Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0622

 

 2018 оны 12 сарын 05 өдөр         Дугаар 221/МА2018/0622                           Улаанбаатар хот

 

Д.З-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, гуравдагч этгээд Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Э нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор Д.З-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга, Дарви сумын Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжууд, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн аваад хэргийн гуравдагч этгээд “Эт” ХХК-аас давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

“... нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь ханган хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн зүгээс хууль хэрэглээний алдаа гаргаснаар шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/43 дугаартай захирамжийг гардан авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор иргэн Д.З Ховд аймгийн Засаг даргад хандах учиртай байсан. Иргэн Д.З Дарви сумын Засаг даргын маргаан бүхий эдгээр захирамжуудыг хэзээ мэдсэн нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Гэвч нэхэмжлэгч Д.З нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дээд шатны албан тушаалтан буюу Ховд аймгийн Засаг даргад гомдол гарган хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаас илэрхий байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.З нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. “шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” гэсэн заалтын дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан шүүхэд нэхэмжлэлээ бичгээр гаргах учиртай байсан. Гэтэл хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч улмаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүлийн 6.4-т заасны дагуу Ховд аймгийн Засаг дарга гомдол шийдвэрлэх хугацааг 1 сараар сунгасан байсан тохиолдолд ч Д.З нэхэмжлэлээ 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр шүүхэд гаргах учиртай байсан болно.

Мөн “Эт” ХХК-д дуудлага худалдаагаар газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч Д.З-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байгааг магадлах шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шүүхийн шидйвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус сумын Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талд засмал замын баруун талаар 5 га газрыг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр тусгасны дагуу Дарви сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/27 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг байгуулж, мөн өдрийн А/28 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 га газрын дуудлага худалдааг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ. Улмаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар захирамжаар дуудлага худалдаанд оролцож ялагч болсон “Эт” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч Д.З-аас Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу явагдсан газрын дуудлага худалдаа, дуудлага худалдаагаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр зэрэг нь нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргах, дуудлага худалдаанд тэгш, шударга оролцох эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7 дугаар зүйлийн 7.1-д “Дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ”, 7.1.1-д “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр”, 7.1.2-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэж дуудлага худалдааны зарыг зарлан мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна. Гэтэл хариуцагчаас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот захирамжаар газрын дуудлага худалдааг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь дээрх журмын хугацаа тогтоосон зохицуулалтад нийцээгүй байна.

Нээлттэй зарласнаар дуудлага худалдааны гол ач холбогдол бүрдэж “дуудлага худалдаа буюу аль болох олон тооны оролцогч оролцуулж” газар эзэмших эрх олгох нөхцөл нь бүрдэх юм. Гэтэл дуудлага худалдааны зарыг хэлбэрийн төдий байдлаар мэдээллийн самбарт байршуулж, цахим сайтад зарыг нөхөж оруулсан нь уг дуудлага худалдааны зарыг аливаа сонирхогч этгээд мэдэх боломжгүй байснаар дуудлага худалдаа нээлттэй явагдах зарчим зөрчигджээ. Түүгээр зогсохгүй, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдаа явуулах шийдвэрээ олон нийтэд Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангасан байдлаар мэдээлээгүй байна.

Дуудлага худалдааг хууль, журамд заасан хугацаанд зарлаагүй, нийтэд мэдээлээгүй талаар анхан шатны шүүх “хариуцагч нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, мөн сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудас байдаггүй талаар тайлбарласан” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч татгалзалдаа “... дуудлага худалдааг зохион байгуулах захирамж 23 хоногийн өмнө гарсан боловч бид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа дуудлага худалдаа явуулж, үйлчилгээний төв барих талаар зарлаж байсан. Иймд олон нийтэд зарлаагүй гэж үзэхгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хууль болон Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамд заасан “дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэх” тухай ойлголт нь хариуцагчийн албан ёсоор /энэ тохиолдолд захирамж/ дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэр гаргасныг ойлгох бөгөөд иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа дуудлага худалдаа явуулах талаар зарлаж байсан гэдэг тайлбар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т тухайлан заасан “хэлбэр журмын” дагуу гаргасан шийдвэрт тооцогдох үндэслэлгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаар газрын дуудлага худалдаа болох талаар хариуцагч нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тухайлбал, гэрч Ховд аймгийн Дарви сумын газрын даамал Л.С мэдүүлэгтээ “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулах талаар www.mle.mn цахим сайтад байршуулсан”, гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа “манай байгууллага тус зарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олж харсан бөгөөд зар анх тавигдсан огнооны талаарх мэдээлэл бидэнд байхгүй” гэж тус тус мэдүүлсэн боловч шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр www.mle.mn цахим сайтад хийсэн үзлэгээр уг дуудлага худалдааны зарыг тус сайтад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс дуудлага худалдаа зохион байгуулах талаар нийтэд мэдээлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр маргасан тохиолдолд нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар, хариуцагч маргаан бүхий захирамжуудыг нэхэмжлэгч болон бусад этгээдэд мэдэгдсэн талаар холбогдох нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр мэтгэлцээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гуравдагч этгээдийн гомдлын “иргэн Д.З Дарви сумын Засаг даргын маргаан бүхий эдгээр захирамжуудыг хэзээ мэдсэн ... талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 125/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Эт” ХХК-ийн төлөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ