Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2022/00030

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2022/000431 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Гэрээний үүргийн биелэлт 15 056 382 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь эхнэр П.Дулмаатай хамт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банкны Дорнод салбарын харьяа Баянтүмэн тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан Малчны зээл авсан ба 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 удаа төлөлт хийгээд 27-ны өдөр 5,500,000 төгрөгийг нэмж авснаар нийт зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөг болсон. Мөн 2020 оны 5 дугаар сар болон 2021 оны 5 дугаар саруудад Ковид-19 цар тахлын улмаас мал борлуулах боломжгүй байгаа гэсэн шалтгаанаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, үндсэн зээлийн төлөлтийг 2 удаа хойшлуулж Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа ба тус зээл хэвийн бус ангилалтай байна. *******, П.Дулмаа нар анх зээл авах үед 221 толгой малтай гэсэн малын данс, багийн даргын тодорхойлолтоор баталгаажуулан авсан байдаг. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 2,013,041 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 43,341 төгрөг, нийт зээл болон хүүгийн үлдэгдэл 15 056 382 төгрөг байна. Иймд *******, ******* нараас 15 056 382 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд Төрийн банкнаас уг зээлийг авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зээл авахдаа Дуламтай хамтарч буюу хамтран зээлдэгчээр Дулам орсон байгаа учир энэ зээлийг хамт хувааж төлөх хүсэлтэй байна. Дулам тайлбартаа сүүлд нэмж авсан 5 500 000 төгрөгийг намайг өөрөө зарцуулсан, юунд зарцуулсныг мэдэхгүй гэсэн байсан. Үүн дээр тайлбар хэлэхэд тухайн үед тэр хуримтлагдсан хүүгээ дарах гэж 2 500 000 төгрөгийг Дулам өөрөө Цогтбаатар гэдэг хүнээс асууж зээлээд төлж байсан юм. Тиймээс нэмж авсан 5 500 000 төгрөгнөөс 2 500 000 төгрөгийг нь тэр хүнд нь буцааж өгөөд, 1 000 000 төгрөгийг нь Дуламын сургалтын төлбөрт, үлдсэн 1 сая гаруй төгрөгийг нь гэр ахуйн хэрэглээнд л зарцуулаад дууссан. Би Дуламтай ойлголцоод энэ мөнгөнөөс хамтраад төлчих болов уу гэж найдаж байсан юм. Нэгэнт бүр хувааж төлөхгүй гээд байгаа бол би банктайгаа ярьж байгаад төлөлтийн хуваариа тохироод энэ 15 сая төгрөгийг өөрөө хариуцаж төлж барагдуулъя. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурж байснаа мэдэж байгаа боловч яг хэдэн төгрөгийн зээлийг хэдний өдөр авсныг мэдэхгүй байна. 10 сая төгрөг бөөнөөр нь авсныг мэдэхгүй байна. Банкнаас харъя гэхээр надад гаргаж өгөхгүй байна. Манай нөхөр Болдбаатар гэрээ хөөцөлдөж би очоод гарын үсэг зур гэхэд нь зурдаг. Нөхөртөө итгээд тэр бүр нарийвчлан танилцаагүй байсан. Миний бие 2020 оны 11 сарын 30-нд Улаанбаатарт мэргэжлийн шалгалтанд орох гээд шалгалтанд бэлтгэж байсан болохоор анзаараагүй. Тэгэхэд 11 сарын 27-нд 5 500 000 төгрөг авсныг ойлгоогүй. Зээлийн үлдэгдлээ зээл авч төлж байна. Надад зориулж 1 сая төгрөг л нэмж авч өглөө гэж ойлгосон. Миний дансанд Болдбаатар зээл авчихлаа гэж 2020 оны 11 сарын 27-нд 1 сая төгрөг л шилжүүлсэн. Үлдсэн 4 500 000 төгрөгийг юунд хэрэглэснийг нь мэдэхгүй байна. Ер нь 2020 оноос хойш ажилтай нэрээр ирэх ирэхгүй алга болдог байсан ч би анзаарахгүй байсан. Тэгээд надаас салж өөр хүнтэй амьдарсан. Би 4 хүүхэдтэйгээ үлдсэн. Болдбаатар барьцаалсан бүх малаа авсан. Миний инжний хэдэн үхэр тугалыг өгсөн. Би уг зээлийг төлөлцөж чадахгүй. Анхнаасаа салах үед Болдбаатар зээлээ өөрөө хариуцаж төлнө гээд эд хөрөнгийн маргаан хийгээгүй юм. Иймд Болдбаатар өөрөө зээлээ төлөх ёстой. Зээлийн баримтыг хараад ч би учрыг нь ойлгохгүй байгаа болно. Би 4 хүүхэдтэйгээ л үлдсэн. Хэрэв Болдбаатар намайг төлөлт хий гэвэл эд хөрөнгөө хүүхдүүд болон өөрт ногдох юмаа авч болох болно. Банкны өмнө ямар хариуцлага хүлээх ёстойг ойлгож байгаа ч би өөрийн бодит байдлыг бичиж төлөх боломжгүй, зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 15 056 382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 232 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 233 232 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийг үндсэн зээлдэгчээр төлүүлэх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

Учир нь *******, ******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк Баянтүмэн тооцооны төвөөс 10 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан ба 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээл 2 500 000 төгрөг, хуримтлагдсан хүү 1 523 638.78 төгрөг, нийт 4 023 638.78 төгрөгийг төлж 5 500 000 төгрөгийн зээл нэмж авснаар нийт зээлийн үлдэгдэл 13 000 000 төгрөг болсон.

Тус зээлдэгч нар нь зээл авах үед 221 толгой малтай гэсэн малын А данс, багийн даргын тодорхойлолтоор баталгаажуулан авсан байдаг. Хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбараар үхрийг эхнэртээ өгч үлдсэн малыг нөхөр нь авсан зээлийн барьцаа хөрөнгийг хураан авсан нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Төрийн банк ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байхад зээлдэгч нарын гэр бүлийн маргааныг үндэслэн хариуцагчаас *******ыг хассантай санал нийлэхгүй байгаа болно.

******* хэдийгээр дангаар төлөхийг зөвшөөрч байгаа боловч банкны дансанд нь хүүхдийн тэтгэмж битүүмжтэй, зээлийн түргэн борлогдох барьцаа хөрөнгө болох мал сүргийг хувааж аваад үрж дууссан зэрэг байдал нь цаашид энэ зээлийг төлөхөд цаг хугацаа шаардаж, ямар орлогоор төлөх нь тодорхойгүй байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгчийг татан оролцуулж зээлийг хаалгах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төрийн банкны харилцагч *******, ******* нарт холбогдуулан 2022.06.07-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2022/00431 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан болно. Миний бие гаргасан гомдлоо дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү.

Хамтран зээлдэгч Д.Дулам нь 2022 оны 09 дүгээр сард 4 587 000 /дөрвөн сая таван зуун наян долоон мянга/ төгрөгийг төлсөн байна. *******ын тайлбар хавсаргав. гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкнаас зээл авч хэрэглэж байсан. Хугацаа хэтрээд төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн байна. Дулам бид хоёр гэр бүлээ цуцлуулсан. Энэ маргаанаас болж мөн зээлийн төлөлт хийгдэхгүй удааширч ирсэн. Шүүхээс малчны зээлийг намайг төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Төрийн банкны зүгээс дан ганц надаар биш хамтран хариуцагч Дуламаас гаргуулах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ Дуламын хувьд зээлийн төлбөрөөс 30 хувийг нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан байна. Миний хувьд мөн тодорхой хэсгийг төлж барагдуулсан байгаа. Би үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Манай Баянтүмэн суманд малын гоц халдварт үхрийн Товруутах гэх өвчин гарсан учраас малын хөдөлгөөнийг одоог хүртэл хорьсон байгаа юм. Тиймээс зээлийг одоо хүртэл төлж чадахгүй байна. 1 420 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар нэмж төлсөн байгаа. Би малын хорио цээр тавигдсаны дараа унагатай гүүнүүдээ Улаанбаатар хот руу ачиж очоод худалдаалж төлбөрийг нь нэн даруй барагдуулах болно. гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт бусад үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч *******, ******* нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 260200096086 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийн, мөн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр нэмж авсан 5 500 000 төгрөгийн нийт 13 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 2 013 041 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 43 341 төгрөг нийт 15 056 382 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна./ хх 1-2/

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2020 оны 5 дугаар сар болон 2021 оны 5 дугаар саруудад Ковид-19 цар тахлын улмаас мал борлуулах боломжгүй байгаа гэсэн шалтгаанаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, үндсэн зээлийн төлөлтийг 2 удаа хойшлуулж зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа ба тус зээл хэвийн бус ангилалтай байна. ... гэжээ.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт болох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 260200096086 дугаар барьцаат зээлийн гэрээгээр Төрийн банкны Дорнод аймаг дахь Баянтүмэн тооцооны төв нь хариуцагч *******, ******* нарт 10 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй, мөн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж нэмж 5 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 18.0 хувийн хүүтэй тус тус олгосон байна. /хх 12-16/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасантай нийцсэн байна.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний хувьд төрийн банкнаас уг зээлийг авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зээл авахдаа Дуламтай хамтарч буюу хамтран зээлдэгчээр Дулам орсон байгаа учир энэ зээлийг хамт хувааж төлөх хүсэлтэй байна. ... Би Дуламтай ойлголцоод энэ мөнгөнөөс хамтраад төлчих болов уу гэж найдаж байсан юм. Нэгэнт бүр хувааж төлөхгүй гээд байгаа бол би банктайгаа ярьж байгаад төлөлтийн хуваариа тохироод энэ 15 сая төгрөгийг өөрөө хариуцаж төлж барагдуулъя.  гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* миний бие зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурж байснаа мэдэж байгаа боловч яг хэдэн төгрөгийн зээлийг хэдний өдөр авсныг мэдэхгүй байна. 10 сая төгрөг бөөнөөр нь авсныг мэдэхгүй байна. ...Миний бие 2020 оны 11 сарын 30-нд Улаанбаатарт мэргэжлийн шалгалтанд орох гээд шалгалтанд бэлтгэж байсан болохоор анзаараагүй. Тэгэхэд 11 сарын 27-нд 5 500 000 төгрөг авсныг ойлгоогүй. Зээлийн үлдэгдлээ зээл авч төлж байна. Надад зориулж 1 сая төгрөг л нэмж авч өглөө гэж ойлгосон. ...Би уг зээлийг төлөлцөж чадахгүй. Анхнаасаа салах үед Болдбаатар зээлээ өөрөө хариуцаж төлнө гээд эд хөрөнгийн маргаан хийгээгүй юм. Иймд Болдбаатар өөрөө зээлээ төлөх ёстой. ...Хэрэв Болдбаатар намайг төлөлт хий гэвэл эд хөрөнгөө хүүхдүүд болон өөрт ногдох юмаа авч болох болно. ... гэж маргасан байна.

Хариуцагч *******, шүүхэд хариу тайлбар бичиж өгсөн, хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар бичиж өгснөөс гадна *******ын зээлийн дансны хуулга 3 хуудсыг /хх 43-45/ гаргаж өгсөн байна.

3.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу Төрийн банк ХХК-ний Дорнод аймаг дахь Баянтүмэн тооцооны төв нь хариуцагч *******, ******* нарт нийт 15 056 382 төгрөг зээлдүүлэх, зээлдэгч болох *******, ******* нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Төрийн банк ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс буюу хариуцагч *******, ******* нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүх Хариуцагч ******* нь ...Гэрлэлтээ цуцлуулах асуудал яригдаж байх үед би энэ зээлээ яах юм бэ гэхэд Болдбаатар би өөрөө зохицуулчихна гэж хүүхдийнхээ хажууд хүртэл хэлсэн. Би яагаад ч тэр мөнгийг төлж чадахгүй. Өнөөдөр би 4 хүүхдээ өөрөө өсгөж байна. Болдбаатарын хувьд үр хүүхдээ өвчтэй байхад асууж сурдаггүй, хүүхдийнхээ төрсөн өдрөөр ч бэлэг өгдөггүй. Дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөөд явж байгаа надад энэ мөнгийг төлөх боломж байхгүй. ... гэж маргадаг.

Хариуцагч ******* нь гэрээний үүрэгт 15 056 382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дангаараа төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчаас *******ыг хасаж, үндсэн зээлдэгч *******аас гэрээний үүрэгт 15 056 382 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч *******, ******* нар нь хамт амьдарч байх хугацаандаа Төрийн банк ХХК-ний Дорнод аймаг дахь Баянтүмэн тооцооны төвөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөг, мөн 2020 оны 11 дүгээр сарн 27-ны өдөр нэмж 5 500 000 төгрөг тус тус зээлж авсан, хариуцагч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан талаар хэн аль нь маргаагүй.

Гэвч хариуцагч *******, ******* нар нь 2021 оны 8 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр зээлийн мөнгийг ганцаараа төлж барагдуулах талаар тайлбарласан, энэ хугацаанд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 587 000 төгрөг төлсөн /давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө/, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдаж, түүний банкинд хандаж гаргасан хүсэлтийг хавсаргаж ирүүлсэн зэргээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 15 056 382 төгрөгийг хариуцагч *******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Харин шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч *******аар зээлийн төлбөрийг төлүүлэхгүй талаар дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй орхигдуулсан байх тул шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 232 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ/2022/00431 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

...хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 15 056 382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 232 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хариуцагч *******ын төлсөн 4 587 000 төгрөгийг хариуцагч *******ын Төрийн банкинд төлөх төлбөрөөс хасаж тооцохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                            С.ОЮУНТУНГАЛАГ

                                                             Ж.ДОЛГОРМАА