Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 317

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ш-д холбогдох эрүүгийн 1821005440337 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, “ДБЭХС” ТӨХК-д механик засварын цехэд токарчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............регистрийн дугаартай, Б овогт Г.Ш.

 

Шүүгдэгч Г.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт байрлах авто угаалгын газарт “Тоёота платз” маркийн 75-16 БУЛ улсын дугаартай суудлын машиныг угааж байгаад уг тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үйлдэл хийхдээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 7.6 “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Бадар-Ууганыг мөргөж баруун дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрүүтэй ил хугарал, түнхний үеийн мултрал, баруун гуяны хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найздаа туслах гэж яваад ийм хэрэгт орсон. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн үдийн хойно хүргэн ах Баярдорж машинаа угаалгахаар явахаар нь би дагаж хамт явсан. Угаалгын газарт машинаа оруулж угаалгасан. Би ахтай хамт машины урд хэсэгт гражийн хойд хананд урагш хараад сууж байтал машин угааж байсан танихгүй ах хаалгаар өөр машин орж ирэхэд угааж байсан Баярдорж ахын машиныг урагшлуулж зай гаргах гэж өөрөө дотор нь орж суугаад урагш нь хөдөлгөсөн. Угааж байсан ах өөрөө машиныг  асааж жолоодсон. Машин гэнэт урагшаа хөдөлж намайг сандал дээр сууж байхад ханатай хавсарч мөргөж зогссон. Миний баруун хөл гуя хэсгээр хавчуулагдаж өвдөөд уйлсан. Баярдорж ах машин руугаа орж машинаа арагш нь ухрааж машинд намайг суулгаад эмнэлэг рүү авч явсан. Тэр ах эрүүл байсан. Тэр ах хэлэхгүйгээр өөрөө ахын машиныг асааж хөдөлгөсөн. Баруун хөлийн түнх мултарсан, дунд чөмөг яс хугарсан. Эмнэлэгт хагалгаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эмнэлэг дээр очиж эмчтэй уулзахад баруун хөл нь гуяараа хугарч түнх нь мултарсан байна гэж хэлсэн. Тэгээд хот руу авч явж хагалгаанд орж хөлийн ясыг нь хадуулсан. Одоо хүртэл гипстэй явж чадахгүй байгаа юм. ...Санаатай биш учраас гомдолгүй. Дайрсан залууг танихгүй. ...Хүүгийн хөл нь гайгүй сайжирч байгаа. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие болон манай гэр бүлийн зүгээс гомдол байхгүй, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул Шинэбаясахын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 58/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн орчим дүү Бадар-Ууганы хамт өөрийнхөө “Тоёота платз” маркийн, цэнхэр өнгөтэй, 75-16 БУЛ улсын дугаартай суудлын машиныг угаалгахаар 10 дугаар багт байрлах МТ-ийн ШТС-ын баруун талд байрлах авто угаалгын газарт очсон. Машины түлхүүр дотроо байсан ба машинаа угаалгаад Бадар-Ууганы хамт хойд хананд байсан сандал дээр зэрэгцээд сууж байтал машин угааж байсан залуу миний машиныг асаан урагш хөдөлгөхдөө сандал дээр сууж байсан Бадар-Ууганы хөлийг сандалтай хавсарч мөргөсөн. Машин хөдлөхөд би ухас хийж хажуу тийш болсон. Бадар-Ууганыг татсан ба холдуулж амжаагүй байхад машин урд гупер хэсгээрээ мөргөсөн юм. Машин угааж байсан залууг танихгүй. Угаалгын ажилтан гэж бодсон. Тэр залуу миний машиныг угааж байснаа намайг хэлээгүй зөвшөөрөөгүй байхад надаас асуулгүй өөрөө машин асааж урагш нь хөдөлгөхдөө Бадар-Ууганыг мөргөсөн. ...Бадар-Ууганы баруун хөл бүдүүн гуяараа хугарч, түнх нь мултарсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Машины тоормоз зүгээр ажиллагаатай байсан. Ойрхон зайд гэнэт огцом хөдөлснөөс мөргөсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 680 тоот дүгнэлтэд: “1. Х.Б-ы биед баруун дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрүүтэй ил хугарал, түнхний үений мултрал, баруун гуяны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар тогтоогдсон баруун дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрүүтэй ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, түнхний үений мултрал, баруун гуяны хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 23/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 50 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а. “Тухайн тээврийн хэрэгслийн ангиалалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана. Иргэн Х.Бадар-Ууган нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Б.Баярдорж мөн дүрмийн 11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ...Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Ганхуяг овогтой Шинэбаясах /ЖЯ94050916/ регистрийн дугаараар лавлагааг авахад тухайн иргэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолооч Б.Баярдорж /ЖН88040678/ регистрийн дугаараар лавлагааг авахад /ВСДЕ-1009921/ жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 5. Шинээр нөхцөл байдал илрээгүй “ гэжээ. /хх-ийн 25/

-Насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 31-39/

-Шүүгдэгч Г.Шын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт байрлах авто угаалгын газарт “Тоёота платз” маркийн 75-16 БУЛ улсын дугаартай суудлын машиныг угааж байгаад уг тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үйлдэл хийхдээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 7.6 “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Бадар-Ууганыг мөргөж баруун дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрүүтэй ил хугарал, түнхний үеийн мултрал, баруун гуяны хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Шын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр үед би машин угааж байсан, шил нойтон цантсан гаднах зүйл сайн харагдахгүй байсан учраас хөдлөхдөө хүн байгааг анзаарч хараагүй юм. Гэнэт юм мөргөх шиг болж хүн бахирахаар нь сандарсан. Машинаас гарахад урд талд жоохон эрэгтэй хүүхэд уйлчихсан байж байсан. Тэр хүүхдийг хөдлөхдөө харахгүй мөргөчихлөө гэж бодсон...“ гэж /хх-ийн 43-44/, түүнийг давхар нотолсон насанд хүрээгүй хохирогч Х.Бадар-Ууган /хх-ийн 9-10/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго /хх-ийн 12-13, 58/, гэрч Б.Баярдорж /хх-ийн 16-17/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 680 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 50 тоот дүгнэлт /хх-ийн 25/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Х.Бадар-Ууганд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч Г.Шын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 7.6-д заасан заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Шад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж байгааг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.        

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Шын ...............регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.         

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Шыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Шад мэдэгдсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ94050916 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР