| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/00643/И |
| Дугаар | 192/ШШ2026/02642 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/02642
2026 03 09 192/ШШ2026/02642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
гомдол гаргагч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
хүний нөөцийн албаны даргын ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга *** хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хүний нөөцийн албаны даргын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргах, хүний нөөцийн албаны даргад албан тушаалд эргүүлэн томилох. Нэхэмжлэлийн үндэслэл нь би ***д 2021 оны 08 сарын 02-ны өдөр тус төвийн Ерөнхий захирлын Б166 дугаар тушаалаар хуулийн зөвлөхийн ажилд томилогдсон. Дараа нь тус төвийн даргын 2021 оны 9 сарын 25-ны өдрийн Б/194 тоот тушаалаар 2021 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн хүний нөөцийн албаны даргын тушаалд томилогдсон. 2023 оны 11 сарын 22-ны өдөр ***ийн н.*** чөлөөлөгдсөнтэй холбоотой ерөнхий захирлын үүргийг орлон гүйцэтгэгч н.*** томилогддог. Томилогдсон цагаасаа хойш “ажлаа өг, ямар нэгэн асуулгүй ажлаа өгчих. Одоо энэ Удирдлагын зөвлөл багаа бүрдүүлчихсэн байна. Танай удирдлагын зөвлөл татан буугдаж байна. Тийм учраас чи ажлаа өг” гэдэг удаа дараа дарамтуудыг өгдөг юм. Тэгж дарамталхаас өөр яг чи ийм зөрчил гаргасан байна гэдэг албан тушаалын тодорхойлолтод заагдсан яг ямар зөрчил гаргасан тухай огт надад мэдэгддэггүй. Удаа дараалан ийм дарамт л үзүүлээд байдаг юм. Тэгээд 2024 оны 12 сарын 17-ны өдөр Б/455 тушаалаар намайг хүний нөөцийн албаны даргаас чөлөөлдөг. Энэхүү тушаал хууль зүйн үндэслэлийнхээ хувьд алдаатай гарсан. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлдгийг ***ийн н.*** түр орлон гүйцэтгэгч, тэр хүн зүгээр л энэ хүн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг хууль зүйн агуулгаар намайг илт хуулийн буруу зүйлээр чөлөөлсөн юм. Чөлөөлж байгаа хугацаандаа бас би хуулийн зөвлөхөөр ажиллаж байна гэдэг тэр албан тушаал маань бас чөлөөлөгдсөн. Ямар нэгэн хуулийн зөвлөхөөс чөлөөлсөн тушаал одоо хүртэл байхгүй. Зөвхөн хүний нөөцийн албаны талаас чөлөөлсөн. Би 2019 онд Буриадын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ тухай диплом, баримтуудаа бүгдийг нь гаргаад өгчихсөн байгаа. Тийм учраас ил худал тушаалаар ажлаас чөлөөлж байгаа нь боломжгүй юм. Тийм учраас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ***ийн Хүний нөөцийн албаны даргын ажилд эргүүлэн томилж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн 303 өдөр хүртэл 46 384 452 төгрөг цалин олговор нэхэмжилнэ... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ***-ийн Ерөнхий захирлын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн Б/455 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул намайг Хүний нөөцийн албаны даргын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байна. Ж.*** нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар ***ийн ерөнхий захирлаар томилогдож ажил хүлээн аваад Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан ***г "***ийн Хүний нөөцийн албаны даргаар томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон бөгөөд Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд тавигдах ажлын байрны шаардлагад нийцээгүй" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. ***-ийн ерөнхий захирал Ш.*** нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/194 дугаар тушаалаар ***г Хүний нөөцийн албаны даргаар томилсон байна. Ш.*** нь ***-ийн захирлаар 2021 оны 07 дугаар сард томилогдон ажилласан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/71 тоот ЭМС-ын тушаалаар “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл Ш.*** нь хууль бусаар ажилд томилогдсоны дараа өөрийн багийг бүрдүүлэх нэрийдлээр Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хүний нөөцийн албаны даргаар ***г томилсон үйлдэл нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг ноцтойгоор зөрчсөн байна. ***гийн гаргасан өргөдөлд “Намайг ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/455 тоот тушаалаар Хүний нөөцийн албаны даргаас чөлөөлсөн. Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 "ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон”, мөн ***-ийн Хөдөлмөрийн Дотоод журмын 2.2.11 дэх хэсэгт заасан "Байгууллага, эмнэлгийн захирал, албадын дарга, тасгийн эрхлэгч нарын ажлын хариуцлага, мэргэжлийн ур надвараас шалтгаалан тухайн эмнэлэг, тасаг нэгжийн үйл ажиллагаа доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан, ***-ийн удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл" гэсэн хоёр үндэслэлийг бичсэн. ***-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай ерөнхий захирлын тушаалаар тасгийн эрхлэгч, албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг баталж, мөрдөн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл *** нь өөрөө ажилд орох үедээ батлуулсан ажлын байрны тодорхойлолтын "В" хэсэгт байх "Ажлын байранд тавигдах шаардлага" хэсгийн мэдээллийг өөрийн боловсрол, мэргэжил, туршлагад тохируулан өөрчилсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 2016 оны А75 дугаар тушаалын баталгаажсан ажлын байрны тодорхойлолтод албаны даргын "боловсрол" хэсэгт магистр ба түүнээс дээш зэрэгтэй байхыг шаардсан байтал ***гийн ажлын байрны тодорхойлолтод бакалаврын зэрэгтэй байж болохоор өөрчлөн найруулсан, мөн үндсэн мэргэжлийн сургалтанд хамрагдсан буюу дипломтой байх гэсэн шаардлагатай байтал өөрийн тодорхойлолтод "эрх зүйч, хуульч, хүний нөөцийн менежер" гэж өөрчлөн найруулсан болох нь Төрийн албан хаагчийн анкетаар нотлогдож байгаа. *** нь анх ажилд орж байх үедээ Төрийн албан хаагчийн анкетад /2021 оны 08 дугаар сард/ Буриадын их сургуулийг "Эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын зэрэгтэй” гэсэн байх бөгөөд Хуульчдын холбоонд бүртгэлгүй, хүний нөөцийн мэргэжлээр суралцсан болон өөр мэргэжил эзэмшсэн талаар огт дурьдагдаагүй байна. ***-ийн захирлаар ажиллаж байсан Ш.*** нь ***г ***-ийн хүний нөөцийн албаны даргаар ажилд авахдаа Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай дүгнэлт гаргуулсан байна. Тус дүгнэлтэд “нэр дэвшигч *** нь ***ийн Хүний нөөцийн албаны даргаар томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байх тул тухайн албан тушаалд Төрийн албаны тухай хууль, бусад салбарын хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн этгээдийг нэр дэвшүүлж, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн томилох асуудлыг шийдвэрлэнэ үү " гэж дүгнэсэн байтал ***г сонгон шалгаруулалтад оролцуулалгүйгээр ажлаас халагдах хүртэл ажиллуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Дээр дурьдагдсан дүгнэлт, *** анх ажилд орох үедээ бүрдүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд ***-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ш.*** нь ***тай үгсэн хуйвалдаж, анх ажилд авахдаа Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны шаардлагад нийцээгүй боловсрол, мэргэжил, туршлагатай ***д тааруулан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлгүйгээр өөрчилж, бичиг баримт бүрдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь заалттай нийцэж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалд уг хуулийн заалтыг үндэслэл болгосон. *** нь 1300 эмч, ажилчидтай бөгөөд хүний нөөцийн алба нь 1300 ажилчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг том алба, нэгж юм. Тиймээс Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд тавигдах шаардлагыг ажлын байрны тодорхойлолтоор баталсан байдаг. Гэтэл *** нь магистрын зэрэг байхгүй, хүний нөөцийн сургалтад хамрагдсан дипломын боловсролгүй байх тул хүний нөөцийн албаны даргын ажлыг мэргэжлийн түвшинд, шаардлагын хэмжээнд хүртэл ажиллах боломжгүй гэж үзсэн тул ажлаас халах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11 дэх заалтыг үндэслэн уг тушаалд дурдсан. Иймд дээр дурьдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж ***гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2025.01.14, №3, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.08.25, дугаар Б/194, ***ийн захирлын тушаал, ***ийн хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт, 2022.08.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024.12.17-ны өдрийн 5/455 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2024.12.17, дугаар Б/456, Ажилд томилох, ажил хүлээлцэх тухай тушаал, ***ийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт, 2021.07.28, ***-ийн ажилтан ажилчидтай хийх хөдөлмөрийн гэрээ, 2021.09.02-ний өдрийн дугаар Б/215 Эрх бүхий албан тушаалтан томилох тухай, диплом, сургалтын гэрчилгээ, хариу тайлбар, нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт, 2025.02.04, дугаар Б/16, Нийслэлийн хүрээ амаржих газрын даргын хөдөлмөрийн харилцаа үүсгэх тухай тушаал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дипломын хуулбар /хэргийн 1-27, 129, 131, 132, 137, 187, 193-195, тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариуцагчаас ***д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2016.07.07-ний өдрийн ***ийн захирлын Гэрээ ажлын байрны тодорхойлолтын загвар, дүрэм батлах тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, ***-ийн эд хөрөнгө хариуцагчийн дүрэм, ***гийн төрийн албан хаагчийн анкет, ***ийн 2021.08.25-ны өдрийн дугаар Б/194 дүгээр ***ийн ажилд томилох тухай тушаал, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, 2024.11.21, дугаар Б/72 Албан тушаалд түр томилох тухай тушаал, 2022.12.30, А/201 ***-ийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, *** хөдөлмөрийн дотоод журам, 2022.03.07, №8/1041, Үнэлгээний дүн хүргүүлэх тухай, Эрүүл мэндийн байгууллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээний тухай албан бичиг, Эрүүл мэндийн байгууллагын 2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, хуулийн этгээдийн гэрчилгээ, хүний нөөцийн албаны дарга ***гийн 2022.08-2024-12 сар хүртэлх нэмэгдэл цалингийн дэлгэрэнгүй жагсаалт, татварын дараах цалин, тайлбар, ***-ийн дотоод журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Ажилд томилох, ажил хүлээлцэх тухай захирлын 2024 оны Б/456 тушаал, ***г хуулийн зөвлөхөөр ажилд авсан тушаал /2021 оны Б/166/, ***-ийн захирлын 2024 оны Б/455-1 тушаал ***г хуулийн зөвлөхөөс чөлөөлсөн, Ёс зүйн салбар хорооны гишүүдийг шинэчлэн байгуулах тухай /2021 оны А/141/, Эрх бүхий албан тушаалтан томилох тухай, сөрөг нэхэмжлэл, ***-ийн 2024.12.17-ны өдрийн дугаар Б/455 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, /2021 оны Б/166/, ***-ийн захирлын 2021.08.25, Б/194 ажилд томилох тухай тушаал, Гэрээ ажлын байрны тодорхойлолтын загвар, дүрэм батлах тухай тушаал /хэргийн 32, 40-127, 142-145, 149-176, 188-191, 201-211 тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. 2021 оны 08 сарын 25-ны өдрийн дугаар Б/194 тоот ***ийн захирлын Ажилд томилох тухай тушаалаар гомдол гаргагч *** ***ийн Хүний нөөцийн албаны даргын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна./хэргийн 10-15, 64-65, 202 дугаар тал/
3.Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
4. 2024 оны 12 сарын 17-ны өдрийн дугаар Б/455 тоот ***ийн даргын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ажилтан ***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 сарын 17-ны өдрөөр цуцалжээ. /хэргийн 16, 201 дүгээр тал/
5. Ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан дээрх тушаалд:
...Хөдөлмөрийн тухай хуулын 80 дугаар зүйлийн 80.1.6, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11м заалтыг тус тус үндэслэн Тушаах нь
-1.Хүний нөөцийн албаны дарга Батболд овогтой Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 сарын 17-ны өдрөөр цуцалсугай.
-2. ***тай эд аж ахуйн болон тойрох хуудсаар тооцоо хийхийг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба, Хүний нөөцийн албанд тус тус даалгасугай.
-3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан /Н.Анандра/-д даалгасугай... гэжээ.
6. *** ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдлоо Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хороонд гаргасан ба 2025 оны 01 сарын 14-ний өдөр №03 тоот хорооны тэмдэглэл /шийдвэр гарч “талууд тохиролцоонд хүрээгүй” гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ. /хэргийн 3-8 дугаар тал/
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн ажилтны гомдлыг шийдвэрлэсэн сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн ажилтны маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэх хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
8. Гомдол гаргагч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцэв.
10. Гомдол гаргагч ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч ...ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх... шаардлага гаргаж, үндэслэлээ ...ажил олгогчийн зүгээс нэг ч удаа шалгаж тогтоогоогүй байж намайг хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй, байгууллагын болон хүний нөөцийн албаны үйл ажиллагаа надаас болж үйл ажиллагаа доголдсон зөрчил дутагдал гарсан зүйл байхгүй ажлаас үндэслэлгүй чөлөөлж илтэд хууль зөрчсөн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...***-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай ерөнхий захирлын тушаалын 2 дугаар хавсралтаар "... тасгийн эрхлэгч, албаны даргын ажлын байрны тодорхойлолт..."-ыг баталж, мөрдөн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл *** нь өөрөө ажилд орох үедээ А/75 тоот тушаалаар баталгаажсан ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт байх “Ажлын байранд тавигдах шаардлага хэсгийн мэдээллийг өөрийн боловсрол, мэргэжил, туршлагад тохируулан өөрчилсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл баталгаажсан ажлын байрны тодорхойлолтод албаны даргын "боловсрол” хэсэгт магистр ба түүнээс дээш зэрэгтэй байхыг шаардсан байтал ***гийн ажлын байрны тодорхойлолтод бакалаврын зэрэгтэй байж болохоор өөрчлөн найруулсан, мөн “үндсэн мэргэжлийн сургалтанд хамрагдсан буюу дипломтой байх” гэсэн шаардлагатай байтал өөрийн тодорхойлолтод “эрх зүйч, хуульч, хүний нөөцийн менежер” гэж өөрчлөн найруулсан болох нь Төрийн албан хаагчийн анкетаар нотлогдож байгаа юм. *** нь анх ажилд орж байх үедээ Төрийн албан хаагчийн анкетад /2021 оны 08 дугаар сард/ Буриадын их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн бакалаврын зэрэгтэй гэсэн байх бөгөөд Хуульчдын холбоонд бүртгэлгүй, хүний нөөцийн мэргэжлээр суралцсан болон өөр мэргэжил эзэмшсэн талаар огт дурьдагдаагүй байна. *** анх ажилд орох үедээ бүрдүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд ***-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ш.*** нь ***тай үгсэн хуйвалдаж, анх ажилд авахдаа Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны шаардлагад нийцээгүй боловсрол, мэргэжил, туршлагатай ***д тааруулан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлгүйгээр өөрчилж, бичиг баримт бүрдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь заалттай нийцэж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалд уг хуулийн заалтыг үндэслэл болгосон. *** нь магистрын зэрэг байхгүй, хүний нөөцийн сургалтад хамрагдсан дипломын боловсролгүй байх тул Хүний нөөцийн албаны даргын ажлыг мэргэшлийн түвшинд, шаардлагын хэмжээнд хүртэл ажиллах боломжгүй гэж үзсэн тул ажлаас халах шийдвэр гаргасан ... гэж маргаж байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: ...80.1.6.ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон...” гэжээ.
12. 2022 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар А/201 тоот ***ийн даргын ***-ийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн Дотоод журмын 2.2.11-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна байгууллагын ажлын онцлогыг харгалзан хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолуудад ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар цуцална. Үүнд: ... 2.2.11.м Байгууллага, эмнэлгийн захирал, албаны дарга, тасгийн эрхлэгч нарын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн эмнэлэг, тасаг, нэгжийн үйл ажиллагаа доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчилд дутагдал гарсан, ***-ийн удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл... гэжээ. /хэргийн 67-112, 149-171 дүгээр тал/
13. Ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн. 80.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.м заалтыг баримталсан боловч уг тушаалд *** ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох ямар баримт бичгийг хуурамчаар үйлдсэн түүнийг хэрхэн тогтоосон талаар болон хүний нөөцийн албаны даргын ямар ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан Эмнэлэг болон ямар тасаг, нэгжийн ямар үйл ажиллагаа хэрхэн доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн ямар зөрчилд дутагдал гарсныг заагаагүй, мөн хууль болон дотоод журамд заасан зөрчлийг шалган тогтоосон үйл ажиллагааны талаар тодорхой тусгаж заагаагүй байна.
14. Хэрэгт энэ талаар ямар нэг баримт авагдаагүй.
15. Тодруулбал ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэхдээ тушаалд заасан зөрчил тогтоогдсон байхыг шаардах бөгөөд түүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
16. Хариуцагч гомдлын шаардлагыг эс зөвшөөрч ... *** анх ажилд орох үедээ бүрдүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд ***-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ш.*** нь ***тай үгсэн хуйвалдаж, анх ажилд авахдаа Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны шаардлагад нийцээгүй боловсрол, мэргэжил, туршлагатай ***д тааруулан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлгүйгээр өөрчилж, бичиг баримт бүрдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь заалттай нийцэж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалд уг хуулийн заалтыг үндэслэл болгосон. *** нь магистрын зэрэг байхгүй, хүний нөөцийн сургалтад хамрагдсан дипломын боловсролгүй байх тул Хүний нөөцийн албаны даргын ажлыг мэргэшлийн түвшинд, шаардлагын хэмжээнд хүртэл ажиллах боломжгүй гэж үзсэн тул ажлаас халах шийдвэр гаргасан... (Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.м) гэж тайлбарлаж дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:
-1. 2016 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар А/75 тоот ***ийн захирлын Гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар, дүрэм, батлах тухай тушаал /хэргийн 43, 203 дугаар тал/
-2. Дээрх тушаалын хавсралт №2 ***-ийн ....... эмнэлгийн ........тасгийн эрхлэгч, албаны даргын ажлын байрны тодорхойлолт, уг ажлын байрны тодорхойлолт баримтын “В” тавигдах шаардлага Боловсрол-тухайн чиглэлээр их дээд сургуулийг төгссөн, магистар ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшил-үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой байх, мэргэжлийн зэрэгтэй байх, анагаах ухааны доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй байх гэжээ./хэргийн 47-49, 207-209 дүгээр тал/
-3. ***гийн Төрийн албан хаагчийн анкет /хэргийн 60-63 дугаар тал/
-4. 2021 оны 08 сарын 25-ны өдрийн дугаар Б/194 тоот Ажилд томилох тухай тушаал *** /хэргийн 67 дугаар тал/
-5. 202109.16 №05/9574 Авилгатай тэмцэх газрын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай баримт /хэргийн 65 дугаар тал/
-6. 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар А/201 тоот ***ийн даргын ***-ийн дотоод журам батлах тухай тушаал, Дотоод журам /хэргийн 67-112, 149-171 дүгээр тал/
-7. Байгууллагын 2021, 2022, 2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн баримтууд /хэргийн 113-122 дугаар тал/
17. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар А/75 тоот ***ийн захирлын Гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар, дүрэм, батлах тухай тушаал, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар А/201 тоот ***ийн даргын тушаалаар батлагдсан ***-ийн дотоод журамын 2.2.6 дахь заалт баримтаас үзэхэд ***ийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар дүрмийг баталж мөрдүүлдэг болох нь тогтоогдож байна.
18. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ***гийн гэх Төрийн албан хаагчийн анкет баримт 2023.03.28-ны өдрийн баримт байна. /хэргийн 61 дүгээр тал/
19. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ***-ийн Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт баримт “В” тавигдах шаардлага ...Боловсрол-хууль, хүний нөөцийн чиглэлээр их дээд сургууль болон сургалт төгссөн, баклавар болон магистар түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэжил-эрх зүйч хуульч, хүний нөөцийн менежер... гэжээ.
20. Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Ажлын байрны тодорхойлолт баримт “В” тавигдах шаардлага гэсэн хэсэгт боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага гэсэн хэсэгт байх тавигдах шаардлага өөр болохыг үгүйсгэх боломжгүй ч ажил олгогч буюу хариуцагч байгууллагын захирал тухайн баримтын загварыг баталдаг байхад үүнд ажилтан *** ямар буруутай болохыг, *** ажилд орох үедээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох ямар баримт бичгээ хуурамчаар бүрдүүлснийг ***тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргахдаа тогтоогоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй.
21. Хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүн баримтуудыг /2021, 2022, 2023 он/ судлан үзэхэд Хүний нөөцийн албаны дарга ***гийн ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн эмнэлэг, тасаг, нэгжийн үйл ажиллагаа доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчилд дутагдал гарсан, ***-ийн удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзсэн байдал, үнэлгээ дүгнэлт тус үнэлгээний баримтуудад тусгаагүй байна.
22. Энэ нь хариуцагч Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.м-д заасан “байгууллага, эмнэлгийн захирал, албаны дарга, тасгийн эрхлэгч нарын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн эмнэлэг, тасаг, нэгжийн үйл ажиллагаа доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчилд дутагдал гарсан, ***-ийн удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна” гэж үзснээ нотлоогүй, шалган тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй.
23. Дээрхээс дүгнэхэд үзэхэд *** өөрийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтаа хуурамчаар бүрдүүлэн ажилд орсон, эсхүл хариуцагч байгууллагын захирлын тушаалаар баталсан “Ажлын байрны тодорхойлолт” баримтын загварыг хуурамчаар өөртөө тааруулж зассан зөрчил гаргасан эсэхийг, мөн түүний ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн эмнэлэг, тасаг, нэгжийн ямар үйл ажиллагаа хэрхэн доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн ямар зөрчил дутагдал гарсан, ***-ийн удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзэх болсон шалтгаан, зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явуулаагүй атлаа ажилтныг буруутгаж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
24. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гомдол гаргагчийг ***ийн Хүний нөөцийн албаны даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38 753 094 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгож, түүний нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж гомдлыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
25. Цалин олговрыг дараах байдлаар тогтоов. Үүнд:
Гомдол гаргагчийн авсан сүүлийн 3 сарын цалин, ажлын өдөр
2024.09 сар - 3 027 401 төгрөг - 22 өдөр
2024.10 сар - 2 309 045 төгрөг - 23 өдөр
2024.11 сар -2 721 076төгрөг - 18 өдөр
Нийт 3 сарын цалин 8 057 522 төгрөг, нийт 3 сарын ажлын өдөр 63 хоног.
8 057 522 : 3 сар = 2 685 862 төгрөг. /1 сарын дундаж цалин/
63 хоног : 3 сар = 21 хоног /ажлын дундаж хоног/
2 685 862 : 21 = 127 898 /нэг өдрийн дундаж цалин/
2025 ажлын 251 хоногтой, 2026 оны 1 сар ажлын -21 хоног, 2026.2 сар ажлын -17 хоног, 2026.3 сар ажлын -22 хоног = 60х, 251+60 = 311 хоног болж байгаа нхэхэмжлэгч ажлын 303 хоногоор тооцсон учир нэхэмжлэгчийн заасан 303 хоног тооцов.
127 898 х 303 = 38 753 094 төгрөг болно.
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 351 715 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар тогтоов.
27. Иргэн ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй ба гомдол гаргагч өөр байгууллагад ажилд орсон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь түүнийг өмнөх, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохгүй байх үндэслэл болохгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гомдол гаргагч ***г ***ийн Хүний нөөцийн албаны даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38 753 094 төгрөгийг хариуцагч ***өөс гаргуулан гомдол гаргагч ***д олгож, гомдол гаргагчийн нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 351 715 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ