнхгэрэлд итгэснээс болж уг хэрэгт холбогдсон. Би өөрийн чадлаараа хүмүүсийн хохирлыг төлж барагдуулсан. Мөнхгэрэлээс мөнгө авах шаардлага байхгүй байсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тогтохбаяр /1хх-ийн 226-227, 3хх-ийн 35-37/, Ж.Хулганаа /1хх-ийн 224-225, 2хх-ийн 178-179, 3хх-ийн 1-2/, Ч.Гансүх /2хх-ийн 67-69, 3хх-ийн 11, 133-134/, Г.Батбилэг /2хх-ийн 105-108, 3хх-ийн 135-138/, Э.Шинэбаяр /2хх-ийн 78-82, 3хх-ийн 139-140/, Д.Баярсайхан /2хх-ийн 92-94, 3хх-ийн 132-133/, гэрч Н.Энхтуул /1хх-ийн 228-230/, Д.Цэвэлмаа /1хх-ийн 53, 2хх-ийн 103-105, 3хх-ийн 40-41/ нарын мэдүүлэг, Т.Тийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 236-237, 2хх-ийн 131-134, 238, 240, 3хх-ийн 42-43/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 52/, хуурамч визний урилга /2хх-ийн 61-62/, Э.Шинэбаярын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 81-82/, Д.Баярсайханы мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 88/, Г.Батбилэгийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 107/, Т.Таас Ч.Гансүхэд мөнгө буцаан өгсөн баримт /2хх-ийн 136-138/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 139, 167, 169-170, 3хх-ийн 84/ зэрэг болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Тунгалаг нь 2015 оны 05 дугаар сарын 25-наас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр Австрали, Япон, Америкийн Нэгдсэн Улсуудад Засгийн газрын тэтгэлэгээр сургуульд явуулж өгнө хэмээн ямар нэгэн баталгаагүй амлалт өгч иргэдийг итгүүлэн үнэмшүүлж, урьдчилгаа төлбөр нэрийдлээр мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн аваад хэрэгцээндээ захиран зарцуулж улмаар “урилга ирсэн, өнөө маргаашгүй бүтнэ, визэнд орно” гэх мэтээр хуурч мэхлэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх байдлаар Сүхбаатар дүүргийн нутагт хохирогч Б.Тогтохбаярт 8.700.000 төгрөг, Ж.Хулганаад 9.000.000 төгрөг, Ч.Гансүхэд 18.000.000 төгрөг, Г.Батбилэгт 14.500.000 төгрөг, Э.Шинэбаярт 8.750.000 төгрөг, Д.Баярсайханд 10.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдад нийт 68.950.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Тогтохбаярын /1хх-ийн 226-227, 3хх-ийн 35-37/: “... Би ХААИС-ийг малын эмчийн мэргэжлээр 2015 онд төгсөөд мэргэжил дээшлүүлж гадаад улсад суралцахаар сонирхож байсан. Энэ үед авга эгч Ж.Хулганаа бас өөрийнхөө хүүг АНУ-д суралцуулахаар Тунгалаг гэх хүнтэй ярьсан байсныг ээж Цэвэлмаа надад ирж хэлээд очиж уулзахаар болсон. Ээж Цэвэлмаа, авга эгч Ж.Хулганаа нар очиж уулзаад “Засгийн газрын тэтгэлэгээр Канад, Австрали, Солонгос, АНУ-д явж болно гэж байна” гэсээр ирсэн. Би Австрали Улс руу явсан нь дээр гэж ярьсан. Дараа нь өөрөө очиж Тунгалагтай уулзахад “2015 оны 08 дугаар сарын 25-нд явуулж өгнө, байр сургалтын төлбөр үнэгүй, 1 жил хэлний бэлтгэлд, дараа нь 2 жил магистрт сурна. Эхлээд урьдчилгаа 8.000.000 төгрөг, дараа нь 9.000.000 төгрөг авна” гээд надаас эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь дахиад 4.000.000 төгрөгийг авсан. Дараа нь “юу болж байна” гээд ярихад “чиний тофелийн оноог би 1.000.000 төгрөгөөр тавиулсан шүү” гэсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 25 болоод асуухад “урилга чинь ирээд, виз чинь гарсан. Харин Засгийн газраас санхүүжилт ороогүй байна, хүлээж бай, чи явна, чемоданаа бэлдээд, билетээ бэлдээд байж бай” гэсэн. Би хөдөөнөөс ирээд хувцас чемодон аваад хүлээгээд байсан яриагүй. Залгахаар утсаа авахгүй, мессэж бичихэд “санхүүжилт шийдэгдээгүй” гээд хүлээлгээд байсан. Тэгээд сүүлдээ Австралийн Монгол дахь төлөөлөгчийн газраас өөрийнхөө виз гарсаныг асуухад “ийм хүн виз мэдүүлээгүй байна” гэсэн. Тэгтэл “2016 оны эхний ээлжинд явуулахаар болчихлоо” гэж хэлээд манай ээжээс 700.000 төгрөгийн үхэр авсан байсан. Дараа нь Тунгалагын ажил дээр авга эгч Ж.Хулганаа очиход Спортын ордны эсрэг талын Оюуны өмчийн харилцааны газарт ажилладаггүй, Тунгалаг гэж нэртэй өөр хүн байсан. ... 2015 оны 12 дугаар сард 300.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байна лээ. Одоо үлдэгдэл мөнгө 8.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ж.Хулганаагийн /1хх-ийн 224-225, 2хх-ийн 178-179, 3хх-ийн 1-2/: “... Би 2015 оны 02 дугаар сарын дундуур ажлын газрын Энхтуул /88027661/ гэдэг хүүхэнд хүүгээ гадаад улсад сургамаар байгаа талаараа хэлсэн. Энхтуул “надад таньдаг хүн бий, олон хүүхдийг гадаадад сургуульд явуулсан. Би таныг танилцуулаад өгөх үү, тэр хүн таньд туслаад өгнө” гэсэн. Би зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сард Тунгалаг гэх эмэгтэйтэй танилцаж Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо Спортын төв ордонд очиж уулзсан. Тэр эмэгтэй надад “танай хүүхдийг Америк Улсад 100%-ийн тэтгэлэгээр суралцуулна. Таниас би 20.000.000 төгрөг авна. Та хоёр хувааж өгөөрэй. Эхний нэг сар хэлний курст сурна. Дараагийн 4 жилд үндсэн сургуульдаа сурна. Дахиж та мөнгө төлөхгүй. Нэг л удаа өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн ахын хүүхэд Баярмагнай овогтой Тогтохбаяр нь “Австрали улсад суралцана” гэж Тунгалагтай уулзаад 8.000.000 төгрөг өгсөн байсан. Би 2015 оны 07 дугаар сарын 23-нд Тунгалагт 4.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, нийт 9.000.000 төгрөг өгсөн. Гэтэл одоог хүртэл элдэвийн зүйлээр хуурч, худлаа хэлж, хүүг маань явуулсан юмгүй, мөнгийг минь буцааж өгсөнгүй өдийг хүрлээ. ... Би өнөөдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Оюуны өмчийн газар очиж Тунгалагыг асууж сурсан боловч миний мөнгийг авсан Тунгалаг гэх хүн биш байсан. Өмнө нь би Тунгалагийг Оюуны өмчийн газар асууж сурж явсан юм. Тэр үед Тунгалаг гэдэг хүн Оюуны өмчийн газар ажилладаг гэж сонссон. Гэтэл тэр Тунгалаг биш, өөр хүн байсан. Би харин дүүдээ /Тогтохбаярт/ “ийм хүн байдаг юм байна” гээд Тунгалагын утсыг нь өгч байсан. Тэгтэл манай дүү өөрөө холбогдоод 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, маргааш нь дахиад 4.000.000 төгрөгийг өгсөн гэсэн. Тунгалаг надтай анх уулзахдаа өөрийгөө “Оюуны өмчийн газарт ажилладаг” гээд байсан. ...АНУ-ын элчин сайдын яамнаас хүүхдийнхээ нэрээр визэнд орсон эсэхийг асуухад байхгүй байсан. Мөн боловсролын үнэлгээний төвөөс тэтгэлэгт хамрагдахаар хандсан эсэхийг асуухад байхгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ч.Гансүхийн /2хх-ийн 67-69, 3хх-ийн 11, 133-134/: “... Манай хүү Батномуун, Нямхүү хоёр хамтдаа Австрали улсад сурдаг юм. Тэгээд “Засгийн газрын тэтгэлэгээр хүүхдүүд сураад байна. Тэтгэлэгт хамруулахыг Тунгалаг гэж хүн гаргадаг юм байна гэж Австрали улсад оюутнууд хоорондоо ярьсан” гэж манай хүргэн Гомбосүрэн хэлээд утасны дугаарыг нь надад өгсөн юм. Би утасдаад 2015 оны 09 дүгээр сарын 18-ны үед ярьж байгаад Цамбагаравын арын байрны гадаа уулзсан. Уулзахад “Боловсролын хөгжлийн яаманд таньдаг хүн байгаа. Энэ жил надад тэндээс 6 квот өгсөн. Би 3 хүний материалыг бүрдүүлээд өгчихсөн” гэсэн. Тунгалаг надад хэлэхдээ “тэтгэлэгээр онц сурдаг хүүхэд хэзээ ч авч явж байгаагүй. Ер нь арын хаалгаар бүх асуудал зохицуулагддаг” гэж хэлсэн. “Хэрэв хамрагдахыг хүсч байвал ийм ийм материал бүрдүүлж өг” гээд цаасан дээр бичиж өгсөн. Өөрөө ярихдаа өмнө хүүхдүүд гаргаж байсан юм шиг итгэл үнэмшилтэй ярьж байсан. Тэгэхээр нь би Австрали улсад сурч байсан хүргэн, хүү хоёр руугаа залгаж яриад “та 2 ер нь ямар сургуульд сурч байгаа вэ?” гэж асуухад сургуулийнхаа нэрийг хэлэхэд Тунгалаг “аа тийм, тийм энэ сургууль топ 100 сургуулийн нэг. Энэ сургууль сайн шүү дээ” гэхээр би итгэсэн юм. Тэгээд би материалаа бүрдүүлээд 2 хонож байхад Тунгалаг залгаад “би дахиад нэг хүүхэд авчихлаа, та хүүхдийнхээ материалыг маргааш гэхэд өгөхгүй бол хоцорлоо” гэж хэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр санагдаж байна. Би материалаа бүрдүүлээд өгтөл “өгөх ёстой мөнгөнийхөө 50 хувийг одоо надад өг” гэхээр нь би “ямар ч баримтгүйгээр 18.000.000 төгрөг өгмөөргүй байна” гэтэл тэгвэл “зээлийн гэрээ байгуулъя” гэсэн. Тэгээд надад “2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танай хүүхдийн бүх урилга Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боловсролын яамны тушаал гарна” гэсэн. Тэгэхээр нь би итгээд Тунгалагын санал болгосноор зээлийн гэрээг Спортын төв ордны нотариат дээр очиж байгуулсан. Тунгалаг өөрөө “энд гэрээ байгуулахаар миний ажил сайн бүтдэг юм” гэхээр нь би итгээд мөнгөө зээлийн гэрээ байгуулаад 18.000.000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Би 2015 оны 12 дугаар сарын дундуур Тунгалагтай ярихад “2016 оны 01 дүгээр сарын 25 гэхэд бүх бичиг баримт гарна гэж байхад наана нь яасан их залгаж мессеж бичдэг юм бэ” гэхээр нь би найдвартай юм байна гэж бодсон. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр залгахад “сургуулийн урилга гадаад харилцааны яаман дээр гарч ирчихсэн байна. Тэнд нэг долоо хонох байх, тэгээд манай боловсролын яам дээр ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би 7 хоногийн дараа ярьтал “мэйл хаягаа явуулчих урилгыг чинь явуулчихъя” гэсэн. Тэгээд удалгүй миний мэйл хаягаар манай хүү, хүргэн хоёрын нэр дээр урилга ирсэн. Тэгээд “хамаагүй хүнд битгий үзүүлээрэй сайдын тушаал гараагүй байгаа” гэсэн. Би урилгыг үзтэл нэг л хуурамч юм шиг санагдсан. Нэгдүгээрт манай хүүгийн нэрийг буруу бичсэн байсан. Хоёрдугаарт хүргэн Гомбосүрэнгийн урилган дээр мастерт 2 жил сурах байтал 4 жил гэж хугацааг нь бичсэн байсан. Тэгэхээр нь би энэ 2 урилгыг Австрали улс руу явуулаад хүүхдүүддээ “та 2 энийг үзээдхээч” гээд үзүүлтэл “манай сургуулийн албан баланкнаас өөр байна” гэж хэлсэн. Тэгээд би хуурамч байна гэдгийг нь мэдээд Тунгалагтай нилээн олон удаа ярьж мессеж бичихэд “сайдын тушаал удахгүй гарна” гэдэг байсан ба дараа нь залгахад “сайдын тушаал гарчихсан” гэсэн. Би “тушаалыг чинь үзье” гэхээр “хамаагүй үзүүлдэггүй юм, одоо Австралийн элчин сайдаас бичиг ирнэ. Хүлээгээд байж байна” гэсэн. Тэгээд удалгүй залгахад “элчин сайдын яамнаас бичиг ирчихсэн. Одоо үлдэгдэл 17.000.000 төгрөгөө өг” гэсэн. Тэгэхлээр нь би “энэ хоёр бичгээ өөрийн нүдээр үзэж байж мөнгөө өгье” гэхэд “тэгье, тэгье, би ажилтай явж байна” гэсээр хоногоо сунгаад ерөөсөө уулзахгүй байсан. Би энэ Австралийн урилгыг хуурамчаар үйлдсэн байх, дээр нь сайдын тушаал зэргийг хуурамчаар үйлдэх гэж байгаа юм байна” гэж үзээд цагдаад хандсан. Тунгалаг надад Австрали улсын сургуулийн урилгыг имэйлээр өгсөн. Тэрнээс биш эх хувиар нь өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
хохирогч Г.Батбилэгийн /2хх-ийн 105-108, 3хх-ийн 135-138/: “... 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай найз Пүрэвдорж “тэтгэлэг хөөцөлддөг хүн, чи утсыг нь аваад өөрөө яриад үз” гэж хэлэхээр нь би 99600548 гэсэн дугаар руу залгаад Тунгалаг гэх хүнтэй холбогдоод Засгийн газрын хойд талд байдаг “Бавариа” гэдэг ресторанд уулзахад өөрийгөө Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн сургалтын албанд ажилладаг гэсэн. Надад бүрдүүлэх материалын жагсаалтыг бичиж өгөөд “нийт 17.000.000 төгрөгийн зардал гарна, 50 хувийг нь түрүүлээд өгчих” гэсэн. Би гэрийнхэнтэйгээ ярилцаад зөвшилцсөний үндсэн дээр мөнгөө өгөхөөр болоод 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Тунгалагтай холбогдоход “Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Спортын төв ордоны дотор байрлах нотариатын газар хүрээд ир” гэсэн. Би ганцаараа очоод уулзаж ярилцаад Япон улсруу эхнэртэйгээ хамт явахаар ярилцаж тохироод Тунгалагтай гэрээ байгуулан 14.500.000 төгрөгийг Тунгалагын нөхөр Жаргал гэх хүний “ХААН” банкны данс руу шилжүүлж өгсөн. Тунгалаг өөрөө хэлэхдээ “2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэхэд хариу нь гараад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд явчихна” гэсэн. Үүнээс хойш Тунгалагтай утсаар ярихад “болж байгаа, бүтэж байгаа” гэдэг байсан. Би “таньд үзүүлж харуулах юм байна уу” гэж асуухад “чиний юм чинь болчихсон байгаа, гэхдээ үзүүлэх боломжгүй байна. Хэд хоногоос үзүүлье” гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 14.500.000 төгрөгөө интернет банкаар Спортын төв ордоны гадна машиндаа хамт сууж байгаад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлгээр,
хохирогч Э.Шинэбаярын /2хх-ийн 78-82, 3хх-ийн 139-140/: “... Г.Батбилэг бид 2 нэг айлын хүргэн бэрүүд бөгөөд Г.Батбилэг 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр “би найзаараа дамжуулан Т.Т гэдэг хүнтэй танилцсан юм. Тэр хүн гадаадын сургуулиуд руу тэтгэлэг хөөцөлдөхөд зуучилдаг мөн диплом гаргаж өгдөг” гэж ярихаар нь би өөрийн нөхөр Амарсайхантай ярьж байгаад Батбилэгээр дамжуулаад “тэр Тунгалаг гэдэг хүнтэй чинь Австрали улс руу тэтгэлэг хөөцөлдөж чадах уу” гэж асуулгахад “чадна” гэж хэлүүлсэн. Мөн “2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бичиг баримтаа мөнгөтэй нь авч ирж өг” гэж хэлүүлсэн байсан. Нэг хүний зуучилсны мөнгө 17.500.000 төгрөг гэж хэлээд эхний ээлжинд 50 хувийг нь авъя гээд 8.750.000 төгрөгийг авч ир гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь би Батбилэг болон Батбилэгийн эхнэртэй гурвуулаа очиж Тунгалагтай уулзаад Спортын төв ордны дотор байрлах нотариатад бэлдсэн байсан зээлийн гэрээ нь дээрээ надаар гарын үсэг зуруулсан. Мөнгөө би нотариатаар орсны дараа интернэт банкаар Ч.Жаргал гэж нөхрийнх нь “ХААН” банкны 5089037889 данс руу шилжүүлсэн. Гэхдээ би мөнгөө 02 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг 02 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн 4.750.000 төгрөгийг шилжүүлсэн. Тунгалаг эхлээд бид нарт “элчингийн виз, сургуулийн тофелийн оноо зэргийг гаргаж өгнө” гэсэн. Тэгээд мөнгөө өгөснөөсөө хойш тофел өгдөг газруудаар очоод асуухаар 02 дугаар сарын 15-ны өдөр тофелийн шалгалт авна гэсэн ба ерөнхийдөө тофелийн ерөнхий мэдээлэл өгдөг газрууд Тунгалагын ярьж байгаа хоёр зөрөөд байсан. Мөн бид нараас сургууль асууна гэж байснаа ярихгүй байхаар нь бид “сургуулийн урилга яасан бэ” гэж асуухад “ирчихсэн байгаа” гэсэн. Тэгээд эргэлзээ төрөөд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би Тунгалагаас 8.750.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Д.Баярсайханы /2хх-ийн 92-94, 3хх-ийн 132-133/: “... 2015 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай найз Гомбосүрэн “Тунгалаг гэдэг хүн сургуульд зуучилдаг юм байна” гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэрний дагуу би Тунгалаг гэх хүн рүү 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн дугаараас “Тунгалаг мөн үү ямар, ямар материал бүрдүүлэх вэ” гэж асуухад Тунгалаг “ийм, тийм материал бүрдүүл” гэж мессежээр явуулсан юм. Мөн 18.000.000 төгрөг болно. Урьдчилж талыг нь авна, талыг нь тофелын оноо авахаар бол нэмж 1.000.000 төгрөг төлнө гэсэн. Тэгээд бүрдүүлээд явж очоод уулзаж ярилцахад “мөнгөө өг” гэхээр нь би “мөнгө төгрөг шууд өгчихөж чадахгүй” гэхэд “тэгвэл зээлийн гэрээ хийж болно” гээд надтай Спортын төв ордонд байрлах нотариат дээр гэрээ хийгээд мөнгөө Тунгалагын өөрийн данс руу шилжүүлсэн. Дансны хуулгыг хавсаргасан байгаа. Мөнгөө өгсөнөөс хойш холбогдохоор “2016 оны 01 дүгээр сарын сүүлээр хариу нь гарна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь дахиад асуухад “урилга ирээгүй л байна” гэсэн. Би цагаан сарын дараа холбогдоход “урилга нь ирээгүй байна, ирэхээр нь мэйлээр явуулчихъя” гэсэн. Тэгээд явж байтал мэр сэр сураг сонсоход худлаа гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би мөнгөө Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн ард байрлах Голомт банкнаас Тунгалагын Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тунгалаг намайг “Австрали улсын Сиднэй хотын ЮҮ ЭН ЭС ВИ сургуульд суралцуулж өгнө” гэсэн. Би хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Энхтуулын /1хх-ийн 228-230/: “... Би Тунгалагыг зүгээр л таньдаг юм. 2012 онд байх манай сургууль дээр буюу МУИС-ийн семинар дээр илтгэл тавих гэж байгаад Тунгалагтай танилцаж байсан юм. Тэр үед Тунгалаг өөрийгөө ШУТИС-д ажилладаг гэж байсан. Би яг юу хийдэг талаар тодруулж асууж байгаагүй. Одоо бол бидний хооронд ямар нэг дотно харилцаа байхгүй. Өнгөрсөн хавар 2015 оны эхээр 2, 3 дугаар сард би дэлгүүрт явж байгаад Тунгалаг эгчтэй тааралдсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад “та хаана юу хийж байна” гэхэд “би гадаад улсад хүүхдүүд тэтгэлэгээр явуулж байгаа” гэсэн. Би өөрөө бас залуу хүн учраас гадаад улсад явах сонирхолтой байсан учраас Тунгалаг эгчийн гар утасны дугаарыг авч үлдсэн юм. Би ажил дээрээ байхад манай ажлын хими, физикийн лабораторийн лаборант Хулганаа эгч хүүгээ гадаад явуулахгүй бол болохгүй байна. Хүүхэд нь байнга шалаад байдаг янз бүрийн шугамаар сургууль хөөцөлдөөд болохгүй байх шиг байсан. Тэгээд надаас “нөгөө хүнийхээ утсыг өгөөч” гэхээр нь Тунгалаг эгчийн гар утасны дугаарыг өгөөд явуулсан. Дараа нь надад “нөгөө хүнтэй чинь уулзсан, холбогдсон” гээд яриад байдаг байсан. Бас нэг дүү нь мөнгө төгрөг өгсөн, би мөнгөө өгчихсөн, тэдийд манай хүүхдийг явуулна гэж байна” гээд ярьдаг байсан. Тэгж байгаад 2015 оны 09 дүгээр сарын дунд үеэр хүүхдийг нь уг нь “01-ний өдөр явуулна гэсэн чинь алга болчихлоо эгчийн дүү нэг яриад өгөөч” гэхээр нь би утсаар ярьсан чинь утасаа авахгүй байхаар нь мессеж бичээд “яасан бэ” гэсэн чинь эхлээд “болноо” гэж байснаа сүүлдээ намайг “чамд хамаагүй өөрсөдтэй нь учраа олчихно” гээд хэрэлдээд унасан. Би Хулганаа эгчийг гуйгаад байхаар нь “боломж байгаа юм уу” гэж яриад холбож өгсөн болохоор тэр үед нь намайг шагнах юм байгаа биздээ гээд мессеж бичсэн чинь намайг мөнгө нэхсэн гээд Хулганаа эгчид хэлсэн байсан. Хулганаа эгч надад уурлаад байхаар нь би гайхаад байсан чинь Тунгалаг намайг өөрөөсөө мөнгө нэхсэн гэж худлаа хэлээд будлиан хутгаад түүнийг нь Хулганаа эгч буруу ойлгоод надад уурласныг нь сүүлд мэдсэн.Тунгалагтай янз бүрийн ажлын талаар ярьж байгаагүй…” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Цэвэлмаагийн /1хх-ийн 53, 2хх-ийн 103-105, 3хх-ийн 40-41/: “... Манай хүүхэд түрүү жилийн 5 сард ХААИС-ийн Малын их эмчийн ангийг 5 жил суралцаад төгссөн. Нөхөр бид 2 хүүхдээ цаашлаад магистрт сургана гэж бодоод Ж.Хулганаагийн нөхрийн эгч бид нарт нэг хүн таньдаг гэсэн. Тэр хүн нь гадаадад хүүхэд гаргаж сургадаг гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө Ж.Хулганаа эгчтэй хамт Тунгалаг гэдэг хүнтэй гэрт нь очиж уулзсан. Хүүхдийг чинь гадаад руу сургуульд гаргаж сургаж өгнө гэж бид нарт хэлсэн. Дараа нь нөхөр бид 2 Архангай руу гэртээ харьсан. 05 сард Тунгалаг утасдаад “8.000.000 төгрөгөө хүүхдийнхээ бичиг баримттай өгчих, 8 сард явуулна. Эхний ээлжээр явуулна” гэсэн. Тэгэхээр бид 2 эхлээд байгаа 4.000.000 төгрөгөө өгчихөөд араас нь сумын төвөөс дахиад 4.000.000 төгрөг олж өгөөд хүү рүүгээ явуулсан. Манай хүү тэр мөнгийг бичиг баримттайгаа нотариатаар батлуулаад Тунгалагт өгсөн. Бид нар тэгээд хүлээгээд байж байсан чинь 08 сард Тунгалаг залгаад “танай хүүгийн урилга ирсэн. Виз захиалаад явуулна удахгүй явчихна” гэсэн. Тэрнээс хойш худлаа шалтаг тоочоод л байсан. 2015 оны 12 дугаар сард нөхөр хотод ирээд Тунгалагтай уулзах гэтэл Тунгалаг “би завгүй байна, хүний төрсөн өдөр тэмдэглэж байна” гээд ерөөсөө уулзаагүй. Дараа нь араас утасдаад “идэшний үхэр авмаар байна” гэсэн. Тэгэхээр би “болно, болно би үхэр заръя” гэсэн. Би Тунгалаг руу яриад “нөгөө идэшний үхэрээ авах юм уу” гэсэн чинь “авна та явуулчих” гэсэн. Тэгээд бид 2 тэр ачааны машинд шүдлэн эр үхэрийн мах төхөөрөөд машинд хийгээд явуулсан. Үхрийг 700.000 төгрөгөөр тохироод Тунгалагт явуулсан. Би 2016 оны 02 дугаар сарын 01-нд Улаанбаатарт ирээд Тунгалаг руу ярисан чинь “та дансаа өгчих махны чинь мөнгийг өгье” гэсэн. Тэгээд миний дансанд 300.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлгээр,
Т.Тын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-н 236-237, 2хх-ийн 131-134, 238, 240, 3хх-ийн 42-43/: “... Миний танил Баярмаа гэдэг эмэгтэй Австрали улс руу яваад удаж байгаа юм. Тэгээд надтай утсаар холбогдоод “Австрали улсын оюутны тэтгэлэгт хамрагдах боломж байдаг юм байна, чамд хүүхэд олдвол дунд нь 5 цаас нэмээд хэдэн төгрөгтэй болж болох юм байна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд 2 хүүхэд олоод Баярмаа руу мөнгийг хувь хүнээр дамжуулан өгсөн. Тэгтэл “энэ сургуулийнх нь хөөцөлдсөн ажил энэ жил хожимдчихлоо боломжгүй боллоо буцаагаад мөнгийг нь өгье” гэж Баярмаа надад хэлэхээр нь би Хулганаа эгчид “намрын элсэлтэнд амжихгүй учир өвлийн 01 дүгээр сарын 25-ны өдөр амжуулж болох юм болов уу гээд тэр хүмүүсээс нь асуучих” гэхээр нь би Хулганаа эгчээс “болохгүй болсон байна, өвлийн 01 сар хүртэл хүлээх үү? Эсвэл та мөнгөө авах уу” гэсэн чинь нэгэнт хүүхдүүдээ явуулах гээд хүүхдүүддээ горьдоочихсон юм чинь хүлээе” гэсэн. Би цаашаа Баярмаад дамжуулж хэлсэн. Тэгээд он гарангуут Баярмаа надад “нэмэлт ганц нэг материал хэрэгтэй байна” гэхээр нь би Хулганаа эгчид хэлсэн чинь “за тэгье, өгье өгье” гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Би Тогтохбаяраас 7.000.000 төгрөг, Хулганаа эгчээс 9.000.000 төгрөгийг авсан. Би Энхтуултай МУИС-ийн семинар дээр сууж байгаад танилцаж тэрнээс ойр дотны хүн бишээ. Хулганаа эгчтэй нэг дор ажилладаг гэсэн тэгээд намайг Хулганаа эгчтэй холбож өгсөн. ... 2015 оны 09 сарын дундуур Гансүх гэх хүн надруу утсаар яриад “Гомбоо чам руу ярь гэсэн юм аа уулзъя” гээд Хархорин захын хойд талын 26-р байрны 197 тоот байрны гадаа Гансүх ахын машинд уулзаад би өөрийнхөө нэрийг хэлээд танилцаад “манай хүү, дүү Гомбоо хоёр Австралид хувийн зардлаар сурч байгаа, улсын тэтгэлэгт оруулах гэсэн юмаа, ямар ямар материал хэрэгтэй вэ, урьдчилгаа хэд бэ” гэхээр нь би “Австрали улсад хоёр хүнд тэтгэлэг хамруулах боломжтой” гээд бүрдүүлэх материалыг нь “нэг хүүхдийг 18.000.000 төгрөг буюу нийт 36.000.000 төгрөг болно. Урьдчилгаа 50 хувийг нь авдаг” гэж хэлээд өнгөрсөн. Гансүх хэд хоногийн дараа буюу 2015 оны 09 сарын 23-ны өдөр утсаар яриад “ах нь мөнгөө бүрдүүлчихлээ, хаана уулзах вэ” гэхэд нь “Спортын төв ордны зогсоол дээр байж бай” гээд машинд нь уулзсан. Гансүх 18.000.000 төгрөг бэлнээр авчирсан байсан. Би бүрдүүлсэн материалыг нь 18.000.000 төгрөгийн хамт бэлнээр авсан. ... Батбилэгт “тэтгэлэг гаргаж өгнө” гээд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөнгө авсны дараа ахиж утсаар яриад “манай эгч бас Австрали руу тэтгэлэг гаргах боломж байна уу” гэж байна. “Хаана уулзах уу” гэсэн. Материалаа бүрдүүлээд Спортын төв ордон дээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулзаад нотариатаар ороод зээлийн гэрээ хйигээд цаад талын хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гээд хүүгүй” гэж гэрээнд тусгаад тэр өдрөө 4.000.000 төгрөгийг Жаргалын дансаар аваад маргааш нь 4.750.000 төгрөгийг Жаргалын дансаар дахин шилжүүлж авсан. ..Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Пүүжээ утсаар яриад “манай найз Батбилэг гадаад суралцах тэтгэлэгийн талаар асуугаад судалж байгаа юмаа таны утсыг өгчих үү” гэхээр нь би “за тэгье” гээд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын хойд талын “Баваряа” пабад уулзахад Батбилэг гэх залуу “Япон руу тэтгэлэгээр суралцах гэсэн юмаа, ямар ямар материал бүрдүүлдэг юм бэ, хэдэн төгрөг хэрэгтэй вэ” гэхээр нь би “нэг хүний 5.000.000 төгрөг” гээд бүрдүүлэх материалын жагсаалтыг бичиж өгсөн. Тэгээд “эргээд ярья” гэж хэлээд яваад өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Батбилэг утсаар яриад “хаана уулзах вэ” гэж асуухад би “Спортын төв ордны хажууд хүрээд ир” гэж хэлээд уулзахад Батбилэг эхнэртэйгээ ирчихсэн байсан. “Эхнэр маань бас явах гэж байгаа” гээд материал бүрдүүлсэн байсан ба жаахан мөнгөө хасчихаач ээ гээд ...14.500.000 байна, тэрийг өгье” гэсэн. Ингээд мөнгөний баримтын баталгаа үлдээх гээд нотариатаар ороод зээлийн гэрээ дээрээ хүүгүй зээлийг сонгоод цаад талын хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 01 гэж хийсэн. Тэр үед нөхөр Жаргалын дансанд 14.500.000 төгрөг шилжүүлж авсан. Дараа нь бас хамаатны эгч гээд Шинэбаяр гэх эмэгтэйгээс 8.750.000 төгрөг авсан…” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 52/, хуурамч визний урилга /2хх-ийн 61-62/, Э.Шинэбаярын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 81-82/, Д.Баярсайханы мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 88/, Г.Батбилэгийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 107/, Т.Таас Ч.Гансүхэд мөнгө буцаан өгсөн баримт /2хх-ийн 136-138/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 139, 167, 169-170, 3хх-ийн 84/, Т.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 238-244, 2хх-ийн 6-9, 3хх-ийн 47-51/, зээлийн гэрээнүүд /1хх-ийн 245-246, 2хх-ийн 2-4, 59, 74, 99/, зэргээр хангалттай тогтоогдсон байна.
Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Т.Тунгалагын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Тунгалаг нь “гадаад улсад Засгийн газрын тэтгэлэгээр баталгаатай сургуульд явуулж өгнө” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зориуд зохиомол худал амлалт өгч, мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Иймээс шүүгдэгч Т.Тунгалагын бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Тунгалагын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол (50.000 нэгж буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээ) учруулж…” залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул прокуророос шүүгдэгч Т.Тунгалагын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Тунгалаг мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Тогтохбаярын 8.700.000 төгрөгийн, Ж.Хулганаагийн 9.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, хохирогч Ч.Гансүхэд 5.160.000 төгрөгийн, Г.Батбилэгт 4.210.000 төгрөгийн, Э.Шинэбаярт 2.505.000 төгрөгийн, Д.Баярсайханд 2.625.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан болно.
Гэвч Т.Тунгалаг нь шүүхийн шатанд болон шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Ч.Гансүх, Г.Батбилэг, Э.Шинэбаяр, Д.Баярсайхан нарын хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Т.Тунгалагын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөртогоогийн Тунгалагыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Тунгалагыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тунгалагт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тунгалаг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Тунгалаг нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Тунгалагаас гэмт хэргийн хор уршгийн нөхөн төлбөрт төлсөн нийт 11.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан 100900005406 дугаарын данснаас гаргуулж, үүнээс хохирогч Ч.Гансүхэд 1.660.000 төгрөгийг, Г.Батбилэгт 4.210.000 төгрөгийг, Э.Шинэбаярт 2.505.000 төгрөгийг, Д.Баярсайханд 2.625.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тунгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ