Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 828

 

 

Э.Тамирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч Э.Тамирын өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюуны хэрэг бүртгэлтэд буцаах тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Э.Тамирт холбогдох 2016 2602 2444 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Эрдэнэсувдын Тамир, 1975 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш-дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 2 дугаар байр, 121 тоотод оршин суух, "Богд-Асар" ХХК-д диспетчер ажилтай, ял шийтгэлгүй, /РД:ЧТ75050701/;

Э.Тамир нь 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, "Богд Асар" ХХК-ийн байранд иргэн Г.Нямдаржааг хувийн таарамжгүй харилцааны улмаас хамар, уруул тус газарт нь самардаж, бие махбодид “тархи доргилт, хамрын шарх зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангаар цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Тамирт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжаар: Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хэрэгт холбогдсон Э.Тамирыг шүүхэд шилжүүлэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч Г.Нямдаржаагийн бие махбодид “тархи доргилт, хамрын шарх зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангаар цус хуралт, дээд уруулд зулгарал” бүхий хөнгөн гэмтэл учирсан гэж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 12322 тоот дүгнэлтэд дурджээ.

Хэрэг бүртгэлтэд хохирогч Г.Нямдаржаа: “...2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр, 11 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20, 21 дүгээр байрны грашид бохирын шугам задарч, "Богд Асар" ХХК-д дуудлага өгсөн. 11 цаг 55 минутаас 17 цаг хүртэл дуудлага өгсөөр байтал дуудлагын дагуу хүн ирээгүй. Би бүр арга бараад “Богд Асар” ХХК-ийн диспетчерийн өрөөнд очоод Э.Тамир гэдэг эмэгтэйтэй уулзаж, “дуудлага өгтөл танайхаас хүн ирсэнгүй, 6 цаг боллоо” гэхэд Э.Тамир “чамаас дуудлага ирээгүй, чи яриагүй, юу яриад байгаа юм бэ, би слесарь дуудаж чадахгүй” гэхээр нь би “чи үүргээ биелүүлээгүй байж яагаад байгаа юм бэ чамд дуудлага өгөөд, чи цааш нь слесарь руу дамжуулах ёстой биз дээ” гэтэл “би чадахгүй” гээд байсан. Би чамд дуудлага өгсөн байх ёстой, “рапортын дэвтрээ хар гээд дэвтэр рүү заатал Э.Тамир “чи дандаа худлаа дуудлага өгдөг биз дээ” гээд миний хамар луу барьж байсан олон түлхүүрээрээ цохисон. Би “чи болиоч” гээд түлхтэл гараараа миний уруулыг самардсан. Тэгээд хамт байсан 1 залуу нь бид хоёрыг салгасан. Э.Тамир гэдэг эмэгтэй намайг “ална” гэж заналхийлсэн,

гэрч А.Пүрэвсүрэн: “...би 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр бага охиноо ээжийнх нь ажлаас авах гээд “Богд Асар” ХХК-ийн байр луу ороход диспетчерийн өрөөнд нь бөөн орилолдоон болж байсан. Манай эхнэр Э.Тамир ч орилоод, урдаас нь нэг үл таних залуу бас орилоод байсан. Тэгээд би эхнэр Э.Тамирын өрөөнд ортол нэг залуу манай эхнэртэй хэрэлдээд, ард нь манай охин зогсож байсан. Би диспетчерийн өрөөнд ороод 20 орчим минут Э.Тамир, түүнтэй хэрэлдэж байсан залуу хоёрын хэрүүлийг сонсож юу ч дуугаралгүй зогссон. Э.Тамиртай хэрэлдэж байсан залуугийн ярианаас бол авах үг нэг ч байгаагүй “хаа таарсан газар чинь ална, одоо чамайг шат руу унагаад алчихья, бүдүүн авгай минь” гээд бөөн хэрүүл болоод байсан. Би байж байгаад “наана чинь жаахан хүүхэд байна шүү дээ” гэтэл “чи юу юм бэ, дуугүй бай” гэсэн. Э.Тамир руу 2-3 удаа дайрахад нь би болиулсан. Би Г.Нямдаржаа гэдэг залууд “Э.Тамирын нөхөр нь байна, би чамтай юм ярихгүй, би чамайг ганц цохиход үхчихнэ” гэтэл “өө чи Э.Тамирын нөхөр байсан юм уу” гээд над руу гэнэт дайрахаар нь би “чамтай юм ярихгүй” гэсэн. Г.Нямдаржаа, Э.Тамир 2 намайг ороход зодолдоогүй байсан. Би зодолдож байхыг нь хараагүй. Харин “Богд-Асар” ХХК руу ороход Э.Тамирын өрөөнд түр тар гээд л зодолдоод байх шиг байсан. Намайг ороход Э.Тамир ширээнийхээ цаана шигдээд зогсчихсон хэрэлдээд байсан,

сэжигтэн Э.Тамир: “...2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажил дээрээ байж байтал Г.Нямдаржаа “21 дүгээр байрны гараашид бохирын шугамнаас бохир алдаад байна, хурдан хүн явуул” гэсэн дуудлага өдрийн 13 цагт ирсэн. Би “Богд Асар” ХХК-ийн слесарьт дуудлага өгсөн. Манай слесарь гадуур дуудлагатай явж байсан болохоор Г.Нямдаржаагийн дуудлагад очиж амжихгүй, өмнөх дуудлага дээрээ явж байтал Г.Нямдаржаа маш олон удаа манай ажил руу залгаж, дахин, дахин дуудлага өгсөн. Тэгээд манай слесарь очиж үзэхэд сүйдтэй их хагарсан зүйлгүй байсан тул өмнө нь дуудлага өгсөн айлын шугам сольж дуусаад 21 дүгээр байрны гараашийн бохирын шугамыг засах санаатай байж байтал Г.Нямдаржаа манай ажлын байранд 16 цагийн үед орж ирээд, миний өрөө рүү дайрч орж ирээд, ширээн дээр байсан дуудлагын дэвтэр зэрэг эд зүйлсийг ийш тийш нь болгож шидээд, над руу “чамайг ажлаа хий гэж байна, муу пизда минь” гээд харааж, “хаа байгаа газарт чинь ална шүү” гээд орилоод намайг шатнаас доош нь түлхэх гээд миний шилэн хүзүү рүү түлхэхээр нь би хойшоо эргээд гараараа Г.Нямдаржаагийн хамар, уруул руу нь самардчихсан. Хажууд миний 13 настай охин байсан. Хэрүүл маргаан болоод бараг дуусч байхад манай нөхөр орж ирсэн...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүд нь Э.Тамирыг 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Богд Асар” ХХК-ийн ажлын байранд хохирогч Г.Нямдаржаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнтэй маргалдан хамар, уруул тус газарт нь самардаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болохыг нотолж, тогтоогоогүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шалгаагүй байна.

Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20, 21 дүгээр байрны гараашид бохирын шугам задарч, “Богд Асар” ХХК-д хэн, хэдэн цагт дуудлага өгсөн, уг дуудлагыг диспетчер Э.Тамир хэзээ бүртгэсэн, цааш нь засварчинд дамжуулсан, засварчин задарсан гэх бохирын шугамыг очиж үзсэн эсэх, бохирын шугам ямар байдалтай байсан зэргийг нарийн шалгаагүй байна.

Түүнчлэн би “Богд Асар” ХХК-ийн байр луу ороход диспетчерийн өрөөнд нь бөөн орилолдоон болж байсан, тэнд 20 орчим минут Э.Тамир, түүнтэй хэрэлдэж байсан залуу хоёрын хэрүүлийг сонссон, Э.Тамиртай хэрэлдэж байсан залуу “хаа таарсан газар чинь ална, одоо чамайг шат руу унагаад алчихья, бүдүүн авгай минь” гээд бөөн хэрүүл болоод байсан. Би “наана чинь жаахан хүүхэд байна шүү дээ” гэтэл “чи юу юм бэ, дуугүй бай” гэсэн. Э.Тамир руу 2-3 удаа дайрахад нь би болиулсан, “өө чи Э.Тамирын нөхөр байсан юм уу” гээд над руу гэнэт дайрсан гэж гэрч А.Пүрэвсүрэн мэдүүлжээ. Мөн энэ байдлыг шалгасны эцэст гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг тогтоох шаардлагатай.

Гэрч А.Пүрэвсүрэнг хэзээ байцаасан нь тодорхойгүй байна. Иймд Э.Тамирт холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзээд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Э.Тамирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээрх гэмт хэргийн сэдэлтийн талаар хохирогч Г.Нямдаржаа, яллагдагч Э.Тамир нарын хооронд бохирын шугам хоолой задарсан талаарх дуудлага засвар үйлчилгээний талаар маргалдсанаа аль аль нь мэдүүлдэг бөгөөд тэдний хооронд дээрх маргаантай холбоотой зүй бус таарамжгүй харилцаа үүссэн талаараа аль аль нь мэдүүлсээр байхад “гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Гэм буруугийн хэлбэрийн хувьд, хэдийгээр хохирогчийн зүй бус харилцаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн ч хохирогч Г.Нямдаржаагийн хамар луу цохих, уруулыг самардах зэргээр уур бухимдлаа илэрхийлэн түүний эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь үйлдлийнхээ үр дүнд хор уршиг учрах нь зайлшгүй гэж мэдсэн хүсч үйлдсэн шууд санаатай үйлдэл бөгөөд Э.Тамирийн үйлдэл хор уршиг хоёрын хоорондох шалтгаант холбоогоор тогтоогдож байхад гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэсэн нь дараах байдлаар няцаагдаж байна. Тухайлбал яллагдагч Э.Тамирийн мэдүүлэгт: “...Т.Нямдаржаа 21 дүгээр байрны гражид бохирын шугамнаас бохир алдагдаад байна хурдан хүн явуул...” гэсэн дуудлага өгсөн. Манай ажил руу маш олон удаа залгаж, ахин дахин дуудлага өгсөн. Өмнө нь дуудлага өгсөн айлын шугам солиод 21 дүгээр байрны шугамыг солих санаатай байж байтал П.Нямдаржаа 16 цагийн үед орж ирсэн” гэжээ. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь мөн л орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой гомдол маргаан болох нь тогтоогдсоор байтал “шугам хоолой задарсан, түүнийг засварчин очиж үзсэн эсэх, бохирын шугам ямар байдалтай байсан эсэхийг нарийвчлан шалга” гэх, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн гэрч А.Пүрэвсүрэн нь гэмт хэрэг төгссөний дараа буюу гэмт халдлага үйлдэгдсэний дараах нөхцөл байдлыг гэрчлэн мэдүүлсэн ба сэжигтэн яллагдагч Э.Тамирын гэр бүлийн гишүүн бөгөөд хэрэгт шууд ач холбогдол бүхий байдлыг мэдэх гэрч биш болох нь яллагдагч Э.Тамирын мэдүүлэгт “...хэрүүл маргаан болоод дуусч байхад манай нөхөр орж ирсэн...” хэмээн мэдүүлсэн байдаг. Гэрч А.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлгийг шүүх хуралдааны явцад дахин тодруулж үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой атал “энэ байдлыг дахин шалга” гэх ойлгомжгүй бүрхэг асуудлыг дурджээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 387 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Э.Тамирын өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалт, прокурорын болон шүүхийн шатанд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж өгөх хүсэлтийг 3 удаа тавьж байсан. Шүүхээс энэ хүсэлтийг минь хангаж захирамж гаргасан нь үндэслэлтэй байна. Гэхдээ шүүгчийн захирамжид дурдагдаагүй мөрдөн байцаалтын олон ажиллагаа хийлгэх шаардлагатай. Миний гаргаж буй тайлбар болон шүүхэд гаргаж байсан нэмэлт ажиллагаа хийлгэхийг хүссэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж, дүгнэлт хийнэ үү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Иймд хоёр тал маргаагүй асуудалд дүгнэлт хийхгүй гэсэн байр суурьтай байж болохгүй. Шугам хоолой задарсан асуудалд маргаагүй гээд тэр талаар шалгахгүй орхиж болохгүй. Яг хэдэн цагт дуудлага өгсөн гэдгийг тогтоох зорилгоор бүртгэлийн дэвтэрт нь үзлэг хийж, үнэхээр очихгүй удсан эсэх, өмнө нь ингэж удаж байсан эсэхийг тогтоох нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож буй арга хэрэгсэл. Г.Нямдаржаагийн дайрч давшилсан асуудал нь танхайн гэмт хэргийн шинжтэй юу эсхүл үнэхээр Г.Нямдаржаа бухимдсан уу гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн 13 настай охиныг асуулгах хүсэлтийг Э.Тамир өөрөө тавьдаг. Би мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж өгөх хүсэлтийг тавьж байсан. Учир нь Э.Тамир “миний суудаг сандал яг шатны хажууд байдаг. Би биеэ хамгаалах гэж байсан юм” гэж мэдүүлдэг. Гэрч А.Пүрэвсүрэн “миний охин Э.Тамирын ард нь орсон байсан” гэж мэдүүлдэг. Мөн “шат руу унагаад ална шүү чамайг” гэж Г.Нямдаржаа хэлж байсан нь хавтаст хэргээс харагдана. Иймд шат руу унагах боломж байсан эсэх, Э.Тамир  хүүхдээ болон өөрийгөө хамгаалсан нөхцөл байдал байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Тодорхойлолт бичиж өгсөн гэрчүүд нь хэрэгт ач холбогдолтой зүйл ярьсан. Учир нь энэ хоёрын хоорондын өмнөх таарамжгүй харьцаа, ер нь Г.Нямдаржаагийн зан авир зэргийн талаар энэ тодорхойлолтоос харагдана. Энэ гэрчүүдийн тодорхойлолтоос гэмт хэрэг зөвхөн тухайн өдрийн шугам хагарсан асуудлаас болоогүй гэдэг нь харагдана. Хх-5 дугаар хуудсанд авагдсан хэсгийн байцаагчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд хууль сануулаагүй байсан. Мөн хх-10 дугаар хуудасанд авагдсан гэрчийн мэдүүлэг процессын зөрчилтэй байсан. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэхээр нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн 2016 2602 2444 дугаартай хэрэгт холбогдсон Э.Тамирыг шүүхэд шилжүүлэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “...Хохирогч Г.Нямдаржаа ... гэрч А.Пүрэвсүрэн ... сэжигтэн Э.Тамир нарын ...  мэдүүлгүүд нь Э.Тамирыг 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Богд Асар ХХК-ийн ажлын байранд хохирогч Г.Нямдаржаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнтэй маргалдан хамар, уруул тус газарт нь самардаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болохыг нотолж, тогтоогоогүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг … нарийн шалгаагүй байна...” гэснийг заавал хангах  хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй, энэ ажиллагааг гүйцэд биш хийсэн тул хэргийг хэрэг бүртгэлийн шатанд буцаах нь зүйтэй байна.

Гэрч А.Пүрэвсүрэнгийн: “...Э.Тамиртай хэрэлдэж байсан залуу нь хаа тааралдсан газар чинь ална, одоо чамайг шат руу унагаад алчихья, бүдүүн авгай минь, би “наана чинь жаахан хүүхэд байна шүү дээ” гэхэд “чи юу юм бэ, дуугуй бай” гэсэн, тэгээд би Э.Тамир луу 2-3 удаа дайрахад нь болиулсан...” /хх-11/ гэсэн мэдүүлгээс үзэхэд хохирогч Г.Нямдаржаа, сэжигтэн Э.Тамир нарын хэрүүл, зодоон чухам хаана, ямар нөхцөлд болсон, ялангуяа гэрчийн мэдүүлгийн  “...чамайг шат руу унагаад алчихья...” гэснийг анхаарч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “…хэрэг бүртгэгч, ... гэмт хэрэг гарсан ... байдлыг тодруулах зорилгоор хэрэг гарсан газар ... үзлэг хийнэ.” гэж зааснаар тухайн цаг хугацаанд хохирогч Г.Нямдаржаа шүүгдэгч Э.Тамирыг түлхэх болон шатны уруу унагах нөхцөлд байсан эсэхийг тогтоох зорилгоор хэргийн газарт нөхөн үзлэг хийгээгүй байна.

Нөгөөтэйгүүр, сэжигтэн Э.Тамирын мэдүүлэгт: “...манай 13 настай охин тухайн үед байсан.” /хх-21/ гэжээ. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор уг насанд хүрээгүй гэрчийг байцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасан арга, журмаар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай.

Бохирын шугам задарсан тухай дуудлага өгсөн, авсан талаар, хохирогч Г.Нямдаржаа, сэжигтэн Э.Тамир нарын хэн аль нь мэдүүлдэг боловч 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20, 21 дүгээр байрны гараашид бохирын шугам задарсан тухай хохирогч СӨХ-ийн дарга Г.Нямдаржаагийн дуудлагыг “Богд Асар” ХХК-ийн деспетчер Э.Тамир хэзээ, хэрхэн бүртгэсэн, хэн гэдэг засварчинд хэзээ мэдэгдсэн, засварчин задарсан гэх бохирын шугамыг очиж үзсэн эсэх, бохирын шугамын эвдрэл ямар байсан зэргийг, өөрөөр хэлбэл, хэрүүл, зодоон үүссэн нөхцөл шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн  1 дэх үндэслэл заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг хэвээр үлдээж, прокурор Т.Оюунжаргалын энэ талаар бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Магадлалд заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийсний дараа шүүгдэгч Э.Тамирын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх хуулийн үндэслэл бүрдэнэ гэж үзэв.