Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 790

 

  Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Оюунбилэг,

шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах, тэдний өмгөөлөгч М.Нарангуа,

хохирогч Х.Баянтөр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Батсуурь, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/38 тоот улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох 2015250000189 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ядам овгийн Энхзаяагийн Амгаланбаяр, 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 35 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг, Жавхлантад оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: СД92031519/,

2. Цэнгэл овгийн Мөнхбаярын Оюунгэрэл, 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Багшийн их сургуулийн математик эдийн засгийн 4 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 63-2-55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЭ92042808/,

3. Олонгууд овгийн Батсуурийн Ундрах, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “Хас” банкны теллер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Орчлон хорооллын 34А байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЭ92051941/,

 

1. Э.Амгаланбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Анар” нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харьцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагаанаас болж өөр хоорондоо маргалдан улмаар иргэн Х.Баянтөрийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. М.Оюунгэрэл нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Жанузакийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

3. Б.Ундрах нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Жанузакийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Амгаланбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан байтал мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг гэмт хэргийг яг хэн үйлдсэн, уг гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаант холбоо, хэргийн үйл баримт зэргийг нарийвчлан шалгаж тодруулаагүй байна.

Тухайлбал Э.Амгаланбаяр нь чухам ямар нөхцөл байдалд хохирогчийг хаана нь хэрхэн цохисоныг нарийвчлан тогтоох, гэмт хэргийн талаар М.Оюунгэрэл, Б.Ундрах нар нь чухам юу гэж мэдүүлсэн нь бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг болж байгаа талаар тодорхой дүгнэлтүүдийг хийж шалган тогтоох шаардлагатай байна.

Эрүүгийн 2015250000189 дугаартай хэрэгт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар талууд харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Энэ байдлыг мөрдөн байцаалтаар тогтоосон эсвэл няцаасан байх учиртай. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй гэх үндэслэлээр Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох 2015250000189 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, Э.Амгаланбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн 608 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Амгаланбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хянахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсан гэж дүгнээд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүй ба бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянаж шийдвэр гаргахаар заасан байна.

Гэтэл шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасан хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр байхад үндэслэлгүй зүйл зааж буцаасан. Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэснийг засч хавтаст хэрэгт тулгуурлан шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг зөв тодорхойлж тогтоолд дурдах ёстой байхад энэ ажиллагааг мөрдөн байцаалтаар тогтоолгоно гэсэн нь буруу юм. Шүүхийн тогтоолд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй" гэж заасан байтал мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг гэмт хэргийг яг хэн үйлдсэн, уг гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаант холбоо, хэргийн үйл баримт зэргийг нарийвчлан шалгаж тодруулаагүй байна. Тухайлбал: Э.Амгаланбаяр нь чухам ямар нөхцөл байдалд хохирогчийг хаана нь хэрхэн цохисоныг нарийвчлан тогтоох, гэмт хэргийн талаар М.Оюунгэрэл, Б.Ундрах нар нь чухам юу гэж мэдүүлсэн нь бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг болж байгаа талаар тодорхой дүгнэлтүүдийг хийж шалган тогтоох шаардлагатай байна. Эрүүгийн 201525000189 дугаартай хэрэгт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар талууд харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Энэ байдлыг мөрдөн байцаалтаар тогтсоосон эсвэл няцаасан байх учиртай гэж шүүх дүгнэлээ гэжээ.

Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/"-г шалгаж тогтоосон байх ба хохирогч Х.Баятөрийн биед учирсан чамархай ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай хатуу хальсан доорхи цус хуралт тархины эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь 2015 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Анар нэртэй зочид буудалд байхдаа учирсан болох нь Э.Амгаланбаяр болон гэрч Б.Хаш-Өлзий, М.Оюунгэрэл, С.Жанузак нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон.

Харин яллагдагч Б.Ундрах, М.Оюунгэрэл нар нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож биемахбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Жанузакийг холбогдуулан худал мэдүүлэг өгсөн нь мөрдөн байцаалтад гэрч М.Оюунгэрэлийн: “...би урьд өгсөн мэдүүлгээ уншиж үзэхэд бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Яагаад гэвэл Э.Амгаланбаяр гэх залуу намайг гэрээс авчирч Цагдаагийн байгууллагад хүргэж ирж мэдүүлэг өгүүлсэн. Тэгэхдээ надад зодоон том өрөөнд болсон гээд хэлсэн чи өөр өрөөнд болсон гэж хэлээрэй гэж хэлсэн...", "..Амгаланбаяр нүүр рүү нь цохьсон тэгсэн нөгөө залуу газарт унасан ба хажуу талаас нь нэг залуу цохьсон, Жанузак гэдэг казак залуу байсан" гэх мэдүүлэг, “Жанузак гэдэг залуу нь тэр залууг унасан байхад нь цохисон.., тэр үед Б.Ундрах салгасан" гэсэн удаа дараагийн мэдүүлгүүдээр тухайн хэргийг харсан атлаа мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогддог.

Мөн шүүхийн тогтоол нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа талаар ойлгомжгүй заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоол нь үндэслэлтэй байх” заалтыг хангаагүй буюу хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Амгаланбаярт холбогдох хэрэгт цаашид хийгдвэл зохих ажиллагааг тодорхой дурдаагүй байх бөгөөд энэ хэргийн гэрчүүд нь яллагдагчаар татагдсан байх тул мэдүүлгийн зөрүүг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад арилгах хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх ба 201525000189 дугаартай хэрэгт гэмт хэрэг гарсан шалггаан нөхцлийн галаар талууд харилцан зөрүүтэй мэдүүлдэг гэсэн шүүхийн буцаасан үндэслэлийг шүүх хуралдаанаар тодруулж байцаан шийтгэх ажиллагааны оролцогч чарыг оролцуулах болон бусад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Амгаланбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Унасан зүйл байхгүй. Мөрдөн байцаагч “Тэр залуу чинь чамайг цохиход унасан юм биш үү” гэхэд тэр үед би юу ч мэдэхгүй байсан учраас амыг нь дагуулаад хариулсан. Б.Ундрах, М.Оюунгэрэл нарт үг заасан зүйл байхгүй. “Мөрдөн байцаагч та хоёрыг байцаалт өг гэж хэлсэн очоод өгчих” гэж хэлсэн.” гэв.

Хохирогч Х.Баянтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би С.Жанузакыг гүтгэж мэдүүлэг өгөөгүй. Э.Амгаланбаяр надад үг зааж өгсөн зүйл байхгүй. Зодоон яг хаана болсныг санахгүй байсан болохоор тэр талаар ярилцаж байгаад хэлсэн.” гэв.

Шүүгдэгч М.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тэр үед харсан зүйлээ хэлсэн. Тэнд байсан хүмүүсээс зөвхөн Б.Ундрахыг танина. Хүн гүтгэх ямар нэгэн зорилго байхгүй. Х.Баянтөр цонхоор гараад үхлээ гээд байхаар нь Э.Амгаланбаяр уурлаад нүүр лүү нь цохисон.” гэв.

Шүүгдэгч Э.Амгаланбаярын өмгөөлөгч К.Бауржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийн тал бүрээс нь шалгаж энэ хэргийг хэн үйлдсэн, хохирогчид хэн гэмтэл учруулсан гэдгийг тогтоох ёстой. Улсын яллагчийн эсэргүүцэлд хэд хэдэн үндэслэлгүй зүйлүүд байгаа. Өмнө хэрэг  давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлэхдээ процессын алдаа гаргаж, өөрөөр хэлбэл яллагдагчаар татаагүй зүйл ангиар татагдсан мэтээр тогтоолдоо бичсэн байгаа учраас үүнийг залруул гээд буцаасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ нь ямар нэгэн байдлаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөрчсөн эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэдэг үндэслэл болохгүй гэж үзсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар хэд хэдэн нөхцөл байдлуудыг тодруулах шаардлага байгаа. Улсын яллагч эсэргүүцэлдээ “М.Оюунгэрэлийн мэдүүлэгт С.Жанузак Х.Баянтөрийг цохиж байхыг харсан” гэж бичсэн. Гэтэл М.Оюунгэрэлийн 5-6 удаагийн мэдүүлэгт С.Жанузак, Х.Баянтөрийг цохиж байхыг нэг ч удаа хараагүй” гэсэн мэдүүлэг байдаг. Мөрдөн байцаалтын шатанд С.Жанузакыг гэрчээр асуусан. Мөн яллагдагчаар нэг удаа татагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Э.Амгаланбаяр бусдад гэмтэл учруулсан гэдэг нь С.Жанузакийн мэдүүлгээр нотлогддог гэж удаа дараа дүгнэсэн. С.Жанузак энэ хэргийн гэрч биш. Харин энэ хэрэгт холбогдолтой этгээд учраас тухайн үед гэрчээр асуугдаж байсан М.Оюунгэрэл “С.Жанузак хохирогч Х.Баянтөрийг цохиж байсан, хөл нь хөдлөөд байсан. Ямар аймар залуу вэ” гэсэн байдлаар мэдүүлэг өгдөг. Энэ нь С.Жанузак энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолтой, хохирогчид гэмтэл учруулахад С.Жанузакын үйлдэл оролцоо байгаа гэдгийг тодорхой нотолдог. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар М.Оюунгэрэл, Б.Ундрах нарын үйлдэл оролцоо байсан уу, энэ хэрэгт холбогдолтой этгээдүүд мөн үү эсвэл гэрч эсэх талаар шалгаж зааглах ёстой. М.Оюунгэрэл, Б.Ундрах тухайн хэргийн газар очиж, мэдүүлгийг нь газар дээр шалгаж, хэн хаана ямар байдалтай зогсч байсан, хохирогч Х.Баянтөр шалан дээр унасан байхад С.Жанузак, Э.Амгаланбаяр нар хаана байсан гэдгийг тодруулах шаардлагатай. Шүүхийн эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй. С.Жанузак хохирогчийг зүүн шанаан тус газар нь баруун гараараа цохиод хохирогч хаалганаас илүү гарсан буланг мөргөж унаснаас энэ хэмжээний гэмтэл учирсан. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч, дүгнэлт гаргасан эмч нар хохирогчийн гадна хуйханд ямар нэгэн гэмтэл учраагүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хатуу зүйлээр толгойгоо цохивол гадна хуйханд ямар нэгэн байдлаар гэмтэл учрах ёстой байтал учраагүй байна гэсэн. Булан мөргөж унаад гэмтэл учирсан нь үндэслэлгүй болсон. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай. Энэ хэрэг болсноос сар гаруй хугацааны дараа хохирогч гадаа согтуу хэвтэж байхад багш нь олоод гэрт нь хүргэж өгөхөд хувцас нь шороо тоос болчихсон байдалтай байсан гэж гэрч мэдүүлдэг. Шүүх хуралдаанд шинжээч эмчээс энэ гэмтлийг хэзээ авах боломжтой вэ гэж асуухад дүгнэлт гарах үед хэзээ гэмтэл авсан байх талаар шинжлээгүй гэсэн. Тухайн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө авсан уу эсвэл 2015 оны 1 дүгээр сард авсан уу гэдгийг тодруулах шаардлагатай байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Амгаланбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгээд шүүхээр цэвэрлэгээ хийлгэх гээд явуулаад байдаг хэргүүдийн нэг гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан энэ хэргийг үйлдсэн этгээд нь хэн бэ гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Мөн хэргийг хэн үйлдсэн нь тодорхой байх ёстой. Э.Амгаланбаярын цохилтоос энэ гэмтэл нь учирсан уу эсвэл өөр нөхцөл шалтгаанаас болж энэ гэмтэл учирсан уу гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Мэдүүлгүүдийн зөрүү маш их байдаг. Гэрч М.Оюунгэрэлийн 3-4 удаагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. С.Жанузакийн мэдүүлэг бас зөрүүтэй байдаг. С.Жанузак өөрийгөө энэ хэргээс цэвэрхэн гаргах гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. С.Жанузакийг энэ хэрэгт шалгахдаа хэлбэрийн төдий шалгаад ямар ч үндэслэлгүйгээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал харагддаг. Мөн шинжээчийн дүгнэлтийн тухайд 2 өөр дүгнэлт гарсан нь тархины зураг авсантай холбоотой гэсэн. Тархины зургийг хугацаа нилээн өнгөрсний дараа авсан байдаг. Энэ хооронд хохирогч гудамжинд хэвтэж байсан гэдэг нь эргэлзээтэй. Өөр нөхцөл байдлаас энэ гэмтлийг авсан уу эсвэл тухайн үед авсан уу гэдэг. Э.Амгаланбаяр Х.Баянтөрийг цонхоор үсрэх гэж байхад нь оруулж ирээд үхэх чинь дутаа юу гээд цохисон гэдэг. Энэ талаар ерөөсөө шалгалт хийгээгүй. Хэргийн газар очиж мэдүүлэг авахдаа зөвхөн С.Жанузакыг авч явсан ч өөрөөсөө холдуулах зорилгоор мэдүүлэг өгсөн. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг шалгаж нотлоогүйтэй холбоотойгоор шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлаар мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийлгүүлэхээр буцаасан нь хууль зөрчөөгүй. Прокурорын эсэргүүцэлд мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдааны явцад арилгах боломжтой гэдэг боловч мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдаанаар арилгахын тулд туршилт хийх эсвэл хэргийн газар дээр мэдүүлэг авах ажиллагаа С.Жанузак, Э.Амгаланбаяр нар дээр хийх шаардлагатай. Прокурор эсэргүүцэлдээ Э.Амгаланбаяр цохисон гэдгээ хүлээж утсаар ярьсан гэдгийг бичсэн байсан. Э.Амгаланбаяр энэ мэдүүлгээ тогтвортой өгч ирсэн. “Нэг удаа цохисон. Цохьсныхоо маргааш өглөө нь Х.Баянтөр рүү яриад чамайг болохгүй байгаад байхаар чинь нэг удаа цохисон шүү” гэдгээ хэлсэн. Гэхдээ цохьсноос болоод Х.Баянтөрийн уруулаас цус гарсан, Х.Баянтөр маргааш нь ийм байдалтай байсан гэдгээ хэлсэн. Гэхдээ Э.Амгаланбаярын энэ цохилтоос хохирогчид энэ хэмжээний гэмтэл учрах боломжгүй нь харагддаг. Энэ гэмтэл хэний үйлдлийн улмаас болсон гэдгийг тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. М.Оюунгэрэл үйл явдлыг харсан цорын ганц гэрч. С.Жанузак мэдэж байгаа боловч өөрөөсөө холдуулах байдлаар мэдүүлэг өгдөг. М.Оюунгэрэлийн аль мэдүүлэг зөв гэдгийг тодруулах шаардлагатай. М.Оюунгэрэлд хууль сануулах ажиллагааг хэрхэн хийснийг сайн мэдэхгүй. Хэдийгээр гарын үсэг зурсан боловч зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг тогтоож байж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоол гарах боломжтой. Шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас мөрдөн байцаалтад буцаасан.” гэв.

Шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарын өмгөөлөгч М.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдал болон хэрэгт ямар байдлаар хэрхэн холбогдсоныг, яг ямар мэдүүлгээр гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байгаа эсэх талаар асуудал тодорхой учраас шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн шүүгдэгч Э.Амгаланбаярын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж явуулснаар миний үйлчлүүлэгч нар хүнд гэмт хэрэгт С.Жанузакийг гүтгэсэн мэдүүлэг өгсөн гэсэн Эрүүгийн хуульд заасан гэм буруутай эсэх талаарх асуудал нь хоорондоо уялдаа холбоотойгоор шийдэгдэхэд тодорхой болох боломжтой учраас шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэмт хэргийг хэн үйлдсэн буюу хохирогч Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг Э.Амгаланбаяр, С.Жанузак нарын хэн нь үйлдсэн, эсхүл бүлэглэж үйлдсэн эсэх, гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл, гэм буруутай хүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудын талаар тогтоовол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн шалгаж, үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоогоогүй байх тул хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Амгаланбаяр, гэрч М.Оюунгэрэл, Б.Ундрах, С.Жанузак нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн чухам аль мэдүүлэг хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байгааг, гэрч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарын өгсөн чухам аль мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа талаар тодорхой дүгнэлт хийж дурдалгүйгээр “...Э.Амгаланбаяр нь Х.Баянтөрийг зодож хүнд гэмтэл санаатай учруулсан, М.Оюунгэрэл, Б.Ундрах нар нь С.Жанузакийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн” гэж хэт ерөнхийлөн яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэрэг маргааныг хэн өдүүлсэн, оролцсон хүмүүсийн үйлдэл, оролцооны талаарх байдлыг тогтоох ажиллагааг хийхдээ, хэний аль мэдүүлэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байгааг зөв тодорхойлж, холбогдох шалгалтыг хангалттай хийгээгүйгээс чухам хэн нь ямар үйлдэл хийсэн, маргаан зодооны шалтгаан, өрнөл, дэс дарааллын талаар хэргийн оролцогч, гэрч нарын хэн аль нь мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр зүйл мэдүүлсэн нь хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгожээ. 

Дээрх байдлуудаас дүгнэхэд хэргийн үйл баримтыг нэг мөр, хангалттай тогтоож чадаагүй, мөн хэрэгт ач холбогдолтой байж болох үйл баримтын талаар илтэд зөрүүтэй мэдүүлж буй шалтгаан нөхцлийн талаар бодитой дүгнэлт хийж, гэрчүүдийн хувийн байдал, хэрэгт хувийн сонирхолтой байж болох зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох, тэдний мэдүүлгүүдийн үнэн зөв эсэхийг хуульд заасан арга хэрэгсэл ашиглан шалгах, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэрэг үйлдсэн хүмүүсийн үйлдэл, оролцоог нотлох баримтаар хөдөлбөргүй нотолж тогтоох үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/38 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор               Х.Ням-Эрдэнийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/38 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ  

                                                                         Ц.ОЧ