Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/02005

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/02005

Орхон аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхтунгалаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч; ******** хот ******** дүүрэг ** дүгээр хороо ** дугаар гудамж ** тоотод оршин суух, Б хотгойд овогт О-ын Л ******** утастай, /РД; ********/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч; ******** аймаг ******** сум ** дүгээр баг ******** ** дүгээр хороолол ** гудамж ** тоот оршин суух, Х-ы овогт Б-ын А ********утастай, /РД; ********/-д холбогдох,

зээлийн гэрээний үндсэн төлбөрт 150.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 7.000.000 төгрөг, нийт 157.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч О.Л, өмгөөлөгч Э.Т,

хариуцагч Б.А, өмгөөлөгч Б.Э /цахим/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...хариуцагч Б.А-ийн хүсэлтийн дагуу 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 150,000,000 төгрөгийг нэг сарын сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож улмаар Б.А 150,000,000 төгрөгийг хүүгийн хамт 165,000,000 төгрөг болгон төлсөн үед амины орон сууц болон газрыг буцааж нэр дээрээ шилжүүлж авах болно. гэж тодорхойлолт бичгээр гаргаж өгсөн.

Уг тохиролцооны дагуу түүний өмчлөлийн ******** аймаг ******** сум ******** баг ** гудамж ** тоот хаягт байрлалтай 92 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай Ү-******** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон 374 мкв талбайтай нэгж талбарын******** дугаартай амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг тус тус өөрийн нэр дээр шилжүүлж, төлбөр төлөгдсөний дараа буцаан шилжүүлэхээр тохиролцож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн.

Дээрх тохиролцооны дагуу 3,570,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбоотой зардалд суутган авч 146,430,000 төгрөгийг түүний Хаан банкны ******** дугаарын дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцно. Мөн энэхүү зээлийн гэрээтэй холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2025 оны 8 сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан боловч газрын гэрчилгээ шилжүүлэхэд Б.А нь цахимаар хүсэлт илгээх байсан боловч уг хүсэлтээ илгээгээгүй улмаас дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш Б.А нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг 150,000,000 төгрөгийн хүү төлөв гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

Гэтэл ярьж тохиролцсоны дагуу нэг сарын дараа төлбөрөө төлөх болоход элдэв шалтаг тоочин төлбөр төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүрлээ, Б.А-ээс 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөг нийт 157,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдааны үед хариуцагч Б.А нь үндсэн төлбөрийг бүрэн төлнө, хугацаа өгөөч гэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцоод,

...О.Л-ийн нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд;

1.Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлага болох 157,000,000 /нэг зуун тавин долоон сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2026 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна.

2.Талууд уг асуудлаар дахин гомдол гаргахгүй шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг талууд хүлээн зөвшөөрч байна.

3.Нэхэмжлэгч О.Л хариуцагчийн 2026 оны 9 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна.

4.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944,850 төгрөгийг хариуцагч Б.А 2026 оны 9 дүгээр сарын 05-ны дотор нэхэмжлэгчид төлнө. гэж тусгаж, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хэлэлцэх явцад зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч нь ...2026 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 157,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. гэснийг нэхэмжлэгч О.Л, түүний өмгөөлөгч Э.Т нар хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хууль, талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 944,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 312/ШЗ2026/03391 дугаартай шүүгчийн захирамж,

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 312/ШТ2026/00049 дугаартай шүүхийн тогтоолын үйлчлэл тус тус дуусгавар болсныг мэдэгдэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Айгүль нь 157,000,000 төгрөгийг 2026 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч О.Л-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 944,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 312/ШЗ2026/03391 дугаартай шүүгчийн захирамж, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 312/ШТ2026/00049 дугаартай шүүхийн тогтоолын үйлчлэл тус тус дуусгавар болсныг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ