Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: Н.Анхбаяр (томилолтоор);

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Нямсүрэн, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр;

шүүгдэгч: С.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэнхорлоогийн Лхагва-Очирт холбогдох эрүүгийн 1803005460286 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 10д тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ВО97040917 регистерийн дугаартай, Тэмээчин овогт Сүрэнхорлоогийн Лхагва-Очир.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.Лхагва-Очир нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 буудлын Бадруун төвийн баруун замд 2018 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цаг 23 миунтын үед Бичил Глобус групп ХХК-ний эзэмшлийн Х.Соната-6 маркийн 90-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Гансүхийг мөргөж, амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Лхагва-Очир мэдүүлэхдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө найз охин Баярмагнайгийн хамт эгчийнхээ машинтай таксинд явж байсан. Нэг хүн аваад 7 буудлаас 11 дүгээр хороолол орох гээд явж байсан. 5 буудлын хурд сааруулагч гараад “Бадруун” төвийн урд тухайн осол болсон. Тухайн үед бороо ороод халтиргаатай байсан. Гэнэт урд хүн гарч ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Амь хохирогчийн ар гэрийнхэнээс уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 23-ны өглөө манай нөхөр ажилдаа явсан. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө цагдаагийн газраас утсаар ярьж осолд орсон гэж мэдсэн. Амь хохирогч бид хоёр 20 гаруй жил ханилсан. Дөрвөн хүүхэдтэй. 2 том хүүхэд нь оюутан. Хоёр бага хүүхдийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, бага 1 настай. Би хүүхдээ хараад гэртээ байдаг. Гомдолтой байна. Хохиролд 6.000.000 төгрөг авсан. 4 хүүхэддээ тэтгэмж тогтоолгож авмаар байна. Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн ар гэрийнхэн санаатайгаар танай нөхрийг алаагүй, санамсаргүйгээр дайрч алсан гэж дарамталдаг. Үүнд гомдолтой байна гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-11/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-30/, “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 1418 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-125/, хохирогч Д.Нямсүрэн /хх-ийн 32, 34-35/, гэрч С.Баярмагнай /хх-ийн 113/, Д.Сүрэнхорлоо /хх-ийн 115-116/, Я.Энхцэцэг /хх-ийн 121/, иргэний хариуцагч Б.Эрдэнэтунгалаг /хх-ийн 109/, нарын мэдүүлэг, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-47, 50-51/, хохиролын баримтууд /хх-ийн 53-95, 186-189/, Бичил Глобус ББСБ-ын тайлбар, Б.Эрдэнэтунгалагийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 99-106/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1418, 4292, 6727 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123-125, 127-129, 132/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 136/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 140-146/, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 148/, С.Лхагва-Очирын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 155-158/, С.Лхагва-Очирын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 159-167, 170, 174--175/, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 178-179/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 183-184/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 194-199/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар 2 хуудас, С.Лхагва-Очирын хувийн байдалтай холбоотой баримтууд 12 хуудас, хохирол төлсөн гэх 3 ширхэг баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

С.Лхагва-Очир нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 23 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг, 5 буудал “Бадруун” төвийн баруун замд “Хьюндай Соната-6” (Hyundai Sonata) маркийн 9084 УБО дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс явган зорчигч Я.Гансүхийг мөргөж, амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

“…Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 5 буудлын “Бадруун” төвийн баруун талын замд, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, сөрөг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний гарцтай, зохицуулагдаггүй явган хүний замтай, нойтон, шулуун тэгш, хатуу хучилттай, асфальтан, хайсгүй, хашлагатай зорчих хэсэгтэй…”  гэсэн  2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хх-ийн 8-15/,

 

“…00:23:51 секундэд уг хүн замын голын тэнхлэгийн шугаман дээр очоод үргэлжлүүлж цааш алхаад урагш явах урсгалын 1, 2-р эгнээний тасархай цагаан зураасан дээр явж байхад нь 00:23:54 секундэнд саарал өнгийн Х.Соната-6 машин хойноос урагшаа чиглэлтэй явж орж ирээд мөргөхөд уг хүн шидэгдэж 00:23:56 секундэнд зам дээр гулсаж унаж байв…” гэх ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-ийн 29-30/,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн /хх-ийн 34-35/: “…Би нөхрийгөө осолд орсныг осол болсоны өглөө ЗЦГ-аас ээж рүү ярьж хэлсэн гэсэн, тэгээд л мэдсэн. Манай нөхөр “Хүннү Молл”-ын тэнд байдаг “Андын зам” компанид барилгын мужаан хийдэг байсан. Энэ компанид ажиллаад 2 жил хагас болж байна. Манай нөхөр 5 буудлын урд талын 17-ын уулзварын хойд талын “Бадруун” төвийн баруун талын замаар зам хөндлөн гарч яваад осолд орсон байсан…Талийгаачийн оршуулгын зардалд баримттай нь 4.500.000 төгрөг, баримтгүй нь 2.200.000 төгрөг болж байсан. Би оршуулгын гарсан зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна…” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Баярмагнайгийн /хх-ийн 113/: “…Би 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд найз залуу Лхагва-Очирын жолоодож явсан “Х.Соната-6” маркийн 90-84 УБО дугаартай машины урд суудалд суугаад халтуур хийгээд 1 хүн аваад 11 дүгээр хороолол хүргэж өгөхөөр 5 буудлын урд талын “Далайхүү” төвийн зүүн тал буюу “Бадруун” төвийн баруун талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт Лхагваа тормоз гишгээд рулээ эхлээд баруун, дараа нь зүүн гар тийш дартал миний баруун талын гадна толинд хүн цохигдоод баруун тал руу унасан…” гэх мэдүүлгээр,

 

иргэний хариуцагч Б.Эрдэнэтунгалагийн /хх-ийн 109/: “…”Х.Соната-6” маркийн 90-84 УБО улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин. “Бичил Глобус” банк бус санхүүгийн байгууллагаас 1.200.000 төгрөгийн “явдаг” зээлээр гэрээ хийж авсан. Бодит учирсан хохирлыг төлж барагдуулна…” гэх мэдүүлгээр,

 

С.Лхагва-Очирын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 155-158/: “…Зүүнээсээ баруун чиглэлтэй нэг эрэгтэй хүн алхаад гарч ирсэн…Би харсан даруйдаа тормозоо гишгэж жолооны хүрдээ баруун гар тал руугаа дарсан боловч тухайн хүн нь тэр чигээрээ алхаад яваад байхаар нь жолооны хүрдээ буцаагаад дарсан чинь амжилгүй машиныхаа баруун гар талаар мөргөж, шидэгдээд зам дээр унасан…” гэх мэдүүлгээр,

 

“”Х.Соната-6” маркийн 90-84 УБО улсын дугаартай автомашины жолооч Сүрэнхорлоогийн Лхагва-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ядамсүрэнгийн Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Замын Цагдаагийн албаны 463 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн148/,

 

“Талийгаачийн цогцост гавлын орой, суурь ясны хугарал, хоёр тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, эрүү, баруун гуя, баруун тохой, баруун ташаа, цээжинд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой ба хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай шинэ гэмтлүүд үүссэн, …талийгаачийн цусанд 4,1 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна…” хэмээн тогтоосон “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 1418 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 123-125/ болон цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, шинжээчдийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогчийн амь нас хохирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 23 минутын орчим шүүгдэгч С.Лхагва-Очир нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг, 5 буудал “Бадруун” төвийн баруун замд “Хьюндай Соната-6” маркийн 9084 УБО дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэж шүүх дүгнэв.

             

С.Лхагва-Очир нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүний амь насыг хохироосон нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Ийнхүү шүүгдэгч С.Лхагва-Очирын “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Лхагва-Очир автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн материаллаг хохирлыг өөрөө хариуцах учиртай тул иргэний хариуцагч Б.Эрдэнэтунгалагаас төлбөр гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Лхагва-Очироос амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 6.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “энэ талаархи нэхэмжлэл бүрэн хангагдсан” гэсэн болохыг дурьдаж байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, амь хохирогч Я.Гансүх сард 1.800.000 төгрөгийн орлоготой байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуульд заасан хэмжээгээр шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

 

Сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлдэг учиртай. Хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Хуульд тусгайлан заасан заалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл бөгөөд энд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймээс бусад эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах боломжгүй байх тул хохирогчийн “сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Амь хохирогч Я.Гансүхийг “сард 1.800.000 төгрөгийн орлоготой байсан” гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон (амь хохирогч Я.Гансүхийн шимтгэл төлсөн хугацаа тогтоогдоогүй гэж үзэж) сард 232.500 төгрөгөөр тогтоосон байна.

Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэж болох тул “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” хэмээн үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн 232.500 төгрөгийг хасч 7500 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүд олгох нь зүйтэй.

Иймд амь хохирогчийн бага насны буюу насанд хүрээгүй хүүхэд болох 2000 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн охин Гансүхийн Бадамрагчаа, 2003 оны 04 дүгээр сарын 23-нд төрсөн хүү Гансүхийн Батзаяа, 2008 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн хүү Гансүхийн Батням, 2017 оны 08 дугаар сарын 16-нд төрсөн хүү Гансүхийн Бат-Оргил нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл шүүгдэгч С.Лхагва-Очироос сар тутам 7500 төгрөгийг гаргуулж олгохоор тогтов. 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийг “сард 1.800.000 төгрөгийн орлоготой” байсныг нотолсон тохиолдолд гэм хорын хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

Мөн шүүгдэгч С.Лхагва-Очир нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” үр дагаварт хүргэсэн тул “өмгөөлөгчид төлсөн зардал 2.000.000 төгрөгийг” гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэвч энэ талаархи баримтыг хэрэгт хавсаргаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Лхагва-Очирт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасч, 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Мөн дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд  эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, С.Лхагва-Очирын B ангиллын 1046830 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тэмээчин овогт Сүрэнхорлоогийн Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагва-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагва-Очирт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагва-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч С.Лхагва-Очир урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 508, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагва-Очироос сар тутам 7500 (долоон мянга таван зуун) төгрөгийг гаргуулан амь хохирогчийн бага насны буюу насанд хүрээгүй хүүхэд болох 2000 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн охин Гансүхийн Бадамрагчаа, 2003 оны 04 дүгээр сарын 23-нд төрсөн хүү Гансүхийн Батзаяа, 2008 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн хүү Гансүхийн Батням, 2017 оны 08 дугаар сарын 16-нд төрсөн хүү Гансүхийн Бат-Оргил нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн “сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “өмгөөлөгчид төлсөн зардал 2.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийг “сард 1.800.000 төгрөгийн орлоготой” байсныг нотолсон тохиолдолд гэм хорын хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

9. Иргэний хариуцагч Б.Эрдэнэтунгалаг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Лхагва-Очир нь амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 6.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, С.Лхагва-Очирын B ангиллын 1046830 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Лхагва-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лхагва-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ