| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0089/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/96 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран,
Улсын яллагч Ц.Сайнхүү
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.М-д холбогдох 1816001540075 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овгийн З-ийн М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.М нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *** аймгийн *** сумын *** баг *** гудамжинд иргэн Ч.Б-ийг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч З.М нь 2018 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Г*** аймгийн *** сумын *** баг *** гудамжинд иргэн Ч.Б-ийг зодож, тархины эд доторхи цусан хураа,зүүн дээд,доод зовхинд цус хуралт,зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.М гэм буруутай болох нь:
Шүүгдэгч И овгийн З-ийн М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “ 2018 оны 07 дугаар сарын 1-ний орой манайхан хөдөө явах гэж байсан. Тэгээд Б ирээд манай малчин руу юм аваад яв гэхээр Нарлагийн тэндээс очиж аваад гэрлүүгээ буцаад явж байхад, манай найз Н сүг чинь юу яриад байгаа юм? гээд, тэгээд яасан, юу болсон юм гэж асуухад. Н нь Б-ийн зуслангийн дээд талд бэлчээрээс нь 2,3 км зайтай отор хийж бууя гэж хэлэхэд Б надад юу ч хэлээгүй. Орой 7 цаг 40 минутын үед Б ах, Н эгч хоёр орж ирээд, Н эгч яасан араг орилоод байсан. Б ах бид хоёр дунд нь зохицуулаад явж байсан. Тэгээд Б ах, Н эгч хоёр хулгайч гэж хэлээд, машинд суугаад явах гэхээр нь тэгж хэлсэн хүнийг би авч ирээд учир зүгээ олъё гээд гэрийн урд талын хонхорт машин дотор яриад сууж байсан. Өнөөдөр хөдөө явж малдаа тэмдэг хийнэ, маргааш ирнэ, тэгж хэлж байсан, тэгж хэлсэн хүнийг авч ирж уулзана гэж хэлсэн. Надад хулгай хийсэн зүйл байхгүй гэж яриад бид гурав машинаас буух гэж байхад, манай эмэгтэй дүү өмнө нь хоёр удаа жирэмсэн болоод алдсан юм. Тэгээд хоёр долоо хоногтой жирэмсэн байхад нь Б ах очоод хашааны хаалга руу алгадаж унагасан юм. Дүүгээ өмөөрч очоод Б ахыг нэг цохисон, бид хоёрын хооронд өөр ямар нэгэн асуудал болоогүй. Тэгээд цагдаа ирж бид хоёрыг авч явсан. Цагдаа дээр очиж үлээлгэхэд 103 дуудаж эмнэлэг дээр очсон. Тэгээд би цуг явж эмнэлэгт хэвтүүлсэн. Б ах маргааш, нөгөөдөр нь эмнэлэгт хэвтэж байгаад, 14 хоногийн дараа хот явж байгаад ирсэн.Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг төлсөн, хохирлыг төлнө, ямар нэгэн маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ажил хийдэг учир мөнгөн торгуулийн ял оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр өдөр М-ийн ээж Ба нь манай эхнэр Н-тай утсаар ярьж, мал ахуй, бэлчээрээс болж хэрүүл маргаан хийсэн.Тэгээд орой 19 цагийн үед эхнэртэйгээ хамт Сутайн хороонд Ба-ийн гэрт очсон.Тэнд очоод гэрт ороод уулзахад Б нь манай эхнэр лүү дайрч давшлаад үг хэлээ олхооргүй байхаар нь бид хоёр гараад явах гээд машиндаа суусан чинь М миний машинд орж ирж суугаад юм ярьж байтал эмэгтэй дүү нь миний машины хаалга нээж байгаад элс, шороо цацаад байхаар нь би боль гэхэд болихгүй шороо цацаад хэл амаар доромжлоод байхаар нь би боль чи яасан замбараагүй хүүхэд вэ гээд машинаас буугаад нэг удаа алгадаж авсан чинь хажуу талаас М нь толгой руу хүчтэй цохисон. Би тэр үед ухаан балартаад сөхрөөд газар суусан чинь дахин миний толгой руу хүчтэй өвдөглөсөн.Тэгээд том чулуу бариад дахин цохих гэхээр нь би чулуутай гарыг нь барьж авч болиулсан.манай эхнэрийг мөнгөншагайгийн ээж Ба үснээс зуурчихаад тавихгүй байсан.Тэр өдөр М-аас өөр хүн намайг цохиж зодоогүй, М намайг машины хажууд зогсож байхад миний толгой руу эхлээд хүчтэй цохисон, юугаар цохисныг би мэдээгүй, ухаан балартаад сөхрөөд газар суусан. Дахин толгоы руу өвдөглөсөн, би тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн газарт унасан байдалтай толгой өвдөж,ухаан балартаж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20-рт/,
Гэрч Я.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Тэр өдөр манай нөхөр Б бид хоёр манай нөхөр Б-ийн бүл эгчийн гэрт очсон. Бид нар мал бэлчээрээс болж хэдэн жилийн өмнөөс хэрүүл маргаантай байгаа юм.Тухайн өдөр очиж өнгөрсөн хавар манай малнаас алга болсон малнууд тэдний малд нийлсэн талаар ярилцаж, манай бэлчээртэй ойр буухгүй талаар ярилцах гэж очсон. Гэрт нь ороод ярилцах гэхэд Ба нь охин Мө-тэйгээ намайг цохиж зодон эд зүйл авч шидэж,хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр хэл амаа ололцохгүй юм байна гээд явах гээд машиндаа суугаад асаагаад хөдлөх гэж байтал хүү М нь манай машинд орж ирж суугаад учир зүйгээ олъё гэхээр нь ярилцах гэж байтал дүү Мө нь машины хаалга нээж элс шороо цацаад хэл амаар доромжилж эхэлсэн.Тэр үед манай нөхөр боль гээд хэд хэдэн удаа хэлэхэд Мө нь болихгүй байсан тул Батсүх нь Мө-ийг нэг удаа алгадаж авсан чинь М машинаас бууж очоод Б-ийн толгой руу гараараа цохиж унагаасан, би машинаас буугаад салгах гэхэд Ба ирээд миний үснээс татаад доош нь дарсан. М нь Б-ийг унагаагаад доороо оруулсан байдалтай зодож харагдсан.Би үсдүүлсэн хэвээрээ гар утсаараа ярьж цагдаад дуудлаа өгсөн... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 117-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “... 1.Ч.Б-ийн биед тархины эд доторх цусан хураа,зүүн дээд доод зовхинд цус хуралт,зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт/хх-ийн 35-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч И овгийн З-ийн М-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч И овгийн З-ийн М-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч З.М-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ч.Б-ийн 1.542.145 /нэг сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан нотлох бариумтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч З.М-аас гаргуулж, хохирогч Ч.Б-д олгох үндэслэлтэй байна
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хөрөнгө битүүмжлээгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүй,шүүгдэгч 312.420 /гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг нэгдсэн эмнэлэгт төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2,36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн З-ийн М-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш эхний жилд 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг, дараагийн жилд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг тус,тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч З.М-д танилцуулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.М-аас хохирлын 1.542.145 /нэг сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч 312.420 /гурван зуун хорин хоёр мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг нэгдсэн эмнэлэгт төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА