| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0611/Э |
| Дугаар | 762 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эмч овогт Мөнхтүвшингийн Ж-д холбогдох эрүүгийн 1809031690701 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 41 тоотоос өсвөр насны хохирогч Д.Сарантуулын 835.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “…Мөрдөн
байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 8-10 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 13-14 дүгээр хуудсанд гэрчийн мэдүүлэг, 25-28 дугаар хуудсанд М.Жавжмаагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд ял шалгах хуудас, хохирогчийн гомдол саналгүй тухай баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Ж тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 41 тоотоос өсвөр насны хохирогч Д.Сарантуулын 835.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь,
Насанд хүрээгүй хохирогч Д.Саруултуулын: “...Би 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ... 02 цаг өнгөрч унтах гэж хэвтсэн. Тэгээд унтаж байтал өглөө 08 цагийн үед Ундаръяа намайг сэрээгээд Ж- хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд босоод хартал Ж- босоод яваад өгсөн байсан. ... тэгээд Ундаръяа бид хоёр ор дэрээ засчихаад түрийвчнээсээ мөнгө авах гэтэл миний түрийвчинд байсан 835.000 төгрөгнөөс 500 төгрөгийг үлдээгээд үлдсэн мөнгө нь байхгүй байсан. ...Ж- би тийм их мөнгө аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-8-10/,
М.Жгийн яллагдагчаар өгсөн: “...Би хохирогчийн түрүүвчнээс 835.000 төгрөгийг хулгайлж авсанаас буцаагаад 400.000 төгрөгийг өгсөн. ... би ямар нэг шалтгаангүйгээр амөнгө байхаар нь авчихсан юм...” гэх мэдүүлэг, /хх-25-28/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч М.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ж болон түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Сарантуул нь тус шүүхэд “...Сарантул миний бие хохирлын 435.000 төгрөг болох мөнгийг хүлээн авсан. Миний зүгээс хохиролгүй боллоо. Өмнө нь 400.000 төгрөг хүлээн авсан. Нийт 835.000 байсан. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээ гаргасан байх ба энэ нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Зулбаяраас: “…Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөрсөн. Учруулсан хохирлоо төлсөн. Мөн хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Ганчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр тогтоов.
Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жгийн урьдчилан цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялаас хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 236 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1809031690701 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мөнхтүвшингийн Ж-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жгийн урьдчилан цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялаас хасаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг 236 цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, М.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. М.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР