Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00037

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2022/000633 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн ******* ******* *******,

Хариуцагч ******* нарт холбогдох,

Гэм хорын хохирол болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******ын төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд төрсөн, одоо 52 настай. Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу 2021.12.31-ний өдрийн дотор холбогдох хуульд зааснаар нийгмийн ******* шимтгэлээ нөхөн төлөх, малчин нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох зорилгоор 2021 оны 11 сард сумынхаа нийгмийн ******* байцаагчид хандаж, надад бодож өгсөн тооцооллоор нь тэтгэврийн ******* мөнгийг нөхөн төлөх болсон. Байцаагч  бодохдоо намайг нийт  8 жил 6 сарын мөнгийг нөхөн төлөх юм байна гэсэн. 1-рт Матад сумын нэгдэлд болон ХК-д тус тус ажиллаж байсан болохоо тогтоосон шүүхийн шийдвэр авч ир. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж нэмж жил саруудын мөнгө төлүүлэх үү, эсвэл энэ хугацаагаараа төлөх үү гэдгийг чинь шийдэх болно гэсэн.

Ингээд миний хувьд Дорнод аймгийн шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор өргөдөл гаргаж, хөдөө мал дээрээ байдаг, хүн хүч дутмаг зэргээс шалтгаалж уг хэрэгтээ итгэмжлэлээр хүн оролцуулсан. Миний хувьд байцаагч *******тай удаа дараа ярьж зөвлөлдсөний дагуу 8 жил 6 сарын буюу /102 сар*42000/ нийт 4 284 000 төгрөгийг бүрдүүлэх зорилгоор хүнээс мөнгө зээлж, мал мах борлуулж байгаад уг мөнгөө өөрийн дансандаа байршуулж эхэлсэн. Үүнээс ч их мөнгө хэрэгтэй болж магадгүй гэж бодоод илүү мөнгө хүртэл нэмж байршуулсан. Учир нь байцаагч ******* бидэнд хэлэхдээ уг нөхөн төлбөрийг зөвхөн ганц удаа л төлөх боломжтой, илүү төлвөл буцааж авах гэж маш их явдал чирэгдэлтэй, мөн дутуу мөнгө хийвэл цаашид тэтгэврээ тогтоолгож чадахгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлсэн. Ингээд би шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг яаралтай шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, шүүхийн зүгээс ч гэсэн миний нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж ажилласан байдлыг минь шийдэж өгч би шийдвэрээ 2021 оны 12 сарын 20-ны өдөр гардаж аваад бэрийгээ дагуулаад сумын нийгмийн ******* байцаагч *******тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр очиж уулзсан. Ингээд материалаа шалгуулж, хэдэн төгрөг нөхөж тушаах талаар асуухад намайг 54 сарын тэтгэврийн ******* шимтгэлд 2 268 000 төгрөг тушаагаад баримтыг нь хүсэлттэйгээ хамт, мөн энэ материалуудтайгаа хамт өг гэж хэлсэн. Үүний дагуу би тухайн өдрөө Төрийн банкны холбогдох дансанд 2 268 000 төгрөгийг бэлнээр тушаасан.

Ингээд байцаагч ******* миний материалуудыг авч үлдсэн ба дээд байгууллага руу явуулна, эргээд таньтай холбогдоно гэсэн. 2022 он гарсан хойно би үе үе залгаж асуухад ирээгүй байнаа гэсэн хариу өгдөг. Гэтэл хэзээ хойно над руу та материалаа ирж аваарай, таны материал тэтгэвэр тогтооход шаардлага хангахгүй байна гэсэн хариу өгсөн бөгөөд баталгаажилтийн хуудсыг 2022 оны 01 сарын 26-ны өдөр хүлээж авсан. 

... Байцаагч ******* өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, ажлын алдаа гаргалаа. Энэ талаар би өөрөө эхлээд удирдлагадаа танилцуулья. Үүний дараа та нар өргөдөл гомдлоо манай байгууллагад гаргаж болно гэснийх нь дагуу маргааш нь бид Дорнод аймгийн ******* ******* *******т болон ******* ******* ерөнхий газарт гомдол гаргасан. Миний гаргасан гомдолд Ерөнхий газраас нь албан бичгээр хариу өгсөн. Харин Дорнод аймгийн нийгмийн ******* *******т хандаж гаргасан гомдолд маань албан ёсоор хариу өгөөгүй боловч хяналтын байцаагч биднийг хүлээн авч уулзаж, шүүхэд өргөдлөө гаргах талаар хэлсэн.

...Ингээд миний тэтгэврийн ******* шимтгэлийг нэг удаа бүрэн гүйцэд нөхөн төлүүлээгүй нийгмийн ******* байцаагч *******ын буруутай үйлдлийн улмаас 2022 оны 01 сараас эхлэн малчин нөхцлөөр тэтгэвэртээ гарах байсан иргэн хохироод байна. Нэхэмжлэгч ******* нь одоо 52 настай, 55 насанд хүрээд тэтгэвэрт гарах гэхээр 20 жил шимтгэл төлсөн байдал хангагдахгүй, мөн 20 жилд хүргэхийн тулд сар бүр төллөө гэхэд 2029 онд бүрэн тэтгэвэрт гарахаар байна.

Иймд ийм нөхцөл байдалд хүргэсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нийгмийн ******* байцаагч *******, Дорнод аймгийн ******* ******* ******* буюу төрийн байгууллага, төрийн албан хаагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан болохыг тогтоож, дээрх хариуцагч байгууллага болон байцаагчаас гэм хорын хохиролд 2022 оны 01 сараас эхлэн 2029 оны 01 сарыг дуусталх хугацааны тэтгэврийг сар бүрийн 500 000 /одоогийн тэтгэврийн доод хэмжээ/ төгрөгөөр тооцож 42 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ. 

Хариуцагч Дорнод аймгийн ******* ******* ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: 2017 онд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, 1995 оноос 2019 онд ажил хөдөлмөр эрхлээгүй малчин иргэдийг уг хуульд хамруулж ажилласан. Процессын хувьд нэгдүгээрт иргэнээс ажилласан жил нөхөн төлөхөөр ирсэн хүсэлтийн дагуу, материалыг нь хүлээн авч, программд оруулж, хүсэлтийнх нь дагуу дээд газар руугаа явуулдаг, дээд газраас тухайн иргэний материал шаардлага хангаж байна гэж үзвэл баталгаажуулалтын хуудсыг явуулдаг.

Баянтүмэн сумын иргэн *******ийн хувьд 4 жил 6 сарыг малчнаар тооцуулах хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн байсан. Тухайн иргэний 2021 оны 12 сарын 21-ний өдөр гаргасан тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлөх хүсэлтийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу 54 сарын тэтгэврийн ******* шимтгэлд 2 268 000 төгрөг нөхөн төлснийг ******* ******* ерөнхий газраас баталгаажуулан Баталгаажилтын хуудас"-ыг хэвлэн хүргүүлсэн байдаг. Дараагийн асуудал буюу тэтгэвэр тогтоолгох процессын асуудлын тухайд тухайн иргэн маань 2022 оны 01 сарын 01-нээс тэтгэвэр тогтоолгох материалаа өгсөн байдаг. Уг материалыг хууль дүрмийн дагуу 30 хоногийн дотор хэд хэдэн хяналтын дор 4-5 байцаагч хянадаг. Ингэж хянах явцад тухайн иргэний ажилласан жил нь тэтгэвэр тогтоолгох хугацаагаа хангахгүй, 20 жил хүрэхгүй байсан учир материалыг нь буцаасан. Уг буцаасан материалыг 2022 оны 01 сарын 26-ны өдөр аваад үүнээс үүдэж тухайн иргэний энэхүү маргаан гарсан гэж манай байгууллагын зүгээс үзэж байна.

2022 оны 01 сарын 28-ны өдөр уг асуудлаар өргөдөл манай байгууллагад ирж, над дээр цохогдсон. Тэгээд өргөдөлтэй танилцахад, манай дээд байгууллагад яг адилхан өргөдлийг нэг өдөр илгээсэн байсан. Тиймээс бид дээд газраасаа хариу ирэхийг хүлээж, тухайн иргэнд хариу өгөөгүй байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч аймгийн ******* ******* ******* хариу өгөөгүй гэж хэлсэн. Нэгэнт дээд газарт яг ижилхэн өргөдөл өгсөн байсан учир бид Ерөнхий газрын хариуг хүлээж, хариу ирэхэд нь *******ийг дуудсан.

Тэр үед нэхэмжлэгч охинтойгоо хамт ирсэн. Би *******т Ерөнхий газрын хариутайгаа цуг хариугаа өгөх гээд хүлээж байсан гэдгээ тайлбарлаж хэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон учир дутуу жилээ нөхөн төлөх боломж хаагдсан гэдгийг хэлсэн. Та үнэхээр гомдолтой бол хууль шүүхийн байгууллагаар явж уг асуудлаа шийдүүлж болно. Бидний зүгээс уг асуудлыг шийдэх боломжгүй гэдэг хариу өгсөн. ******* ******* байгууллагаас ийм л процессын ажлыг явуулсан. Сайн дурын даатгалаа нэг жил, сар ч алдахгүйн тулд нөхөн төлөх нь зүйтэй гэж хэлсэн. Сүүлд 3 сард надтай ирж уулзахад нь одоо болтол шүүхэд хандаагүй хэрэг үү, таныг чимээгүй болохоор нь асуудлаа шийдүүлсэн гэж ойлгож байсан гэдэг тайлбар өгч байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ажилласан жилийг ноороглосон, хүснэгтэлж тооцож өгсөн зэрэг асуудлыг ярьж байна.

Тухайн байцаагч нь хэрхэн, яаж зөвлөгөө өгсөн эсэхийг нь бид мэдэхгүй. Миний харахад байцаагчийн тооцоолсон 10 жил 8 сар гэсэн тооцоолол буюу ХК тухайн үед нийгмийн ******* шимтгэл төлөөгүй байсан тул шүүхийн шийдвэр гарсан ч тус компанид ажилласан 2 жилийн хугацаа хасагдаад энэ тооцоолол нь зөв л харагдаад байгаа юм. Шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл өгөхөөс өмнө байцаагч нөхөн тооцох нь 8 жил 6 сар гэж зөв тооцоолсон гэж хараад байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэр гараагүй байсан учир байцаагч яг зөв тооцоолол хийгээгүй байх магадлалтай. Тухайн үед иргэдийн аман мэдээллийн дагуу л тооцооллыг хийсэн байх. Иргэдийн хувьд төрийн албан хаагчийг буруутгаж байна.

Гэтэл өөрсдөө ажилласан жилээ тооцох, мэдэх боломжтой байсан уу гэвэл байсан. Энэ хүний хувьд төөрөөд байх энд тэнд ажилласан толгой эргүүлээд байх олон жил байхгүй байсан. Тиймээс нийт 20 жил шимтгэл төлсөн байх ёстой. Үүнээс 12,6 жил нь малчнаар ажилласан бол цаана нь 8 жил гаруй хугацааг нөхөн төлөх ёстой гэдгийг хэн ч бодоод гаргах боломжтой атал энэ талаар өөрөө яагаад бодоогүй юм бол  гэж  харж  байгаа.  

Энэ хуулийн хугацаа сунгагдаад 2 жил явсан. ******* ******* байгууллагаас тус хуульд хамрагдах талаар иргэдэд байнга мэдээлэл өгч байсан. Дутуу тооцсон асуудал гарч байсан. Хуулийн хугацаанд шийдэх боломжтой асуудлыг шийдээд явж байсан. Гэтэл энэ иргэний хувьд материалаа хөөцөлдөж эхэлсэн хугацаа нь хэтэрхий хуулийн хугацааг тулгасан байсан. Намайг 2022 оны 01 сарын 15-ны дотор шийдэх боломжтой байсан гэж хэлсэн талаар дурдаж байна. Энэ хугацаа бол жилийн эцсийн тайлан баланс гараад дуусдаг хугацаа. Тэр хугацаанд илүү, дутуу төлсөн асуудлыг буцаах боломжтой байдаг. Тэр утгаараа энэ хугацааны дотор хандсан бол боломж байсан юм байна гэдэг л зөвлөгөөг иргэнд өгсөн.

Гэтэл миний хэлсэн үгийг мушгиж, юм болгож ярина гэж бодоогүй. Хуулийн хэллэгээр иргэдэд зөвлөгөө өгөхөөр ойлгодоггүй учир, энгийн байдлаар ийм байвал ямар вэ гэдэг талаар л зөвлөгөө өгдөг. Дахиад хэлэхэд тухайн иргэний ажилласан жилийг тооцсон тооцоолол зөв л харагдаад байгаа юм. Байцаагчтайгаа яаж яриад ийм зүйлд хүрснийг мэдэхгүй. Манай байгууллагын зүгээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. гэжээ. 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Иргэн *******ийн нэхэмжлэлд гэм хороос үүдсэн хохирлын мөнгийг хариуцагч нараас гаргуулна гэсэн утга байдаг. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэний ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, мөн энэ хуулийн  шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэдэг зарчим уг нэхэмжлэлд үндсэндээ алдагдсан байна.

2021 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл С.******* нөхөн даатгал төлөх хугацааг 8 жил 6 сар байна гэж зөвлөж байсан. Энэ шүүх хурал дээр гаргаж ирсэн Баянтүмэн сумын байцаагч С.*******т гэсэн өргөдөл дээрээс харж болно. Уг өргөдлийн хугацаа нь 2021 оны 12 сарын 21-ний өдөр байгаа. 2021 оны 12 сарын 21-ний өдөр байцаагч *******т 8 жил 6 сарын мөнгөө төлөх хүсэлтэй байна гэж ирэхээр нь уг өргөдлийг нь хүлээж аваад, байгууллагын дансны дугаарыг өгөөд явуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 12 сарын 21-ний өдөр банканд мөнгөө тушаагаад маргааш нь Дорнод аймгийн ******* ******* *******т гэсэн өөр өргөдлийн загвартай буюу 4 жил 6 сараар төлнө гэсэн өргөдөл, банкны баримттай хүрч ирсэн байдаг. Байцаагч *******ын хувьд тухайн үед нь яагаад ингэж төлсөн, юу болсон талаар асуух, шаардах эрх байхгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу материалыг нь авч, дараагийн шатны байгууллага буюу аймгийнхаа байцаагчид явуулсан байдаг. Хоёрдугаарт нэхэмжлэлд нөхөн тооцох хугацааг буруу зөвлөсөн гэдэг утга байдаг.

Анх нэхэмжлэгч ******* нь ******* байцаагчтай 2021 оны 11 дүгээр сард биечлэн уулзахдаа надад ямар ч ажилласан жил байхгүй хэрхэн малчнаар тэтгэвэр тогтоолгох талаар асуухад нь ******* байцаагч ямар нэгэн баримт бичиггүй *******ийн өөрийнх нь аман мэдээлэлд үндэслэн жишээ гаргаж тайлбарлаж өгсөн байдаг. Тухайн үед нь ******* байцаагч та 3 хүүхэдтэй юм байна хүүхэд тус бүрд 1.6 жилээр  бодоод  хөдөлшгүй  хугацаа  нь  4  жил 8 сар байна. Үүн дээрээ 1987 оноос 1995 оны малчнаар ажилласан гэхээр нь ойролцоогоор 7 жил гаран байгаа юм байна. Ингээд нийт ажилласан жил тань 12 жил орчим болох юм байна. Тэтгэвэр тогтоолгоход 20 жил байдаг учир та үлдэх 8 жил 6 сараар нөхөн төлбөрөө төлөх юм бол малчнаар тэтгэвэр тогтоолгох боломжтой юм байна гэдэг нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гараар бичсэн баримт дээр бодож өгсөн байдаг.

Ингээд улсад ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь 12 сарын 20-ны өдөр гарсан учир та 8 жил 6 сараар нөхөн төлөх хугацаагаа тооцож төлбөрөө төлөх ёстой юм байна гэдэг зөвлөгөөг өгч явуулсан байдаг. 4 жил 8 сар гэдэг нь 3 хүүхдийн жилийг тооцож хэлсэн жил. Гэтэл уг жилийг эдгээр хүмүүс маань буруу ойлгож, нөхөн тооцуулах жилээр мөнгөө тушаасан байх гэж харж байна. Өмнөх өдөр нь 8 жил 6 сараар төлөхөөр данс авч яваад, дараа өдөр нь 4 жил 6 сараар төлөөд баримтаа, түүндээ нийцүүлж өргөдлөө бичээд аваад ирэхэд нь хүссэн өргөдөл, тушаасан баримттай нь хамт материалыг нь дараагийн шатны байгууллагад явуулсан байдаг.

Гэтэл ажил үүргийнхээ дагуу жишээ болгож тайлбарлаж өгсөн зүйлийг мушгин гуйвуулж 42 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч ёс зүйгүй, үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ *******ын гэм бурууг тогтоож өгнө үү гэсэн байна. Гэтэл гэм бурууг тогтоох асуудлыг иргэний шүүх биш эрүүгийн шүүх шийдвэрлэдэг. Эрүүгийн шүүх гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст иргэний шүүхээр гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэдэг... Иймд шүүхийн харъяалал зөрчсөн байна. Мөн гэм хорын хохирол болохыг тогтоолгоно, гэм хорын хохирлыг гаргуулна гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байгааг харуулж байна...

Мөн гэм хорын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас гэж байгаа нь аль хэдийн гэм хор учирсан байхыг шаардана. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж байгаа. Тэгэхээр гэм хор өнгөрсөн цаг дээр яригдах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд ирээдүйд 42 000 000 төгрөгийн тэтгэвэр авах байсан. Энэ гэм хор надад учирсан гэж ярьж байгаа. Ирээдүйд гэм хор үүснэ гэсэн асуудал байхгүй. Хэрэв гэм хор үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд *******ын төлүүлсэн 2 268 000 төгрөгийн асуудал дээр бид мэтгэлцэж маргалдах ёстой. Гэтэл 42 сая төгрөгийг гэм хор гэж үзэж нэхэж байгаа нь Иргэний хуулийн 228, 497-513-д заасан гэм хорын хохирлын шинжийг агуулахгүй байна...

*******ыг мэргэжлийн ур чадвар алдсан гэдэг. Гэтэл үүнийг нь ямар ч мэргэжлийн байгууллага тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч л ингэж яриад байна. Шүүх ч уг асуудлыг шийдэхгүй, тогтоохгүй. ******* ******* байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шүүхээр дүгнүүлэх гээд байж болохгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх ба дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* ******* ******* болон ******* нарт тус тус холбогдох гэм хорын хохирол болохыг тогтоож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьсан гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн зүгээс хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн үйл баримтуудыг дарааллын дагуу тогтоогдож байхыг үнэн зөвөөр дүгнэсэн. Мөн зохигч талууд уг үйл баримтуудын талаар аль нэгийгээ гүтгээгүй болохыг дүгнэж, маргаагүй болохыг дурдаж дүгнэсэн.

... Шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 11-12 дугаар талд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн ******* шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам, тогтоол, тушаалд хэрхэн тусгагдсан болохыг дэлгэрэнгүй дурдаж өгсөн хэдий ч хуулийн дээрх зүйлүүдэд зааснаас үзвэл төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ байх, уг үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан байх, дээрх хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон бусдад учирсан гэм хор, хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг ойлгох бөгөөд дээрх нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Гэвч зохигч талуудыг шүүх хуралд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтуудаар хариуцагч Дорнод аймгийн ******* ******* ******* болон нийгмийн ******* байцаагч ******* нарын хууль бус үйлдэл буюу гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч ******* 42 000 000 төгрөгийн хохирол бодитоор учирсан эсэх нь тус тус тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь илтэд нэг талыг буюу төрийн байгууллага тэр дундаа төрийн албан хаагч, албан тушаалтны хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хуулийн дагуу дүгнэж тооцолгүй харин ч өөгшүүлж, алдааг нь хөхүүлэн дэмжсэн шийдвэр гаргаж, жирийн малчин даатгуулагч иргэнийг хохироосон шийдвэр гаргаж баталж дэмжиж өглөө гэж гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт уг маргааны гол зүйл болох төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл болох Баталгаажилтын хуудас-г ******* ******* ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталгаажуулан, Дорнод аймгийн ******* ******* *******т уг сарын сүүлээр ирсэн болохыг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж нотолсоор байтал мөн уг баталгаажилтын хуудсыг хууль, дүрэм, журамдаа хэдий хугацааны дотор даатгуулагчид хүлээлгэн өгөхөөр заагдсан зэргийг шүүхийн шийдвэрт дурдаж дүгнэлгүй орхигдуулсан болохыг гомдолдоо дурдах нь зөв гэж үзэж байна.

Шүүх уг Баталгаажилтын хуудас-ыг хэдий хугацаанд ******* ******* ерөнхий газраас баталгаажуулж тухайн аймаг, сумдын нийгмийн ******* *******, байцаагчид хүргэгдэх, сумдын байцаагч нар хэрхэн харьяаллын дагуу даатгуулагч иргэдэд хүлээлгэн өгснөөр дараагийн шат болох тэтгэвэр тогтоолгох тухай баримт материалаа бүрдүүлэлтийн дагуу бүрэн гүйцэд байгууллагад хүсэлтийн хамтаар хүлээлгэн өгөх процессийн тодорхой үйлдэл хууль журмын дагуу болох байсан гол нөхцөл байдлыг бодитоор хянан дүгнээгүй болно.

Ийм учир төрийн албан хаагч буюу Дорнод аймгийн ******* ******* хэлтсийн байцаагч ******* нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл нь:

******* миний өөрт нь бүрэн гүйцэт бүрдүүлэлттэйгээр буюу иргэний бүрдүүлж өгсөн баримт бичигт үндэслэн тэтгэврийн ******* шимтгэл төлсөн хугацааг шалгаж /Матад сумын ХК нь 1992-1995 оны хооронд нийгмийн ******* шимтгэл улсад төлж байсан эсэх лавлагааг байгууллагаасаа шалгаж/ нөхөн төлөх боломжтой жил, сарыг гаргаж, төлбөл зохих нийт шимтгэлийн дүнг тооцон иргэн надад төлөх шимтгэл, хугацаа, тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих зэрэг асуудлаар тодорхой зөвлөгөө өгч ажиллах.

Малчин иргэн намайг анхаасаа уг хуулийн хэрэгжилтийн дагуу тэтгэврийн ******* шимтгэлийг хэрхэн бүрэн гүйцэт нөхөн төлөх мөн тэтгэвэр тогтоолгох зорилгоор богино хугацаанд боломжит бүх материалаа өөрийнх нь заавар зөвлөгөөний дагуу бүрдүүлж хангаж байгааг цорын ганц албан үүргийнхээ дагуу мэдэж байгаа албан хаагч хүн өөрийн буруутай үйлдлийн улмаас нөхөн төлөх тэтгэврийн шимтгэлийг дутуу төлүүлснээр ******* би хуульд зааснаар улсад 20-оос доошгүй жил ажилласан байх, үүнээс 12 жил 06 сард нь малчнаар ажилласан байх, 50 нас хүрсэн эмэгтэй малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэсэн боломжийг нь хангалгүй нийт 20 жил ажилласан байх гэсэн шаардлагад хүрэхгүй болгож гэм хорын хохирол учруулсан идэвхитэй үйлдлээ илэрхийлэх тэр цаг мөчид нь хохирсноо мэдэж авсан.

Баталгаажилтын хуудас-ыг ******* ******* Ерөнхий газраас хуульд заасан хугацааны дотор бичилтийг хийж баталгаажуулан Дорнод аймгийн ******* ******* *******т хүргэгдэж ирсэн болохыг тус байгууллагын төлөөлөгч шүүх хуралд мэдүүлдэг. Гэвч шүүх хуралд *******ын төлөөлөгч ******* Баталгаажилтын хуудас-ыг байгууллагаас авсан даруйдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* нь даатгуулагчид бусад материалын хамт хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг. Эдгээрээс тус байгууллага болон албан хаагч ******* нар уялдаа холбоогүй төрийн ажлыг хийж, хайнга хариуцлагагүй хандаж, хяналт шалгалт тавихгүй байснаар хууль бус үйлдлийг нуун дарагдуулах боломжийг олгож, даатгуулагчийг боломжит хугацаанд гомдлоо гаргах хугацааг дуусгавар болгож, гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээх боломжит байдлыг дарагдуулсан идэвхитэй үйлдлээ хэзээ хойно буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр л болгож хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч буруугаа биечлэн уулзаж хүлээсэн үйлдлээр,

Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай дээрх нөхцөл байдлаар тодорхой илэрч иргэн надад хууль бус үйлдлийнх нь хор нөлөөгөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөлгүй болгож, сар бүр тэтгэврийн мөнгөн дүн болох орлогоороо хохирч гэм хор үүсээд өнөөдөр төрөөс олгосон эрхээ эдэлж чадахгүй Монгол улсын иргэн би төрийн байгууллага, албан тушаалтны гэм хор учруулсны хариуцлагын хохирогч болж үлдэх учиргүй тул шүүхэд гомдлоо гаргаж байна.

Хэрэв байцаагч ******* нь байгууллагын төлөөлөгч ийн хэлснээр 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээ нуун дарагдуулалгүйгээр ил болгож Баталгаажилтын хуудас-ыг иргэн надад олгочихсон бол хугацаа алдалгүй гомдлоо гаргаж тухайн байгууллагын хүрээнд шийдүүлээд, тэтгэврээ тогтоолгон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаад явахгүй байсан. Мөн төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйлдлийг шүүх хуулийн байгууллага хөхүүлэн дэмжих хандлагаар ийнхүү иргэдийн эсрэг шийдвэр гаргаад байвал цаашид олон олон иргэд миний араас энэ мэтчилэн хохирсоор шүүхийн хаалга татсаар байх дүр зураг харагдаж байна.

Дээрх хууль бус үйлдлийнхээ улмаас иргэн намайг хохироочихлоо гэдгээ тухайн албан хаагч мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Шударга ёсны зарчим алдагдаж, ард иргэд хохирч, хариуцлагагүй албан тушаалтан, хариуцлагагүй шүүхээр толгойгоо илүүлээд, өмгөөлж хамгаалуулаад үлдсээр байх уу.

Мэргэжлийн албан тушаалтан ******* өөрийн мэдлэг чадварын хүрээнд тухайн иргэний ажилласан жил дутаад байгааг мэдсээр байж байгууллагадаа малчнаар тэтгэвэр тогтоолгохоор хянуулахаар өгсөн байж таарах уу. Хэрэв өгсөн бол уг албан тушаалтан мэргэжлийн ажлаа үнэхээр мэддэггүй, мэргэшил мэдлэг нь дутмаг гэдгээ өөрөө дээрх бүх үйлдлээрээ баталж өгч байгаа бус уу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гаргасан 633 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. ... 100 хувь *******ын буруугаас болж ******* тэтгэвэрт гарч чадаагүй байна. Хохирол учруулах юм бол ажилтнаас төлбөрийг гаргуулах эрхтэйгээр хуульд заасан байна. Шүүхийн шийдвэр дээр буруутай гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул гэм буруу гэж үзэх боломжгүй гэсэн байсан. Энэ байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

Хариуцагч *******ын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Процесс мэтгэлцээний дагуу ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүхийн шийдвэрийг дэмжиж байх тул нэмж хэлэх зүйлгүй. гэв.

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын нэхэмжлэл нэхэмжлээд байгаа учраас анхан шатны шүүхээс зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тайлбар дээр гэм хорын хохирлыг тодорхой дурдаж өгсөн байгаа. ... Шүүхээс Улсын Дээд шүүхийн тайлбараас зөрж шийдвэр гаргах боломжгүй. Улсын Дээд шүүхийн тайлбар дээр цаг хугацааны форматыг зааж өгсөн байгаа. Ирээдүйд ийм хохирол учирна гэдэг төлөв дээр нэхэмжлэл гаргаж байгаа бол шийдвэрлэх боломжгүй гэдгийг л тайлбарлаж хэлэхийг хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* ******* *******, хариуцагч ******* нарт тус тус холбогдуулан Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хорын хохирол учирсан болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч ******* нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу 2021.12.31-ний өдрийн дотор нийгмийн ******* шимтгэлээ нөхөн төлөх, малчин нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох зорилгоор 2021 оны 11 сард сумынхаа нийгмийн ******* байцаагч *******т хандаж, надад бодож өгсөн тооцооллоор нь тэтгэврийн ******* мөнгийг нөхөн төлөх болсон. Байцаагч бодохдоо дутуу байгаа 8 жил 6 сарын буюу /102 сар*42000/ нийт 4 284 000 төгрөгийг төлөх байх гэсний дагуу уг мөнгөө өөрийн дансандаа байршуулж эхэлсэн. Шүүхээс ажилласан жилээ тогтоолгосон шийдвэрээ аваад байцаагч *******тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр очиж уулзаад материалаа шалгуулахад 4 жил 6 сар буюу 54 сарын тэтгэврийн ******* шимтгэлд 2 268 000 төгрөг тушаагаад баримтыг нь хүсэлттэйгээ хамт, мөн энэ материалуудтайгаа хамт өг гэсний дагуу Төрийн банкны холбогдох дансанд 2 268 000 төгрөгийг бэлнээр тушаасан.

...Гэтэл 2022.01.26-ны өдөр таны тэтгэвэрт гарах асуудал шаардлага хангахгүй гэсэн байна. Таны жил хүрэхгүй байна гээд 4.6 жилийг нөхөн төлснийг баталгаажуулсан нийгмийн ******* дэвтрийг өгсөн. Энэ үед хууль хэрэгжих хугацаа дууссан байсан. ...гэтэл байцаагч ******* надад өөрөө 8 жил 6 сарыг төлөх юм байна гэж хэлчихээд нөхөн төлөх жилийг дутуу төлүүлсний улмаас иргэн хүн өнөөдөр бүрэн тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрсэн. ... Иймд 2022.01.01-2029.01.01-ний өдрийг хүртэл сар бүр тэтгэврийн доод хэмжээ болох 500 000 төгрөгөөр тооцон нийт 42 000 000 төгрөгийг гэм хорын хохирол нэхэмжилнэ. гэж,

Хариуцагч Дорнод аймгийн ******* ******* *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ: ... Манай байгууллагын хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж иргэний эрхийг хохироох үйлдэл хийгээгүй. Дээрх хуулийн хэрэгжилтийн хугацаа 2022.01.01-ний өдрийг хүртэл сунгагдсан. Иргэн *******ийн хувьд нийгмийн ******* шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ тус байгууллагын Баянтүмэн сумын нийгмийн ******* байцаагч *******т хугацаа алдуулж буюу 2021.12.21-ний өдөр гаргасан байсан. Манай байцаагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр нь гараагүй байхад 8 жил 6 сар орчмын хугацааны нийгмийн ******* шимтгэлийг та нөхөж төлөх юм байна гэсэн тооцоог гаргаж зөвлөгөө өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө 4 жил 6 сарын нийгмийн ******* шимтгэл төлөх хүсэлтээ гаргаж энэ хугацааны шимтгэлд 2 268 000 төгрөгийг нөхөн төлж хүсэлтээ хүргүүлсэн байсан. Иргэний хүссэн энэ хугацааг нь баталгаажуулсан. ... Ингээд энэ хүний 20 жил нийгмийн ******* шимтгэл төлсөн байх ёстой шаардлага хангагдахгүй байсан тул өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байсан. ******* ******* байцаагч тухайн иргэний тэтгэвэрт гарахад шаардлагатай ажилласан жил, бусад тооцоог бодож зөвлөх боловч иргэн өөрийнхөө улсад ажилласан жил, хэдэн жил нийгмийн ******* шимтгэл төлсөн болохоо, одоо хэдэн жилийг нөхөн төлөхөө өөрөө сайн мэдэж байх учиртай. ...Нэхэмжлэгчийн хувьд хэтэрхий оройтож хүсэлтээ гаргасан, мөн өөрөө нөхөн төлөх шимтгэлээ дутуу төлснөөс болж ийм нөхцөл байдалд хүрсэн нь манай байгууллагын хууль зөрчсөн ажиллагаанаас болоогүй. гэж,

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ: ...Нэхэмжлэгч ******* нь дээрх хуулийн хэрэгжих хугацаа ойртсон үед буюу хэтэрхий оройтож, нийгмийн ******* шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүний хэлснээр улсад ажилласан жил нь ойролцоогоор 7 жил 6 сар, 3 хүүхэд төрүүлж өсгөсний 4 жил 8 сар /нэг хүүхдэд 1,6 жил/ буюу 12 жил гарангийн хугацаа болж байна. 20 жил хүрэхэд ойролцоогоор 8 жил 6 сар орчмын хугацаа дутах учраас энэ хугацааны нийгмийн ******* шимтгэлд ойролцоогоор 4 284 000 төгрөг төлөх болох байх гэсэн зөвлөгөөг өгсөн нь үнэн. Энэ үед шүүхээр ажилласан хугацаагаа тогтоолгоогүй байсан. Шүүхээр ажилласан жил тогтоолгосны дараа өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлсэн. 2021.12.21-ний өдөр надаас ирээд 8 жил 6 сарын нөхөн төлөх шимтгэлд 4 сая төгрөгөө төлнө гээд дансны дугаар аваад явсан боловч маргааш нь ирэхдээ 4 жил 6 сарын 2 сая гаруй төгрөг төлөөд төлсөн баримтаа хүсэлттэйгээ аваад ирснийг нь байцаагч баталгаажуулахаар материалыг нь илгээсэн. 2022.01.26-ны өдөр *******ийн тэтгэвэр тогтоолгох жил хүрэхгүй, шаардлага хангахгүй байна гэсэн хариу ирснийг нь түүнд хэлж нийгмийн ******* дэвтрийг нь өгсөн. Байцаагч *******ын хувьд түүнд 4 жил 6 сарын шимтгэл нөхөн төл гэж хэлээгүй. Нэхэмжлэгч 3 хүүхэд төрүүлсэн, нэг хүүхдийн 1,6 жил буюу 4 жил 8 сар нэмэгдэнэ гэдгийг хэлж байсныг андуурч төлсөн байх гэж үзэж байна. ...Энэ хүн нийгмийн ******* шимтгэл дутуу төлж, өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадаагүй нь байцаагчийн буруу биш. ... гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 853 дугаар шийдвэр, нэхэмжлэгч *******ийн ХААН банкны депозит дансны хуулга, итгэмжлэлүүд, ******* ******* ерөнхий газрын 01/31 дугаар албан бичиг, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, нэхэмжлэгч *******ийн Дорнод аймгийн ******* ******* *******т гаргасан өргөдөл, ******* ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, ******* ******* Ерөнхий газрын даргын тушаалууд, Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна. /хх 6-10, 12-15,28,121-128,149/

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12 сарын 21-ний өдөр хариуцагч, нийгмийн ******* байцаагч *******т хандан шүүхийн шийдвэр болон бусад бичиг баримтаа бүрдүүлэн тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ гаргаж, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 4 жил 6 сарын хугацааны тэтгэврийн ******* шимтгэлд 2 268 000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн 2022 оны 01 сарын 26-ны өдөр нийгмийн ******* байгууллагаас түүний нөхөн төлсөн тэтгэврийн шимтгэл /4 жил 6 сар/, 3 хүүхэд төрүүлж өсгөсний нэмэгдсэн жил /4 жил 8 сар/, шүүхээс тогтоосон улсад ажилласан жил /7 жил 6 сар/ бүгд нийлээд өндөр насны тэтгэвэрт гарах 20 жилд хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэгч *******д мэдэгдсэн үйл баримтууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадаагүй шалтгаанаа хариуцагч *******ын буруутай үйл ажиллагаа буюу тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн төлөх хугацааг түүнд дутуу тооцоолж өгсний улмаас болсон, уг үйл ажиллагаанд  Дорнод аймгийн ******* ******* ******* хяналт тавиагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, Төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэрт гарсан бол ирээдүйд сар бүр авах байсан тэтгэврийн хэмжээгээр гэм хорын хохирлыг тооцон 42 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2017 оны 02 сарын 02-ны өдөр батлагдсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн ******* шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлүүдэд 1995 оноос эхлэн энэ хууль хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд малчнаар ажилласан ...хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэн малчин байсан хугацааны тэтгэврийн ******* шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтээ хуульд заасан баримтаа бүрдүүлэн өөрийн харъяалах сум, дүүргийн нийгмийн ******* байгууллагад гаргана.,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т Иргэн нь шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалагдах үндсэн болон түр оршин суугаа газрын харьяа нийгмийн ******* байгууллагад 2020 оны 01 сарын 01-нээс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор энэ журамд заасны дагуу холбогдох баримт бичгийн хамт гаргана.,

******* ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн ******* шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* ******* *******т гаргасан өргөдөлдөө: ... ******* би 2007-2011 оны 06 дугаар сар дуустал хугацааны 4 жил 6 сарын тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлөх хүсэлтэй байна. Хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ. /хх 149/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т  ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* болон Дорнод аймгийн ******* ******* хэлтсийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагад 4 жил 6 сарын тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчид 42 000 000 төгрөгийн бодит хохирол учраагүй байна.

Тухайлбал хариуцагч ******* болон Дорнод аймгийн ******* ******* хэлтсийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байх ёстой бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч *******д 42 000 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч *******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2022/00633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ