Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 35

 

        Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

       Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан сумын “Төв нутаг” эвслийн дарга Г.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн бүртгэлээс Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нарыг хасахыг сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч Баянцагаан сумын “Төв нутаг” эвслийн дарга Г.Пүрэвдорж, хариуцагч Баянцагаан сумын Сонгуулийн хорооны дарга Д.Батцэцэг, гуравдагч этгээд Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянцагаан сумын “Төв нутаг” эвслийн дарга Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Намсрай овогтой Долгорсүрэн нь Баянцагаан сумын Ардчилсан намын гишүүн бөгөөд өнөөдрийг хүртэл намаасаа гарах өргөдлөө намд өгөөгүй 1999 онд 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн чөлөө авахад тус багийн Засаг даргийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон 2000 оны Орон нутгийн сонгуулиар АН олонх болоход багийн Засаг даргаар сонгогдсон. Төрийн албанд 16 жил ажиллаж байгаа АН-ын ахмад тэргүүний гишүүдийн нэг юм. 2004, 2008 оны орон нутгийн Сонгуульд сумын ИТХ-д Г.Пүрэвдорж, Д.Зууннаст нарын хамт АН-аас 1-р багт нэр дэвшиж сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. 2005 онд Ардчилсан намаас төлбөрийг нь дааж Эрдэнэт хотын улс төрийн боловсролын академид АН-ын тэргүүний ажиллагаатай гишүүдийг сургахад 2005-2007 онд суралцаж диплом дээд боловсролтой болсон. Мөн АН-аас 2012 оны сонгуульд АН-ын гишүүн Л.Зууннастын хамт нэр дэвшиж байсан. 2015.07.19-нд Батсүмбэр суманд болсон АН-ын гишүүдийн цугларалтанд оролцож “Эрх чөлөөний одонгоор” шагнуулж байсан. 2015 оны 05 сард АН-аас зохион байгуулсан Сонгуулийн сургагч багш бэлтгэх сургалтанд Г.Пүрэвдорж, Ж.Төмөрбаатар, Д.Пүрэвсүрэн нарын хамт сууж бэлтгэгдсэн. Би 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Н.Долгорсүрэнтэй уулзаад, энэ удаагийн сонгуульд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшинэ шүү гэж хэлэхэд, би нэр дэвшихгүй. Харин намынхаа өмнөөс багийн даргад өрсөлдөнө гэж хэлсэн. Сонгуулийн хорооны дарга Д.Батцэцэг, Н.Долгорсүрэнтэй садан төрлийн холбоотой. Баянцагаан сумын Монгол ардын намын хорооноос манай намын 3 гишүүнийг, гишүүнээр элсүүлсэн. Д.Шийтэрцэрэн нь Баянцагаан сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Хүрэлбаатартай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 17 цаг болж байхад сонгуулийн хороонд бүртгүүлэхээр орж ирсэн. Тухайн үед нэр дэвшигчдийнхээ материалыг намын дарга Д.Хүрэлбаатар бүртгүүлэхээр гаргаж өгсөн. Сонгуулийн хорооны гишүүнээс танай нэр дэвшигчдийн чинь тойрог нь бичигдээгүй байна гэж хэлээд, материалыг нь буцааж өгөхөд, Д.Хүрэлбаатар нь үзгэн балаар нэр дэвшигчдийнхээ тойргийг бичсэн. Мөн Д.Шийтэрцэрэн нь хөрөнгө оруулгын мэдүүлгээ бөглөсөн. Монгол ардын намын хорооны дарга Д.Хүрэлбаатар нь Д.Шийтэрцэрэнг дагуулж орж ирэхэд 16 цаг 58 минут болж байсан. Тухайн үед би 17 цаг 10 минут болсон байна энэ арай дэндүү хууль зөрчсөн үйлдэл болж байна. Би зургийг чинь авлаа гэж хэлээд тус үйлдлийг өөрийн гар утсан дээрээ баримтжуулж, зургийг нь дарсан. Тус үйлдлийн талаар сонгуулийн хороонд тухайн үед хэлсэн. Миний хувьд Монгол ардын намын хорооны нэр дэвшигчдийн материал дутуу байсан учраас, тус материалыг үзэж шалгая гэж хэлэхэд, сонгуулийн хорооны дарга нь танд үзүүлэхгүй гэж хэлсэн. Монгол ардын намаас өгсөн материал нь нийт 192 хуудас байсан. Нэр дэвшигчийн материалаа нэмж бөглөж байна гээд, гомдлоо бичгээр гаргаж сонгуулийн хороонд тэмдэглүүлсэн зүйл байхгүй. Энэ талаар гомдлоо амаараа хэлж байсан. Н.Долгорсүрэнд Ардчилсан намын гишүүн мөн гэсэн үнэмлэх 2004 онд өгч байсан, өөрөө авч байгаагүй гээд байдаг юм. Н.Долгорсүрэн Ардчилсан намаас удаа дараа сонгуульд нэр дэвшиж байсан. Сонгуулийн хорооны дарга нь Монгол ардын намын хорооны даргатай садан төрлийн холбоотой гэж үзэн сонгуулийн хорооны гишүүдээс татгалзаж байна гэсэн хүсэлтийг өгч байгаагүй. Иймд МАН-аас нэр дэвшигч Д.Шийтэрцэрэн, Н.Долгорсүрэн нарыг Баянцагаан сумын ИТХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулахыг Баянцагаан сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянцагаан сумын Сонгуулийн хорооны дарга Д.Батцэцэг шүүхэд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянцагаан сумын Сонгуулийн хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй. Сонгуулийн хороо нь хамтын шийдвэр гаргадаг. Н.Долгорсүрэн Ардчилсан намын хүн гэдгийг бүгд мэдэж байсан. Н.Долгорсүрэн би Ардчилсан намын гишүүн биш, Монгол ардын намын гишүүн гэж хэлсэн. Монгол ардын нам, Ардчилсан намын хороо руу тус бүр албан тоот явуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол ардын намаас тус намын гишүүн мөн гэсэн намын гишүүний үнэмлэхийг сонгуулийн хороонд өгсөн. Н.Долгорсүрэн нь Ардчилсан намын гишүүн биш гэсэн өргөдөл өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг 51 минутанд “Төв нутаг” эвслийн дарга Г.Пүрэвдорж 16 цаг 52 минутанд Монгол ардын намын хорооны дарга Д.Хүрэлбаатар нар тус тус орж ирсэн. Маргаан болох шалтгаан нь Г.Пүрэвдорж дарга Монгол ардын намын хорооны нэр дэвшигчдийн цэргийн алба хаасан тодорхойлолтыг харна гэж сонгуулийн хорооны гишүүд рүү дайрч байсан. Монгол ардын намын хорооноос өгсөн нэр дэвшигчдийн материал нийт 192 хуудас байсан. Нэхэмжлэгчийн үзүүлж байгаа фото зураг дээр Д.Хүрэлбаатар дарга тойргийн дугаараа бичиж байсан нь үнэн, гар утасны цагийг яаж ч тааруулж болно. МАН-аас нэр дэвшигчдийн материалаа цаг хугацаандаа өгсөн, хэрэв хэтэрсэн бол бид авах ч үгүй, АН-аас ирүүлсэн зарим зүйлийг дутуу бөглөсөнөө гүйцээж л байсан. Сонгуулийн хорооны бүртгэлд Д.Шийтэрцэрэнгийн нэр нь дээр Сонгуулийн тухай хуулийн 154 зүйлийг зөрчсөн эсэхийг лавлах гэж бичигдсэн нь цэргийн лавлах байгаа эсэхийг лавлах шаардлагатай байсан учраас тэгж тэмдэглэж байсан. Мөн Н.Долгорсүрэнгийн талаар Монгол ардын намын хороо, Ардчилсан намын хороо руу албан тоот явуулахад Монгол ардын намын хорооноос Н.Долгорсүрэн нь манай намын гишүүн мөн гээд батлахыг хуулбарлаж ирүүлсэн. “Төв нутаг” эвсэлээс намын гишүүдийн жагсаалт ирүүлсэн үнэмлэх ирүүлээгүй байсан. Иймээс сонгуулийн хорооны тогтоол нь хуулийн дагуу гарсан гэжээ.

Гуравдагч этгээд Д.Шийтэрцэрэн шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Хүрэлбаатар дарга Хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр чинь гарын үсэг дутуу байна гэж хэлээд ороод зурчих гэхээр нь би Сонгуулийн хорооны байранд орж хөрөнгө орлогын мэдүүлэг дээр гарын үсэг зурсан. Сонгуулийн хорооны бүртгэл хийж байсан өрөөнд ороход би цаг хараагүй 16 цаг 40 минутанд орсон байх. Дотор нь 5, 6 хүн байсан. Өрөөнөөс гарахад 17 цаг өнгөрсөн байсан. Миний хувьд Г.Пүрэвдоржийн эхнэртэй эгч дүүсийн хүүхдүүд, хамаатан садангийн хооронд хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Надтай өрсөлдөж байгаа болохоор л тэгж байгаа байх. Намайг сонгуулийн хорооноос гарахад 17 цаг өнгөрч байсан гэжээ.

Гуравдагч этгээд Н.Долгорсүрэн шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 1999 оноос өөрийн багийн иргэдээс нэр дэвшиж багийн Засаг дарга болсон. Анх 2000 оны сонгуульд Г.Пүрэвдорж гэдэг хүн надтай уулзаад, Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшчих гэж хэлж байсан. Намын гишүүний батлах өгөөгүй. Ардчилсан намаас 2 удаа нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Энэ хугацаанд надад албан ёсны гишүүн гэсэн батлах өгч байгаагүй, би гишүүн болох хүсэлт ч гаргаагүй. Ардчилсан намын төлбөрөөр суралцаж байсан зүйл байхгүй. Д.Батцэцэгийн дүүтэй манай дүү гэр бүл болсон нь үнэн. Энэ хэрэгт ямарч ач холбогдолгүй зүйл юм. Мөн Д.Хүрэлбаатарын дүүтэй манай дүү суусан. Би Ардчилсан намын гишүүн биш тул намаас гарах хүсэлт, бат илэрхийлэх зэргийг АН-д гаргаж өгөөгүй. 2016 онд өөрийн хүсэлтээр Монгол ардын намд гишүүнээр элсэх хүсэлтээ өгч, албан ёсоор элссэн. Урьд нь Ардчилсан намаас нэр дэвшчих гэхээр нь нэр дэвшиж байсан болохоос, миний хувьд намын талаар огт ярьж байгаагүй. Намын хурал, гишүүнчлэл гээд ямарч асуудалд оролцдоггүй, би Ардчилсан намын албан ёсны гишүүн биш гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянцагаан сумын “Төв нутаг” эвслийн дарга Г.Пүрэвдорж нь “Баянцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол[1] -ын Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн бүртгэлээс Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нарыг хасахыг сонгуулийн хороонд даалгуулах” гэж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Сонгуулийн хороо нь маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч “... Баянцагаан сумын 1 дүгээр тойрогт Н.Долгорсүрэн, 3 дугаар тойрогт Д.Шийтэрцэрэн” нарыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталсан байна.

Нэхэмжлэгч нь Төв аймгийн Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Н.Долгорсүрэнг 2004, 2008, 2012 онуудад Баянцагаан сумын Ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байсан тул манай намын гишүүн мөн гэж тайлбарлах боловч “Ардчилсан намын дүрэм”-ийн 3 дугаар бүлгийн 3.1.2-т “Гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, үнэмлэхтэй байна” гэж зааснаар Н.Долгорсүрэнг Ардчилсан намын гишүүн мөн болохыг нотлох түүний ардчилсан намд элсэхийг хүссэн хүсэлт, намын гишүүний бат илэрхийлэх /үнэмлэх/ зэрэг намын гишүүнд олгогдсон байх баримт бичгүүдийг олгож байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул Н.Долгорсүрэнг тус сумын Ардчилсан намын гишүүн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “Ардчилсан намын дүрэм”-ийн 3 дугаар бүлгийн 3.4.3-3.4.5-д заасан шаардлагуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Н.Долгорсүрэн нь Монгол ардын намын дүрмийн 3.2-т “Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож, бүртгэнэ. Монгол Ардын Намд элсэх өргөдлийг бичгээр гаргана.” гэж заасны дагуу Н.Долгорсүрэнгийн МАНамд элсэх хүсэлтийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянцагаан сумын Монгол Ардын Намд гишүүнээр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 0209645 дугаартай МАН-ын гишүүний бат илэрхийлэх[2], МАН-ын хорооны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10[3] тоот албан бичиг, МАН-ын гишүүдийн бүртгэлийн 279 дугаарт бүртгэгдсэн бүртгэл[4] зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг “Улс төрийн намын тухай” хуулийн 03 дугаар зүйлийн 3.2-д “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Сонгуулийн хороо нь Н.Долгорсүрэнг нэр дэвшигчээр бүртгэсэн нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.”, 3.3-д “Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг мөшгөн хавчих, заналхийх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно.”, 3.7-д “Иргэний хувийн байдлыг тодорхойлсон аливаа албаны бичиг баримтад хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно” гэж заасантай нийцэж байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгадаа Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Шийтэрцэрэнгийн хувьд Баянцагаан сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Хүрэлбаатартай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сонгуулийн хороонд орж ирээд нэр дэвшигчдийн материалд тойргийн дугаараа бичиж, Д.Шийтэрцэрэн хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байсан, Энэ үед 17 цаг 15 минут болж байсан. Сонгуулийн хороо хуулинд заасан хугацаа өнгөрсөн хойно МАН-ын нэр дэвшигч Д.Шийтэрцэрэнгийн материалыг хүлээн авсан нь хууль бус тул Д.Шийтэрцэрэнг нэр дэвшигчээс хасах ёстой гэж маргажээ.

Хариуцагч Сонгуулийн хороо нь МАНам, АН-ууд нь нэр дэвшигчдийн материалаа адилхан 16 цаг өнгөрсөн хойно авчирч өгсөн, аль аль нь дутуу зүйлээ тэр дор нь засаж өгсөн. Гэтэл 17 цаг өнгөрсөн хойно Монгол ардын нам материалаа өгсөн гэдэг нь үндэслэлгүй, энэ тухай ч тэр үед нь нэхэмжлэгч бидэнд гомдол гаргаж тэмдэглүүлээгүй, 17 цаг 15 минут гэсэн зургийг ч гар утсаар авсанаа тухай үед хэлээгүй, хэрэв хугацаа хэтэрсэн бол тэр даруйд нь гомдлоо гаргаж болох байсан гэжээ.

Шүүх дээрх талуудын өгсөн тайлбараас гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Баянцагаан сумын 3 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Шийтэрцэрэнг Сонгуулийн хороонд баримт бичгээ хуулийн хугацааг хэтрүүлж өгсөн гэж үзэх боломжгүй гэж үзлээ. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх . . . баримт бичгийг . . . сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж МАНам нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр заасан байхад Д.Шийтэрцэрэнг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр МАНам нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг 17 цаг өнгөрсөн хойно сонгуулийн хороонд өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч Сонгуулийн хороог МАН-ын ирүүлсэн баримт бичгийг 17 цаг 15 минутад хүлээн авсан гэдгийг нотлох баримтгүй, нэхэмжлэгч АНам ч тухайн үед 17 цаг 15 минутад МАНам материалаа өгч байгааг нотолж чадахгүй байна. Харин нэхэмжлэгч нь Д.Шийтэрцэрэнг 17 цаг 15 минутад дутуу гарын үсэг зурж байсан гэж тайлбарлаж, энэ цаг минутыг харуулсан гар утсаар авсан зураг[5]-ийг нотлох баримтаар өгсөн боловч тухайн үед Сонгуулийн хороонд энэ тухай гомдол гаргаагүй тэмдэглэл хөтлүүлээгүй, өөрийнх нь гар утсаараа авсан фото зурагт байгаа цаг минутыг хууль ёсны цаг хугацаа гэж үзэх боломжгүй байх тул МАНамын нэр дэвшигчдийн баримт бичгийг хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан хугацааг хэтэрсэн хойно хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 154.6, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Баянцагаан сумын “Төв нутаг” эвслийн дарга Г.Пүрэвдоржийн гаргасан “сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн бүртгэлээс Н.Долгорсүрэн, Д.Шийтэрцэрэн нарыг хасхыг сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-дзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХАЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хх-ийн 28-р хуудас “нэр дэвшигчийг бүртгэх тухай”

[2] Хх-ийн 47-р хуудас,

[3] Хх-ийн 38-39-р хуудас,

[4] Хх-ийн 46-р хуудас,

[5] Хх-ийн 15, 61, 62-р хуудас,