Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 02

 

                                                 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                                  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг би Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох “Дорнод гурил” ХХК-ийн ““Дорнод гурил” ХХК-д 7680000 төгрөгийн торгууль ногдуулсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0077400 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн

                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч “Дорнод гурил” ХХК-ийг төлөөлж захирал Б.Энхбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь 1993 оноос Булган сумын Хайчин тариа бригадын талбайд улаан буудай, төмс тариалж эхэлсэн. Булган сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот захирамжаар Шанагын газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх үндэслэлгүй байна. “Дорнод гурил” ХХК нь Булган сумын “Туг” компанийн Шанага дахь газрыг тоног төхөөрөмжийн хамт 2001 онд худалдан авсан. Тухайн үед тус компани Шанага болон Хайчин хэмээх хоёр газар эзэмшиж ашиглаж байсан бөгөөд уг захирамжаар хүчингүй болгосон газрын байршлыг тодорхой заагаагүй байна. Бид Булган сумын нутагт Шанага бригадын талбайд олон жилийн туршид тариалалт явуулж, зах зээлийн хүнд үед орон нутгийн иргэдийн хүнсний чухал хэрэгцээг хангах үүргээ тасралтгүй биелүүлж ирсэн. Энэ жилийн хувьд ч мөн адил 500 га-д улаан буудай тариалсан боловч цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан ургац авч чадаагүй. Цаг агаарын хуурайшилт, өөрчлөлттэй холбоотойгоор 2000 оны дунд үед манай компани 1-2 жил уг талбайд тариалалт хийх боломжгүй өнжиж байсан. Энэ тухайгаа тухайн үеийн сум, орон нутгийн удирдлагад мэдэгдэж байсан. Газрын гэрчилгээг 2009 оноос шинэчлэх шаардлагатай болсон тул хураалгаад шинээр авах гэсэн боловч аймаг, сум дундаа хаялцаад гэрчилгээ олгогдоогүй. Манай компани өнөөдрийг хүртэл газар ашиглалтын төлбөрөө төлж ирсэн бөгөөд шинээр атар газар хагалж тариалалт явуулаагүй. 2016 онд тариалалтын гэрээг Булган сумтай байгуулсан. Дээр дурдсан үнэн бодит байдлыг харгалзан үзэлгүй “Дорнод гурил” ХХК-д 7680000 /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулсан шийтгэврийг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч, Дорнод гурил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаяр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь “Дорнод гурил” ХХК-иас Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “торгууль ногдуулсан акт”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Төлөөлүүлэгчээс олгосон эрхийн дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч, Дорнод аймгийн Мэргэжлийн газрыг төлөөлж дарга Д.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: …Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар МХЕГ-ын даргын баталсан 01/37 дугаартай удирдамжийн дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулиуд болон холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Баярмаа ахлан, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Мөнхнаран, А.Алтантуяа, Н.Адъяа нартай хамтран 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 07 дугаар сарын 08-ны хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

             Шалгалтаар Булган сумын нутаг дэвсгэрт Шанага нэртэй газарт “Дорнод гурил” ХХК-ийн тариа тарьсан газарт мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэмжих хэрэгслээр геодезийн мэргэжилтэн Э.Мөнхнаран хэмжилт хийж, бичиг баримттай нь 2016 оны 07 сарын 06-ны өдөр “Дорнод гурил” ХХК-ийн аймаг дахь төв оффист очиж газар эзэмших гэрээ, гэрчилгээг шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр атаршсан 1016.5 га газарт тариа тарьсан нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн дагуу 7680000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

            “Дорнод гурил” ХХК-иас шийтгэвэр цуцлуулах тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 09, 19-ний өдрийн 144, 148 тоот албан бичиг, 10 дугаар сарын 07-ны өдрийн 154 тоот албан бичгүүдээр хүсэлт гаргасан. Манай байгууллагаас Булган сумын ЗДТГ-ын архиваас Засаг даргын захирамжуудыг татаж үзэхэд 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай захирамжаар тухайн газрыг зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон, уг газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар эзэмшүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэр, газар эзэмших гэрээ гэрчилгээгүй тул улсын байцаагчийн тавьсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй нь тогтоогдсон тул дээрх хүсэлтүүдэд цаг хугацаанд нь хариу өгч ажилласан. Шийтгэврийн хуудасны барагдуулах хугацаа дуусмагц 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/462 тоот албан бичгээр шийтгэврийн хуудсыг баталгаажуулахаар хүсэлтээ явуулсан. Үүний дагуу Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3101 дугаартай захирамжаар шийтгэврийг баталгаажуулсан. Мөн 723 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас олгосон. Манай байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/500, 1/501 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэврийг албадан гүйцэтгүүлэхээр хандсанаар тухайн шийтгэврийг барагдуулан ажилласан болно гэжээ.

 

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “Дорнод гурил” ХХК-иас тухайн компанид 7680000 төгрөгийн торгууль ногдуулсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0077400 дугаартай шийтгэврийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Дорнод гурил” ХХК нь 7680000 төгрөгийн торгууль ногдуулах тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0077400 дугаартай шийтгэврийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дорнод гурил” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

                                                     ШҮҮГЧ                            С.ОЮУНТУНГАЛАГ